Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00380/И |
Дугаар | 300 |
Огноо | 2016-05-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 300
2016 оны 05 сарын 16 өдөр Дугаар 156/ШШ2016/00300
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00380/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн сумын 2 дугаар багт, Баянмөнхийн 7-2 тоотод оршин суух, Тугчин овогт Аюушийн Гэрэлмаа (РД:СА66112905) нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Долгормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Гэрэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Батноров сумын Социализмын Зам нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр гарч ажилласан жилүүд юм. Дээрх хугацаанд ажилласан байдлыг баталгаажуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч А.Гэрэлмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Аюушийн Гэрэлмаа нь 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Тугчин овогт Аюушийн Гэрэлмаа нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд малчин, саальчнаар 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Тугчин овогт Аюушийн Гэрэлмаа нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчин, саальчнаар 1984 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хэнтий аймгийн архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны цалингийн тодорхойлолт /хх-ийн 7х/, түүнд 1984 оны 06 дугаар сарын 31-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 8-9х/, Илгээлтийн эздийг ажилд томилох тухай Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаартай тушаал /хх-ийн 10-11х/, Ээлжийн амралт нөхөн олгох тухай Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай тушаал /хх-ийн 12-13х/, Ээлжийн амралт нөхөн олгох тухай Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 115 дугаартай тушаал /хх-ийн 14-15х/, 1990 оны 08 дугаар сарын 02-ны төрсөн хүү М.Мөнхэрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 16х/, 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин М.Мөнгөнсувдын төрсний гэрчилгээний хуулбар, 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин М.Сувд-эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн18х/, гэрч Ц.Дамдинсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 26х/, гэрч Д.Туваанжавын мэдүүлэг /хх-ийн 27х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тугчин овогт Аюушийн Гэрэлмааг 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд малчин саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Гэрэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР