Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 226/МА2023/00016

 

 

 

 

 

 

   2023        11           22                                           226/МА2023/00016

 

 

Ц.У-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.Э-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттайгаар,  

Нэхэмжлэгч Ц.У-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 156/ШШ2023/00476 дугаар шийдвэртэй Ц.У-ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э-д холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.У- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2009 онд Г.Э-тэй танилцаж, 2010 оноос 2022 оны 01 дүгээр сар хүртэл хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 5 дугаар сарын 20-нд хүү Э.Ч-, 2018 оны 0 дугаар сарын 07-нд охин Э.Чи- нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Би Г.Э-гийн доромжлол, дарамтад байнга байдаг байсан ба сүүлийн жилүүдэд хүүхдүүдээ дарамталж харааж зүхэх болсноос хойш хамтран амьдрах боломжгүй болж 2022 оны 01 сараас хоёр хүүхдийн хамт аавынхаа хашаанд гэр барьж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань миний асрамжид амьдарч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хууль тогтоомжийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагч Г.Э- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Г.Э- би Ц.У-атай 2009 онд танилцаад 2010 онд 2023 оны 6 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч байсан. Энэ С-79-р байрны 27 тоот байр миний ажлын газрын өмч бөгөөд надад 2006 оноос үндсэн мэргэжлийн ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс надад гэрээгээр олгосон юм. Мөн миний өөрийн өмчлөлд нэг өрөө байр байдаг. Бидний дундаас хүү Э.Ч-, охин Э.Чи- нар гарсан. Хамтран амьдрах  хугацаанд би гэр бүлээ дарамталсан, харааж зүхсэн зүйл байхгүй. Хоёр хүүхдээ тогтмол цэцэрлэг сургуульд нь хүргэж өгч тарахад нь очиж авдаг байсан. Ц.У- өдөр болгон орой 22-23 цагийн хооронд гэртээ ирдэг, ирээд 12 настай хүү Э.Ч-ийг ямар нэгэн байдлаар зодох, загнах зэрэг үйлдэл гаргадаг. Хамгийн сүүлд 2023 оны 06 сард зодоход нь өмөөрсний улмаас намайг сандлаар цохисон. Би хуулийн байгууллагад хандсан тул Ц.У- нь зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан. Мөн хүүхдүүдээ өөрөө хардаггүй бөгөөд намайг байхгүй үед байнга аав, ээждээ орхиод явдаг. Ц.У-ын ээж Б.Э нь миний охин Э.Чи-г надтай утсаар яриулахгүй, загнадаг бас зоддог гэж охин маань надад хэлснийг би Ц.У-д хэлсэн боловч чамаас болсон гээд тоохгүй байсан. Иймд охин Э.Чи-г өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Би тогтмол ажилтай, амьдрах нөхцөлийн хувьд боломжтой тул хүүхдүүдээ асран халамжлаад явах бүрэн бололцоотой. Харин хүү Э.Ч- нь 12 настай, юмны учир ойлгох учраас шийдвэрээ өөрөө гаргах байх гэж бодож байна. 5 настай охин Э.Чи-г миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.

 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Ч-, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Чи- нарыг эх Ц.У-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Ч, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Чи-  нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г.Э-гээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлж,  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаандаа төлж, хуульд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхэд нь хэн аль нь саад учруулахгүй байхыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул давж заалдах хүсэлтэй байна. Учир нь гэр бүл хөгжлийн төлөө төвийн судалгааг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Иймд тус хурлын шийдвэрийг эргэн харж дахин шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

 Нэхэмжлэгч Ц.У- “2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Ч-, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Чи- нарыг өөрийн асрамжид үлдээж, эцэг Г.Э-гээс тэтгэлэг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

Хариуцагч Г.Э- “...би гэр бүлээ дарамталсан, харааж зүхсэн зүйл байхгүй,  ...тогтмол ажилтай, амьдрах нөхцөлийн хувьд боломжтой тул хүүхдүүдээ асран халамжлаад явах бүрэн бололцоотой, ...Э.Ч- нь 12 настай учир шийдвэрээ өөрөө гаргах байх, харин охин Э.Чи-г миний асрамжид үлдээх хүсэлттэй байна” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Ч-, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Чи- нарыг эх Ц.У-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  хүү Э.Ч-, охин Э.Чи-  нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г.Э-гээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.У-, хариуцагч Г.Э- нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч тэдний дундаас хүү Э.Ч-, охин Э.Чи- нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар,  Ц.У-, Г.Э- нар нь тусдаа амьдарч бага насны хүүхдүүд болох Э.Ч-, Э.Чи- нар эх Ц.У-ын асрамжид хамт амьдарч байгаа болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлж,  үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүүхдийн эрхийн тухай конвенцын 9 дүгээр зүйлийн 1-т “Оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг эх хүүхдэдээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гаргана”, 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй”, 10.2-т “Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж  тус тус заасан байна.

 

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу хүүхдийн асрамжийг тогтоохдоо хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан бага насны хүүхдүүдийг эх Ц.У-ын асрамжид үлдээж, хуульд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхэд нь хэн аль нь саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Г.Э-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 156/ШШ2023/00476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ДЭНСМАА

 

                              ШҮҮГЧИД                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                            

                                                                                    Г.БОЛОРМАА