Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 39

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогч М.Г ,

хохирогчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,

шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э од холбогдох 163/2019/0043/Э индекстэй, эрүүгийн 1815003030254  дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1960 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, охин, зээ нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Ж.Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Э” амралтын газарт М.Г ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э ын өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Г” амралтан дээр Б  даргын хүлээн авалтанд очсон, ууж идэцгээсэн. Орой тарах үед нилээд согтуу байсан, би Г ын нүүр лүү нь шилээр цохьсон байсан. Тухайн үед их согтолттой байсан учир юу болсныг мэдэхгүй байна. Өглөө босоход нүүр, ам хамарнаас цус гарчихсан, Г ын хүү гээд цагдаатай 2 хүн ирээд намайг аваад явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Г ын өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 01-нд Г ай амралтанд очсон. Өндөр настангуудтай өдөр нь уулзаж гар барьсан. Уг арга хэмжээ тарах үед Э архи уучихаад агсраад, Б  даргад “хүүхэд ажилд аваагүй” гэдэг шалтгаанаар агсам таввсан, тэгээд манай нэг залуу унтуулахаар авч явсан. Тэгээд Б  даргын найз гэж 3 хүн ирж, ярьцгаагаад сууж байхад Э дахин ирээд мөн л агсраад байсан. Тэгээд би “боль, та настай хүн байж харьж амар” гэж хэлсэн. Тэгээд л намайг цохьсон. Гомдолтой байна, би зүй ёсны шаардлага тавьсан. Амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн, цус их алдсан. Тэнд байсан нэг залуу анхан шатны тусламжийг зөв үзүүлээгүй бол амь алдах ч эрсдэлтэй байсан. Миний хувьд эмчилгээний зардалд 272650 төгрөг, өвчтэй байсан  хугацааны цалингийн зөрүү 451617 төгрөгийн хохирол бодитоор учирсан. Нүүрэнд шилээр цохиж зүсэгдсэний улмаас өөрийн явцаар эдгэрэхгүй сорви үүссэн, үүнийг зөвхөн косметик хагалгааны аргаар л арилгах юм байна лээ. Тэгээд судлаад үзэхээр ойролцоогоор 3000000 төгрөгийн зардал гарна гэсэн. Иймд шүүгдэгчээс нийт 3724267 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

1815003030254 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан  яллах болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх талын нотлох баримтууд болох гэрч Н.Н , Н.Б , Ш.Ц , Б.Т ,  Б.А , О.Д , Я.З , О.А  нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 632, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1101 дугаартай /хх-80-81, 84-85 тал/, дүгнэлтүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 108-109 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-120-123 тал/ болон хэргийн материал танилцуулсан баримт /хх-128-129 тал/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, холбогдох баримт /хх-ийн 147-150/, болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Н ын өгсөн “...би хүлээн авалт болсон газар руу ороход М.Г  ахын хүзүүнээс цус гарчихсан зогсож байсан, харин Ж.Э ах гартаа пивоны хагархай шил барьчихсан, нүүр нь цус болоод сандал дээр сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/, гэрч Н.Б ийн өгсөн “...гаднаас манай ахмад ажилтан Э орж ирээд ирсэн хүмүүс рүү “та нар ер нь юу юм бэ?” гэх зэрэг үг хэлж агсархад Г  хажуу талаас нь “чи одоо болиоч, таньж мэдэхгүй хүмүүсийг боль, явж амар” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй хоёр пивоны шилийг хооронд нь мөргөлдүүлж цохиж хагалаад, хагалсан шилээрээ нүүрэн хэсэгт нь цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/, гэрч Ш.Ц ын өгсөн “...тэр цохиулдаг хүн “та одоо хүн болгон руу дайраад байдаг, та ахмад настай хүн байж” гэхэд “чи юу юм, хэн юм” гэж хэлээд ширээн дээр байсан хоёр шилтэй пивийг хооронд нь цохиж хагалаад хагархай шилээр нь тэр хүнийг цохиод тэнд байсан хүмүүс тэр дор нь салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,  гэрч Б.Т гийн өгсөн “...манай ресторан дотор шил хагарах чимээ гарахаар нь М ын хамт яваад орсон чинь Г  гэдэг хүн хүзүүгээ барьсан сандал дээр суусан, нөгөө цохьсон хүн нь өөдөөс нь хараад суусан байсан. Тэгээд би ороод “яаж байгаа юм бэ? юу болов” гээд тэнд байсан хүмүүс рүү уурлаад хэлэхэд Б  “яах ийхийн зуургүй пивоны шилээр дүрээд хаячихлаа” гэхээр нь би хажууд байсан нэрийг нь мэдэхгүй нэг хүнд “энэ хүнээ хурдан аваад шууд Хялганатын эмнэлэг ор” гээд хоёр зөөгч А , Ар  хоёрыг “цуг яв” гэхэд тэд нар эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/, гэрч Б.А ы өгсөн “...намайг зааланд ороход Э гэх ах Г  гэх хүний хүзүү рүү пивоны шил хагалаад зоож байсан. Тэгээд Г  гэх хүн пивоны шил аваад Э ахын дух хэсэг рүү 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/, гэрч О.Д ын өгсөн “...шөнийн 2-3 цагийн үед Ц  манай шовгорт орж ирээд “Э хүмүүст агсам тавиад М.Г ын хүзүү рүү шилээр цохисон байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/, гэрч Я.З ын өгсөн “...Ж.Э нь ширээн дээр байсан пивоны шилийг хага цохиод Г ыг шилээрээ цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/, гэрч О.А ын өгсөн “...шил хагарах чимээ гарахаар нь зааланд очиход агсараад байсан хүний нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болсон баруун гартаа хагарсан пивоны шил барьсан байсан. Нөгөө хүн нь сандал дээр суугаад хүзүүгээ барьчихаад сууж байсан. Гарных нь хажуугаар цус их хэмжээгээр гараад байсан болохоор А  гаднах цамцаа тайлаад хүзүүг нь дараад Хялганат тосгоны эмнэлэг рүү хүзүүнээс нь цус гарсан ахыг авч явж эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 102 тал/, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 632 дугаартай:

  1. М.Г ын биед зүүн хацар, эрүүн доор, хүзүүний зүүн тал, зүүн чихний дэлбээнд шарх үүсчээ.
  2. Уг гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн, тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна.
  3. Үүссэн шархнууд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой.
  4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 84 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1101 дугаартай:

1. М.Г ын биед зүүн хацар, хүзүү, ооч, зүүн чихний дэлбэнгийн сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. 

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. М.Г ын хацар, эрүү, хүзүүнд үүссэн сорви нь ердийн явцаараа арилах боломжгүй, мэс заслын аргаар нөхөн сэргээгдэж бүдгэрэх боломжтой. Нүүрийг засаршгүй эвдэж, дүр төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэм алдагдуулсан гэмтэлд хамаарахгүй.

6. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 80-81 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Э” гэх амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг өдөөн хоргоож, агсарсан, түүний энэ үйлдлийг таслан зогсоохоор “унтаж амар, настай хүн байж агсам согтуу тавиад байх юм” гэсэн хууль ёсны шаардлага тавьсан М.Г ыг пивоны хагархай шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь нотлогдож тогтоогдсон байна.

        Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч М.Г ын мэдүүлгийн эх сурвалжийг тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Н.Н , Н.Б , Ш.Ц , Б.Т ,  Б.А , О.Д , Ө.З , О.А  нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нотлож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байх тул шүүх  үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.

        Шүүгдэгч Ж.Э ын хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бие, эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

         Шүүгдэгч Ж.Э нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Г  нь эмчилгээний зардал 272650 төгрөг, өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү 451617 төгрөг, косметик хагалгааны зардал 3000000 төгрөг, нийт 3724267 төгрөгийг нэхэмжилж 13 хуудас бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

        Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 501.1-д зааснаар цалингийн зөрүү 451617 төгрөг, эмчилгээний зардал 129840 төгрөг /38400₮, 31800₮, 15000₮, 30000₮, 7240₮, 7400₮/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 130000 төгрөг /25000₮, 25000₮, 20000₮, 20000₮,  20000₮,  20000₮/ буюу нийт 711457 төгрөгийг шүүгдэгч Ж.Э оос гаргуулан хохирогчид олгох, “Н”-аас авсан хүнсний зүйлийн үнэ 12810 төгрөг нь эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоогүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шилээр цохиж зүсэгдсэний улмаас үүссэн өөрийн явцаар эдгэрэхгүй сорвинд хийлгэх косметик хагалгааны зардал 3000000 төгрөгийн нэхэмжлэлийн хувьд хохирогч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтаа ирүүлээгүйн улмаас эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Э од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, өндөр насны тэтгэвэрт байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Т овогт Ж.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Э од оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 90000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Э од сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Э оос 711457 /долоон зуун арван нэгэн мянга дөрвөн зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Г ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12810 /арван хоёр мянга найман зуун арав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, косметик хагалгааны зардал 3000000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Э од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД