Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02199

 

 

 

2023 12 20 210/МА2023/02199

 

Л.Ү гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/02588 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Ү гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК, М ХХК-д холбогдох, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч Л.Ү нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент-1, C блок, **** тоот хаягт байрлах 48,82 м.кв 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар 2019 оны 12 сарын 02-ны өдөр Т ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тус орон сууцны барилгыг М ХХК бариулж байгаа бөгөөд Т ХХК нь тус байрыг М ХХК-аас бартераар хүлээн авсан байдаг. Л.Ү нь орон сууцны 1 м.кв-ыг 1,100,000 төгрөгөөр тооцон гэрээ байгуулсан өдрөө 53,702,000 төгрөгийг Т ХХК-д бүрэн төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Харин хариуцагч Т ХХК нь тухайн орон сууцыг 2021 оны 1-р улиралд ашиглалтад оруулах ёстой байтал өнөөдрийг хүртэл оруулаагүй. Хариуцагч Т ХХК нь 2022 оны 03 сард орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,800,000 төгрөг болгосон, үнийн өсөлтийг зөвшөөрөхгүй бол гэрээг цуцлахыг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл өгсөн гэдэг боловч үүнийг нэхэмжлэгч Л.Ү хүлээн аваагүй байдаг. Бидний хувьд орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгон гэрээнд өөрчлөлт оруулсан, хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй. Хариуцагчийн зүгээс гэрээ цуцлах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгээд ч гэрээнд зааснаар үнэд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байх, бусад этгээдэд худалдан борлуулахгүй байх ёстой байтал хариуцагч энэ үүргээ зөрчиж, бидэнтэй үүссэн асуудлыг нэг мөр болгоогүй байж бидний худалдан авсан орон сууцыг Ц.Э гэх хүнд худалдан борлуулсан байгааг зөвшөөрөхгүй. Сүүлд сонссон мэдээгээр 2023 оны 09 сард тус орон сууцны барилга дээр улсын комисс ажиллаад эхэлсэн, удахгүй барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна. Гэрээний 4.2.1, 4.2.8-д зааснаар хариуцагч Т ХХК нь орон сууцыг бидний өмчлөлд шилжүүлж, өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг саадгүй гарган өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд бид Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент-1, C блок, **** тоот хаягт байрлах 48,82 м.кв 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гарган өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.  

2.   Хариуцагч Т ХХК хариу тайлбартаа: Тус компани нь М ХХК-ийн захиалгаар Поларис апартмент төслийн угсралт, цонх, дотор цахилгааны ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, ажлын хөлсөндөө бартераар байрууд авч, тус байрнуудаа гэрээт ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, ажиллах хүчээ цалинжуулах зорилгоор худалдаж борлуулсан. 2019 оны 12 сарын 02-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссан. Мөн бид Ковид-19 өвчний тархалт, бараа материал, түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,800,000 төгрөг болгон нэмэх саналыг тухайн үед байр авсан нийт хүмүүст мэдэгдсэн. Энэ саналыг зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Тэдгээр хүмүүс бидний эдийн засгийн тооцоололтой танилцаад зарим нь зөвшөөрөөд гэрээгээ шинэчлэн байгуулаад явсан байдаг. Харин зарим хүмүүс энэ саналыг зөвшөөрөөгүй шүүхдээд явж байгаа бөгөөд тэдний нэг нь нэхэмжлэгч Л.Ү юм. Л.Ү гийн хувьд орон сууцны 1 м.кв талбайн үнийг зөвшөөрөхгүй талаар бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй, шаардлага тавьж байгаагүй. Тийм учраас бид гэрээг цуцалж, нэхэмжлэгчид худалдсан орон сууцыг гуравдагч этгээд Ц.Э гэж хүнд 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр худалдсан байгаа бөгөөд одоо байрыг эзэмшилдээ авсан. Тэгээд ч гэрээнд зааснаар байрыг ашиглалтад оруулах эрх бидэнд байхгүй, харин М ХХК-нд хамааралтай. Бидний хувьд нэхэмжлэгчийн төлсөн мөнгөний талаар маргахгүй, буцаагаад ав гэдгийг хэлсэн байгаа. 2021 оны 1-р улирлыг бид 2023 оны 3-р улирал болгон өөрчилсөн бөгөөд гэрээний нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Тус орон сууцны хороололд 2023 оны 09 сарын 07-ны өдрөөс улсын комисс ажиллаж эхэлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Хариуцагч М ХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент-1, C блок, **** тоотод байрлах 48.82 м.кв 2 өрөө орон сууцыг 2020 оны 03 сарын 18-ны өдрийн П2-А-АГГ-20/21 дугаартай цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Т ХХК-д бартерын журмаар өгсөн. Энэхүү маргаан нь Т ХХК болон иргэн Л.Ү нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний маргаан тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 03 сард хүүгийн хамтаар 30 жил хүсэн мөрөөдсөн байраа худалдан авах зорилгоор зарын дагуу Т ХХК-ийн борлуулагч н.Г тэй холбогдож 2022 оны 06 сард ашиглалтад орох бартерын 2 өрөө байр байна гэсний дагуу байрыг очиж үзэж, хуулийн зөвлөх П.Н тэй уулзсан. Тэгээд байрыг худалдаж авахаар шийдсэн бөгөөд гэнэт өөр хүн гарч ирдэг, нэмж мөнгө нэхэх байдлаар хуурч мэхлэх зүйл байх вий гэдгийг тодруулахад П.Н тийм асуудал үүсэхгүй гэдгийг хэлсэн юм. Тэгээд гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент-1, C блок, **** тоотод байрлах 48.82 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр тооцож 87,876,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг Т ХХК-д 100% төлсөн байгаа. Тэгээд байр ашиглалтад орохыг хүлээж, ТХ констракн ХХК-аас удаа дараа шаардаж, тодруулж явсан бөгөөд гэнэт шүүхээс дуудсаныг гайхаж байна. Иймд байрандаа орно. Өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Т ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент-1, С блокийн **** тоот хаягт байршилтай 48,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт нэхэмжлэгч Л.Ү д хүлээлгэн өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгаж, хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ү гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,660 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 426,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ү д олгож шийдвэрлэжээ.

6.   Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах. Тус нэхэмжлэлийн шаардлагаар үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй юм. Учир нь маргаан бүхий орон сууцны барилга нь баригдаж байгаа бөгөөд барилгын үйл явц 80%-тай явагдаж байгаа. Баригдаж дуусаагүй, улсын комисс ажиллаагүй учир улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг хариуцагч нараас гаргаж өгөх боломжгүй юм. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага нь биелэгдэх боломжтой эсэх дээр дүн шинжилгээ хийлгүйгээр шийдвэрээ гаргасан.

6.2. Нэхэмжлэгч нь хариуцагч тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг нь тодруулан нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр шийдвэрээ гаргасан.

6.3. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бараа материалын үнэ өссөн. Баригдаж эхэлж байхад нь нэхэмжлэгч захиалга өгсөн. 2023 оны өнөөдрийн байдлаар ч бүрэн ашиглалтад ороогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэрээ гаргаагүй.

6.4. Гуравдагч этгээд шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй, эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй байгаа хүсэлтээ ирүүлчихээд байхад хурал хийж шийдвэр гаргасан нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ...Л.Ү нь М ХХК-д төлбөрөө бүрэн төлсөн. Манай зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэн холбогдох бичиг баримтыг гаргаж өгөөч гэсэн шаардлагаар шүүхэд хандсан. 2023 оны 11 сарын 22-ны өдөр албан ёсоор улсын комисс хүлээж аваад айлууд нүүгээд орсон байгаа. Хариуцагч талын гаргаж буй гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Анх худалдан авсан хүмүүсийн эрх ашгийг хөндөж дахин өөр хүмүүст худалдаж байгаа нь хууль бус юм. Нэг орон сууцыг хоёр хүнд давхардуулан худалдаж мөнгө авч бусдыг хохироодог. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Л.Ү нь хариуцагч Т ХХК, М ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент-1, С блок, **** тоот хаягт байршилтай 48,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 57, 61/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Э нь хариуцагч Т ХХК-ийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. /хх 119-121/

3.   Нэхэмжлэгч Л.Ү шаардлагын үндэслэлээ ...Т ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, үнийг нь бүрэн төлсөн... гэсэн агуулгаар тайлбарласан бол хариуцагч Т ХХК татгалзлын үндэслэлээ ...Ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын үнэ өссөн, орон сууцны 1 м.в-ын үнийг нэмэх талаар захиалагч нарт мэдэгдсэн, нэхэмжлэгч ямар нэгэн хариу өгөөгүй учир гэрээг цуцалж гуравдагч этгээдэд орон сууцыг худалдсан... гэсэн агуулгаар, хариуцагч М ХХК татгалзлын үндэслэлээ ...энэ маргааны хариуцагч биш, маргаан бүхий орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу Т ХХК-д бартераар хүлээлгэн өгсөн... гэсэн агуулгаар, гуравдагч этгээд Ц.Э татгалзлын үндэслэлээ ...Т ХХК-аас асууж тодруулж байж орон сууцыг худалдан авч, үнийг нь бүрэн төлсөн... гэсэн агуулгаар тус тус тайлбарлаж маргасан байна. /хх 1-2, 57, 61, 119-121/

4.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1.     Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент-1, С блок, **** тоот хаягт байршилтай 48,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Т ХХК нь Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний ажлын хөлсөнд М ХХК-аас хүлээн авсан. /хх 57, 61, 149-154, 156/

4.2.  Улмаар Т ХХК, Л.Ү нар 2020 оны 01 сарын 22-ны өдөр 26 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Т ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент-1, С блок, **** тоот хаягт байршилтай 48,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, Л.Ү нь орон сууцны үнэ 53,702,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх 6-9/

4.3.  Л.Ү гэрээний үүргээ биелүүлж, 2020 оны 01 сарын 22-ны өдөр 53,702,000 төгрөгийг Т ХХК-д бүрэн төлсөн. /хх 70/

4.4.  Гэрээнд заасан хугацаанд буюу 2021 оны 1-р улиралд маргаан бүхий орон сууц ашиглалтад ороогүй. /хх 1, 91, 170/

4.5.  Дараа нь Т ХХК, Ц.Э нар 2022 оны 03 сарын 10-ны өдөр 22/03 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, маргаан бүхий Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент-1, С блок, **** тоот хаягт байршилтай 48,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 87,876,000 төгрөгөөр худалдах, худалдан авах нөхцөлийг тохирч, Ц.Э нь гэрээний үнийг бүрэн төлсөн. /хх 94-97, 125-127/

5.   Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоож, Т ХХК, Л.Ү нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, нэхэмжлэгч Л.Ү гийн шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

6.   Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч Л.Ү нь худалдагч Т ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг буюу маргаан бүхий орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахаар шаардах эрхтэй. Энэ талаарх хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7.   Хэдийгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Э нь хариуцагч Т ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцны үнэ 87,876,000 төгрөгийг бүрэн төлсөн байх боловч нэхэмжлэгч Л.Ү нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар тухайн орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авах давуу эрхтэй байна.

Тодруулбал, маргаан бүхий орон сууцыг Л.Ү , Ц.Э нарын хэн аль нь түрүүлж эзэмшилдээ авсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул түрүүлж Орон сууц захиалгаар бариулах гэрээ хийсэн Л.Ү өмчлөлдөө шилжүүлэн авах давуу эрхтэй.

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Э нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардахад энэхүү магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

8.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж, 37 дугаар зүйлийн 37.2-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарахаар тус тус зохицуулжээ.

8.1. Хариуцагч Т ХХК-ийн гаргасан ...барилгын үйл явц 80%-тай явагдаж байгаа... гэсэн давж заалдах гомдол нь тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...тус орон сууцны хороололд 2023 оны 09 сарын 07-ны өдрөөс улсын комисс ажиллаж эхэлсэн... гэсэн тайлбар, хариуцагч М ХХК-ийн гаргасан ...Поларис апартмент-1 орон сууцны төслийн С блокийн барилгын ажил 90%-тай явагдаж байгаа тул 2023 оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэсэн тайлбар зэргээр тус тус няцаагдаж байна. /хх 91, 170/

8.2. Хариуцагч Т ХХК-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ...орон сууцны талаар М ХХК-тай маргаантай байгаа... гэсэн тайлбар нь Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...ажлын хөлсөндөө байрууд авч ... тус байрнуудаа ... худалдаж борлуулсан. ...Тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Т ХХК нь өөр захиалагчид худалдсан... гэсэн тайлбар, хариуцагч М ХХК-ийн гаргасан ...дээрх орон сууц нь Т ХХК-ийн өмч бөгөөд дээрх гэрээгээр маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байна... гэсэн тайлбар, ...Л.Ү гийн ... нэхэмжлэлийн шаардлага болох ... орон сууц нь ... Т ХХК-д бартерын журмаар өгсөн болно. Иймд дээрх орон сууц нь Т ХХК-ийн өмч болно... гэсэн тайлбар зэргээр тус тус няцаагдаж байна. /хх 57, 61, 156/

8.3. Хариуцагч Т ХХК-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ...маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Ц.Э ийн эзэмшилд хүлээлгэн өгсөн... гэсэн тайлбар нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Э ийн гаргасан ...Борлуулагч н.Г эс одоо удахгүй байрандаа орлоо, ямар нэгэн асуудал байхгүй биз дээ гэж асуудаг. Эгчээ асуудал байхгүй, комисс хүлээж авахаар таныг бид дууднаа, та байрандаа орноо л гэдэг... гэсэн тайлбараар няцаагдаж байна. /хх 119-121/

 9.   Ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын үнэ огцом өссөн гэх тайлбараа хариуцагч Т ХХК баримтаар нотолж чадаагүй гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зохицуулалтад нийцсэн.

10.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Э нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч эрүүл мэндийн шалтгаанаа баримтаар нотлоогүй учир түүний эзгүйд шүүх хуралдааныг хийснийг буруутгах боломжгүй. Энэ талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Э давж заалдах гомдол гаргаагүй.

11.   Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, нэхэмжлэгч Л.Ү гийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т ХХК-д холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцээгүй байдлаар шийдвэрийн тогтоох хэсэгт томъёолсныг давж заалдах шатны шүүх найруулгын өөрчлөлт оруулах замаар залуулах боломжтой байна.

12.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих найруулгын өөрчлөлтийг оруулж, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/02588 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент-1 хотхон, С блокийн **** тоот хаягт байршилтай 48,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж нэхэмжлэгч Л.Ү д өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгаж, хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 426,460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ЗОЛЗАЯА

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

            ШҮҮГЧ                                              Д.НЯМБАЗАР