Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Р.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.О-т холбогдох 1921000010024 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын ......-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн .................... гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Р.О. /РД: ........../

 

Шүүгдэгч Р.О нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Сэвсүүл жараахай” гэх газарт оршин суух гэрийнхээ гадна талд иргэн Б.Мөнх-Одыг болгоомжгүй үйлдлээр толгойн тус газарт модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Р.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

            Хохирогч Баяндүүрэнгийн Мөнх-Од мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэг сэрэхэд О, Батхүү нар гараад явсан байсан, О-ын эхнэр нь гадаа О, Батхүү нар маргалдаад байх шиг байсан гэхээр нь би гарахад О, Батхүү нар гэрийн зүүн талд хашааны хажууд байхаар нь би очоод Батхүү, О нартай юм дуугараагүй, араас нь очиход л гэнэт О нь модоор савахад намайг цохисон. Тухайн үед харанхуй байсан. Мөн намайг очих О-ын модоор савах нь таарсан. Би цохиулаад унасан. Тэгээд намайг босгоод машинд суулгаад Шагдарбаатар ахынд очиж хоносон. Одоо миний биед толгойндоо гэмтэл аваад Улаанбаатар хотод очиж хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. О нь эмчилгээний зардалд Улаанбаатар хот руу явсанаас эхлээд өнөөдрийг хүртэл 6 удаа нийт 12.500.000 төгрөг өгсөн. ...надад О-тай өр, авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. ...О нь намайг санаатайгаар цохиогүй тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, савсан модонд оногдсон...” гэжээ. /хх-ийн 7-8 тал/

 

        Гэрч О.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр Р.О, Батхүү нар гарцгаасан, удаагүй байхад Мөнх-Од ах араас нь гарсан. Би бас араас нь удаагүй гарахад Мөнх-Од ах газар унасан байхаар нь би очоод Мөнх-Од ахыг О-ын хамтаар босгоод гэрт оруулан нүүр гарыг нь угаагаад явуулсан. Намайг гарахад О, Батхүү, Мөнх-Од нар маргалдсан зүйл ажиглагдаагүй. Мөнх-Од ахыг босгоход хамраас нь цус гарсан, дух хэсэгт нь зулгарсан харагдсан...” гэжээ. /хх-ийн 12 тал/

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1111 тоот дүгнэлтэд

           1. Б.Мөнх-Одын биед баруун хоншоор ясны урд хананаас дээш нулимсны суваг, хамар яс, баруун нүдний ухархайн доод хана, дотор, дээд хана, элхэг яс, духны хөндийн гадна болон дотор ялтас дайрч дух яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины няцрал, хоёр тал бөмбөлгийн таславч хоорондын аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дээд ханын гавлын хөндий рүү цөмөрч орсон хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүлд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

      3. Дээрх баруун хоншоор ясны урд хананаас дээш нулимсны суваг, хамар яс, баруун нүдний ухархайн доод хана, дотор, дээд хана, элхэг яс, духны хөндийн гадна болон дотор ялтас дайрч дух яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины няцрал, хоёр тал бөмбөлгийн таславч хоорондын аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 24-25 тал/

            - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/

          - Р.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-40 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Р.О нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Сэвсүүл жараахай” гэх газарт оршин суух гэрийнхээ гадна талд хохирогч Б.Мөнх-Одыг болгоомжгүй үйлдлээр толгойн тус газарт модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч Б.Мөнх-Од, гэрч О.Мөнхзул нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1111 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч Р.О-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Р.О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Р.О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Шүүгдэгч Р.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.О-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Мөнх-Одын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний болон бусад зардалд 12.500.000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь шүүгдэгч Р.О-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.О-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Р.О-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Р.О-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж,, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Р.О-н ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ