Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 290

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, иргэн С.Мын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын газрын даргад холбогдох "...Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/**6 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн Боловсролын газрын Математикийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Б овогтой С.М миний бие Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны Б/**6 дугаар тушаалыг эс зөвшөөрөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Нийслэлийн Боловсролын газар намайг ажлын байраар хангах болсон тул дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг минь хүлээн авч шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар  зүйлийн 28.2.3-д "нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66 дугаар зүйлийн 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. 

Иймд С.Мын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын газрын даргад холбогдох "...Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/**6 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн Боловсролын газрын Математикийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мын "...Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/**6 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн Боловсролын газрын Математикийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн Боловсролын газрын даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь тус захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                      Д.ЧАНЦАЛНЯМ