Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 226/МА2023/00018

 

                                                                                                           

 

 

 

   2023        11           28                                           226/МА2023/00018

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-т

холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 157/ШШ2023/00203 дугаар шийдвэртэй Н.Б-ийн нэхэмжлэлтэй “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-т холбогдох “орон сууцны үнэ 74.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-н гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 11 дүгээр сарын 21-ний хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 1994-2010 оны хооронд УБҮ-т ажиллаж Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүд болон УБҮ-н орон сууц хувьчлах журмын дагуу ........ байрыг өмчилж авсан.

...Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 226/МА2023/00002 тоот магадлалаар ......... орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нарыг тус орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж тогтоосон байдаг.

Би Орон сууц хувьчлах тухай хуульд заасан эрхээ хангуулахын тулд Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс дахин 3 өрөө байр хувьчилж авах боломжтой. Гэвч дахин хувьчлах байр үлдээгүй тул УБҮ-ээс 3 өрөө орон сууцны үнэ 74.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч Н.Б- 1994 оноос 2010 оныг хүртэл 16 жил тасралтгүй УБҮ-т орон сууцны байцаагчаар ажилласан. Энэхүү ажиллаж байх хугацаандаа 2010 онд Орон сууц хувьчлалын тухай хууль болон УБҮ-ийн орон сууц хувьчлах журмын дагуу..... хаягт гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө буюу дундын эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж 3 өрөө орон сууцыг хувьчилж авсан үйл баримт тогтоогдсон. 2010 оноос хойш 2020 он хүртэл өмчлөх, захиран зарцуулах эрх ямар ч асуудалгүй өмчилж байсан.

2020 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхэд Э гэдэг хүнээс тус .... орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байдаг. Учир нь тус орон сууцыг Н.Б- өмчлөхөөс өмнө Э 2001 онд УБҮ-ээс өмчилж авч байгаад орон сууцны нөхцөл сайжруулах зорилгоор тус орон сууцнаас татгалзаад ....... 2 өрөө орон сууцыг өмчилж авсан байдаг. Гэхдээ өмнөх өмчлөх эрхийн гэрчилгээгээ хүчингүй болгоогүй дахиад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулаад авсан байдаг. УБҮ-с тухайн өмчлөх эрхийг хүчингүй болгосонтой холбоотойгоор холбогдох байгууллагад хасалт хийлгэх тушаал шийдвэр, захирамж гаргаагүй байсан. Тэгээд дахин тогтоол гараад Н.Б-т тус орон сууцыг өмчлүүлсэн байдаг.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “...орон сууц дээр 2 удаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байгаа тохиолдолд хамгийн эхэлж түрүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан этгээд нь тус орон сууцны өмчлөгч байна...” гэсэн заалтыг үндэслээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Уулын баяжуулах үйлдвэрийн захиргааны алдаатай, хариуцлагагүй шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Н.Б- болон түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх нь ноцтой зөрчигдсөн. УБҮ-ээс тус зөрчигдсөн эрхийг сэрээлгэхээр 3 өрөө орон сууцыг гаргуулж өгнө үү. 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ 74.000.000 төгрөг гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул 3 өрөө орон сууц байхгүй тохиолдолд УБҮ-ээс 74.000.000 төгрөгийг гаргуулж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч талын тайлбарын агуулга: “...Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай тогтоолоор “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж аж ахуйн дотоод үйлдвэрийн газар хэлбэрээр байгуулсан байдаг. Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг Засгийн газрын тогтоолыг үндэслээд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаартай “М” Төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар заалтын 2.5 дахь хэсэгт УБҮ- гэж, мөн тогтоолын нэгдүгээр хавсралтад “М” Төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем үйлдвэрийн бүтцэд УБҮ-ийг тодорхой заасан. Тус үйлдвэрийн захирлын хэрэглэдэг тамга, санхүүгийн бүртгэлийн хэлтсийн тэмдэг “М” ТӨҮГ-ын 2550466 дугаартай регистрээр бичигддэг. УБҮ- нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газрын чиг үүргийг хэрэгжүүлдэг төсөөтэй буюу иргэний эрх зүйн харилцаанд тухайлан оролцох эрх зүйн чадваргүй. Төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж гэдгийг нотолж байгаа баримт юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “... 3 өрөө орон сууцны үнэд 74.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсноос дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан нутаг дэвсгэрийн харьяалал, 16 дугаар зүйлд заасан онцгой харьяаллын маргаан биш гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хариуцагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчиж, хариуцагч биш этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Иймд шүүхийн харьяалал зөрчиж, хариуцагч биш этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн  9 дүгээр зүйлийн 9.4.2, Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 121 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ээс орон сууцны үнэ 74.000.000 /далан дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ээс улсын тэмдэгтийн хураамж 527.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: “...Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар “М ХХК-ыг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай” тогтоолоор аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар хэлбэрээр байгуулсан. Дээрх тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаар "М" төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг батлах тухай тогтоолын 2 дугаар заалтын 2.5 дахь хэсэгт УБҮ гэж, мөн тогтоолын 1 дүгээр хавсралт "М" ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схемд Үйлдвэрлэлийн бодлогын газрын бүтцэд "УБҮ гэж тодорхой заасан.

Тус үйлдвэрийн захирлын хэрэглэдэг тамга, санхүү, бүртгэлийн хэлтсийн тэмдэгт "М" ТӨҮГ-ын ........... дугаартай регистр бичигддэг нь тус үйлдвэрийг хуулийн этгээдийн эрхгүй, иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох чадваргүй, зөвхөн удирдах байгууллагын эрх шилжүүлэх зөвшөөрөл, эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг "М" ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж болохыг нотолж байгаа үйл баримт юм.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дүгнэхэд УБҮ үйлдвэр тухайлсан нэрээр хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичгийг үндэслэн хуулийн этгээдийн улсын бүртгэл хийгдээгүй, бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн гэрчилгээ олгоогүй үйл баримтаар тус үйлдвэр иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох чадваргүй нь тогтоогдож байна

Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт "Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана", 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно" гэж зааснаар орон сууц хувьчлах, гэрчилгээ олгох шийдвэр гаprax эрх нь УБҮ-т биш Орон сууц хувьчлах товчоонд хамаарч байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн орон сууцны үнэ 74.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох, шаардах эрхийг тогтоогоогүй боловч иргэний эрх зүйн хамгаалалт үүссэн гэж дүгнэн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

-УБҮ- нь С.Г хувьчилсан орон сууцыг давхардуулан Н.Б-т олгосон гэх асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд маргаан давж заалдах шат хүртэл хэлэлцэгдэж бүртгэлийн байгууллага буюу улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаанаас өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон нь тогтоогдсон байдаг. ...Гэтэл улсын бүртгэлийн байгууллагад бус тухайн үйл явдалтай огт хамааралгүй этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй.

Н.Б- нь орон сууцны байцаагчаар 16 жил ажиллахдаа аль орон сууцыг хэнд, хэзээ хувьчилсан, хэдэн орон сууц төрийн өмчид байгааг мэдэх боломжтой, мэдэх ёстой ажил үүргийг гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгч Н.Б- тухайн үеийн орон сууц хувьчлах үйл ажиллагааг зохион байгуулж байсан Орон сууц хувьчлах товчооны гишүүнээр ажиллаж байсан үйл баримтыг гэрчлэх этгээд одоо ч УБҮ-т ажиллаж байгаа. Тодруулбал Н.Б- нэхэмжлэлдээ "2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн УБҮ-н Орон сууц хувьчлах төв комиссын хурлаар С.Г-т Улаанбаатар хотод байр өгсөн учир байрыг хурааж, хувьчилсан эрхийн бичгийг буцаан авах шийдвэр гарсан байсныг мэдэж байна. Дээрх шийдвэрийн дагуу С.Г нь ............ тоот байрыг суллан өгч Улаанбаатар хот руу шилжсэн бөгөөд "М" нэгдлээс ........... байрыг олгож улмаар С.Г Орон сууц хувьчлах хуулийн дагуу 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хувьчлан авсан байна" гэж бичсэнээс дүгнэхэд нэхэмжлэгч Н.Б- орон сууцны байцаагчаар ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн хүрээнд байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэлтэй харилцаж, чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалжид ойр байсныг нотолж байгаа үйл баримт юм.

Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 226/МА2023/00002 дугаар магадлалд дурдсанаар Н.Б-т Орон сууц хувьчлах товчооны даргын 2010 оны 2 дугаар сарын 12-ны
өдрийн 151 дугаар тушаалаар ....... орон сууцыг үнэгүй хувьчлан олгохоор шийдвэрлэсэн байхад түүнээс 1 жилийн өмнө буюу 2009 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Орон сууцыг хувьчлах шийдвэр гарахаас 1 жилийн өмнө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт нь илт хууль бус үйлдэл байна. Тухайн үйлдлээс дүгнэхэд нэхэмжлэгч албан тушаалын байдлаа урвуулж албаны мэдээллийг хувийн зорилгоор ашигласан, баримт бичиг хуурамчаар үйлдсэн байж болох цаашлаад бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар эзэмшиж улмаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг агуулж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ дурдсан "Н.Б- хууль зөрчиж, хуулиар олгосон эрхээ хэтрүүлж өмчлөгчөөр тогтоогдсон орон сууцыг өөрөө өмчилж аваагүй" гэх үндэслэлийг няцааж байгаа үйл баримт юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт нь талуудын хооронд үүрэг үүссэн эсхүл гэрээ, хэлцэл байгуулагдсан байхыг шаарддаг. Харин хавтаст хэрэгт УБҮ- болон Н.Б- нарын хооронд үүрэг үүссэнийг нотлох ямар нэг гэрээ, хэлцэл нотлох баримтаар авагдаагүй. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй байгаа эсэх түүнээс учирсан хохирол, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог тогтоолгүй тодорхой бус үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Б- хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-т холбогдуулан “....миний бие УБҮ-т үйлдвэрт 16 жил ажиллаж Орон сууц хувьчлах тухай хуульд заасны дагуу төрөөс 1 удаа орон сууц хувьчилж авсан боловч УБҮ-н захиргааны алдаатай ажиллагааны улмаас байраа албадан чөлөөлүүлэхэд хүрч орох оронгүй болж хохирсон тул “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ээс 3 өрөө орон сууцны үнэ 74.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ- “...УБҮ- нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хариуцагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллыг
зөрчиж, хариуцагч биш этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна...” гэж маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэхэд нэхэмжлэгч Н.Б- нь 1994 оноос 2010 он хүртэл “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-т ажиллаж байсан, 2008 оноос 2023 оныг хүртэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны 06 тоот 3 өрөө орон сууцыг эзэмшиж байгаад тухайн орон сууцыг түүнд Ороэ сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална.” гэж заасны дагуу хувьчлах шийдвэр гарсан болох нь “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 55-56 хуудас/, УБҮ-ийн орон сууц хувьчлалын товчооны хурлын 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар протоколын хуулбар, 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 151 дугаартай УБҮ-н үйлдвэрийн захирлын тушаалын хуулбар /хх-ийн 75-77 хуудас/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 78/, “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/1382  дугаартай албан бичиг /хх-ийн 79/, З.Л-н гэрчийн мэдүүлэг /хх-ийн 81-82/  зэргээр тогтоогдож байна. Гэвч тухайн орон сууцыг өмнө нь өөр этгээдэд хувьчлан олгосны улмаас нэхэмжлэгч уг орон сууцыг өмчлөлдөө авах боломжгүй болсон нь Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 226/МА2023/00002 тоот магадлалаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.Б- нь өөрт нь хувьчилж олгосон орон сууц буюу түүний үнийг шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.2 дахь хэсэгт “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг ... газрын шүүхэд гаргана.” гэж заасан. Нэхэмжлэгч нь хэргийн харьяалал зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдсан гомдлын тухайд:

Хариуцагч тал УБҮ хуулийн этгээдийн улсын бүртгэл хийгдээгүй ...иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох чадваргүй...

Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хувьчлах, гэрчилгээ олгох шийдвэр гаprax эрх нь УБҮ-т биш Орон сууц хувьчлах товчоонд хамаарч байна.

Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 226/МА2023/00002 дугаар магадлалд дурдсанаар Н.Б-т Орон сууц хувьчлах товчооны даргын 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 151 дугаар тушаалаар ...... орон сууцыг үнэгүй хувьчлан олгохоор
шийдвэрлэсэн байхад түүнээс 1 жилийн өмнө буюу 2009 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Орон сууцыг хувьчлах шийдвэр гарахаас 1 жилийн өмнө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт нь илт хууль бус үйлдэл байна.

...хавтаст хэрэгт УБҮ- болон Н.Б- нарын хооронд үүрэг үүссэнийг нотлох ямар нэг гэрээ, хэлцэл нотлох баримтаар авагдаагүй. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй байгаа эсэх түүнээс учирсан хохирол, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог тогтоолгүй тодорхой бус үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.

“М” нэгдлийн харьяа УБҮ-ийн мэдлийн орон сууцны 2 дахь шатны хувьчлалын журмын 2.1-д “...Орон сууц хувьчлах ажлыг "М” нэгдлийн Ерөнхий захирлын 2000 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 83-р тушаалаар батлагдсан Төв комисс, түүний орон нутаг дахь товчоод хариуцан гүйцэтгэнэ.

Орон сууц хувьчлалын Төв комиссын өдөр тутмын үйл ажиллагааг нэгдлийн Ерөнхий захирлын орлогч, орон нутагт үйлдвэр нэгж, байгууллагын дарга, удирдлага гардаж удирдана...” гэж заасан бөгөөд орон сууц хувьчлах асуудлыг тухайн орон нутгийн үйлдвэрийн буюу УБҮ-ийн мэдэлд харьяалуулж үйлдвэрийн удирдлага өдөр тутмын үйл ажиллагааг удирдахаар зохицуулсан байх тул анхан шатны шүүхийн харьяаллын талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

УБҮ-ийн Орон сууц хувьчлах товчооноос олгосон “Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ”-ний огноо зөрүүтэй байгаа хэдий ч нэхэмжлэгчид орон сууц хувьчлан олгосон тухай асуудлыг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэхээр байгаа тул уг нотлох баримтыг шийдвэртээ тусгасан зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална” гэсэн, 121 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...иргэд ...хууль ёсоор эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа нэг удаа үнэгүй хувьчлан авах эрх эдэлнэ...” гэсэн хуулийн заалтуудад үндэслэн УБҮ-ийн Орон сууц хувьчлах товчоо нэхэмжлэгч Н.Б-т эзэмшиж байсан 3 өрөө орон сууцыг нь хувьчлан олгох шийдвэр гаргаснаар нэхэмжлэгчид орон сууц өмчлөх эрх үүссэн байна. Харин УБҮ-ийн Орон сууц хувьчлах товчоо эрхийн зөрчилгүй орон сууцыг хувьчлах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрх бодитой хэрэгжээгүй буюу зөрчигдсөн, өөр хувьчлах орон сууц байхгүй гэх байдлыг хариуцагч тал няцаагаагүй тул үнэлгээнд дурдагдсан 3 өрөө орон сууцны үнэ 74.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн  9 дүгээр зүйлийн 9.4.2, Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 121 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан
нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзсэн тул хариуцагч талын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 157/ШШ2023/00203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жавхлан-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ДЭНСМАА

 

                              ШҮҮГЧИД                                     Г.БОЛОРМАА

                                                                                                           

                                                                                   Д.ГАНЗОРИГ