Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 46

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.ЭрдэнэБулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогч О.Э ,

хохирогчийн өмгөөлөгч М.Д ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

шүүгдэгч Л.С  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Л.С т холбогдох 163/2019/0038/Э индекстэй, эрүүгийн 1915000000002 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Б сумын 6 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Л.С.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.С  нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө Булган аймгийн Б сумын нутагт О.Э ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С  өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Э  өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө ээлжинд гарч байсан. Тухайн өдөр манай байгууллагын шинэ жил болсон. Орой 02 цагийн үед гаднаас манай байгууллагын ажилтан С , Д , Б , С  нар ажил дээр дуудлагын машин байгаа гэж ойлгоод тэр машинаар хүргүүлэх зорилготой орж ирсэн. Тухайн үед дарга дуудлагын машин гарга гэж шийдвэр өгөөгүй учир ажил дээр дуудлагын машин байгаагүй. Дуудлагын машин орой 20 цагаас шөнийн 00 цаг хүртэл байдаг журамтай. Эсхүл аваар болон байгалийн гамшгаас үүдэлтэй осол гэмтлийн үед, дуудлага ихэссэн үед машин гаргадаг. Тэгээд дуудлагын машин байхгүй байна гээд уурлаад байсан. С  гэнэт босож ирээд намайг заамдаад авсан. Ингээд хананд тулаад байж байтал С ын эхнэр Д  бид хоёрыг салгах гэж оролдсон. Харилцан заамдалцсан гээд байна, би С ыг заамдаагүй. Миний гар хүрэхгүй байсан. Д  бид хоёрыг салгах гэж ноцолдсон үед унасан гээд байна. Тийм зүйл болоогүй. Би унахдаа дөрвөн хөллөөд хүчтэй унасан болохоор уруулаа хазчихсан. Дараа нь уруулаа харахд сэтэрч цус гараад хавдсан байсан. Ингэж унасаны дараа Б  ах, надтай хамт ээлжинд гарч байсан ах хоёр орж ирээд С ыг аваад явсан. Тэгээд жаахан унтуулж байгаад гайгүй болохоор нь дагуулаад ирлээ гэж хэлээд Б  ах С ыг авчирсан. Тэгээд С  надаас уучлалт гуйсан. Тэгэхэд нь би чамайг уучиллаа, харин манай гэр бүлийнхэн чамайг уучлахгүй, хоёулаа өглөө болохоор хэргээ шийдүүлье гэж хэлээд явуулсан. Маргааш нь бие маань өвдөөд эмнэлэгт очиж шингэн хийлгэсэн. Манай ээж, эгч хоёртой С  эхнэрийн хамт очиж уулзан уучлалт гуйсан байсан. Би нийт 10 өдөр эмнэлэгт хэвтсэн. Эхний 4 өдөрт эмчилгээ хийлгэсэн боловч бие маань сайжрахгүй байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад С ын эхнэр хоёр удаа утсаар ярьж, эргэж ирсэн. Би энэ хэрэг гарснаас хойш 20 хоног ажилдаа яваагүй. Энэ хугацаанд С  миний оронд ээлжинд гарч сарын цалинг бүтэн олгуулсан. Эмнэлгээс гараад ээлжинд гарч байхад С  нэг удаа хоол хийж авчирч өгсөн. Одоо ажлаа удаан хугацаагаар хийх боломжгүй, байнгын хэвтрийн дэглэм барьж байгаа бөгөөд сэтгэл санаа их тогтворгүй болсон. Цалингийн зардалд 424528 төгрөг, эмчилгээний зардал 300000 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ хэрэг гараагүй бол би өмгөөлөгч авахгүй байх байсан, ийм учраас өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгч Л.С аас нэхэмжилж байна гэв.

1915000000002 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Гэрч О.О ын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед манай дүү Э  ажлаасаа буугаад ирэхдээ уруул нь хавдчихсан байсан. Тэрээр манай ажлын залуу зодсон гэдгээ хэлсэн. Манай дүү Э  3 сар гаруйтай жирэмсэн байгаа. ...С  гэх залуу шөнө 02 цагийн үед ажил дээр нь ирээд зодсон талаар ярьсан. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 тал/,

Гэрч Т.М ын өгсөн: “...Тэр өдөр би ээлжийн жижүүртэй бөгөөд орой 20 цагаас ажлаа авсан. Намайг ажилтай байхад дуудлага гарч бөөний барааны баазын орчимд айлд ажлаа хийчихээд буцаад ирсэн чинь Э  “манай ажлынхан Б буудалд хүрээд ир гээд байна” гэхээр нь явган очсон. Б буудал руу очиж байхад Э  “ажлынхан хүрээд ирсэн, буцаад хүрээд ир” гэж хэлсэн. Би буцаад ажил дээрээ очсон чинь С , Б , Д  нар ирчихсэн байсан. Намайг ороход С , Э  хоёр юунаас болсонг нь мэдэхгүй, маргалдаад байсан. Маргалдаж байгаад барьцалдсан бөгөөд Б  тэднийг салгасан. Б  С ыг авч гарсан. Э  газар өвдөглөчихсөн байхаар нь би босгосон. Түүний уруул нь язарчихсан цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 20 тал/,

Гэрч Ш.Б ын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед шинэ жилийн баярын дараа гэр рүүгээ машинаар хүргүүлэхээр ажил руу С , Д  бид гурав очсон. Ажил дээр очиход машин байхгүй байсан. С  Э аас “машин байхгүй байгаа нь ямар учиртай юм бэ” гэж асуухад Э  “би машин мэдэхгүй” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Хэсэг хугацааны дараа хоорондоо заамдалцсан. Би С ыг авч гарсан. Би гарсаны дараа С т “чиний буруу, Э аас уучлалт гуй” гээд бид хоёр буцаж орсон бөгөөд түүнээс уучлалт гуйсан. Үүний дараа хэсэг хугацааны дараа гэр рүүгээ харьсан. ...С  Э ын хоолой хэсгийн хувцаснаас заамдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21 тал/,

Гэрч Б.Д гийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллага “А”-т шинэ жилийн баяр тэмдэглэж 23 цаг 30 минутын үед “А”-аас гараад “Б” буудалд орсон. Тэнд хэсэг байж байгаад шөнийн 2 цагийн үед буудлаас гараад ажил дээр хүргэж өгөх машин байгаа гэж бодоод С , Б  бид гурав очсон. Очиход дуудлагаар хүргэж өгөх машин байхгүй байсан. С  Э  хоёр машинаас болж маргалдсан. Э  С ыг “эндээс зайл” гээд салаавч гаргасан. Би Э ад “согтуу хүнтэй маргалдаад хэрэггүй” гэж хэлсэн. Э, С  нар хоорондоо барьцалдсан. Б  бид хоёр тэднийг салгасан. Энэ үед Э  газар унасан. С ыг Б  авч гарсан. ... ” гэх мэдүүлэг /хх 23 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өрийн 07 дугаартай:

1.Магадлуулагч О.Э ын биед хугацаанаас өмнөх зулбахыг завдалт, доод уруулын дотор салстанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Магадлуулагч О.Э ын биед учирсан гэмтэл нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 28-30 тал/,

Шинжээч Б.Мөнх-Оюуны өгсөн: “...Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 00000379 дугаартай магадлуулагч Э ын өвчний түүх, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг болон онош, түүнийг өөрийг нь үзэж дээрх дүгнэлтийг гаргасан. ...О.Э  нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эмчийн үзлэгээр 7-8 долоо хоногтой жирэмсэний эрт үеийн зулбахыг завдалт, ...11 дүгээр сарын 22-ны өдөр үзүүлэхэд мөн 10-11 долоо хоногтой зулбахыг завдалт” гэсэн онош тавигдаж эмчилгээнд хамрагдсан байна. ...Хэрэг учрал болсон гэх үед ...доргисон, сэтгэл санааны тогтворгүй байдлын улмаас дээрх зулбахыг завдалт өгсөн байх боломжтой, ...доод уруулын дотор салстад учирсан язарсан шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх мэдүүлэг /хх 31-33 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 34-37/, эмчилгээ болон өвчний талаарх эмнэлгийн баримтууд /хх 39-61/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 66, 74/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 70/, шүүгдэгч Л.С ын хувийн байдлын талаарх байгууллагын тодорхойлолт /хх 71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.С ын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө Булган аймгийн Б сумын нутагт байрлах “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн байранд “баярын нэгдсэн арга хэмжээний дараа албан хаагчдыг хүргэх дуудлагын машин байлгасангүй” гэх шалтгаанаар тухайн өдөр ээлжинд гарч байсан инженер О.Э тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдах явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

        Хохирогч О.Э ын хэрэг үйл явдал болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь гэрч О.О , Т.М а, Ш.Б , Б.Д , Б.Ү , шинжээч эмч Б.Мөнх-Оюун нарын мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

       Шүүгдэгч Л.С ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Э  нь эмчилгээний зардалд 300000 төгрөг, өвчтэй байсан хугацааны буюу 7 хоногийн цалин  424528 төгрөг болон өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэлийн дүн тодорхойгүй, шаардлагаа үндэслэж буй нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүний иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх  боломжгүй байна.

Иймд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч А овогт Л.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С ыг 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Л.С  нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.С т сануулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч Л.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч О.Э нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНХАНД