| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0042/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 41
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын ахлах өмгөөлөгч М.Найдан,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ц.Б т холбогдох 163/2019/0042/Э индекстэй, 1915000090009 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 7, аав, ээж, дүүгийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багт оршин суух, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, О овогт Ц.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт Ж.М г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б ийн өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Хохиролд 3 сая төгрөг төлсөн гэв.
1915000090009 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ж.М гийн өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн үед намайг гэртээ байж байтал манай дэлгүүрийн хаалгыг хэн нэгэн хүн нүдээд байхаар нь очоод хартал Б , Ш , Б , манай найз залуу А нар байсан ба манай дэлгүүрээр дамжаад гэрт орсон юм. Тэгтэл Б буцаад ганцаараа манай гэрээс гараад явсан. Удалгүй манай дэлгүүрт ямар нэгэн юм дуугараад байхаар нь дэлгүүр лүү ороод хартал Б манай дэлгүүрийн лангууны ард тамхи өвөртөө хийчихсэн зогсож байхаар нь би Б оос нөгөө тамхиа авах гэтэл Б намайг хэл амаар доромжлоод надтай хэрэлдээд байсан. Тэгээд миний зүүн шанаа руу алгадаж газар унагаад, намайг босоод ирэнгүүт дахин баруун хацар луу алгадсан. ...Ц.Б надад эмчилгээний зардал болгож 3.000.000 төгрөг өгсөн. Би одоо Ц.Б оос сэтгэл санааны хохирол болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 20 тал/,
Гэрч Г.Б ы өгсөн: “...Ц.Б , Г.Ш , М гийн найз А бид нар бүгдээрээ хамт дэлгүүрээр дамжаад Ж.М гийн гэрт орсон. Тэгтэл Ц.Б гэрээс буцаад гарсан ба удалгүй Ж.М араас нь гараад явсанаа тэр хоёр дэлгүүрт хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд Г.Ш , Ж.М гийн нөхөр А бид нар гэрээс гараад дэлгүүрт ороход Ц.Б , Ж.М хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан байдалтай байсан. Тэгтэл Ж.М Ц.Б ийг 4-5 удаа алгадсан бөгөөд Ц.Б Ж.М г зөрүүлээд нэг цохиж байгаа харагдсан юм. Тэгээд Г.Ш бид хоёр “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ?” гэж хэлээд Ц.Б ийг хоёр талаас нь түлхээд дэлгүүрээс аваад гарсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Гэрч М.С ийн өгсөн: “...намайг Ж.М гийн дэлгүүрийн гадна хүнтэй утсаар яриад зогсож байтал Ц.Б гарч ирээд намайг дагуулаад Ж.М гийн гэр лүү орж байх замдаа Ж.М гийн дэлгүүрийн лангууны араар орж тавиур дээр байсан тамхинаас нь аваад өвөртөө хийж байтал Ж.М гэрээсээ гарч ирээд Ц.Б той маргалдсан. ...Ж.М Ц.Б ийг “дэлгүүрийн лангууны араас зөвшөөрөлгүй тамхи авлаа” гэж уурлаад Ц.Б ийг алгадаад дайраад байсан юм. Ж.М , Ц.Б хоёр тамхинаас болж хоорондоо маргалдсан. ...Ц.Б баруун гараараа Ж.М гийн баруун мөр хэсэг рүү нэг удаа түлхэж байгаа харагдсан...тэгтэл Ж.М цаасан хайрцган дээр суугаад боссон юм. Өөр ямар нэгэн байдлаар өшиглөж, цохисон эсэхийг хараагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
Гэрч Г.Ш ын өгсөн: “...Ц.Б , Ё.А , Г.Б бид дөрөв Ж.М гийн дэлгүүрээр нь дамжаад гэрт нь ороход М.С Ж.М гийн гэрт нь орж ирээгүй байсан. ...Тэгээд М.С ийг оруулж ирэхээр Ц.Б гараад явсан ба удалгүй түүний араас Ж.М гарсан. Тэгтэл Ц.Б , Ж.М хоёр хоорондоо хэрэлдээд байх шиг байсан чинь Г.Б гэрээс түрүүлж гараад, намайг Г.Б ы араас гарч явтал Ж.М нөхөр А ыг дуудсан юм. Тэгээд А бид хоёрыг Г.Б ы араас гараад Ж.М гийн дэлгүүрт ороход Ж.М уйлаад сууж байснаа босч ирээд “та нар явцгаа” гээд Ц.Б руу дайраад байхаар нь Г.Б бид хоёр Ц.Б ийг “чи яагаад балайраад байгаа юм бэ?” гээд Ж.М гийн дэлгүүрээс аваад гарсан юм. ...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
Гэрч Ё.А ы өгсөн: “...Намайг пиво уусан айлаасаа гараад гэрийнхээ гадаа очтол манай дэлгүүрийн гадаа Ц.Б , Г.Б , М.С , Г.Ш нар ирчихсэн зогсож байсан ба бид нар бүгдээрээ хамт дэлгүүрээр дамжаад Ж.М гийн гэрт нь орсон юм. Тэгээд би гэртээ ороод хувцсаа тайлаад сууж байтал Ц.Б манай гэрээс буцаад гараад явсан ба удалгүй Ц.Б ийн араас манай найз охин Ж.М гараад явсан. Тэгтэл удалгүй дэлгүүрт хүмүүс маргалдаад байгаа дуу гараад Ж.М намайг дуудахаар нь гэрээсээ гараад дэлгүүрт ортол манай найз охин Ж.М уйлчихсан, Ц.Б ийг Г.Ш , Г.Б , М.С нар аваад гарч байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/,
Шүүгдэгч Ц.Б ийн яллагдагчаар татагдаж өгсөн: “...Г.Б , М.С , Г.Ш , Ё.А бид нар айлд пиво уучихаад бид дөрөв Ё.А ыг хүргэж өгөөд гэрт нь орох гэтэл дэлгүүрийн хаалга нь цоожтой байсан. Тэгтэл Г.Б дэлгүүрийн хаалгыг нь цохиход Ж.М дэлгүүрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн ба дэлгүүрээр нь дамжаад гэрт нь ороход М.С гэрт орж ирээгүй байсан. Би буцаж гараад М.С ийг дагуулаад Ж.М гийн гэрт буцаж орох замдаа дэлгүүрийн лангууны араар орж тавиур дээр нь байсан тамхинаас аваад яг өвөртөө хийж байтал Ж.М гэрээсээ гарч ирээд намайг “чи яагаад манай дэлгүүрээс зөвшөөрөлгүй тамхи авч байгаа юм бэ?, манай дэлгүүрээс хулгай хийлээ” гээд намайг алгадаад надруу дайраад байхаар нь би баруун гараараа Ж.М гийн зүүн мөр лүү нь түлхсэн. ...Би гаднаас Ж.М гийн гэр лүү орохдоо тамхи аваад гэрт ороод Ж.М д тамхи авсан талаараа хэлэх гэж байтал Ж.М гэрээсээ гараад ирсэн юм. Би тамхи авсан талаараа Ж.М д хэлээд дараа нь мөнгийг нь өгчих бодолтой байсан юм. Намайг тамхи авах үед миний хажууд М.С байсан. ...Би Ж.М д эмчилгээний зардал болгож 3.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 тоот:
1.Ж.М гийн биед тархи доргилт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Хэрэг учрал болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 44 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 01-02 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 07 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх 54-59 тал/ нотлох баримтууд, шийтгэх тогтоолын хуулбар /хх 61-65/, хэргийн материал танилцуулсан баримт /хх 67-68 тал/, хохирол төлсөн баримт /хх 66 тал/ зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт Ж.М тай хувийн тааламжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний зүүн шанаан тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч Ж.М , гэрч Г.Б , М.С , Г.Ш , Ё.А нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Ц.Б нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бусдын бие, эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан дээрхи үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч эмчилгээний зардалд 3000000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 500000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хохирогчийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүдийн хувьд хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинжийг агуулаагүй, “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулах”, “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Ц.Б ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг сайн дураар төлсөн болохыг дурьдаж, хохирогчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овогт Ц.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б т сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б нь гэм хорын хохиролд 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогчийн сэтгэл санааны хохирол 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД