| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0049/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 43
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Хохирогч М.Б ,
Шүүгдэгч Х.Х , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Х.Х д холбогдох 163/2019/0049/Э индекстэй, эрүүгийн 1915000390035 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Х.Х.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Х нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч М.Б т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х гийн өгсөн: Тухайн өдөр буюу 1 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас буусан. Тэр үед найз Б ирэхээр нь хамт 1 шил архи уучихаад гэртээ харьсан. Би их согтсон байсан болохоор зарим үйл явдлыг санахгүй байна. Ямартай ч ахындаа очихоор машинаа асааснаа санаж байна. Эхнэр Б ыг алгадаж, өшиглөснөө санаж байгаа. Хэд хоногийн дараа түүнээс уучлалт гуйж, “хоёулаа эвлэрч, хүүхэдтэйгээ хамт амьдаръя” гэсэн. Одоогоор тусдаа амьдарч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б ын өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажил дээр нь яваад очсон чинь “гэртээ хариад хоолоо хийгээд байж бай” гэж хэлсэн. Би гэртээ хариад хоолоо хийчихээд хүлээгээд ирэхгүй байхаар нь утсаар ярихад “одоо очлоо” гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь дахиад утсаар залгахад уурласан. Орой 22 цагийн үед гэртээ согтуу ирсэн бөгөөд бид хоёр маргалдсан. Намайг гэрээсээ хөөсөн. Би охиноо аваад гарахдаа машинаас хувцасаа авч явах гэтэл машинаа асааж хөдлөөд намайг машины хаалгаар цохьсон. Машинаасаа буугаад намайг алгадаж, өшиглөсөн. Үүний дараа би гэр рүүгээ явсан. Одоо бид 2 эвлэрсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
1915000390035 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Насанд хүрээгүй гэрч Х.Д ийн өгсөн: “...019 оны 01 дүгээр сарын 17-ны орой 17 цагийн үед би “Х”-ын 2 давхарын 5 тоотод байрлах ах Х гийн гэрт байхад ах, эгч хоёр гаднаас хамт орж ирсэн. Х ах намайг гарч бай гэхээр нь би гарч Б ахын гэрт очсон. Тэнд Охиноо эгч “хүүхэд хэцүүдэж байна” гээд яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 13 тал/,
Гэрч Х.Б ын өгсөн: “...Би Х гийн хамт түүний гэрт 0.5 литрийн “Eden” нэртэй архийг хувааж ууж байсан чинь эхнэр нь уурлаад байсан. Х эхнэртэйгээ хэрэлдээд байсан бөгөөд түүний эхнэр нь “би явна” гээд хүүхдээ хувцаслаж байсан. Х бид хоёр түрүүлж гарч машин асаагаад байж байхад эхнэр нь хүүхдээ тэврээд гарч ирсэн. ...Үүний дараа Х эхнэрийнхээ зүүн мөр рүү 1 удаа гараараа цохиж, баруун гуя руу нь өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаас бууж Х г салгахад эхнэр нь уйлаад түүн рүү дайраад байсан. Х бид хоёр түүний эхнэр, хүүхдийг нь орхиод айл руу явсан. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай:
1.Магадлуулагч М.Б ын биед 7 дугаар хавирганы зөрүү багатай хугарал, 6, 8 дугаар хавирганы зөрүүгүй бүрэн бус хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 19 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-4 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх 29-32 тал/, аюулын зэргийн үнэлгээ /хх 33-37 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх 45-46 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч М.Б ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч М.Б ын өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Б ын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 29 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Х.Х гийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Х.Х гийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа төдийгүй энэ гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, ...” хамаарна.
Иймд шүүгдэгч Х.Х г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Х гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч М.Б иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Х.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт Х.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д заасныг баримтлан шүүгдэгч торгуулын ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Х д сануулсугай.
4.Энэ хэрэгт шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД