Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Хэргийн индекс:156/2016/00297/И
 
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
 
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 17-09 тоотод оршин суух, иргэн Бумбат овогт Лэгцэгийн Базар (РД:ЛИ56052093)-ын нэхэмжлэлтэй
 
            “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Базар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
     Нэхэмжлэгч  Л.Базар  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнх-манлай нэгдэл малчнаар 1992 оны 12 дугаар сарын 30-ний өдрийг дуустал ажиллаж байсан. Иймд 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар арын 31-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнх-манлай” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
 
Нэхэмжлэгч Л.Базар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Л.Базар нь 1973 оноос 1976 он хүртэл хугацаат цэргийн албыг 3 жил хаасан байдал мөн 1976 оноос 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд “Мөнх-манлай” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
 
   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч  Бумбат овогт Лэгцэгийн Базар нь 1973 оноос 1976 он хүртэл хугацаат цэргийн албыг 3 жил хаасан байдал мөн 1976 оноос 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд “Мөнх-манлай” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
 
Нэхэмжлэгч  Бумбат овогт Лэгцэгийн Базар нь 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнх-манлай нэгдэлд малчнаар ажиллаж байсан болон 1973 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ албыг Ардын армийн 0168 дугаар ангид хаасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 284/15 дугаартай Л.Базарын цалингийн жагсаалт /хх-ийн 5х/, иргэн Л.Базарын шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 9х/, гэрч С.Мягмаржавын мэдүүлэг /хх-ийн 13х/, гэрч Б.Дүгэрээгийн мэдүүлэг /хх-ийн 15х/, гэрч С.Саранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 18х/, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02/1411 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 19х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Л. Базарын 1973 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд НАХЯ-ны сайдын 1973.05.04-ний өдрийн 230 дугаар тушаалаар Хэнтий аймгаас цэрэгт татагдан Ардын армийн 0168 дугаар ангид цэргийн жинхэнэ албыг хаасан байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
                                      
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Бумбат овогт Лэгцэгийн Базарыг 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнх-манлай нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.  Нэхэмжлэгч Л.Базар нь 1973 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л. Базараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР