| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Номуулин |
| Хэргийн индекс | 114/2017/0035/З |
| Дугаар | 221/МА2019/0412 |
| Огноо | 2019-08-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2019/0412
“З г” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор “З г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3.3, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тус тус хууль бус байсан болохыг тогтоож, мөн сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар захирамжийн 1, 2 дугаар заалт, хавсралтын 5 дахь заалтын “Г х” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоож хүчингүй болгож, “Г х” ХХК-д олгосон 000346539 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Дээрх шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна’’ гэсэн шаардлагад нийцээгүй байна. Шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Маргаан бүхий актууд нь гарахдаа шүүхийн шийдвэрт баримталсан Газрын тухай хуулийн зохицуулалтыг хэрхэн зөрчсөн, энэхүү зөрчил нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндөж байгаа талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актууд болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 02 сарын 05-ны өдрийн захирамж, 2018 оны 05 сарын 09-ний өдрийн гэрчилгээг хүчингүй болгуулна гэж маргасан бөгөөд уг маргаан үүсгэх үед нэхэмжлэгч “З г” ХХК-ийн эзэмшил, ашиглалт хууль ёсоор үүсээгүй, өөрөөр хэлбэл давхцалгүй байсан. Мөн нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос өмнө “С х” ХХК-ийн эзэмшилд уг газар байсан. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байвал Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй тул энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай. Маргаан бүхий харилцааг шийдвэрлээд гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй. “Г х” ХХК-ийн нэхэмжлэлээр “Заамар гоулд” ХХК-ийн газрын давхцлыг тогтоож, хасалт хийх тухай шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 128/ШШ2018/0503 шийдвэр, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар 13 тогтоолоор шийдвэрлэгдсэн. Энэхүү хэргийг шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч “Г х” ХХК-д шилжүүлсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болох тухай дүгнэлт хийсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6 “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж. шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай. Анхан шатны шүүх нь нэхэмжпэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжпэлээр захиргааны хэрэг үүсгэн, өмнө нь шийдэгдсэн асуудлаар, хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “З г” ХХК нь “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 19 дүгээр захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль бус байсан болохыг тогтоож, мөн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” 13 дугаар захирамжийн “Г х” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, “Г х” ХХК-д олгосон 000346539 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 19 дүгээр захирамжаар “С х” ХХК-ийн эзэмшиж байсан 2.5 га газрыг гуравдагч этгээд “Г х” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, уг захирамжийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 000322336 дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгогдсон, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” 13 дугаар захирамжаар “Г х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, уг захирамжийг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 000346539 дугаартай “Газар ашиглах эрхийн гэрчилгээ” олгогдсон байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Г х” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгосон ХV-020526 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г х” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газартай давхцуулж олгосоныг хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын ХV-020526 дугаар зөвшөөрөл бүхий талбайгаас “Г х” ХХК-ийн эзэмшлийн 2.3 га газрыг хасахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 503 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоол хүчин төгөлдөр байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 7/3305 дугаар албан бичгээр “З г” ХХК-ийн эзэмшлийн ХV-020526 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 2.3 га газрыг хасаж давхцлыг арилгаж бүртгэхээр болсон талаар “Г х” ХХК-д мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Заамар гоулд” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 19 дүгээр захирамжаар “Г х” ХХК-д үүссэн газар эзэмших эрхтэй холбоотойгоор маргах эрхгүй, “Заамар гоулд” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд маргаан бүхий актууд нь нэхэмжлэгч компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.3 “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар шийдвэр гаргах тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол байгаа эсэхийг нэн түрүүнд шалгах үүрэгтэй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “З г” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо “Газар хэвлий” ХХК-ийн 2,3 га газартай давхцуулж олгосныг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг үгүйсгэж байгааг анхан шатны шүүх анхаарах шаардлагатай байжээ.
Хэдийгээр Газрын тухай хуулийн 6, 38 дугаар зүйлүүдийг шүүх зөв тайлбарласан байх боловч тэдгээр хуульд нийцээгүй үйл ажиллагаа нь “Заамар гоулд” ХХК-ийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Газрын тухай хуулийн зохицуулалтыг хэрхэн зөрчсөн, энэхүү зөрчил нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндөж байгаа талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” гэх гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч нь хөрш залгаа газар эзэмшигч бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 503 дугаар шийдвэрээр “Г х” ХХК-д газар эзэмших эрх олгосон захиргааны үйл ажиллагааны талаар шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол”, 54.1.6 нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан” гэх гомдлыг хангаагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Заамар гоулд” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 19 дүгээр захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль бус байсан болохыг тогтоож, мөн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” 13 дугаар захирамжийн “Газар хэвлий” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, “Газар хэвлий” ХХК-д олгосон 000346539 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН