Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 159

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Ц.Ариунтуяа, шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Р.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04918 1484 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Р.А, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***-д үйлчлэгч ажилтай, ам бүл гурав, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, *** оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Р.А нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханхөхий худалдааны төвд үйлчлүүлж байсан иргэн Э.Э-ийн лангуун дээр мартаж явсан буюу бусдын гээгдэл эд хөрөнгө болох дотроо 70,000 төгрөг, иргэний үнэмлэх, төрийн банкны карт, Toyota Prius 20  загварын автомашины түлхүүр, монет ээмэг 2 ширхэг, монет бөгж 2 ширхэг, мөнгөн гинж, монет гинж, бугуйн цаг, бугуйвч, банкны картууд зэрэг эд зүйл бүхий хэтэвчийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад нийт 1,279,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Р.А нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханхөхий худалдааны төвд үйлчлүүлж байсан иргэн Э.Э -ийн лангуун дээр мартаж явсан буюу бусдын гээгдэл эд хөрөнгө болох дотроо 70,000 төгрөг, иргэний үнэмлэх, төрийн банкны карт, Toyota Prius 20  загварын автомашины түлхүүр, монет ээмэг 2 ширхэг, монет бөгж 2 ширхэг, мөнгөн гинж, монет гинж, бугуйн цаг, бугуйвч, банкны картууд зэрэг эд зүйл бүхий хэтэвчийг авч, өөрийн дураар захиран зарцуулж, бусдад нийт 1,279,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Р.А-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед би хохирогчийн хэтэвчийг өөрийнхөө хэтэвчтэй андуурч авч явсан бөгөөд минийх биш гэдгийг мэдсэн боловч дотор нь байсан эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулсан нь миний буруу. Би хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Э.Э-ийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай хуучин захирал Ц Зайсанд ирээд гэр цэвэрлээд өгөөч гэж гуйхаар нь би өөрийн нялх хүүхдээ гэртээ хүнээр харуулж үлдээгээд захирлынхаа гэрт очиж гэрийг нь цэвэрлэж өгсөн чинь надад захирал 80,000 төгрөг өгсөн юм. Тэгээд би 16 цаг болж байхад гэр лүүгээ явах замдаа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханхөхий худалдааны төв рүү ороод үүдэн хэсгээс нь сүү, банш, будаа аваад лангуун дээр нь хэтэвчээ тавиад цаанаас нэгж авах санаатай эргээд нэгжээ авчхаад хэтэвчээ авах гэсэн чинь миний лангуун дээр байсан хэтэвч байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн. ....шар өнгийн хэтэвч дотор 70,000 төгрөг, иргэний үнэмлэх, төрийн банкны карт, Toyota Prius 20 загварын машины түлхүүр, хоёр монет ээмэг, хоёр монет бөгж, мөнгөн гинж, бугуйн цаг зэрэг эд зүйлс байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-7 дугаар хуудас);

-2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “...би өөрийн бүх зүйл, хэтэвч, иргэний үнэмлэх, төрийн банкны карт, Toyota Prius 20 загварын машины түлхүүр, хоёр монет ээмэг, хоёр монет бөгж, мөнгөн гинж, бугуйн цаг зэрэг эд зүйлээ буцаан авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8, 9 дүгээр хуудас);

3. Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг өнөөдөр гэртээ байхад 18 цагийн орчимд манай охин Э.Э утсаар залгаад орилоод уйлаад байсан. Би яачихсан юм бэ гэж асуухад дэлгүүр явж байгаад түрийвчтэй юмаа алдчихсан, хамаг юм дотор нь байсан гээд уйлаад байсан. Тэгээд гэртээ явган алхаж ирсэн, ямар ч мөнгөгүй болсон байсан.  Манай охин дэлгүүрийн камерын бичлэг үзэхэд хар куртиктэй эмэгтэй хүн түрийвчийг нь хулгайлаад явсан байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуудас);

4. Гэрч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *** регистрийн дугаартай Р.А нь 2.8 граммтай монет бөгжийг 100,000 төгрөгөөр тавьсан. А өөрийнхөө бичиг баримтаар ирж тавьсан. Олон юм яриагүй, мөнгөний хэрэг гараад тавьж байна гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн бичиг баримтаар эргүүлж авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас);

5. Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сайн мэдэхгүй байна. хүний түрийвч дэлгүүрээс аваад гарч явсан гэж сонссон. ...манай ээж ажил төрөлдөө их сайн нэг хийсэн ажлаа дуусгаж байж санаа нь амардаг. Одоо хувиараа ажил хийж байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас);

6. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гаргасан “түрийвч нэг ширхэг 20,000 төгрөг, хуримын бөгж нэг ширхэг 250,000 төгрөг, цэцгэн хээтэй монет бөгж 3.6 грамм нэг ширхэг 288,000 төгрөг, эмэгтэй монет гинж нэг ширхэг 200,000 төгрөг, цагариг монет ээмэг нэг хос 80,000 төгрөг, зүрхэн хэлбэртэй монет нэг хос ээмэг 120,000 төгрөг, алтны хольцтой бугуйн цаг нэг ширхэг 150,000 төгрөг, мөнгөн бугуйвч нэг ширхэг 50,000 төгрөг, Toyota Prius 20 загварын автомашины түлхүүр нэг ширхэг 50,000 төгрөг, иргэний үнэмлэх нэг ширхэг 50,000 төгрөг, Төрийн банкны карт нэг ширхэг 8000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны карт нэг ширхэг 5000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт хохирлын хэмжээг 1,279,000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 32-33 дугаар хуудас);

7. 2018 оны11 дугаар сарын 12-ны өдрийн фото зурагт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 24-25 дугаар хуудас), 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хүчит барс” барьцаат зээлийн үйлчилгээний газрын зээлийн баримт (хх-ийн 21 дугаар хуудас), 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 28 дугаар хуудас), 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 29 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Р.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 46 дугаар хуудас), оршин суух газрын тодорхойлолт (хх-ийн 49 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 51 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52 дугаар хуудас), ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 53 дугаар хуудас)

9. Шүүгдэгч Р.А-гийн яллагдагчаар өгсөн “...уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ганцаараа явж байсан. Ажлаасаа тараад дэлгүүр орж бууз авах гээд орсон гэтэл гарт хэтэвч баригдахаар нь аваад гарчихсан. ...би бүх эд зүйлийг нь хохирогчид өгчихсөн. Ломбардад тавьсан бөгжийг хүртэл буцааж аваад өгчихсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-43 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Р.А-гийн үйлдэл нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас алдагдсан эд зүйлсийг нийт 1,279,000 төгрөгөөр үнэлсэн нь эргэлзээгүй байх тул шүүх хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлж, гэмт хэргийн хохирлын хэмжээг уг үнийн дүнгээр тогтоосон бөгөөд бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Р.А-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Р.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Р.А-г алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг гээгдэл эд  хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Э нь гээсэн эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Р.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Р.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хайнга байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-д 485 нэгж буюу 485,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухаарч байгаа, хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан 450 нэгжээр торгож, уг торох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тусгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Р.А нь торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжээр, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, өрх толгойлсон эх байгааг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжээр тогтоосон бөгөөд дундаж нь мянга таван зуун далан таван нэгж юм. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан уг дундаж хэмжээнээс доош буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Р.А-г алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-д оногдуулсан торгох ялыг долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Р.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА