Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 226/МА2023/00015

 

 

 

 

 

 

2023 11 17 226/МА2023/00015

 

 

Хэнтий Ус ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Умардын Од ХХК-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд нээлттэйгээр,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Балжинням,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэгшүхэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 156/ШШ2023/00401 дугаар шийдвэртэй Хэнтий Ус ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Умардын Од ХХК-д холбогдох 20.825.027,09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэгшүхэрийн гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Хэнтий Ус ХХК-ийн гүйцэтгэгч захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий Ус ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын айл, өрх, аж ахуй нэгж, төсөвт байгууллагуудыг цэвэр, бохир ус болон халаалтаар хангаж ажилладаг. Умардын од ХХК-ийг 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд манай байгууллага дулаан хангах тухай аж ахуйн гэрээ байгуулж, халаалтаар хангаж ажилласан. Гэвч 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш одоог хүртэл халаалтын төлбөрөө төлөхгүй манай байгууллагыг хохироож байна. Иймд хариуцагч Умардын од ХХК-иас халаалтын үлдэгдэл төлбөр болох 13.883.351,39 төгрөг, алданги 6.941.675,7 төгрөг, нийт 20.825.027,09 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Балжинням анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны халаалтын төлбөрөө нэхэмжилж байна. 2016, 2017 2018 онуудад халаалтын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа 10 дугаар сарын 01-ээс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл халаалтын төлбөрөө авна гэж заасан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээ хийсэн. Тухайн гэрээг засах боломжгүй. 13.883.351,39 төгрөгийн авлагатай алданги хасах боломжгүй. Би ямар нэгэн арга хэмжээ авах гээд очихоор утсаа авдаггүй, хамгийн сүүлд 05 дугаар сарын 17-нд очиход биед маань халдаад тэгээд шүүхэд хандсан. Шүүхэд хандахаас өмнө мэдэгдэл хүргүүлдэг, байнга араас нь очдог. Хууль дүрмийн дагуу ажилласан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Чимэгшүхэр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий Ус ХХК-ийн нэхэмжлэлд хавсаргасан өглөг авлагын тайлан нь дутуу ба нийт халаалтын тооцоо, үүнээс төлөгдсөн нь хэд, одоогийн үлдэгдлийг дэлгэрэнгүй гаргаж өгнө үү. Хавсаргасан баримтад Умардын од ХХК-ийг 2016 оны 10 сар, 2018 оны 03 сард бүтэн халаалт авсан мэтээр гаргасан нь миний тооцоотой зөрж байна. Халаалтын 1 сарын төлбөр өндөр учраас манай дэлгүүр аль болох хэмнэлт гарган жил бүр халаалтаа 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авдаг байсан. Харин 2018 оны хувьд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр халаалтын өртэй учраас дэлгүүрийн халаалтыг зогсоож, 1 хоног тасалсан. Бид Хэнтий Ус ХХК-ийн даргад халаалтыг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тавьж өгөх албан тоот хүргүүлснээр 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх халаалтыг тавьж байгаад зогсоосон. Үүнээс хойш тус Хэнтий Ус ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, механик, слесарь зэрэг албан тушаалтан халаалтыг зөвшөөрөлгүй авсан байж болзошгүй хэмээн байнга шалгаж байсан. Иймээс 2016 оны 10 сар, 2017 оны 10 сар, 2018 оны 03 сарын хагаст манай Умардын од ХХК нь халаалт огт аваагүй учир тооцооноос хасаж өгнө үү.

Сангийн аж ахуйд манай өөрийн хөрөнгөөр барьсан шугам байдаг. Тэнд барилга барих болохоор Хэнтий Ус ХХК-иас цэвэр ус авах гээд очдог тэгэхээр манайх руу хоорондоо тохир гээд явуулдаг. Би тэр үед Хэнтий Ус ХХК-д очиж танайх манай шугамыг аваад өр төлбөрөө тохиръё гэхэд дарга нь ярилцъя гээд эргэж яриагүй. Бас өөр газрууд тэр хавиар цэвэр ус авах болохоор манайх руу явуулдаг. Уул нь тохирмоор байна. 03 дугаар сарын 15-нд халаалтаа зогсоогоод манай бүх шалны халаалтууд хөлдсөн. Тэгээд зарсан. Илүү төлөлтөө л хасуулмаар байна гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2, 31.3-д зааснаар хариуцагч Умардын од ХХК-аас 20.825.027,09 төгрөгийг гаргуулж, Хэнтий Ус ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262.075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэгшүхэр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа тул давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед манай компани эдийн засгийн хувьд доголдолтой байсан. Манай компани зарим саруудад халаалт аваагүй гэхэд нотлох баримт байхгүй тул тооцохгүй гэсэн. Хэнтий Ус ХХК-ийг тооцоолол зөв гаргасан байх гэж итгээд гарын үсэг зурахад халаалт өгөөгүй саруудыг тооцож бичсэн байсан. Хүү, алданги, торгуул гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариу тайлбартаа тодорхой бичсэн гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Балжинням давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Тооцоо нийлсэн актад Чимэгшүхэр гарын үсэг
зурж баталгаажуулсан. Сар болгон бичилт хийдэг, энэ хүн тооцоог мэдэж байсан.


Төлье гэсэн сэтгэлгүй, ийм байдалд хүргэлээ. Төлбөрөө төлөх талаар мэдэгдэхэд шүүхэд өг гэдэг байсан. Халаалт зогсооё гэсэн хүсэлтийг манай байгууллагад гаргаж байгаагүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэгшүхэрийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Хэнтий-Ус ХХК нь хариуцагч Умардын Од ХХК-д холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №27 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №36 дугаартай Дулаан хангах тухай аж ахуйн гэрээ-ний дагуу 2017 оны 01 сараас 2017 оны 04 сар хүртэл 3 сарын, 2017 оны 10 сараас 2018 оны 04 сарын 01-ны өдрийг хүртэл 6 сар нийт 9 сарын дулааны үлдэгдэл төлбөр болох 13.883.351,39, алданги 6.941.675,7, нийт 20.825.027,09 төгрөгийг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Умардын Од ХХК нь ...манай Умардын од ХХК нь жил бүр халаалтаа 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авдаг байсан, ....2016 оны 10 сар, 2017 оны 10 сар, 2018 оны 03 сарын хагаст манай халаалт огт аваагүй учир тооцооноос хасаж өгнө үү гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2, 31.3-т заасныг баримтлан хариуцагч Умардын Од ХХК-иас 20.825.027,09 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэнтий Ус ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Хэнтий Ус ХХК болон хариуцагч Умардын Од ХХК-иудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №27 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №36 дугаартай Дулаан хангах тухай аж ахуйн гэрээ-нүүд байгуулагдсан байх ба дулаанаар хангах үүргийг нэхэмжлэгч байгууллага буюу Хэнтий Ус ХХК, дулааны төлбөрийг хариуцагч байгууллага буюу Умардын Од ХХК төлж байхаар харилцан тохиролцсоноос харахад талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч Хэнтий Ус ХХК нь гэрээний дагуу үүргийг биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

 

Умардын Од ХХК-ийн төлөөгүй халаалтын төлбөрийн эцсийн үлдэгдэл 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 13.883.351,39 төгрөг болох нь Хэнтий Ус ХХК-ийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хавтаст хэргийн 33-34 хуудас/, мөн Умардын Од ХХК нь 13.883.351,59 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын нягтлан бодогч нарын гарын үсэг зурсан баримт /хавтаст хэргийн 32 хуудас/-аар гэрээний дагууУмардын Од ХХК-ийн төлбөл зохих халаалтын төлбөрийн үлдэгдэл 13.883.351,59 төгрөг болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх үндэслэл бүхий зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж,

- Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2-т эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, 31.3 Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж,

- талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №36 дугаартай Дулаан хангах тухай аж ахуйн гэрээ-ний 16 дугаарт, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №27 дугаартай Дулаан хангах тухай аж ахуйн гэрээ-ний 16 дугаарт хэрэглэгч байгууллага нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тус тус заасан байна

 

Дээрх хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч Хэнтий Ус ХХК нь алданги шаардах эрхтэй ба төлөгдөөгүй дулааны төлбөрийн үлдэгдэл 13.883.351,39 төгрөгийн 50 хувь болох 6.941.675,7 төгрөгийн алдангийг хариуцагч Умардын Од ХХК төлөх үндэслэлтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, энэ талаар хийсэн хууль зүйн дүгнэлт зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Умардын Од ХХК нь 2016 оны 10 сар, 2017 оны 10 сар, 2018 оны 03 сарын хагаст аваагүй халаалтын үнийг төлөхгүй гэж маргаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч татгалзлаа нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэгшүхэрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 156/ШШ2023/00401 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэгшүхэрийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА

 

Г.БОЛОРМАА