Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

 

 

                                

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Баяжих овогт Гончигданзангийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810029150024 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  баригдаж байгаа “Даян тайж” ХХК-ийн барилга дээр ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан хохирогч Г.Б-ийг ажлаа хийсэнгүй гэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.  

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн үед цайндаа орсны дараа бие засчихаад барилга руу явж байхад бригадын ах Баяраа гүйгээд яв гэж хэлээд чулуу шидсэн. Тэгээд миний хажууд ирээд намайг цохих гэхээр нь би бултаад цохиулаагүй. Тэгсэн чинь газар байсан төмөр аваад баруун, зүүн гарын шуу руу тус тус хоёр удаа, зүүн ташаа баруун хөл рүү нэг удаа цохиж, хөлөөрөө миний нуруу руу хэдэн удаа өшиглөсөн. Бгээс 500,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй..." /хх-ийн 8-9, 11-12/ гэсэн,

 

Гэрч Г.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Вива сити хорооллын автобусны буудал дээр очиход манай дүү Бийн баруун хөл нь доголсон ирсэн, тэгэхээр би юу болсон талаар тодруулахад манай ажлын Баяраа гэх ах намайг зодоод, миний гар, хөл, бие рүү цохиж, өшиглөсөн гэж хэлсэн..." /хх-ийн 15-16/ гэсэн,

 

Гэрч Б.Өлзийхутаг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Даян тайж” ХХК-ийн баригдаж байгаа барилга дээр гадна засал хийж байхад Б, Баяраа хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд тэр хоёр барилгын хойд тал руу яваад өгсөн. Тэгээд орой 20 цагийн үед Б залгаад Баяраа ах намайг зодчихлоо гэж хэлсэн...” /хх-ийн 22-24/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байх үед Б гэх залуу ажлаа хийхгүй байхаар нь ажлаа хий гэж шаардлага тавихад чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд намайг боох гэхээр нь түлхэж унагаад, бөгс рүү нь хоёр удаа өшиглөж, төмрөөр гар руу нэг удаа цохисон..." /хх-ийн 41-43/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №272 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Бийн биед баруун, зүүн шуу, зүүн тохой, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт,

 

            - Өргөдөл /хх-ийн 4/,

- Шүүгдэгч Г.Б-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 32-34/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  баригдаж байгаа “Даян тайж” ХХК-ийн барилга дээр ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан хохирогч Г.Б-ийг ажлаа хийсэнгүй гэж зодож, эрүүл мэндэд нь баруун, зүүн шуу, зүүн тохой, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Б-ийн “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн үед ...Баяраа гүйгээд яв гэж хэлээд чулуу шидсэн. Тэгээд миний хажууд ирээд намайг цохих гэхээр нь би бултаад цохиулаагүй. Тэгсэн чинь газар байсан төмөр аваад баруун, зүүн гарын шуу руу тус тус хоёр удаа, зүүн ташаа баруун хөл рүү нэг удаа цохиж, хөлөөрөө миний нуруу руу хэдэн удаа өшиглөсөн. Бгээс 500,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй..." /хх-ийн 8-9, 11-12/ гэсэн, гэрч Б.Өлзийхутагийн “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Даян тайж” ХХК-ийн баригдаж байгаа барилга дээр гадна засал хийж байхад Б, Баяраа хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд тэр хоёр барилгын хойд тал руу явсан, ...орой 20 цагийн үед Б залгаад Баяраа ах намайг зодчихлоо гэж хэлсэн...” /хх-ийн 22-24/ гэсэн, шүүгдэгч Г.Бгийн “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байх үед Б гэх залуу ажлаа хийхгүй байхаар нь ажлаа хий гэж шаардлага тавихад чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд намайг боох гэхээр нь түлхэж унагаад, бөгс рүү нь хоёр удаа өшиглөж, төмрөөр гар руу нэг удаа цохисон..." /хх-ийн 41-43/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №272 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Б-ийн биед баруун, зүүн шуу, зүүн тохой, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-гийн эрүүл мэндэд баруун, зүүн шуу, зүүн тохой, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөрт 500,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 11-12/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн ажил эрхлэлт, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810029150024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                  

 

1. Шүүгдэгч Б овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810029150024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

      

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР