Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 226/МА2023/00022

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 30 226/МА2023/00022

 

 

Б.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Хэнтий аймгийн Биндэр сумын

Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд нээлттэйгээр,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Жавхлан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Мөнхбат,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Наранчимэг, С.Сэргэлэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 156/ШШ2023/00544 дугаар шийдвэртэй Б.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн Биндэр сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс шүүхийн эцсийн шийдвэр гарсан өдөр хүртэл тооцон гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Мөнхтөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан нарын гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнхтөр миний бие Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуульд 2017.09.01-ний өдөр математикийн багшийн ажилд орж байсан юм. Миний бие ажилд орсон цагаасаа хийсэн ажилдаа үнэнчээр сурагчидынхаа хичээл боловсролд анхаарч хичээнгүй ажиллаж байсан. Гаргасан амжилтуудаас дурьдвал 2018 онд Хойд бусийн багш нарын шатрын тамцээнд 2 дугаар байр, 2022 онд Хэнтий аймгийн нийт сургууль, цэцэрлэгийн багш нарын спортын наадмын шатрын төрөлд 2 дугаар байр, 2023 онд миний бэлтгэсэн сурагч Ингүүн аймгийн математикийн төрөлжсөн олимпиадад 3 дугаар байр тус тус эзэлж амжилт гаргаж байсан. Би сургуулиас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, сурагчидтай зуй зохистой харилцаж, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл манай сургуулийн сургалтын менежерийн зүгээс намайг ялгаварлан гадуурхаж, гаргасан амжилтыг маань сайшаахгүй сурагчдын дунд болон багш нарын дунд надад зориулж хараалын үгээр харааж загнах, хийсэн ажлыг маань үгүйсгэх, хамт олны дунд нэр хүнд унагаах үйлдлийг удаа дараа гаргадаг байсан. Мөн байнга "ажлаас гар, ажлаа өг, чиний эсрэг баримт бүрдүүлж байгаа" гэх зэргээр дарамталж, хүүхдүүдийн дэргэд надад гар хүрч байсан. Миний илүү цаг болон ажилласан хоногийг хасаж хөдөлмөрлөх эрхийг маань удаа дараа зөрчиж, бие болон сэтгал зүйн дарамтад байлгадаг байсан. Ингээд 2023.04.24-ний едер "ажлаас чөлөөлөх тухай" тушаал гаргаж намайг ажлаас халсан. Уг тушаалыг гаргаж өгөхөөс 7 хоногийн өмнөөс сургуулийн захирал намайг "Чи маргааш ажилдаа ирэхгүй шүү, новш минь" гэж надад хэлж дарамталж байсан. Ингээд би уг 2023.04.24-ний өдрийн Б/15 дугаартай Биндэр сумын Ерөнхий Боловсролын сургуулийн захиралын тушаалыг аваад 30 хоногийн дотор буюу 2023.05.18-ны өдөр Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст уг тушаалыг хууль бус гэж үзэж байгаа талаараа өргөдөл өгөхөд тус комиссын дарга Д.Март нь "хүлээж авахаас татгалзаж, дараагийн шатанд ханд" гэж хэлсэн. Би уг өргөдлөө өгснөөс хойш ажлын 10 хоног хүлээгээд дараагийн шатанд хандсан. Ингээд би 2023.06.02-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө өгч тус комиссын хариуг бичгээр авсны эцэст шүүхэд хандаж байгаа болно. 2023.04.24-ний өдрийн Б/15 дугаартай тушаал нь намайг "ажлын хариуцлага алдсан, эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй болсон" гэдэг үндэслэлээр гарсан байсан бөгөөд би ажлын хариуцлага алдсан, эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй болоогүй, уг тушаал нь хуулийн дагуу гаргаагүй үндэслэлгүй тушаал байна гэж үзэж байгаа тул Биндэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023.04.24-ний өдрийн Б/15 дугаартай тушаалыг хучингүй болгож, урьд эрхэлж байсан Биндэр сумын еренхий боловсролын сургуулийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс шүүхийн эцсийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Багш Б.Мөнхтөр нь 7-11 дүгээр ангийн 8 бүлэгт математикийн хичээлийг заадаг ба хичээлийн жилийн туршид мөрдөх сургалтын хөтөлбөрөө баталгаажуулахгүй, анги бүрт орох ээлжит хичээлийн төлөвлөлтийг огт хийхгүй бэлтгэлгүйгээр хичээлд ордог. Дотоод журмын 4.2.2-т зааснаар "Багш бүр мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг тухайн улирлын хичээл эхлэхээс 2-3 хоногийн өмнө батлуулсан байна. Ээлжит хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж орно" гэсэн заалтыг хэрэгжүүлэх тухай ойлголт байхгүй бөгөөд энэ талаар байнга шаардлага тавихаар дарамталсан загнасан гэж сургалтын менежерийг буруутгаж, өөрийгөө өмгөөлсөн байна. Энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа хүн багшийн ажлыг хэрхэн хариуцлагатайгаар хийх нь тодорхой. Ингэснээрээ тухайн хичээлийг ямар ч чанаргүй заасан болж оромдохын сацуу сурагчидтай ажиллахгүй самбарт 3-5 тоо бичиж өгөөд цагийг нөхцөөдөг бөгөөд бэлтгэлийг хангах төлөвлөлттэй байх тухай удаа дараалан зөвлөхөд "за хийнэ ээ, үзүүлнэ ээ" л гэж хэлнэ. Ээлжит хичээлийг төлөвлөлтгүй заахыг ямар ч түвшинд хүлээн зөвшөөрөхгүй байдаг атал энэ багш яаж ч хэлээд нэмэргүй ийм л байдалтай явсаар ирсэн нь туйлын харамсалтай. Бэлтгэлгүй төлөвлөөгүй хичээлийг ном бариад хэлж өгч байгаа багшийн үр дүнг салбарт ажилладаг хүн болон багш сурагчид эцэг эх цөм ойлгох агаад залуу хүнийг дэмжин тусалж, олон л хүн хэлж зөвлөж анхааруулж үзсэн ч ямар ч өөрчлөлт гарахгүй, сурагчид анги ахих тусам улам дортож байна.

Багшийн өдөр тутам хөтлөх бичиг баримтыг хөтөлдөггүй бөгөөд хамгийн чухал зүйл болох журналаа хэдэн сар улирлаар нь хөтлөхгүй, сурагчдын ирц бүртгэхгүй явсаар шаардуулсаар улирал болон бүтэн жилийг дуусгадаг зантай. Хичээлийн жил дуусаж, сургуулийн систем хаах болоход нөхөн оруулдаг. Менежерийн зүгээс дарамталсан, гар хүрсэн гэх ташаа мэдээллийг зөвшөөрөхгүй. Энэ багш хэдийгээр ШУТИС-ийг инженер мэргэжлээр 2008-2014 онд суралцаж төгсөөд, Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн математикийн ангид 2 жил суралцсан болохоор багшлах арга зүй болон хүүхэдтэй ажиллах арга барилын талаас учир дутагдалтайг ойлгож, АЗНэгдэл болон мэргэжил нэгт багш нарын хичээлд суух, хамтран ажиллах, харилцан суралцах өргөн боломжуудыг багшдаа олгодог ч өөрөө үнэндээ хичээхгүй, урсгалаараа явж хөгжихгүй шавь нартаа гологдож хоцрогдож байна. Багшийн математик сэтгэлгээ сайтай, шатар сайн тоглодог хувь хүний сайхан чанарыг үгүйсгээгүй байнга дэмжих хэдий ч өөртөө дүгнэлт хийх, өөрийгөө дайчлах тал дээр сул байдгийг хамт олон хүртэл мэднэ. Сургалтын менежерийн зүгээс сардаа 2-3 удаа хичээлд сууж, санал солилцон, зөвлөгөө өгөхөд хүлээж авах ч цаашид өөртөө өөрчлөлт хийх, хичээх сэдэлгүй хэвээр үргэлжилдэг нь ордог олон анги сурагчдынхаа сурах итгэлийн галыг бөхөөж математикт дур сонирхолгүй болоход нөлөөлж байна.

Дотоод журмын 4.2.14-т заасан "Шаардлагатай бус тохиолдолд хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх"-ыг манай багш хэлсэн ч ойлгохгүй байгааг сурагчид нотолдог. Хичээлийн 40 минутыг бүтэн ашиглахгүй, хоцорно, өглөө унтаад хичээлд ирэхгүй цагаар тасална, утасдуулж ирнэ. Хичээл орж буй ангидаа самбарт бодлого бичиж өгчөөд утсаараа тоглоод суучихна. 9в ангид хаалгаа түгжүүлээд ангиараа утас тоглуулна. Ийм байдалтай сууж байхад дэргэд нь очиход мэдэхгүй, хүүе гээд нудрахад цочиж байх тохиолдолтой зөндөө таарна. Математикийн хичээл дээр ордог ангиудаас үргэлж гомдол ирдэг. Багшийн тухай сурагчдын өгсөн бичиг өргөдөл гомдол тэмдэглэлүүд дээр буй. Багшийн маань харах өнцөг бараан талдаа байхаар үргэлж бусдыг буруутгадаг л даа. АУБ нар ангидаа ороогүй цагийг тухай бүр мэдэгддэг болохоор цагаар тасалсан хичээлүүдийг бүртгэж явдаг. Өөрт нь хэлэхэд ямар нэгэн тайлбар өгөх ба нөхөж заана гэж зарим үед хариулт өгдөг. Багш ээлжит хичээлдээ хэзээ ч ямар ч үзүүлэн, тарааж өгөх материал хэрэглэдэггүй, сурагчдад ялгаатай түвшний даалгавар өгөх, сэдэлжүүлэх, хичээлээ сонирхолтой заах үйлийг хийдэггүй. Сурагчдыг үнэлэх дүгнэх, нэгжийн үнэлгээ хийх үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, сурагчдад явцын үнэлгээ тавихгүй, төвшинг тогтоох шалгалт авахгүй явсаар улирлын эцэст баримтгүй дүн гаргадаг гэдэг гомдол сурагчдаас ирдэг. Сурагчидтай ажиллах багшийн харилцаа эв дүйн хувьд сайжрах боломжууд байгаа ч өөрчлөлт гардаггүй. Аман халбэрээр цохисон, алгадсан, гар хүрсэн, юмаар ороолгосон гэх гомдлууд байнга ирэх ч аль болох ойлголцуулаад хүүхдийн өөрийн бурууг ухааруулаад багшид дахиж ийм үйлдэл гаргахгүй байхыг хэлж өгдөг. Тэр бүхнийг баримтжуулж авдаггүй ээ, харин айхтар гэмтээж бэртээгээгүй болохоор элдэв мууг бодолгүй тэгээд л орхидог юм. Хүүхдийн ч буруу үе зөндөө байх болохоор багшаа хамгаалсаар өөгшүүлсэн ч байж болох талтай. Хамгийн сүүлийн жишээ 8б ангийн А гэдэг охины биед хурсан цохисон гэх гомдлыг утсаар түүний ах А сургуулийн захиралд хэлж, анхааруулга өгснөө захирал хэлж байсныг санаж байна. Энэ хичээлийн жилд хамгийн их хичээлд нь сууж анхаарал тавьсан анги бол 11А. Дунд ангид орохоос нь эхлэн 6 жил зааж буй анги нь бөгөөд ангиараа эсэргүүцээд хичээлээ хийхгүй, тоглоод өөр юм хийгээд, зарим нь хаяад гараад тасалчихдаг болсон учраас АУБ тай хамтран математикийн хичээлийн чанарыг сайжруулахад анхаарал тавьсан ч амжилтад хурч чадаагүй. Ирэх жил ЭЕШ өгөх хүүхдүүд атал сонгоноо таслаад тайлбараа " Багш юу ч заахгүй, утсаа ноцоод суудаг, цагийн гарз" гэдэг. Хүүхдүүд нь тасалж явчхаад багш ангидаа 2 хүүхэдтэй завсарлах цаг хүлээгээд сууж байхтай таарч, өөрт нь хэлэхэд хүүхдүүд буруутай, сурах бичиг буруутай, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй л байдаг. Энэ анги удаа дараа гомдлоо илэрхийлж түвшин тогтоох шалгалт аван бид хамтдаа хуралдаж, ойлголцолд хүрэн ахиц гаргахыг оролдсон ч хүүхдүүдтэй маргалдаад, хүүхдүүд бүх бурууг нь хэлсэн ч хүлээн зөвшөөрөхгүй байсаар дуусгасан хурлын тэмдэглэл энд хүргэгдэж буй материал дотор байгаа болно. Олон хүүхэд дотор хичээл зүтгэлтэй 3-4 хүүхэд байх агаад тэдэнтэй л ажилладаг, бусдыг хаядаг гэх гомдол тасардаггүй... Багш Б.Мөнхтөр нь цагаар олон удаа хичээл тасалсныг тухай бүр бүртгэж, заагаагүй цагт оруулан тоолж тооцоог хийдэг. Заагаагүй хичээлийг заасан гэж цалин өгөх боломжгүйг манай багш ойлгох учиртай. Ажлаа тасалсан, архи уусан тохиолдлууд байна. 2022 оны 9 сарын 6-ны мягмар гарагт ажлын өдөр таслан архи ууж, тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулж байсан байна. Мөн 2023 оны 1 сарын 30, 31-ний үдээс өмнө ирж, ирцээ бүртгүүлэн хичээлээ ороод үдээс хойш цагуудаа тасалж алга болсон ба 2 сарын 1-нд өглөө таслаад ирэхгүй болохоор СНА-г гэр лүү нь очуулахад архи уусан байдалтай согтуу байхад дуудаж авчирсан. Тэрээр ажлын цагаар архи ууж алга болсноо өөрөө хүлээн зөвшөөрч арга хэмжээ авагдаж байв.

Багшийн заадаг ангиуд агуулгын хоцрогдолд орсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн тул ахлах ангиудад нь хичээлийн хуваарь дээр давтлагын цагийг зориуд тавьж өгсөн нь хүүхдүүдийг бүрнээр нь байлгах, хариуцлагатайгаар хоцрогдлоо нөхөх цаг болгон гаргаж өгсөн бөгөөд энэ нь цалинд тооцогдохгүй шүү гэдгийг ойлгуулсаар байтал багш илүү цагийн хөлс авна гэж нэхсэн явдал гарсан нь хүүхдийн төлөө ажиллах биш мөнгөний л төлөө мэт сэтгэгдэл төрүүлэх ч ярилцаад ойлголцсон гэж боддог. Мөн хичээлийн бус цагаар давтлага өгөх, сул сурагчидтай ажиллахыг сануулдаг ч багш ирж ажилладаггүй. Харин мөнгөтэй давтлага өгдөг гэх гомдлыг АУБ нар гаргаж түүний мөрөөр тодруулга хийхэд мөнгийг буцааж өгсөн, авна гэж зүгээр хэлсэн гээд өнгөрч байсан болно.

Цалин болон цаг хассан тухай гомдлын тухайд: Багшийн 20 минутаас дээш хоцорч орсон болон тасалсан цагийг орсонд тооцоогүй нь үнэн болно. Дотоод журмын дагуу хувь тооцож цалинг хасуулах арга хэмжээ аваагүй, хувьд нь сануулдаг. Хичээл орохгүй тасалдаг хоцордог тухай хурлын тэмдэглэлд бүх л ордог ангийн багш нар ярьсан. 12-р сард хичээл дууссанаас хойш чөлөө авсан үгүй нь тодорхойгүй ажлын байранд ирээгүй 7 өдрөөр бүртгэсэн тул цалин бичих боломжгүй байсан. Мөн 11-р сард амаар чөлөө авсан гээд 7 өдөр ажилд ирээгүй гэдэг тайлбарыг менежер өгсөн болно. Сүүлийн жилүүдэд 3 захирал солигдоход тэр бүр л Мөнхтөрийн тухай өргөдөл гомдол хэл ам гарч байсан ч шинэ удирдлагууд итгэл үзүүлсэн, захирлууд солигдсоор энд хүрч сүүлдээ багш нар, эцэг эхчүүд туйлдаа хүрч хэл ам тасрахаа больсон. Зарим багш нар хэл амнаас нь төвөгшөөгөөд хүүхэд хохироод байж байхыг хүлээн зөвшөөрөөд чимээгүй байдаг болсон нь хамгийн харамсалтай. Сургалтын менежерийн зүгээс хамгийн их уулздаг хөөцөлддөг хэлдэг сануулдаг, зарим үед тэвчээр барагдаж загнадаг учраас өнөөдөр хамгийн муу хүнээр тодорхойлогдож байна гэж үзэж байна. Бодит амьдрал дээрхийг дүгнэвэл ганц хүнийг буруутгах биш, олон олон хүүхдийг математикийн сургалтаар хоцрогдолд оруулаад хөгжүүлэхгүй өөрөө ч хөгжихгүй байдалд оруулчхаад байгааг нийт эцэг эх сурагчид тодорхойлно гэж үзэж байна гэжээ.

3. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Б.Мөнхтөрийн Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан Ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256 448 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхтөрд олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Б.Мөнхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 156/ШШ2023/00544 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 

Нэг. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Б.Мөнхтөрийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болон тушаах хэсэгт тусгагдсан нэрлэн заасан зөрчил байхгүй талаар тушаалыг бодитой үнэлээгүй гэж үзнэ.

а. Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/15 дугаар тушаалын Тушаах хэсэгт "Бадамдоржийн Мөнхтөр нь ажлын хариуцлага алдсан, эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй болсон шалтгааныг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ." Тушаалын тушаах хэсэгт сахилгын тодорхой зөрчлийг бичээгүй, зөрчлийг нэрлэн заагаагүй байна.

b. Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдсэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжид "Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Ажил олгогч нь сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах, мөн нэг сахилгын зөрчил сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй юм. Иймээс тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдох бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзнэ."

с. Тушаалд зөрчлийг нэрлэн заагаагүй тохиолдолд шүүхэд ирүүлсэн баримт, хариу тайлбарт тусгагдсан зөрчлийг гаргасан гэж үзэх боломжгүй. Гэтэл шүүхээс зөрчлийн шинж чанар, тушаалын тушаах хэсэгт зөрчил бичигдсэн үү эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт "ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино;" гэж заасан хууль зүйн агуулга уу гэдгийг ялгаагүй байна. Өөрөөр хэлбэл, тушаалын тушаах хэсгийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй болно.

 

2. Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй.

а. Хавтаст хэрэгт Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гэх хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгчээ. Хавтаст хэрэгт Захирлын дэргэдэх зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн хурлын шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй.

б. Хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл гэх баримт нь байгууллагын тамга, тэмдэг дарагдаагүй, хуралд хэн, хэн орсон, хурлын ирц, хурлаар хэлэлцэгдэх асуудал, мөн хурал болсон газар, он сар, өдөр зэрэг Монгол улсын стандартыг баримтлаагүй баримт бичиг байна. Дээрх баримт бичгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл гэж эргэлзээгүй итгэх боломжгүй байна. Гэвч шүүхээс тал бүрээс нь бодитой дүгнээгүй гэж үзэж байна. Мөн шүүх нь хурлын тэмдэглэл, хурлын шийдвэр гэх хоёр өөр ойлголт, баримт бичгийг ялгаагүй байна. Хурлын тэмдэглэл нь хурлын шийдвэр биш юм. Тушаалд хурлын шийдвэрийг үндэслэсэн байх бөгөөд тэмдэглэлийг үндэслээгүй байна.

Хоёр. Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3.13, 43.16.4 дэх хэсэгт заасан хэм хэмжээг бодитоор үнэлээгүй. Хавтаст хэрэгт Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт авагдаагүй

а. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэгт заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан эсэх, эсхүл сахилгын давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлийн аль үндэслэлээр нь халсан эсэхийг тодруулаагүй, үнэлээгүй болно.

b. Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3.13 дахь хэсэг "Сахилга батын зөрчил гаргасан, дотоод дүрэм зөрчсөн сурагчидтай баримтлах хүүхэд хамгааллын бодлого, Монгол улсын Засгийн газрын 276 дугаар тогтоол, А/243 дугаар тушаал, А/608 журам зөрчсөн багшид сургуулийн захиргаанаас анхааруулах ба шаардлагатай гэж үзвэл захирлын тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэж, 4.3.16.4-т Хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж заажээ. Шүүхээс дээрх хэм хэмжээ Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гэх байдлаар хэрэглэжээ.

с. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэж зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтгүйгээр аливаа хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх боломжгүй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй бол сахилгын хариуцлага тооцох боломжгүй атал шүүх Хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзсэн байна.

d. Хавтаст хэрэгт Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт авагдаагүй байхад Хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч үүргээ биелүүлээгүй явдалд ажилтан буруугүй байх бөгөөд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй.

 

Гурав. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 544 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгч Б.Мөнхтөр нь ажилдаа хариуцлагагүй ханддаг, заах арга барил муу, ур чадвараа дээшлүүлдэггүй, хүүхэдтэй зүй бус харьцдаг, хичээлээсээ хоцордог, энэ нь сурагдчын сурлагын амжилтанд сөргөөр нөлөөлдөг болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх ба түүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болжээ. Тухайлбал 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хуралдсан Биндэр сумын ЕБС-ын захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлд багш Б.Мөнхтөрийн талаар ярилцсан байдал /1-р хатвасын 153-158-р тал/, Түвшин тогтоох шалгалтын анализ 10а анги гүйцэтгэлийн хувь 17.3 хувь, 10б анги гүйцэтгэлийн хувь 46.7 хувь, Массын олимпиадын шалгалтын анализ гүйцэтгэл 11а анги 26.63 хувь, 10б анги 4.6 хувь, 10а анги гүйцэтгэл 3.1 хувь, 9а анги гүйцэтгэл 29 хувь, 8б анги гүйцэтгэл 17 хувь, 7б анги гүйцэтгэл 12 хувь, 7а анги гүйцэтгэл 8.5 хувь гэж тус тус дүгнэсэн байна гэжээ.

Нэг. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүй байна. Өөрөөр хэлбэл тушаалын үндэслэх хэсэг нь Хөдөлмерийн гэрээг цуцлах хуулийн заалтыг баримтлаагүй, Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах ойлголтуудыг ялгалгүй тушаалд заасан боловч ажлаас халах тушаалын тушаах хэсэг болон, хариуцагчийн ирүүлсэн нотлох баримтуудыг харвал нэхэмжлэгч Б.Мөнхтөрийг ажилдаа тэнцэхгүй, гүйцэтгэлийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн тушаалыг гаргажээ. Дээрх ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил биш юм. Харин 2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино" гэж заасан зохицуулалтад хамаарна. Иймд Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

а. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтны Хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэл өгч, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар тэтгэмж олrox хуулийн зохицуулалттай болно.

- Тушаалын үндэслэх болон тушаах хэсэг нь хуульд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангахгүй тохиолдолд ажлаас үндэслэлгүй халсан гэж үзнэ.

- Тушаалын үндэслэх хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хуулийн заалтыг хэрэглэсэн бөгөөд тушаах хэсэгт ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Иймд тушаал нь өөрөө эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангаагүй, ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэх үндэслэлтэй юм.

- Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдсэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжид Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах хэдий ч орон тоо цөөрүүлэхийн тулд шалгалт явуулж, улмаар дүгнэлт, шийдвэр гаргаж буй нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй гэжээ.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 544 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Тухайлбал, хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгчийг дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний ажлын үр дүн, үргэлжилсэн сахилгын зөрчилд тохирсон байна гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэжээ.

а. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил үргэжилсэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, түүний ажлын үр дүн нь зөрчил бөгөөд үргэлжилсэн байна гэж дүгнэсэн байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөрийн гэрээ нь хариу төлбөргүй гэрээ буюу үр дүн шаарддаггүй гэрээ гэдгээрээ онцлог юм. Тиймээс ч Хөдөлмөрийн тухай хуульд үр дүн буюу ажлын гүйцэтгэл муу, тэнцэхгүй байх нь гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа өгөөд зогсохгүйгээр тэтгэмж олгон, тодорхой хугацааны өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульчлагдсан юм. Гэвч шүүхээс дээрх ажлын гүйцэтгэлийг сахилгын зөрчил гэж үзэж буй нь хуульд нийцэхгүй юм.

b. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасан ажлаас халах сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсен ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно" гэж заасан сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь юм.

Шүүх хурлын үед ч тэр, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ч тэр шүүх болон хариуцагч нь сахилгын зөрчил хэзээ, хэзээ гаргасан үйл баримтыг тогтоож чадаагүй. Сахилгын зөрчил нь үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд үйлдэл нь орон зай, цаг хугацаанд хамаарах ойлголт юм. Тиймээс ч тушаалд тухайн үйлдэл, эс үйлдэхуйг бичихийг шаарддаг билээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан сахилгын шийтгэл ногдуулахын тулд 123 дугаар зүйлийн 123.3, 123.4, 123.5, 123.6 дахь хэсэгт заасан шийтгэл ногдуулах журмыг баримтална. Гэвч шүүхээс сахилгын зөрчлийг үргэлжилсэн гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Үргэжилсэн шинж гэдэг нь тодорхой нэг үйлдлийг давтан хийх замаар үйлдэл үргэлжлэхийг хэлдэг. Гэтэл шүүх өөр, өөр үйлдлийг үргэжилсэн шинжтэй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй юм. Мөн тухайн үйлдэл бүрийн хөөн хэлэлцэх хугацаа, сахилгын зөрчилд ажилтан тайлбар, мэдүүлэг өгөх, өөрийгөө өмгөөлөх эрх зэрэг хуульд заасан үндэслэл журмыг баримтлах үүрэгтэй юм.

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 156/ШШ2023/00544 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтөр нь хариуцагч Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс шүүхийн эцсийн шийдвэр гарсан өдөр хүртэл тооцон гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, нэхэмжлэгч Б.Мөнхтөрийн Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс шүүхийн эцсийн шийдвэр гарсан өдөр хүртэл тооцон гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн уг шийдвэрт хариуцагч буюу ажил олгогч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. 

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын тухайд:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтөрөөс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй, тушаалын үндэслэл болсон сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэр болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй, дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3.13, 4.3.16.4 дэх хэсэгт заасан хэм хэмжээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/15 дугаартай тушаалаар Монгол Улсын Бага, Дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн Газрын 258 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, байгууллагын дотоод журмын 4.3.13, 4.3.16.4 дэх заалт, захирлын дэргэдэх зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн тус сургуулийн математикийн багш Б.Мөнхтөрийг ажлын хариуцлага алдсан, эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна./1хх-9/

 

Хөдөлмөрийн сахилгын зөрчилтэй холбоотой хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжилж судлахад, тухайлбал:

         Ажил олгогч-Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Магсаржав овогтой Ундрах, ажилтан-Бадамдорж овогтой Мөнхдорж нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №2021/05 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан, уг гэрээнд гэрээний нөхцөл, талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлага, гэрээ дуусгавар болох цуцлах нөхцөл, бусад зүйлийг тусгасан, гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна. Ажилтан Б.Мөнхтөр байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын стандарт, хүүхэд хамгааллын бодлоготой танилцаж гарын үсэг зурсан байна. /1хх 14-15/,

 

         Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Б.Мөнхтөрийн хичээлд 2022.10.17-ноос 2022.11.12-ны хооронд 25 удаа хичээлд ажиглалт хийж гаргасан заах арга барилаа өөрчилж хүүхдэд тохирсон заах арга зүйгээр заах, хариуцсан сургалтын менежертэйгээ хамтарч харилцаа, арга зүйгээ сайжруулах, заах арга барилын талаар мэргэжлийн багш нараас зөвлөгөө авах, хичээлийн цагийг баримталж, хоцрохгүй таслахгүй байх, өөрийгээ нээх, хөгжүүлэх хувь хүний сургалтанд хамрагдах, дээрх гаргасан зөрчлүүд дээр хатуу сануулга авах /1хх-103-105/ гэсэн дотоод хяналт үнэлгээний дүгнэлт /1хх-103-105/,

 

         Дотоод хяналт үнэлгээний ажилтан Э.Банзрагч 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежер Б.Тамжидад гаргасан ...2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ерөнхий жижүүрийн албыг гүйцэтгэж байх үед Ж.Амаржаргал багштай 7б ангийн сурагчид математикийн хичээл орохгүй байна гэх шалтгаанаар гарч гүйлдээд байсныг таслан зогсоосон. 2023 оны 03 дугаар сарын 14, 15-ны өдөр 7б ангийн хэсэг сурагчид Б.Мөнхтөр багш бараг хичээл ордоггүй юмаа гэх шалтгаанаар математикийн хичээл тасалсан-ыг математикийн хичээлийн 03.14-ний 23 дахь минутанд, 03.15-ны 19 дэх минутанд багш Б.Мөнхтөрд хүлээлгэн өглөө. Энэ хичээлийн үйл явцтай холбоотой сурагчдын таслалт, хоцролтыг таслан зогсоож, цаашид хариу арга хэмжээ авч ажиллахыг хүсье гэсэн хүсэлт /1хх-102/,

 

 

         2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд Багш Б.Мөнхтөртэй холбогдох өргөдлүүдийг хэлэлцэж шийдвэр гаргах гэж тусгагдсан байх ба хуралд багш Б.Мөнхтөр оролцсон байна. Уг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлийн шийдвэр хэсэгт Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрээр олон ангиудын өргөдлийг үндэслэн халахаар шийдвэрлэв гэж бичээд хуралд оролцсон гишүүд гарын үсэг зурсан хурлын тэмдэглэл /1хх-50-62/,

 

 

         Тус сургуулийн 9в, 10б ангийн сурагчдын эцэг, эхчүүдээс 2022 оны 09 дүгээр сарын 02, 15-ны өдрүүдэд сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл / 1хх-140-141, 144-145/, 10б ангийн сурагчидтай хийсэн уулзалтын тэмдэглэл / 1хх- 146-147/,

 

         2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10а, 10б ангийн түвшин тогтоох шалгалтын анализ /1хх-149,150/,

 

         эЗасаг даргын нэрэмжит математикийн массын олимпиадын 6-12-р ангийн нэгдсэн дүнгээс багш Б.Мөнхтөрийн математикийн сургалт зохион байгуулдаг ангийн сурлагын үзүүлэлт, шалгалтын анализ /1хх-168, 169-175/ зэрэг нотлох баримтуудаар математикийн багш Б.Мөнхтөр нь ажилдаа хариуцлагагүй ханддаг, сургалтын заах арга барил, ур чадвараа дээшлүүлдэггүй, хүүхэдтэй зүй бус харьцдаг болох нь тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

 

- Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох ба сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-123.2.5-д заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульчилсан.

 

Түүнчлэн Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3.13 дахь хэсэгт "Сахилга батын зөрчил гаргасан, дотоод дүрэм зөрчсөн сурагчидтай ажиллах, хүүхэд хамгааллын бодлого, Монгол Улсын Засгийн газрын 276 дугаар тогтоол, А/243 дугаар тушаал, А/608 журам зөрчсөн багшид сургуулийн захиргаанаас анхааруулах ба шаардлагатай гэж үзвэл захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэж, 4.3.16.4-т Ёс зүйн зөрчил гаргасан багш, ажилчдад хүлээлгэх хариуцлага...хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж /2хх-3-37/ заажээ.

 

Ажилтан Б.Мөнхтөр нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үүргээ чанд биелүүлэх, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хугацаанд нь чанартай бүрэн гүйцэтгэх, мэргэжил ур чадвараа байнга дээшлүүлэн идэвхи санаачлагатай ажиллах, байгууллагын үйлчилгээний стандартыг дагаж мөрдөх, хүүхэд хамгааллын бодлогыг баримтлан ажиллах үүрэгтэй атал дээрх байдлаар хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зөрчсөн түүний үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажилтны гаргасан зөрчлүүд нь 2022-2023 оны хичээлийн жилд удаа дараа гарсан учир шүүх ажилтныг үргэлжилсэн зөрчил гаргасан гэж үзсэн ба сүүлийн зөрчил 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гарсан нь байгууллагын дотоод хяналт үнэлгээний ажилтны сургалтын менежерт гаргасан баримтаар нотлогдсон гэсэн хариуцагч талын өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасан Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ажил олгогч нь сахилгын зөрчлийн шинж байдал, хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан байгууллагын дотоод журмын 4.3.13, 4.3.16.4 дэх заалт, захирлын дэргэдэх зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг баримтлан ажилтан Б.Мөнхтөрд  ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах  хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний ажлын үр дүн, үргэлжилсэн сахилгын зөрчилд тохирсон гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар уг гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамжид төлсөн 256.448 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхтөрд буцаан олгохоор шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 156/ШШ2023/00544 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Мөнхтөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256.448 төгрөгийг Б.Мөнхтөрд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА

 

ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ

 

Г.БОЛОРМАА