Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 04442

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2016/04442

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 18 дугаар байр,  “Гурван гал” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороо, Энэбишийн өргөн чөлөө, МОнгол шуудан компаний 24-р салбартай байр, “Визард констракшн” ХХК-д холбогдох 18Б-р байрны подвалыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, цахилгаан шатыг хүлээлгэн өгөхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Очирсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Очирсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай СӨХ нь 2014 оны 11-р сард байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолллын 18, 18а, 18б дугаар байруудын оршин суугчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Энэ орон сууцнуудын 18 дугаар байрыг 2012 онд, 18а, 18б дугаар байруудыг 2013 онд “Визард констракшн” ХХК нь улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ байруудын дундын өмчлөл болох 18б байрны хонгилд байрлах дулааны узел, цахилгааны шит байрладаг талбайд “Визард констракшн” ХХК нь бялдаржуулах клуб ажиллуулан 3 жил болж байна. Шаардлага тавихаар чөлөөлж өгнө гэсээр 2 жил боллоо. Мөн эдгээр орон сууцнуудын нийт 6 ширхэг цахилгаан шатны 3 шат нь 24 цагаар тасралтгүй 3 жил ажиллаж байгаа тул сүүлийн жилд эвдрэл саатал байнга гарч оршин суугчдийн  тав тухтай , аюулгүй аж төрөх үйл ажиллагаа алдагдаж байгаа бөгөөд үлдсэн 3 цахилгаан шат нь ашиглалтад хүлээн авснаас хойш одоог хүртэл ажиллахгүй байгаа. 2015 оны 3 дугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасны дагуу үзлэг шалгалт явуулсан мэргэжлийн хяналтийн улсын байцаагчийн зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг “Визард констракшн” ХХК ны ерөнхий захиралд удаа дараа хандаж, ажиллахгүй байгаа цахилгаан шатнуудыг ажилд оруулах, СӨХ-ны дундын өмчлөлийн байр болох 18б байрны подвалаас хүмүүсээ гаргах шаардлагыг удаа дараа тавьсан боловч шаардлага хүлээн авахгүй байгаа болно.Ийм учраас “Визард констракшн” ХХК-ны хүмүүсийг албадан гаргуулж, ажиллахгүй байгаа цахилгаан шатыг ашиглалтад оруулж хүлээлгэнөгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компаний барьж ашиглалтад оруулсан 18, 18А, 18Б байрнуудын цахилгаан шатыг хийж угсарч тоноглосон “Райн лифт” ХХК-тай харилцан тохиролцсоноор эвдрэл, гэмтэл, доголдлыг хаанаас юунаас үүдэлтэйг шалгаж тогтоосны үндсэн дээр засварлан хэвийн үйл ажиллагаатай болгохоор тус цахилгаан шатны “Райн лифт” ХХК-тай ярилцаж тохиролцов. Зоорийн давхарт байрлах дулаан болон цэвэр усны узелийн өрөөнд байрлаж буй байгууллагыг нүүлгэж, уг өрөөг суллах болсон. Иймээс, “Гурван гал” СӨХ-той эвлэрэн зохицох боломжтой гэж үзэж байгаа ба дээрх нэхэмжлэл бүхий 2 заалтыг хангах хүртэл шүүх хуралдааны товийг төлөвлөн зарлахгүй байна уу гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Гурван гал” сууц өмчлөгчдийн холбоо нь “Визард констракшн” ХХК-д холбогдох дундын өмчлөлийн зүйл болох 18Б-р байрны подвалыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 18, 18А, 18б байрны ажиллахгүй байгаа 3 цахилгаан шатыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

“Гурван гал” сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 онд үүсгэн байгуулагдсан, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 3-р сарын 9-ний өдрийн 02 тоот тогтоолоор О.Очирсүрэнг гүйцэтгэх захирлаар томилсон байх тул сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй /хх 7-10/ байна.

 

Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.1 дэх хэсэг зааснаар орон сууцны байшингийн доод хонгил нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах бөгөөд Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хорооллын 18б байрны хонгилыг Визард констракшн ХХК нь бусдад бялдаржуулах төвийн зориулалтаар ашиглуулж байгаа нь тогтоогдсон, харин сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ хэлцэл байгуулаагүй нь хууль бус эзэмшил болно.

 

“Визард констракшн” ХХК нь 18, 18А, 18Б байрыг барьж 2012 онд байнгын ашиглалтад оруулсан байна.

 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд зааснаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь 2015 онд эдгээр байрны ашиглалтын явцад үүссэн нөхцөл байдалд хяналт шалгалт хийсэн байх ба шалгалтаар 18, 18А, 18Б байрны лифтнүүд ажилладаггүй, паспорт бичиг баримтгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10-р зүйлийн 10.3 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдож, улмаар Улсын байцаагчийн 2015 оны 04-р сарын 02-ны өдрийн 02-07-94/154 тоот албан шаардлагаар “Визард констракшн” ХХК-д лифтнүүдийг засварлаж, хэвийн ажиллагаанд оруулах, техникийн ээлжит магадлал хийлгэхийг шаардсан, биелэлтийг 2015 оны 5-р сарын 1-ний дотор бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн байна.

 

Харин хариуцагч дээрх шаардлагыг биелүүлээгүй нь талуудын тайлбараар тогтоогдсон, хариуцагч нь цахилгаан шатыг угсарч, тоноглосон “Райн лифт” ХХК-иар засварлуулах, хэвийн ажиллагаатай болгохоор зөвшөөрсөн байна. 

 

“Визард констракшн” ХХК  шүүх хуралдааны мэдэгдлийг  2016 оны 06-р сарын 20-ны өдөр хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангйүгээр ирээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.3 дахь хэсэг, 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Визард констракшн” ХХК-ний хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хорооллын 18Б-р байрны хонгилд ажилллуулж байгаа бялдаржуулах төвийг чөлөөлүүлж, 18, 18А, 18Б байрны тус тус ашиглагдахгүй байгаа цахилгаан шатыг ашиглалтад оруулж сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгөхийг  “Визард констракшн” ХХК-д даалгасугай. 

  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Гурван гал” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Визард констракшн” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж “Гурван гал” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

                 

 

 

          

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА