Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 127

 

Г.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар магадлалтай, Г.Д-д холбогдох 2018 00000 0179 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш овогт Г.Д

Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шнйдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан шүүгдэгчийг цагаатгах нотлох баримтууд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохуйц байхад шүүх анхааралгүй орхигдуулсан, түүнчлэн иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч гэм буруугүй” гэх дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шатны шүүх ямар нотлох баримтаар хэрхэн няцааж үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоол, магадлалд дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Г.Д нь хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдоогүй. Амь хохирогч М.А-н биед учирсан гэмтэл гадны нөлөөтэй эсэх, гадны нөлөөтэй бол хэн учруулсан, ямар багаж зэвсгээр учруулсан, эсвэл гадны нөлөөгүй бол ямар байдлаар гэмтэл учирсан эсэх нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг хэн, хэзээ үйлдсэн, яаж үйлдсэн, хаана үйлдсэн зэрэг нотолбол зохих байдлууд нотлогдоогүй гэж үзэж, дараах нотлох баримтуудыг үндэслэн мэтгэлцсэн.

Үүнд: 1/1. Мөрдөн байцаалтын ажиллагаа анхнаасаа буруу замаар явсан талаар: Хэрэгт авагдсан нотлох баримтаар хамгийн сүүлд амь хохирогч М.А тай шүүгдэгч Г.Д, гэрч гэх Д.Чинзориг нар үлдсэн байдлаас харахад Г.Д, Д.Чинзориг аль аль нь хэрэгт холбогдож болохоор байсан. ... Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтаар Д.Чинзоригийн мэдүүлгийг нотлох ажиллагаа явагдсанаас биш, хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа явагдаагүй нь дараах нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар мэтгэлцсэн. Тухайлбал: 1/2. Хэргийн газрын үзлэгээр 3 өөр гутлын мөр илэрснээс 2 гутлын мөр нь яллагдагч Г.Д болон амь хохирогч Алтаншагай нарын гутлын мөр болохыг тогтоосон байна. Харин фото зураг №30, 31, 32-д авагдсан 9 дугаартай хөндлөн өргөн хээтэй гутлын мөр нь /цаашид 9 дугаартай мөр гэх/ хэний гутлын мөр болохыг тогтоогоогүй байна. ...Гэтэл анхан шатны шүүх “уг мөр хэн нэгний гутлын мөртэй тохирлоо гэхэд амь хохирогчийг цохисон гэх үйл баримттай холбогдолгүй, олон хүн явдаг гудамж талбайгаас илэрсэн байх тул дахин шалгуулах шаардлагагүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ... 1/3. Хэргийн үзлэгээр Г.Д болон Д.Чинзориг нарын хэн алиных нь хувцаснаас цус илэрч, Д.Чинзоригийн биед үзлэг хийсэн ... тэмдэглэл, гэрч З.Эрдэнэцэцэгийн ... мэдүүлэг хэрэгт авагдсан байхад Д.Чинзоригийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь тухайн хэрэгт холбогдож болох этгээд тул өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй хүн юм. 1/4. Түүнчлэн яллагдагч Г.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр буюу хэрэг учрал болсноос 8 хоногийн дараа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт ... бичгээр хүсэлт гаргаж байсан боловч түүний хүсэлтийн дагуу /гэрч гэх Д.Чинзоригийн гутлыг хураах, уг гутлын мөрийг бэхжүүлэх, шинжилгээнд явуулах зэрэг/ ямар ч ажиллагаа хийгдээгүй. /1-р хавтас хх 224-226/

1/5. ... Өөрөөр хэлбэл Г.Д тухайн орой гэрч Б.Ууганболорынд очоод ирэх хооронд амь хохирогч Алтаншагайд юу тохиолдсон нь тодорхойгүй байгаа ба энэ талаар мөрдөн байцаалтын ямар ч ажиллагаа хийгдээгүй.

1/6. Гэрч Ш.Батчимэгийн хэрэг учрал болсны маргааш буюу 2020.04.09-ний өдөр 16:25 цагт өгсөн ... мэдүүлэг өгсөн байдаг. /1-р хавтас хх 162-163/ Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа №29/20-д “Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж төв мэдрэлийн үйл ажиллагааг дарангуйлж болсон үйл явдлыг санахгүй байх боломжтой” гэж дүгнэсэн. /2-р хавтас хх-30/ Гэтэл анхан шатны шүүхээс “Шүүгдэгч Г.Д ... өөрийн үйлдлээ нууж, гэм буруугийн талаар маргаж байгаа ...” гэж анхан шатны шүүхийн дүгнэхдээ дээрх гэрч Ш.Батчимэг болон №29/20 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг ямар нотлох баримтаар няцааж байгаагаа заагаагүй.

1/7. ШШҮХ-ийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2304 дугаартай Шинжээчийн дүгнэлттэй танилцахад эргэлзээтэй доорх нөхцөл байдал бий болсон. ... Ийнхүү хэргийн газраас хураан авсан гэх гутал, жинсэн цамц дээрээс илэрсэн цусны хувьд ДНХ-ийн анхны шинжээчийн дүгнэлтээс давтан шинжээчийн дүгнэлт нь яг эсрэг гарч, өмнөх шинжээчийн дүгнэлтийг 100 үгүйсгэсэн. Харин газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлж авсан гэх шороо 1 уут гэж хаягласан дээжээс илэрсэн цус нь яллагдагч Г.Д-н гэх цусны ДНХ-ийн бүтэцтэй тохирч байна гэх 2304 тоот болон 3769 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг үнэн зөв гэж үзэх боломжгүй эргэлзээтэй гэж үзэх доорх нотлох баримтууд хэрэгт авагдсан. ...Иймд дээрх эргэлзээг арилгахын тулд шүүгдэгч Г.Дын цусыг дахин авч, түүний цусны ДНХ-ын тогтоцыг тогтоож, 1 уут гэж хаягласан дээжээс илэрсэн цус мөн эсэх, эсвэл хүний шүлс, нус, шээс зэрэг байж болох эсэх талаар яллагдагч Г.Дын гэх цус /шээс, шүлс, нус/-ны ДНХ-ийн бүтэцтэй тохирч байгаа эсэх талаар дахин ШШҮТ-өөс өөр хараат бус шинжээч нарыг томилж, давтан шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлэхгүй орхисон.

1/8. Хэрэг учрал гарсан газрын ойролцоо хураалттай цементэн гулдмайнууд дээр маш их хэмжээний хүний цус асгарсан мэт ул мөр үлдсэн байх ба уг ул мөрийг хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн. /1-р хавтас хх-37, 38/ Уг цементэн гулдмайнуудыг өмгөөлөгч миний бие өөрөө биечлэн очиж үзэхэд №50 гэрэл зураг дээр авагдсан цус мэт зүйлийн цементэн гулдмайгийн өнцгийг мөргөсний улмаас гэмтэж цус гарсан байна гэх анхны сэтгэгдэл шууд төрсөн. Учир нь уг цементэн гулдмайгийн өнцөг хэсэг дээрх өнцгийн гадаргуу дээр жигд наалдсан ба түүний эргэн тойронд их хэмжээний цусны мөр нь цацагдсан байдалтай байдаг. Цусны мөр бүхий өнцгийн хажууд цус бүхий хурууны хээний ул мөр үлдсэн байдаг. /2-р хавтас хх-18 гэрэл зураг/ ... 1/9. Хавтаст хэргийн 40-р хуудсанд 109 дугаараар тэмдэглэгдсэн хашаан дээрх цус мэт зүйлийг №68 дугаартай гэрэл зурагт бэхжүүлсэн байна. Уг хашааны хаалганы багана болон хаалга дээрх цус нь амь хохирогч М.А гийн аль шархнаас ямар байдлаар наалдаж үлдсэн талаар давтан шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг прокурорт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг яллах болон хүндрүүлэх, цагаатгах болон хөнгөрүүлэх талын бүхий л нотлох баримтыг шалгах заалтыг зөрчиж, энэ нь хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөлж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1/10. Мөрдөн байцаалтын явцад Г.Д-с сэжигтнээр мэдүүлэг авахдаа хүн амины хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа талаар танилцуулалгүйгээр амь хохирогчийг нас бараагүй мэт агуулгатай асуултуудаар мэдүүлэг авсан, түүнчлэн хүн амины хэргийн сэжигтэнээс өмгөөлөгч оролцуулахгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй нотлох баримт болох дээрх сэжигтэнээр өгсөн мэдүүлгийг давж заалдах шатны шүүх үнэлж “... Г.Д ч өөрөө Д.Чинзоригийг “худал хэлэх хүн биш, талийгаач М.А г чулуугаар цохиж гэмтээсэн байх гэж түүний ярьж байгаа зүйл үнэн байх магадлалтай” гэж мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд тэр өдрийн орой хохирогчийг Г.Д-с өөр хүн зодож биед нь үхлийн гэмтэл учруулж алсан гэж үзэх үндэслэл нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэриин үндэслэл болгохгүй.” гэж заасныг зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлсэн.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

2/1. ... анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-г хаана, хэзээ, ямар зэвсгээр, яг ямар үйлдлээр хэрхэн талийгаачид хүнд гэмтэл учруулсан, энэ үйлдэл нь хэрэгт авагдсан хэрхэн тогтоогдож байгаа талаар нотлох баримтыг зааж дүгнэлт хийгээгүй атлаа түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь хүнийг санаатай алах гэмт хэргийн заавал байх объектив шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг. Гэтэл энэ хэрэгт шүүгдэгч Г.Д-н хохирогчид гэмтэл учруулсан буюу цохьсон гэх үйлдэл, гэмтэл учруулсан зэвсэг тогтоогдоогүй байхад түүнийг гэм буруутай дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

2/2. Хэрвээ шүүгдэгч Г.Д-н үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан гэж шүүх бүрэлдхүүн үзвэл дараах нотлох баримтуудаар амь хохирогч толгойн тус газраа хүнд гэмтэл авсан тэр даруй нас бараагүй, тухайн үед нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бол эмчлэгдэх боломжтой байсан байх ба гэмтэл авснаасаа хойш доор хаяж 07-08 цагийн дараа тархи толгойны битүү гэмтлээс гадна осголтын улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдож байна. ... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх нотлох баримтыг үндэслэн хэргийн зүйлчлэлийн талаар маргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байна мэтгэлцсэн боловч анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар дүтнэлт хийгээгүй орхигдуулж, анхан шатны шүүх энэ хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилж, давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд амь хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч Г.Д учруулсан уу, өөр хүн учруулсан уу, эсвэл амь хохирогч өөрөө унасны улмаас үүссэн үү, түүнчлэн Г.Дд хүнийг алах субъектив санаа зорилго байсан эсэхийг нарийвчлан тогтоохоор хэргийг прокурорт буцаах санал гаргаж байна. Хэрвээ уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагагүй гэж дээд шүүх шийдвэрлэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Туяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдааДавж заалдах шатны шүүхийн магадлалд ямар нэгэн маргаан, мэтгэлцээн байхгүй. Г.Д-с оршуулгын зардалд 3.640.000 төгрөгийг хүлээж авсан. Талийгаач болон Г.Д нар нь олон жил найз нөхдийн холбоотой байсан байдал, шүүгдэгчийн хоёр хүүхдийг нь бодож гомдол саналгүй” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээШүүгдэгч Г.Д нь гэм буруугийн талаар маргаантай явдаг. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэж хэрэгт авагдсан гэрч Д.Чинзориг, шинжээч эмч нар нь амь хохирогчийн толгойд үүссэн гэмтэл унаснаас шалтгаалж бус бусад хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой талаар мэдүүлсэн. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан яакнаас талийгаачийн цус илэрсэн нөхцөл байдлаас харахад шүүгдэгчийн гэм бурууд маргах нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн Г.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Г.Д-г согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 017 дугаар гудамжинд иргэн М.А-н толгойн тус газар цохисны улмаас гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны шарх, хуйхан доорх цус хуралт бүхий хүнд хохирол учруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Д нь хохирогчийн гавал тархинд битүү гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, эргэлзээгүй дүгнэлт хийсэн байна.

Хоёр шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний доторх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын зүгээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд холбоогүй хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход чиглэсэн, санаатай үйлдэл хийсний үр дагаварт хүн нас барсан явдлыг тооцдог бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь уг хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд анхнаасаа хүний амь насанд халдах зорилгогүй боловч эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан байхыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн хүний биед гэмтэл учруулсан үйлдэл, түүндээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтэл зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст хүнийг санаатай алах гэмт хэргээс хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг ялган зүйлчлэх ёстой.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Д нь амь хохирогч М.А-н толгойн тус газарт нь гавал тархины битүү гэмтэл учруулан, улмаар түүнийг гудамжинд орхиж явсан зэрэг нь хохирогчийн амь насанд аюултай нөхцөл байдлыг үүсгэж, уг үйлдлээ эцэст нь хүргэсэн санаатай үйлдэл буюу субъектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэргийн сэдэлт, зорилгыг хангаж, энэ нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогджээ.

 Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН