Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 226/МА2023/00020

 

                                                                                                           

 

 

 

   2023        11           29                                           226/МА2023/00020

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, С.А-, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш-, Х.Б-, Ц.Б-,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 156/ШШ2023/00542 дугаар шийдвэртэй “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох “Барилга угсралтын ажлын дутуу санхүүжсэн 19.206.754 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш-, Ц.Б- нарын гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батбаяр  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "М" ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр УТХО-2020/31 тоот гэрээ байгуулж "Хэнтий аймгийн 1500 суудалтай сургууль"-ийн барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан боловч захиалагчаас гэрээ цуцлах мэдэгдэл ирсний дагуу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах хүртэлх хугацаанд манай байгууллагын хийсэн барилга угсралтын ажлын гүйцэтгэл, барилгын ажлын тоо хэмжээ нийлсэн актыг талууд баталгаажуулж барилга угсралтын талбайг хүлээлцсэн байдаг. Гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэл болох 1.132.266.937 төгрөгийн ажлыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хянан баталгаажуулж, санхүүжилтийг Монгол Улсын Сангийн яамны төрийн сангийн газраас Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн байдаг. Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс манай компанийн гүйцэтгэлээс 19.206.754 төгрөгийг тодорхойгүй шалтгаанаар хасаж "С" ХХК-ийн дансаар дамжуулж 1.113.060.183 төгрөгийг шилжүүлсэн. Манай компанийн санхүүжилтээс үндэслэлгүй суутган авч үлдсэн 19.206.754 төгрөгийг манайд олгож өгөх хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 21/1284 тоот албан бичгээр захиалагч болох Хэнтий аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 9/1826 тоот албан бичгээр "Хэрлэн сумын 1500 суудалтай сургуулийн барилгын ажлын бодит гүйцэтгэлийг баталгаажуулах ажлын явцад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хүчитгэх шаардлагатай тухай мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор хөндлөнгийн компанийн дүгнэлт болон хүчитгэлийн ажлын төсвийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хийлгэн ирүүлсэн болохыг мэдэгдье" гэсэн албан бичиг ирүүлсэн. Бид 9/1826 тоот албан бичгийг дараах шалтгаанаар хүлээн зөвшөөрөхгүй.

1. Талуудын хооронд байгуулсан УТХО-2020/31 тоот гэрээний 4.4-т "Санхүүжилтийг гүйцэтгэлээр санхүүжүүлнэ", 4.7-д "Санхүүжилтээс захиалагчийн хяналтын зардал, зохиогчийн хяналтын зардал, зураг төсвийн үнэ хасагдана" гэж заасан бөгөөд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хуурамчаар үйлдэн ирүүлсэн хөндлөнгийн компанийн дүгнэлт болон хүчитгэлийн ажлын төсвийг ирүүлснээр хасах үндэслэл байхгүй.

2. Монгол Улсын барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т "Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн, зохих журмын дагуу баталгаажсан барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг үндэслэлгүйгээр саатуулахыг хориглоно", 37.1.12-т "барилгын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан зохицуулж, санхүүжилтийг тогтоосон хугацаанд хийх үүрэгтэй"; УТХО- 2020/31 тоот гэрээний 2.5-д "Ажил гүйцэтгэх явцад захиалагчийн саналаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээний хугацааг өөрчлөх, гэрээг цуцлах шаардлага гарвал гүйцэтгэгчтэй хамтран гэрээг дүгнэж гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр санхүүжилт хийх асуудлыг зохицуулна" гэж заасан. Манай компанийн гүйцэтгэлийг 1,132,266,937 төгрөг болохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар хүлээн зөвшөөрч баталгаажуулж Сангийн яамнаас тус гүйцэтгэлийн дагуу санхүүжилт хүсэж гүйцэтгэлийг Хэнтий аймгийн төрийн сангийн дансанд авсан бөгөөд тус 19.206.754 төгрөгийг хасаж шилжүүлэх нь хууль болоод гэрээг удаа дараа санаатайгаар зөрчөөд байна.

3. УТХО-2020/31 тоот гэрээний ерөнхий нөхцөлийн 32.1-т "Төслийн менежер гэрээний тусгай нөхцөлд заасан чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил, гологдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид өгнө" гэж заасан. Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар захиалагчид хууль болон гэрээний ямар зүйл заалтыг үндэслэн 19.206.754 төгрөгийг суутган шилжүүлэх хүсэлт тавьсан албан бичиг байхгүй, нотлогдохгүй байх төдийгүй манай байгууллагад өнөөдрийг хүртэл ямар ч албан бичгээр ийм доголдол дутагдал гарсан талаар мэдэгдэл ирээгүй, гэрээний зүйл заалтыг үндэслэн доголдлыг арилгуулах мэдэгдэл ирээгүй байтал үндэслэлгүйгээр хасах шийдвэр гарсан байна.

4. Барилгын тухай хуулийн 38.1.10-т зураг зохиогч нь "барилгын ажлыг зураг төсөл болон барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавьсан шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй тохиолдолд дүгнэлт гаргаж, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авхуулах" гэж заасны дагуу хэрэв гүйцэтгэгчийн барилгын ажлын гүйцэтгэл чанарын шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаа бол энэхүү дүгнэлтийг гаргах эрх нь зураг зохиогч байгууллагад хуулиар олгогдсон. Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж санаатайгаар хуулиар эрх олгогдоогүй, гэрээний оролцогч тал бус “Э” ХХК гэх төсөвчний тамгаар дүгнэлтээ баталгаажуулсан хуурамч дүгнэлтийг үйлдүүлэн манай үндэслэлгүйгээр хасуулсан байна.

5. Барилгын тухай хуулийн 24.1.1-т заасны дагуу барилгад аливаа төсвийг зохиохдоо батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байхыг хуульчилсан. 9/1826 тоот албан бичгийн хавсралтаар ирсэн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн Б.У гэх төсөвчний хийсэн 19.206.754 төгрөгийн нөхөн сэргээлтийн ажлын төсөв нь зураг төсөлд үндэслээгүй тул хууль бус байна. Мөн энэхүү төсөвтэй танилцаж үзэхэд 40 мм хүртэл цохиж булан засварлах шавардаж засварлахаар заасан байна. Ингэхдээ хар тос чанадаг тогоо ашиглах төдийгүй Б блокын Б1 давхарт 5 тонн авто кран ашиглана засварын ажил хийж гүйцэтгэнэ гэж төсвөө ор үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн зохиож Төсөвчний ёс зүйн дүрмийг зөрчсөн байна. Манай компанийн зүгээс удаа дараа албан бичгээр мэдэгдсээр байтал захиалагч манай компанийн хууль журмын дагуу баталгаажсан санхүүжилтээс үндэслэлгүйгээр 19.206.754 төгрөгийг хассан, эрх зүйн үндэслэлгүй хуурамч бичиг баримт бүрдүүлж, хувийн байгууллагыг хохироосонд гомдолтой байна.

Мөн талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэ нь Иргэний хуулиар зохицуулагдсан.  Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн ажил нь доголдолтой бол энэ талаар гомдол гаргах хуулийн хугацааг тавьсан байдаг. Гэтэл захиалагч тал уг эрх үүргээ гүйцэтгээгүй. Хэрэв гүйцэтгэсэн ажил нь доголдолтой бол захиалагч Иргэний хуулийн 352.2.1 дэх хэсэгт заасны дагуу уг доголдлыг арилгуулах эрхтэй, Иргэний хуулийн 350.1.6, 350.1.7 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч тал уг доголдлыг арилгах үүрэгтэй байсан. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Сангийн сайдын 282 дугаартай тушаалын 5.2 дахь хэсэгт захиалагчийн чиг үүргийг бичсэн. Хэрэв манай ажил доголдолтой байсан бол ажил хүлээлцэх акт дээр бичих ёстой байсан. Гэтэл ажил хүлээлцэх акт дээр доголдолгүй гэж бичээд хүлээгээд авчихсан, ажлын гүйцэтгэлийг бичиж мөнгийг нь данс руугаа авчхаад гүйцэтгэгч байгууллага руугаа шилжүүлэхдээ 19 сая төгрөгийг нь аваад үлдэж болохгүй юм.

Иймд Иргэний хуулийн 205.1, 205.2.1, 355.5-д заалтуудыг үндэслэн Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас 2021 оны 05 сарын 26-ны өдрийн захиалагчийн баталсан гүйцэтгэлээс дутуу санхүүжсэн 19.206.754 төгрөгийн санхүүжилтийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь 1500 суудалтай сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа зоорины давхрын Б блокийн Х6-Х9 тэнхлэгийн хана 60мм-100мм хүртэл хазайлгаж цутгасан, бүтцийн алдаа гаргасан зэрэг нь хүүхдүүд сурч боловсроход аюултай, эрүүл мэнд амь насанд нь эрсдэлтэй байдал бий болгосон. Иймд хөндлөнгийн шинжээч "Э” ХХК-аар хяналт, шалгалт хийлгэхэд, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтээр 19.206.754 төгрөгөөр хүчилтгэж, засварлах төсвийн дүн гарч төсөвчнөөр ажлыг зардлыг "М" ХХК-д өгөөгүй болно. Мөн тус барилгын үндсэн зохиогч "Н” ХХК-аар алдааг засварлах зургийг хийлгэж, ахин төсвийг мэргэшсэн төсөвчнөөр нягтлуулж, гаргахад 19.183.433 төгрөг болсон байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаар тогтоолоор "М" ХХК-тай хийсэн гэрээ цуцлагдсан. "М" ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийж гүйцэтгэсэн ажлыг тулгасан актаар хүлээлцэх жагсаалтад хүчилтгэх ажил байхгүй буюу хийгдээгүй байсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Ажил хүлээлцсэн" актад давхар хүчилтгэх шаардлагатай болсныг "М" ХХК-н төлөөллүүд зөвшөөрч гарын үсэг зурсан. Гүйцэтгэгч компани ажил хүлээлцэх акт, орлогын тэмдэглэлүүдийг хүлээн зөвшөөрч, зөрчил доголдол байгаагаа баталгаажуулчхаад шаардлага хүргүүлээгүй гэж тухайн ажлыг хийж гүйцэтгээгүй байдлаа хаацайлж байна гэж үзэж байна. Иймд М ХХК нь чанаргүй ажил гүйцэтгэж хохирол учруулсан тул хохирлын төлбөр болох 19.206.754 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй юм гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5, 355.6-д зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргаас 19.206.754 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 253.984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш-, Ц.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: "М" ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газартай 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр УТХО-2020/31 дугаартай гэрээ байгуулж "Хэнтий аймгийн 1500 суудалтай сургууль"-ийн барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан боловч Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай тогтоол гарч гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж захиалагчийн талаас гэрээ цуцлах мэдэгдэл ирсний дагуу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах хүртэлх хугацаанд "М" ХХК-ний хийсэн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж ажил хүлээлцэх явцад 1500 суудалтай сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа зоорины давхрын 6 блокийн Х6-X9 тэнхлэгийн хана 60мм-100мм хүртэл хазайлгаж цутгаж алдаа гаргаж, тухайн үеийн буюу 2021 оны 06 сарын 02-ны ажил хүлээлцэх акт, хурлын тэмдэглэлд, алдаагаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тус гэрээний 3.3-т заасны дагуу "М" ХХК нь "ажлыг хэрэгжүүлэх явцад алдаа дутагдал илэрвэл түүнийг шуурхай засварлах" үүрэгтэй ч ажил гүйцэтгэх явцдаа гаргасан алдаагаа мэдсээр байж дараагийн гүйцэтгэгч компани болох "С" ХХК нь хүчитгэлийн ажлыг хийж байж Барилга угсралтын ажил цааш үргэлжлэх нөхцөл үүсэх хүртэл буюу 2022 оны 10 сарын 10-ны өдөр "С" ХХК-тай хүчитгэлийн ажлын гэрээг Байгуулах хүртэл 1 жил 4 сарын хугацаанд засварлаагүй нь гэрээний 3.3-т заасан Үүргээ гүйцэтгээгүй. Барилгын ажил эхэлсэн үеэс ашиглалтад орох хүртэл буюу 2020 оны 5 сараас 2023 оны 1 сарыг хүртэл 2 жил 7 сарын хугацаанд Хэрлэн 1 дүгээр сургуулийн багш, сурагчид 3 ээлжээр хичээллэж ирсэн. Хүчитгэлийн ажлыг хийж гүйцэтгээгүйгээс барилгын ажил зогсож нийтийн эрх ашигт хохирол учруулах бодитой нөхцөл тулгарсан тул 1500 суудалтай сургуулийн барилгын зураг төслийн зохиогч болох "Н" ХХК-иар хүчитгэлийн зураг болон төсвийг хийлгэж хүчитгэлийн ажлын зардал болох 19.183.433 төгрөгөөр алдаатай хийсэн барилгын ажлыг гэрээний дагуу "С" ХХК нь засварласан. "М" ХХК нь өөрсдийн алдаатай гүйцэтгэснээ хүлээн зөвшөөрсөн чанарын шаардлага хангахгүй алдаатай хийсэн ажлаа засварлаагүй байж алдаатай хийсэн ажлыг нь засварлан хүчитгэж барилга баригдаж дуусан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээн авч сургуулийн барилгыг ашиглалтад оруулсны дараа өөрсдөө хийж гүйцэтгээгүй алдаатай хийсэн ажлыг засварлаж хүчитгэх ажлын зардал болох 19.206.754 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Хүчитгэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн зураг, төсөв "М" ХХК-ийн алдаагаа хүлээн зөвшөөрч тухайн үед ажил хүлээлцсэн акт, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан нотлох баримт нь хавсралтаар бүгд байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг 100% хангуулах шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 350.1.7 ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах 352 дугаар зүйлийн 352.5.2 ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зорилгоор ажлыг шинээр гүйцэтгэж шинэ үр дүнг захиалагчид шилжүүлсэн бол өмнө нь шилжүүлсэн зүйлээ буцааж авах эдгээр заалтын хүрээнд нэхэмжлэгч тал нь дээрх шаардлагыг хангаж тодорхой хугацаа тогтоож ажлын доголдлыг арилгах талаар анхан шатны шүүх дээр цугларсан нотлох баримтаас тогтоогдоогүй мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан. Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ хэмээн үндэслэсэн байна. Гэвч гэрээнд заасан чанарт тохироогүй бөгөөд чанарын хувьд алдаатай хийсэн барилгын эсрэг гаргасан хариуцагчийн хариу тайлбар, нотлох баримттай танилцсан шүүгчийн хувьд ийм шийдвэр гаргах нь хуульд нийцэхгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, С.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй", мөн хуулийн 161.4-т "Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй" гэж заасан байдаг. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй “С” ХХК-тай хийсэн гэрээ, төсөв гэх мэт 14 хуудас шинэ нотлох баримтыг гарган давж заалдах гомдол гаргасан нь хууль зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162.2.4-т заасны дагуу гомдол гаргагч нь шийдвэрийн ямар зүйл заалт үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа" талаараа гомдолдоо тусгах ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дах заалтыг үндэслэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдож байгаа үндэслэлээ бичжээ. Гэвч Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 156/ШШ2023/00542 дугаартай шийдвэрийг шүүгч гаргахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5, 355.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн шийдвэр гаргасан тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Манай компани 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч талаас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хариу тайлбараа өгсөн. Үүнээс хойш шүүх хуралдаан зарлагдаад 2 удаа хойшилсон. 2 сарын хугацаанд хариуцагч талаас гомдож байгаа нотлох баримтуудаа гаргаж өгөөд шинжлэн судлуулаад шүүх хуралдааныг явуулах бүрэн боломжтой байсан ч хариуцагч тал өөрсдийн татгалзлаа нотолж чадаагүй. Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг нотлох баримтын хэмжээнд үндэслэн шийдсэн. Манай компани 2020 онд ажлаа хүлээлгэж өгөөд гүйцэтгэлийн акт гаргах гэж 2021 он хүртэл дамжиж явсан. Мөнгө орж ирсэн боловч дутуу орж ирсэн. Энэ талаар хариуцагч талд албан бичиг өгтөл Э ХХК гээд ямар ч мэргэжлийн бус, бүртгэлгүй, шаардлага хангахгүй компаниар нотлох баримт бүрдүүлээд манай компанийн гүйцэтгэлээс хассан. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гээд маш олон албан бичиг өгсөн боловч бидэнд нэг ч удаа хариу өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр процессын алдаа гаргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш-, Ц.Б- нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь “2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан “сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 19.206.754 төгрөгийг Хэнтий аймгийн Засаг даргаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга нь “...“М” ХХК нь 19.206.754 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн доголдол гаргасан, уг доголдлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн тул төлбөрийг төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгч буюу “М” ХХК хариуцаж, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хариуцагч буюу Хэнтий аймгийн Засаг дарга нь төлөх үүргийг хүлээж 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “УТХО-2020/31 тоот 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна.

Анхан шатны шүүхийн  зохигчдын хооронд Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх дүгнэлт нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцсэн байна.

Нэхэмжлэгч “М” нь “ХХКГазрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хуурамчаар үйлдэн ирүүлсэн хөндлөнгийн компанийн дүгнэлт болон хүчитгэлийн ажлын төсвийг ирүүлсэн, манай байгууллагад өнөөдрийг хүртэл ямар ч албан бичгээр ийм доголдол дутагдал гарсан талаар мэдэгдэл ирээгүй, гэрээний зүйл заалтыг үндэслэн доголдлыг арилгуулах мэдэгдэл ирээгүй, гүйцэтгэгчийн барилгын ажлын гүйцэтгэл чанарын шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаа бол энэхүү дүгнэлтийг гаргах эрх нь зураг зохиогч байгууллагад хуулиар олгогдсон. Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж санаатайгаар хуулиар эрх олгогдоогүй, гэрээний оролцогч тал бус “Э” ХХК гэх төсөвчний тамгаар дүгнэлтээ баталгаажуулсан хуурамч дүгнэлтийг үйлдүүлэн  баталгаажсан санхүүжилтээс үндэслэлгүйгээр 19.206.754 төгрөгийг хассан”, хариуцагч тал нь “2021 оны 06 сарын 02-ны ажил хүлээлцэх акт, хурлын тэмдэглэлд, алдаагаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тус гэрээний 3.3-т заасны дагуу "М" ХХК нь "ажлыг хэрэгжүүлэх явцад алдаа дутагдал илэрвэл түүнийг шуурхай засварлах" үүрэгтэй ч ажил гүйцэтгэх явцдаа гаргасан алдаагаа мэдсээр байж дараагийн гүйцэтгэгч компани болох "С" ХХК нь хүчитгэлийн ажлыг хийж байж Барилга угсралтын ажил цааш үргэлжлэх нөхцөл үүсэх хүртэл буюу 2022 оны 10 сарын 10-ны өдөр "С" ХХК-тай хүчитгэлийн ажлын гэрээг байгуулах хүртэл 1 жил 4 сарын хугацаанд засварлаагүй нь гэрээний 3.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй. Барилгын ажил эхэлсэн үеэс ашиглалтад орох хүртэл буюу 2020 оны 5 сараас 2023 оны 1 сарыг хүртэл 2 жил 7 сарын хугацаанд Хэрлэн 1 дүгээр сургуулийн багш, сурагчид 3 ээлжээр хичээллэж ирсэн. Хүчитгэлийн ажлыг хийж гүйцэтгээгүйгээс барилгын ажил зогсож нийтийн эрх ашигт хохирол учруулах бодитой нөхцөл тулгарсан тул 1500 суудалтай сургуулийн барилгын зураг төслийн зохиогч болох "Нарлаг хөхий" ХХК-иар хүчитгэлийн зураг болон төсвийг хийлгэж хүчитгэлийн ажлын зардал болох 19.183.433 төгрөгөөр алдаатай хийсэн барилгын ажлыг гэрээний дагуу "С" ХХК нь засварласан 19.206.754 төгрөгийг төлөхгүй” гэж зохигчид  тус тус зөрүүтэй тайлбар гаргасан байна.

 Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн УТХО-2020/31 дугаартай  Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч М ХХК нь сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр, захиалагч Хэнтий аймгийн Засаг дарга нь ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай тогтоол гарч гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон байх бөгөөд гэрээний хүчинтэй байх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ажлын гүйцэтгэл №2 актыг гаргаж талууд хүлээлцсэн байна. Уг ажлын гүйцэтгэлээр нийт гүйцэтгэсэн ажлын үнэ 1 244 263 387 төгрөг байхаар талууд тохиролцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч ажлын доголдлыг хэрхэн, хэнээр, ямар төсвөөр хийж гүйцэтгүүлээд, үнийг ямар байдлаар төлсөн талаарх баримтаа ирүүлээгүй ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хуульчилсан, энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй буюу татгалзлаа баримтаар нотлохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болжээ.

Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.10-т “Барилгын зураг төсөв зохиогч  барилгын ажлыг зураг төсөл болон барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавьсан шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй тохиолдолд дүгнэлт гаргаж, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авхуулах чиг үүрэгтэй” ,

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх гэж, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж тус тус хуульчилжээ

 Хариуцагч нь зоорийн давхрын Б блокийн Х6-Х9 тэнхлэгийн ханатай холбоотой ажлын доголдлыг тухайн үед гүйцэтгэгчид компанид мэдэгдсэн боловч / хэргийн материалын 59-р тал/ захиалагч тал энэ ажлын доголдлыг хэрхэн, хэзээ хийж гүйцэтгэх талаар хугацаа тогтоож, шаардсан талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй. Мөн ажлыг гүйцэтгэлээр хүлээлцэх тухай 2021 оны 6 дугаар сарын 02-ны актад хүчитгэх ажлыг гүйцэтгэгч тал “М” ХХК-аар хийлгэхгүй талаар дурдагдсан бөгөөд гүйцэтгэгчийг барилгын талбайд оруулаагүй болох нь тогтоогдсон байна. /хэргийн материалын 91-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хуульчилсан байна.

Хариуцагч нь дээрх доголдлыг хэн нэгэн этгээдээр гүйцэтгүүлж, гарсан зардлыг баримтаар нотолсон тохиолдолд хариуцагчийн хариу тайлбар үндэслэлтэй байх боломжтой.

Хариуцагч хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй буюу татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Дээрх хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш-, Ц.Б- нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т давж заалдах гомдол гаргасан тал гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ баримтыг заах эрхгүй  талаар заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа хавсарган өгсөн  нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй болно.

Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 156/ШШ2023/00542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш-, Ц.Б- нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.БОЛОРМАА

 

                             ШҮҮГЧИД                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                           

                                                                                  Б.ДЭНСМАА