Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 161

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Д.Ганчимэг, хохирогч Ш.О, гэрч С.Алтан-Утас, шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03170 0872 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Х.Н, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Дорноговь аймгийн Хар-Айраг суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, *** ХХК-д тогоочийн ажилтай, ам бүл гурав, хамтран амьдрагч, дагавар охины хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, *** оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

- Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64б, 109б дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 281 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 155 дугаар зүйлийн 155.2, 178 дугаар зүйлийн 178.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 359 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн123.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 538 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 149 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 10 дүгээр сарын 27-ны өдрийн 92А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Х.Н нь 2018 оны 6 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, *** тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Ш.О-тай маргалдаж, улмаар түүний баруун гуя, зүүн шуу, цээж, нүүрэнд нь хазах, цохих зэрэг үйлдлүүдээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Х.Н нь 2018 оны 6 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, *** тоот гэртээ хамтран амьдрагч Ш.О-тай ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар түүний баруун гуя, зүүн шуу, цээж, нүүрийг хазах, цохих зэрэг үйлдлээр зодож, бие махбодод нь “...баруун гуя, зүүн шуунд шарх, хүзүү, цээж, баруун хацарт зулгаралт... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Н-ы шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр О гэрт ирсэн, тэр үед би өөрийн болчимгүй зангаасаа болж хазаж гэмтээсэн нь үнэн, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хайрлана, халамжилна гэж хамт амьдарсан хэр нь эрүүл мэндийг нь хохироосондоо маш их гэмшиж байна. Цаашид алдсан амьдралаа нөхөж, О-г хайрлаж амьдарна гэдгээ шүүхэд илэрхийлье...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Ш.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн өдөр би өөрөө архи уусан байсан, миний буруугаас болж ийм асуудал болсон, би болсон явдлыг бүрэн санахгүй байна. Гэхдээ би шөнө хутга барьж өөрийгөө гэмтээснээ санаж байна...” гэсэн мэдүүлэг;

3. Гэрч С.А-н шүүх хуралдаанд өгсөн: “...намайг гэрт нь ирэхэд Н, О нар нэг пиво, дуусаж байгаа нэг шил архи тавьчихсан, нэлээд халчихсан сууж байсан. Би өглөө ажилтай тул архи уухгүй гэж хэлсэн, тэгээд би Н, О нарыг оронд нь хэвтүүлсэн. Удахгүй тэд орон дотроо маргалдаад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хүн босох шиг болохоор нь харахад зурагтын гэрэлд О гал тогоондоо орчихсон хутга барьсан зогсож байгаа нь харагдсан. Тэгэхээр нь би очиж хутгийг булааж авч шүүгээнд нь хийсэн. Тухайн үед О-ийн биед шарх байсан эсэхийг би анзаараагүй...“ гэсэн мэдүүлэг,

4. Хохирогч Ш.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид гурав А-ын авчирсан архийг хувааж ууж байгаад би тасарсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө болсон байсан. Н намайг хүчиндсэн асуудал байхгүй. Би гэрч, хохирогчийг хамгаалах төвийн ажилтанд хүчиндүүлсэн гэж яриагүй, цохиж зодуулсан талаар ярьсан....Тэр ажилтан буруу ойлгочихсон юм шиг байна. Нүүр болон цээж хэсгээр хөхөрсөн, мөн зүүн гарын шуу хэсгээр идээлчихсэн байхаар нь хэрэг гарсны маргааш өнжөөд нөгөөдөр нь боосон. Өөр гэмтэл шарх байхгүй байсан. Одоо эдгээр гэмтлүүд эдгэчихсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-8,123-124 дүгээр хуудас);

5. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орондоо орчхоод Н, О нар хоорондоо хэрэлдээд байсан. Миний хажуу талын орноос хүн босох шиг болохоор нь зурагтын гэрэлд харахад О шалдан босоод гал тогоо руугаа ороод юм онгичоод байсан...тэгээд хутга барьчихсан би өөрийгөө алчихъя, амьд явах хүсэл алга гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очиж хутгыг нь булааж аваад О-г оронд нь оруулсан...байж байтал О Н чи бос гээд орилоод, Н сэрээд тэр хоёр дахин хэрэлдээд байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-30 дугаар хуудас);

6. Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О ирэхдээ гарынхаа шууг боосон байдалтай гэмтлийн эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Шөнөжин Н О-ийн биеийг хазаж, нүүр, хүзүү, цээж, хөлийг хазсан гэсэн. Тэгээд шөнөжин тамлаж хоноод маргааш өглөө буюу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өглөө нь Ны дүү нь орж ирээд ахыгаа та эмэгтэй хүнийг яаж байгаа юм яаж ийм болгож байгаа юм гээд цохисон гэсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13 дүгээр хуудас);

7. Гэрч Х.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоо сайн санахгүй байна зүүн гар нь жаахан өвчтэй маягийн байдалтай нугалсан хүзүү нүүр нь хөхөрсөн цээжин хэсгээр нь Н хазсан гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27 дугаар хуудас);

8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8352 дугаартай “...Ш.О-гийн биед баруун гуя, зүүн шуунд шарх, хүзүү, цээж, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 36 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Х.Н-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44 дүгээр хуудас), урьд яд шийтгүүлж байсан таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоол, суллагдсан тодорхойлолтын хуулбарууд (хх-ийн 50-75 дугаар хуудас);

            10. Шүүгдэгч Х.Н-ы яллагдагчаар өгсөн: ”...Шөнө О надад “чи надаас зайл тэгэх үү” гэж хэлснийг нь би маш сайн санаж байна. Тэгж хэлсний дараа би түүний хацар, цээжин дээр нь хазсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 97-99  дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.О-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Х.Н-ы үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ш.О-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Х.Н, хохирогч Ш.О нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхөр болон хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Х.Н нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтад “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг баталгаажуулан хуульчлахын зэрэгцээ нийгмийн анхдагч нэгж, улс үндэстний суурь үнэт зүйл болох гэр бүлийг төрийн бодлогоор буюу Эрүүгийн хуулиар тусгайлан хамгаалсны үзэл санаа нь үүнд оршино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Х.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.О нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, мөн шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Х.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Н нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Х.Н нь торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжээр тогтоосон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ялыг зохих хэмжээгээр багасгах нь зүйтэй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Х.Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Х.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА