Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00231/И |
Дугаар | 291 |
Огноо | 2016-05-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 291
Хэргийн индекс: 156/2014/00231/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн С-80 дугаар байр, 2 тоотод оршин суух, Хаван овогт Намсрайцэрэнгийн Санжаадоржийн (РД:НЭ56082511) нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С-79 дүгээр байрны 18 тоотод оршин суух, Цагаан овогт Магсаржавын Түвшинзаяад (РД:ШЖ70081371) холбогдох
“Хурдан удмын хонгор зүсмийн байдас буюу 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Санжаадорж, хариуцагч М.Түвшинзаяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Санжаадорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Намсрайцэрэнгийн Санжаадорж миний тамгагүй сартай охин хонгор даагыг Баянхутаг сумын Оросоо Мягмаржав надад азарганаас хасагдаад голын хойно Даваахүүгийн хул азарганд орчихлоо. Та Даваахүүд хэлээрэй гэсэн юм. Мөрөн сумын малчин Даваахүүд би хэлсний дараа хул азаргатай адуунд нь байхад нь 2013 оны 08 дугаар сард Түвшинзаяагийн малчин “оодон бор” гэх адуучин Энхбат, Түвшинзаяагийн адууг харж байхдаа хонгор даага алдчихсан гэж ирээд манай алдчихсан даага гэж хэлээд бариад аваад явсан байна.
Энхбат хонгор даагыг аваачаад дэлийг нь авчихсан сарын дараа Түвшинзаяагийн адуунд явж байсан байна. Одоо шүдлэн байдас адуунд нь байгаа болно.
Миний даагыг танай ах Энхбат Даваахүүгийн адуунаас аваад явсан байна гэхэд М.Түвшинзаяа надад “миний даага хоёр гуяндаа хөлтэй чандмань тамга байгаа, унаганд нь би тамгалсан. Хэрэв тамгагүй бол миний даага биш болно... гэж хэлж байсан юм.
Би түүнд танай хүмүүс чинь чиний даагыг алга болгочихоод зүс адил даага орлуулж хийчихээд байгаа юм биш үү? гэхэд
Тийм юм байхгүй та андуурч байна... гээд байсан.
Би адууг нь заалгаад Салбарын ууланд очиж хонгор дааганыхаа зургийг нь аваад цагдаа прокурорт өргөдөл гаргаж шалгуулаад шинжээчийн дүгнэлтээр тамгагүй болох нь тогтоогдож миний даага мөн болох нь тогтоогдлоо гэж үзэж байна.
Одоо болохоор М.Түвшинзаяа хэлсэн үгнээсээ буцаад ДНК-гийн шинжилгээ хийлгэнэ гээд миний байдсыг өгөхгүй байна.
Гэтэл Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 099 тоот шинжээчийн дүгнэлтээр “мал болон амьтны гаралтай цусны ДНК шинжилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд одоогоор хийхгүй байгаа болно” гэжээ.
Би хонгор байдас аа 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлнэ. Одоо байдас болоод Түвшинзаяагийн адуунд байна.
Иймд миний өмч болох хонгор байдсыг М.Түвшинзаяагаас гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/
Хариуцагч М.Түвшинзаяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Н.Санжаадоржийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй дараах тайлбарыг өгч байна.
2013 оны 06 дугаар сарын эхээр адуун дээр очиход манай том хүү Мөнхболорын хонгор азаргатай адуунаас хар сартай хүрэн гүүний сартай хонгор даага алга болсон байсныг адуунд явдаг байсан Д.Энхбат ахад хэлээд сурж олоорой гэсэн. Үүнээс хойш Дууяа гэдэг залуу Даваахүү ахын адуунд 1 хонгор даага байна гэж хэлсэн.
6 сарын сүүлээр шиг байх, Оросоо Мягаа манай уяан дээр морь алдаад эрээд явж байна гээд ирэхэд нь даагаа сурахад Даваахүүгийн хул азаргатай адуунд нэг хонгор даага байна гэнэ манай даага юм уу гэтэл тамгатай байна гэсэн тэгэхээр танайх байх гэж хэлсэн.
Ингээд нутгийн тохитой айлын адуунд байгаа даагандаа санаа зовохгүй авалгүй байж байгаад /Даваахүү гуайн 1 бор даага манай бэлэвсэн хүрэн азарганд бас байсан. Намраар өөрөө ирж авсан. Намар 9 сарын үед Энхбат ах очоод авсан. Асуухад мөн байна. Тамга нь мэдэгдэж байна гэсэн. Өөр эзэн, адуу малаа ч танихгүй сургаар малладаг хүн/ гэнэт гарч ирнэ гэж яаж мэдэх вэ...
Гэтэл 11 сараас эхлэн иргэн Н.Санжаадорж зарга хийж эхэлсэн. Би идэшний үеэр өөрөө очиж харсан мөн байсан. Унаганд нь намрын дунд сарын 17-нд тамгалсан нь үс нь ургасан хойно болоод тэр үү бүдэг гарсан хавар намартаа тодроод бусад үед мэдэгдэхгүй байгаа. /тамгыг үсэн, хөрсөн, махан гэж ялгаж хэлдэг/ Ер нь өвөл адууны тамга сайн мэдэгддэггүй учраас хайчин тэмдэг хийдэг.
Энэ зун намайг байхгүйд шинжээч Цолмонтой очиж зургийг нь авсан байсан. Эцэгтэйгээ их адилхан байдас байгаа. Гэтэл зургийг нь зөрүү харуулаад авсан байсан. ДНК-гийн шинжилгээ хийлгээгүй. Би хийдэг газрыг нь /Мал эмнэлгийн хүрээлэнгийн молекул биологийн лаборатори/ шинжээчид хэлж өгсөн. Ер нь тэгээд тамгагүй даага л бол Н.Санжаадоржийнх болох уу. Адуучин Оросоогийн Мягмаржав ганц ч удаа ирж үзээгүй байгаа. Тамгагүй болох нь гүйцэд тогтоогдоогүй, арьсанд нь тамганы сорви байж л байгаа. Сайн мэдэгдэхгүй байгаа гэж хэлж болно гэжээ. /хх-ийн 3х/
Нэхэмжлэгч Н.Санжаадорж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэг. М.Түвшинзаяа тайлбартаа “6 дугаар сарын сүүлээр шиг байх. Оросоо Мягаа манай уяан дээр морь алдаад эрээд явж байна гээд ирэхэд нь даагаа сурахад Даваахүүгийн хул азаргатай адуунд нэг хонгор даага байна гэнээ. Манай даага юм уу гэтэл тамгатай байна гэсэн тэр танайх байх гэж хэлсэн гэж мэдүүлжээ.
Гэтэл Оросоо Мягмаржав надад тэр үед утсаар хэлэхдээ “Хонгор даага тамгагүй яваа. Азарганд хасагдаад алга болсоны дараахан нөгөөдөр нь манайд Мөрөнгийн Дууяа нэг залуутай хамт голын хойноос ирэхээр нь асуухад “Мэргэн шовгорын” Даваахүү гуайн хулын адуунд гадны бололтой жижиг сартай хонгор даага байна. Тамгатай эсэхийг харсангүй, буцахдаа тамгыг нь хараад танд утсаар хэлье” гэсэн. Ингээд манайхаас яваад гол гарч үзээд надад утсаар “Өнөө хонгор даага чинь тамгагүй байна шүү. Танай даага юм шиг байна. Би зөв буруу талаас нь сайн харлаа гэж хэлсэн. “Таны тамгагүй жижиг сартай хонгор даага Даваахүүгийн хул азаргатай адуунд орчихсон байгаа, та Даваахүүд захиж хэлээрэй “би явж амжихгүй байна” гэсэн юм. Би Даваахүүтэй утсаар ярихад мэдэж байсан. Би Даваахүүд “Адуунд чинь байж байгаа. Чи харж байгаарай гэж захисан. Дараа нь Мөрөн сумын наадам дээр биеэрээ уулзаж захиад орхисон юм. Гэтэл Даваахүүг хотод эмнэлэгт 8 дугаар сарын сүүлээр байх хооронд нь Энхбат манай даага гээд Даваахүүгийн хүүхдүүдээр адуунаас нь бариулаад аваад явахдаа “Оросоо Мягмаржав алдсан даага биш гэж хэлсэн” гэж худлаа ярьж байсан гэдэг юм. Тэгэхээр Оросоо Мягмаржав хэзээ ч ийм үг яриагүй, Түвшинзаяагийн уяан дээр очиж байгаагүй, хэн нэгтэй нь уулзаж байгаагүй байтал шүүхэд худал тайлбар гаргасан байна.
Хоёр. Түвшинзаяа тайлбартаа Даваахүү гуайн адуунаас хонгор даагыг Энхбат ах очиж авсан. Дараа нь М.Түвшинбаатарын халтар азаргатай адуунд тавьсан гэж ээ.
Энэ үнэн хэлсэн байна. Түвшинбаатар халтар азаргатай адуунд хонгор даагыг аваачаад дэлийг нь аваад, дүрсийг нь хувиргаад тавьчихсан байсныг тэр нутгийнхан надад хэлсэн. Охин дааганы дэлийг нь аваад тавьдаг чинь ямар учиртай юм бол доо. Эзэн нь хараад танихгүй гэж л ингэсэн хэрэг. Түүнээс охин даагыг дэлийг засах хэрэг байдаггүй. Түвшинзаяа ч надад Түвшинбаатарын халтар азаргатай адуунд байгаа очоод үзээрэй гэж хэлж байсан. Би очоод үзэхэд яг л зүсээрээ байсан юм. Сартай хонгор даага анхнаасаа л тамгагүй байсан, одоо ч тамгагүй хэвээрээ л байгаа нь нотлогдоод байгаа юм.
Гурав: Түвшинзаяа тайлбартаа “11 дүгээр сараас эхэлж иргэн Санжаадорж зарга хийж эхэлсэн” гэжээ. Мөн би идэшний үеэр өөрөө очиж харсан мөн байсан гэжээ.
Би гэнэтхэн 11 сараас зарга хийж эхэлсэн юм биш. Харин анхнаас нь Даваахүүгийн хул азарганд хураагдаад тэр адуунд орчихсон байхаас нь мэдэж тогтоогоод Даваахүүд захиад байлгаж байсан юм. Даваахүү надад намайг байхгүйгээр “оодон бор” Энхбат даагыг чинь аваад явсан байсан. Хойноос нь өөрөө хөөцөлдөөрэй гэж 8 дугаар сарын сүүлчээр шиг санаж байна. Хотоос утсаар хэлсэн юм. Ингээд би Энхбат гэдэг хүнийг судалж эхэлсэн. Тэр намайг аль эрт Даваахүүд захиад орхисныг мэдээгүй байсан. Эзэнгүй даага л гэж бодсон хэрэг. Энхбат гэдэг хүн эзэнгүй малд эзэн суучихдаг овсгоотой хүн гэж ярих хүн олон тааралдсан. Гэтэл сураглаад байсан чинь даага маань Түвшинзаяагийн даага болчихдог юм байна. Эд хоорондоо төрөл садан хамаатай улс юм билээ. Би Түвшинзаяатай аймагт гудамжинд уулзаад танай адуучин чинь андуурсан юм биш үү? Даваахүүгийн адуунд байсан миний даагыг аваад явчихсан байна. Чиний даагыг адуучин чинь алга болгочихоод оронд нь миний даагыг орлуулчих шиг боллоо гэж хэлсэн чинь би унаганд нь тамгалсан, миний даага хоёр гуяндаа тод тамгатай байгаа. Та очоод үзээрэй. Түвшинбаатарын халтар азаргатай адуунд яваа гэсэн. Би түүнээс хойш цас орсон хойно Мөрөнгийн Салбарын ууланд очиж халтар азаргатай адуун дээр нь очиход миний хонгор даага яг мөн байсан. Унагандаа яг ийм сартай зүстэй байсан нь хэвээрээ байсан. Ингээд өвөл Босоо Жамсран гэдэг уяачынд Түвшинзаяатай тааралдаад хэлэхэд тэрээр надад “миний даага хоёр хөлтэй чандмань тамга байгаа унаганд нь би тамгалсан тамга” байгаа. Тамгагүй бол таных тамгатай бол минийх гэж ам хэлээрээ тохирсон юм. Энэ үгийг надад итгэлтэйгээр уулзах бүрдээ хэлж байсан хүн. Одоо тэр үгээ яагаад хэлэхгүй байгаа юм бол оо?
Дөрөв: Түвшинзаяа тайлбартаа намайг шинжээч Цолмонтой очиж зургийг нь авсан байсан. ДНК-гийн шинжилгээ хийлгээгүй тамгагүй болох нь гүйцэд тогтоогдоогүй гэжээ.
Би хамт очиж өөрийнхөө адууг зааж өгч шинжлүүлэх нь миний хууль ёсны үүрэг гэж бодож байна. Шинжээч Цолмон, Түвшинзаяаг тэр үед байж байгаарай гэж хэлсэн боловч ирсэнгүй гэж байсан. Өөрөө ирээгүй..
Тав: Миний өөрийн дүгнэлт.
Миний даага Даваахүүгийн адуунд 2 сар болсон. Эхлээд хүмүүсийн дунд Оросоо Мягаагийн даага гэж яригдаж байгаад сүүлдээ авахгүй болохоор нь биш боллоо гэж яриа гарсан юм билээ. Даваахүү бид хоёр хоорондоо ярьж тохиролцсон байсныг хүмүүс мэдээгүй. Ингээд эзэнгүй даага гэж ойлгоод зүс ижилхэн болохоор нь Энхбат орлуулж авчээ гэж бодогддог юм.гэсэн тайлбаруудыг өгч байв..
Нэхэмжлэгч Н.Санжаадорж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...2013 оны 06 дугаар сард байх миний азарганд хасагдсан хонгор даагыг Мөрөнгийн Даваахүүгийн адуунд байхад нь Мөрөнгийн малчин Энхбат гэдэг хүн аваад явсан байсан. Уг даага маань Түвшинзаяагийн азаргатай адуунд байсан. Ингээд би шүүхэд өргөдөл гаргах болсон. Уг маргаан маань одоо 2 жил гаруй болж байна. Одоо хурдан удмын хонгор зүсмийн даага маань соёолон гүү болсон бөгөөд түрүү жил унагалсан. Энэ жил унагалсан эсэхийг нь мэдэхгүй байна. Нэгэнт миний адуунаас гарсан үр төл учраас би гүүгээ даагатай нь хамт нэхэмжилж байгаа. Энэ маргааныг өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч С.Түвшинзаяа шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ...Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хугацааны хувьд зөрүүтэй зүйлүүд гарч байгаа. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа үед би Улаанбаатар хотод байсан. Сүүлд болохоор 2013 оны 06 сарын 20-д гэж яриад байсан. Мөн Н.Санжаадорж гуайн тайлбарууд бүгдээрээ хоорондоо зөрүүтэй байдаг. Дугардорж, Дагва гэж ямар хүмүүс байгаа юм мэдэхгүй. Энэ хүний шүүхэд анх гаргасан мэдүүлэг бүгд зөрүүтэй. Гэрчүүд ч тэр даагыг хараад энэ хүний даага байна гэж хэлээгүй. Уг явдал 2013 оны 06 дугаар сард болсон. Миний даага 2013 оны 06 дугаар сарын эхээр байхгүй байсан. Хонгор даагыг Хэрлэнгийн урдаас гарч ирсэн гэдгийг хэн ч хараагүй, энэ талаар гэрчилсэн хүн байхгүй. Би даагаа унага байхад нь тамгалсан. Энэ хүн даагаа тамгалаагүй гэсэн. Тамгагүй л бол минийх гэсэн зүйл ярьж байна. Энэ нь нотлох баримт болохгүй. Санжаадоржийн адууг нь харж байсан адуучин Оросоогийн Мягмаржав гэдэг хүн тэр даагыг унагалаагүй байхад нь очиж үзээд Санжаа ахаа энэ таны даага биш байна гэж хэлж байсан. Түүнээсээ болж нэхэмжлэгч адуучинтайгаа муудсан байх. Өөрийнх нь адуучин биш байна гээд байхад энэ хүн нэхэмжлэл гаргаад яваад байгаа.
Нэхэмжлэгч: Н.Санжаадорж нь шүүх хуралдаанд дахин гаргасан тайлбартаа:..Хавтаст хэргийн материалтай танилцаад үзэхээр миний хэлсэн, ярьсан зүйл нотлогдож байгаа. Миний тайлбарт худлаа зүйл нэг ч байхгүй. Энэ хүн өөрөө анх миний адуу тамгатай гэж хэлж байсан. Тэгэхээр нь би за тамгатай бол чиний адуу, чи авна биз. Тамгагүй бол миний адуу шүү гэж тохиролцож байсан. Тэгсэн адуу нь тамгагүй болоод ирэхээр маргаад ДНК-гийн шинжилгээ хийлгэнэ гэсэн. Уг шинжилгээгээр өөрийнх нь адуу биш болох нь нотлогдсон. Энэ мэтчилэн шинжлэн ухаанаар удаа дараа нотлоод байхад зөрүүдлээд байгаа нь ёс суртахуунгүй гэж би үзэж байна гэв.
Хариуцагч С.Түвшинзаяа нь шүүх хуралдаанд дахин гаргасан тайлбартаа:...
Энэ хүний өөрийнх нь мэдүүлэг дээр байгаа. Энэ хүн намайг Оросоогийн Мягаа гэж хүнийг танихгүй гэж тайлбар өгсөн байсан. Дараа нь дахин тайлбар өгөхдөө бид хоёрыг уулзсан гэсэн байсан. Энэ мэтчилэн энэ хүний өгсөн тайлбарууд нь өөр, өөр сүүлдээ тайлбар нь үгүйсгэгдэж байгаа. Ингээд болохгүй болохоор энэ хүн шинжилгээний хариунд нөлөөлж өөрт ашигтай хариуг гаргуулсан гэж миний зүгээс үзэж байгаа. Энэ нь шинжилгээнүүдийн хариуг эргүүлээд үзэхээр мэдэгдэнэ гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын өгч буй мэдүүлэг тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Санжаадорж нь хурдан удмын хонгор зүсмийн байдас буюу 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч М. Түвшинзаяагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр хариуцагч М. Түвшинзаяа нь хонгор байдсыг өөрийн унаган адуу, миний хонгор азарга болон хүрэн гүүний дундаас гарсан төл нь юм. Уг байдас нь зөв талын гуяндаа хөлтэй чандмань тамгатай, унаганд нь тамгалсан, намар орой тамгалсан болохоор үс нь ургачихсан, тамга сайн дарагдаагүй байх талтай, Мал эмнэлгийн хүрээлэнгийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч доорх нотлох баримтуудаар уг маргаж буй хонгор зүсмийн байдасны хууль ёсны эзэмшигч болон өмчлөгч нь нэхэмжлэгч Н. Санжаадорж мөн байна гэж шүүх дүгнэв.
Үүнд: Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2014 оны №099 тоот дүгнэлтэнд: 1. Шинжлэгдэж буй хонгор зүсмийн сартай дааганы зөв болон буруу талын гуянд тамга дарагдаагүй байна... гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, Тарантын зүүн талын гурван толгойн ар гэх газарт малчин Л. Оюун-эрдэнийн хотонд өвөлжиж байгаа хариуцагч М. Түвшинзаяагийн адуунд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-72х/, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бүрэн багийн Толгодын бууц гэх газарт нутаглах малчин С.Аюурзанын хотонд өвөлжиж байгаа нэхэмжлэгч Н. Санжаадоржийн адуунд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 73-74х/, Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2016 оны №008 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжлэгдэж буй хонгор зүсмийн сартай шүдлэн байдасны зөв талын гуянд тамга дарагдаагүй болно.. дүгнэлт гаргасан Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч хошууч Ш.Цолмон, шинжээч ахлах дэслэгч Е.Мөнх-Учрал нарын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 84-87х/ Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн 2016 оны 01 дүгээ сарын 11-ний өдрийн Адууны эцэг хамаарал тогтоох шинжилгээний дүгнэлтэнд: сартай хонгор байдас ба хонгор азарганы хамаарлын хувьд шинжилгээнд ирүүлсэн “136/3К0094152/” дугаартай төлийн дээж нь “125/3К0094132/” дугаартай азарганы төл биш болохыг 8 маркерын шинжилгээний дүн баталж байна.., Сартай хонгор байдас ба хар сартай хүрэн гүүний хамаарлын хувьд шинжилгээнд ирүүлсэн “136/3К0084152/” дугаартай төлийн дээж “132/3К0094103/” дугаартай гүүний төл биш болохыг 8 маркерын шинжилгээний дүн баталж байна.., Сартай хонгор байдас ба цагаан азарганы хамаарлын хувьд шинжилгээнд ирүүлсэн “136/3К0094152/” дугаартай төлийн дээж нь “143/3К0094370/” дугаартай эцэг азарганы төл мөн болохыг 8 маркерын шинжилгээний дүн баталж байна.../хх-ийн 81-83х/, гэрч О.Мягмаржавын:.. 2013 оны зун аймгийн 90 жилийн ойн өмнө миний харж байсан Н.Санжаадорж гуайн цагаан азаргатай адуунаас духан дээрээ өндгөн сартай, улаан хонгор даага нь алга болсон. Тэр алга болсон даага нь духан дээрээ сартай, тамгагүй, улаан хонгор зүсмийн даага байсан гэх мэдүүлэг /хх-ийн 110-111х/, хариуцагч М. Түвшинзаяагийн хүсэлтээр хяналтын давтан шинжилгээ хийсэн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн 2016 оны 03 дүгээ сарын 07-ны өдрийн Адууны эцэг хамаарал тогтоох шинжилгээний дүгнэлтэнд: Төл /136/ЗК0094152/ ба азарга /125/ЗК0094132/-ны хамаарал шинжилгээнд ирүүлсэн “/136/ЗК0094152/” дугаартай төлийн дээж нь “/125/ЗК0094132/” дугаартай азарганы төл биш болохыг 8 маркерын шинжилгээний дүн баталж байна, төл /136/ЗК0094152/ ба гүү /132/ЗК0094103/-ний хамаарал тогтоох шинжилгээний дүгнэлтэнд: шинжилгээнд ирүүлсэн “136/ЗК0094152/” дугаартай төлийн дээж нь /125/ЗК0094103/ дугаартай гүүний төл биш болохыг 8 маркерын шинжилгээний дүн баталж байна, Төл /136/ЗК0094152/ ба азарга /143/ЗК0094370/-ны хамаарал тогтоох шинжилгээнд ирүүлсэн “136/ЗК0094152/” дугаартай төлийн дээж нь “143/ЗК0094370/” дугаартай азарганы төл мөн болохыг 8 маркерын шинжилгээний дүн баталж байна. Шинжилсэн: Эрдэм шинжилгээний ажилтан Д.Отгонсүрэн, Хянасан: Молекул биологийн Лабораторын эрхлэгч П.Мягмарсүрэн, мал эмнэлгийн хүрээлэнгийн чанарын менежер Б.Нарангэрэл /хх”ийн 147-153х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээр дурдсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар нэхэмжлэгч Н. Санжаадоржийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.:1, 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар уг маргаж буй хонгор зүсмийн байдасны хууль ёсны шударга эзэмшигч, өмчлөгч нь гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэгэнт нэхэмжлэгчийг шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэж байгаа учраас хариуцагч М. Түвшинзаяа нь уг маргаж буй байдасны хувьд шударга бус эзэмшигч болно.
Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т: шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаас үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т: өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байна.
Талуудын маргаж буй хонгор зүсмийн байдас нь дааган насандаа хариуцагч М. Түвшинзаяагийн эзэмшилд очсон ба уг байдас нь энэ жил соёолон настай болж өнгөрсөн жил унагалсан байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дээрх байдлууд тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүхийн зүгээс хэргийн үйл баримтыг тогтоохын тулд талуудын хүсэлтээр, шинжээчдийн хамтаар Хэнтий аймгийн Баянхутаг сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан сум явж хэргийн газрын үзлэг шинжилгээ хийсэн тул Хэнтий аймгийн шүххийн тамгын газраас зарцуулсан 121680 төгрөгийн зардлыг шүүхийн нөхөн төлүүлэх зардалд тооцон хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 91 дүгээр зүйлийн 91.1, 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч Н.Санжаадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М.Түвшинзаяагаас хурдан хонгор зүсмийн соёолон гүү буюу 2 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай..
2. Хариуцагч М.Түвшинзаяад хонгор зүсмийн соёолон гүүг төлийн хамт нэхэмжлэгч Н.Санжаадоржид хүлээлгэн өгөхийг даалгасугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Санжаадоржоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.Түвшинзаяагаас 54950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т зааснаар хариуцагч М.Түшинзаяагаас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 121680 /нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун ная/ төгрөгийг гаргуулж Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгийн газарт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР