| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00301/И |
| Дугаар | 307 |
| Огноо | 2016-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 307
2016 оны 05 сарын 17 өдөр Дугаар 156/ШШ2016/00307
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00301/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Сариг Булагийн 11 дүгээр гудамж 19б тоотод оршин суух, Чой овогт Санжмятавын Бямбаа (РД:ЛИ66050860)-ийн нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Бямбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С. Бямбаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнх-манлай нэгдэл малчнаар 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан. Иймд 1990 оноос Мөнх-манлай нэгдэл татан буугдсан. Миний ажиллаж байсан хугацааны цалингийн дутуу бичигдсэн он сарыг жагсаавал 1981 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар, 1982 оны 8, 9,12 дугаар сар, 1983 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар, 1984 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар, 1985 оны 4, 6, 7 дугаар сар, 1986 оны 6, 7 дугаар сар, 1987 оны 5, 6, 7, 8, 11, 12 дугаар сарууд, 1988 оны 6 дугаар сараас 12 дугаар сар, 1989 оны 1 дүгээр сараас 9 дүгээр саруудын цалингийн бичилт архивын бичиг баримтаас шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Мөн миний бичиг баримтад бичиг үсгийн алдаанаас овгийн эхний үсэг Санжмятав гэдэг овог /Шанжмятав/ гэж бичигдсэн алдааг залруулж, бичиж харгалзан зөв болгож өгнө үү. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1981 оноос 1989 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнх-манлай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/
Нэхэмжлэгч С.Бямбаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнх-манлай нэгдэлд малчин саальчнаар 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Хэнтий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно. Тухай нь үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Чой овогт Санжмятавын Бямбаа нь 1981 оноос 1989 оныг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнх-Манлай нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Чой овогт Санжмятавын Бямбаа нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнх-манлай нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгосон охин Б.Батцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар, 1993 оны 05 дугаар сарын 10ны өдөр олгосон охин Б.Долгорын нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/, 1987 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгосон охин Б.Бадамцэцэгийн, 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр олгосон охин Б.Ичинхорол нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 8х/, 2016 оын 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон Сүхбаатар аймгийн архивын тасгийн 42/15 дугаартай С.Бямбаагийн цалингийн лавлагаа /хх-ийн 9-10х/, нэхэмжлэгч С.Бямбаагийн тайлбар /хх-ийн 14х/, гэрч Д.Няндавын мэдүүлэг /хх-ийн 18х/, гэрч Д.Мөнх-Өлзийгийн мэдүүлэг /хх-ийн 19х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чой овогт Санжмятавын Бямбааг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнх-Манлай нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Бямбаагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР