Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | О.Зандраа |
Хэргийн индекс | 128/2015/0314/з |
Дугаар | 001/ХТ2016/0062 |
Огноо | 2016-02-29 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2016/0062
С.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, гуравдагч этгээд С.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор С.С-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.С миний бие Худалдааны техникумын аж ахуйн хашаанд буюу одоогийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эх 30 дугаар гудамжны 1693 тоот газарт 1988 онд ээж Л-ын Я-ийн хамт нүүж ирсэн. Ингээд оршин суугаа хаягаа 1993 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлэн бүртгүүлснээс хойш одоог болтол харьяалагдан амьдарч байна.
Манай гэр бүлийн хувьд ээжтэйгээ хамт амьдарч буй газрынхаа эзэмшлийг баталгаажуулахаар анх 1997 оноос эхлэн 1999 оныг хүртэл эрчимтэй хөөцөлдөж, Баянзүрх дүүргийн Газрын албанд албан ёсоор өргөдөл гаргаж байсан боловч тухайн үед шийдэж өгөөгүй. Ах С.Д-ийн хувьд Сүхбаатар дүүргийн 11-271 тоот хаягт байрлах хашаа байшингаа зарж, манай хашаанд 1997 онд нүүж ирсэн бөгөөд түүнээс хойш би өөрийн хашаандаа амьдрахыг зөвшөөрч, хамт байдаг байсан.
Миний бие 1999 оны 8 дугаар сард дахин газрын байцаагчтайгаа очиж уулзтал “Та нар болсон хойно зарах гэж байгаа биз” гээд шийдвэрлэж өгөөгүй. Мөн 2000 оноос 2008 оны хооронд удаа дараа өргөдөл хүсэлт өгч байсан боловч албан ёсны шийдвэр гараагүй. 2008 оны 1 дүгээр сард ажлын шаардлагаар Бүгд Найрамдах Солонгос Улс руу явж 2014 оны 8 дугаар сард эх орондоо буцаж ирсэн. Ингээд 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших өргөдлөө гаргахаар хорооны Засаг даргад хандтал миний газрыг манай бага ах С.Д эзэмшиж байсан. Намайг 2 охины минь хамт хорооны хэсгийн байцаагчийн бүртгэлээс бүр хасуулсан байсан. Газрын гэрчилгээ гаргуулж авснаа бага ах С.Д надад хэлэлгүй нуусан байсан. Миний хувьд ч итгэж байсан учраас асуугаагүй, мэдэх боломжгүй байсан.
Ингээд төрийн захиргааны байгууллага болон Баянзүрх дүүргийн Газрын албанаас эзэмшлийн захирамж хэзээ гарсныг лавлахад 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар уг газрыг С.Д-д өмчлүүлсэн гэдгийг мэдсэн. Тус захирамж нь миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... С.Д-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжийн С.Д-ид холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эхийн 30 дугаар гудамжны 1693 тоот хаягт байрлах газрыг С.С надад эзэмшүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад, өмчлүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Иргэн С.Д-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн 29-697 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18644313613711 дугаар бүхий 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
Тус онд иргэн С.Д нь эзэмшиж буй газраа өмчилж авахаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасан бичиг баримт, түүний дотор дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өргөдөл гаргасан байх бөгөөд Нийслэлийн Засаг дарга тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар оршин сууж байсан хашааны хэмжээгээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эндээс харахад иргэн С.Д-д газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор Хороодын бүтэц, зохион байгуулалт, хүн ам, хилийн цэсэд өөрчлөлт орсон. Тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороог хувааж 27 дугаар хороог шинээр байгуулсан байдаг.
2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжаар С.Д-д Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, одоогийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн 29-697 тоотод 700 метр газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
Иргэн С.Д тус газрыг эзэмших эрх авах хүсэлт гаргахдаа тус газрын байршилд 1987 оноос хойш амьдарч байгаагаа дурдсан бөгөөд үүнээс харахад 1987 оноос хойш хашаалж, 2006 онд дүүргийн Засаг даргын хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээний дагуу газар эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр өмчилсөн газрыг бусдад давхардуулан газар эзэмшүүлэх эрх олгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд С.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “... С.Д миний бие 1990 онд өөрийн өмчлөлийн газар болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эх гудамж, 30-1693 тоотод ирж суурьшсан бөгөөд тухайн үед ээжийн минь амьдарч байсан газар байсан. Нэхэмжлэл дээр намайг 1997 онд манай хашаанд нүүж ирсэн гэсэн нь худлаа ба С.Д би хаягийн бүртгэлээ 1991 онд хийлгэсэн.
С.С нь нэхэмжлэлдээ өөрийнх нь амьдарч байсан газрыг намайг хуурч, нууж өмчлөгч болсон мэтээр бичжээ. С.Д надад газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гарсан байдаг ба С.С нь 2008 оны 01 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улс руу явсан байдаг. Энэ 1 жилийн хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улс руу явахад барьцаа хэрэгтэй гэсэн бөгөөд С.Д миний нэр дээр гарсан газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэр, кадастрын зураг зэргийг С.С- нь нотариатаар батлуулан авч байсан.
Өөрийг нь болон хүүхдүүдийг нь хорооны хэсгийн байцаагчийн бүртгэлээс хасуулсан байсан гэсэн нь мөн үндэслэлгүй бөгөөд тухайн үед Солонгос Улс руу явахдаа 2 хүүхдээ бидний дүүд үлдээсэн ба бидэнтэй хамт хүүхдүүд нь амьдардаггүй байсан, бүртгэлээс хасуулж байгаагүй.
С.Д би 2002 оноос газар өмчлөх тухай өргөдлөө гаргасан ба 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр газрын дүгнэлт, кадастрын зураг гарсны дараа дахин 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хорооны Засаг даргаараа уламжлан хүсэлтээ гаргаснаар газар өмчлүүлэх тухай шийдвэр 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гарсан болно.
С.С-ийн гаргасан нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгчийн үүрэг буюу үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж, С.Д миний өмчлөх эрхэд хууль бусаар ноцтой халдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “ж”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн С.Д-д холбогдох хэсгийн үйлчлэлийг шинэ акт гартал түдгэлзүүлж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.2.2, 32.5, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 687 дугааршийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 13 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Нэхэмжлэгч тал болон гуравагч этгээд маргаан бүхий газарт нэг хашаанд хамт амьдарч байсан талаар маргадаггүй...” гэсэн нь үндэслэлгүй. Үүнийг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрсөн нь нотлох баримтыг бүрэн судлаагүйг илтгэж байна. Учир нь, гэрчүүд тухайн газар эхлээд С.С болон түүний ээж амьдарч байсан талаар мэдүүлдэг. Мөн маргаан бүхий газрыг анхнаасаа С.С эзэмших эрхтэй гэдгийг гуравдагч этгээд С.Д нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ талаар 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өргөдөл дээр тодорхой тусгагдсан. С.Д-ийн нэр дээр эзэмшүүлсэн, өмчлүүлсэн захирамж нь үндэслэлгүй, С.С болон түүний хүүхдүүдийн эрхийг зөрчсөн байхад уг захирамжуудыг захиргааны акт гартал түр түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхэд С.Д нь анхнаасаа уг газрыг ганцаараа авах хүсэл сонирхол байгаагүй, амьдарч байгаа газраа бичиг баримттай болгох зорилгоор өргөдлөө өгсөн гэдгээ шүүх хуралдаан дээр тодорхой хэлж байсан, мөн энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. С.С-ийн өмчлөх эрх зөрчигдөн өөрийн хашаанд амьдрах боломжгүй байгаа бөгөөд 2 хүүхдийнхээ хамт айлийн байр хөлслөн амьдардаг.
Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхнийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 392, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжийн С.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эхийн 30 дугаар гудамжны 1693 тоот хаягт байрлах газрыг С.С-д эзэмшүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад, өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх болж өнгөрсөн үйл баримтад болон маргаан бүхий захиргааны актад бодитой дүгнэлт хийж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх;” гэсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн С.Д-д холбогдох хэсгийн үйлчлэлийг хариуцагч төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг хэвээр үлдээнэ” гэж заасантай нийцсэнээс гадна шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Маргаан бүхий газар буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 392, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжаар иргэн С.Д-д эзэмшүүлж, өмчлүүлсэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1693 тоот хаягт байрлах 700 м.кв газарт нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь 1991 оноос хамт амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.
Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий газрын хэмжээг тодорхойлж, хэмжилт хийгээгүй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргаас тодорхойлолт гаргуулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь эзэмших, өмчлөх эрхтэй болохыг нэг бүрчлэн шалгаж, нягтлан хяналгүйгээр С.С-ийн ах С.Д-д тухайн газрыг бүхэлд нь эзэмшүүлж, өмчлүүлсэн байх тул дахин шинэ акт гаргаж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр анх уг хашааг эзэмшиж байсан иргэдийн хашааны газрын хэмжээгээр газрын хил зааг, байршлыг өөрчлөлгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй юм.
Мөн нэхэмжлэгч С.С нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргаж байсныг нотолсон бичмэл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй учир түүний энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1693 тоот хаягт байршилтай газрыг түүнд эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах боломжгүй байна.
Шүүхүүд хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих Газрын тухай болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн урьд давж заалдах журмаар гаргасан гомдлоо хуулбарлан хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;”, 172.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж заасан шаардлагыг хангаагүйн гадна түүний үйл баримт тоочин бичих байдлаар гаргасан хяналтын гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ О.ЗАНДРАА