| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0023/Э/ |
| Дугаар | 21 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Иргэний нэхэмжлэгч Б.Г
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.Н-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816002870022 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Л овогт П-н Н.
Шүүгдэгч П.Н-гийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн баруун талын таксины зогсоол орчмоос иргэн Б.Т-н эзэмшлийн Самсунг Галакси эс-7 эджи /Samsung Galaxy-7 edge/ маркын гар утсыг олж аван иргэн Б.Г-д худалдаж 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Н-н яллагдагчаар өгсөн “...Би тухайн гар утсыг Г-т зарсан байсан бөгөөд тухайн утсыг цагдаад Ганбаатар нь хураалгаад хүнд нь өгсөн юм. Харин би Г-т 80.000 төгрөг бэлнээр өгч хохирол барагдуулсан юм...” гэх мэдүүлэг /ХХ59-60/,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-н өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 09 цагт аймгийн Нэгдсэн эмгэлэгт үзүүлэхээр нөхөр Д-н хамтаар 00-00 ГАҮ улсын дугаартай истана машинтайгаа явсан юм. Тэгээд би аймгийн Нэгдсэн эмнэлгийн баруун талын такси зогсоол дээр машинаасаа бууж үлдээд манай нөхөр Д явсан. Тэгээд би Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн үүдэнд дугаарлаж байгаад утсаар ярих шаардлага гараад халаасандаа өөрийн эзэмшлийн Самсунг галакси эс7 эдж/Samsung Galaxy-7 edge/ маркын гар утсаа үзтэл байхгүй байсан ... Шаргал өнгийн гэртэй, дэлгэцнийхээ баруун талд цуурсан, Самсунг Галакси эс 7 эдж/Samsung Galaxy-7 edge/ маркын гар утас юм...” гэх мэдүүлэг /ХХ22-23/,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Г-ын гэрчээр өгсөн “... Н гэх ах миний машинд орж ирж суугаад за дүү чи энэ утсыг үзээд өгөөч, эвдэрчихсэн асахгүй байгаа юм, би ашиглаж асааж чадахгүй байна. Би хаашдаа ашиглаж асааж чадахгүй юм чинь зарчихмаар байна. Би гар утас засвар дээр очоод зарах гэтэл 50.000 төгрөгөөр авна гээд байна. Тэгэж өгмөөргүй байна. Ядаж 80.000 төгрөгөөр өгчихмөөр байна гэж хэлсэн. Тэгээд би тэр даруйд нь тус Н-д өөрт байсан 80.000 төгрөгийг өгөөд тус утсыг авсан юм. Учир нь тус утас нь шаргал өнгийн хавтсан гэртэй өнгийн Самсунг галакси эс 7 эдж маркын /Samsung Galaxy-7 edge/ гар утас байсан бөгөөд би яг тухайн үед тус утастай адилхан Самсунг галакси эс 7 эдж /Samsung Galaxy-7 edge/ маркын утас барьж байсан юм. Би тус утсыг Н-г барьж байхад яг тухайн үед нь асаах гэхэд асаагүй юм. Тэгээд би тус утастай яг адилхан утас барьж байгаа юм чинь тус утасыг өөрийн утасныхаа сэлбэгэнд авчихъя гэж бодоод авчихсан....Би тус утсанд өөрийн 00000 дугааруудыг хийж ашигласан. Гэтэл миний зогсдог такси зогсоол болон нэгдсэн эмнэлэг орчимоор нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн Самсунг галакси эс 7 эдж/Samsung Galaxy-7 edge/ маркын гар утсаа гээгдүүлчихээд хайж байсан гэж зүс таних таксинд явдаг залуу надад хэлсэн. Тэгэхээр нь би тус утсыг өөр хүн гээчихээд хайж байгаа утас юм байна гэж бодоод Нн утас руу залгаж асуух гэтэл утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ25-28/,
Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хуулбар /ХХ5/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ11-13/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ15-17/, хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт /ХХ47/, зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч П.Н-гийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн баруун талын зогсоол орчмоос хохирогч Б.Т-н гээгдүүлсэн Самсунг галакси эс 7 эдж /Samsung Galaxy-7 edge/ маркын гар утсыг олоод бусдад худалдан борлуулсан үйлдэл хөдөлбөргүй нотлогдож байна.
Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур буюу санамсаргүй байдлаар гээгдэж түүний эзэмшлээс гарсан эд хөрөнгийг олсон хүн бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж тухайн эд хөрөнгийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх эсхүл эзнийг нь олж өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ өөрийн өмч хөрөнгө мэт эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжийг бий болгосноор төгссдөг. Эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, түүнээс ашиг олсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй харин учруулсан хохирол бага хэмжээнээс дээш буюу 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 300.000 /гурван зуун мянган/ төгрөгөөс илүү гарсан тохиолдолд гэмт хэргийн бүрдэл хангагдана.
Иймд шүүгдэгч П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүхээс шүүгдэгч П.Н-д торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт П-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө” завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-д шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Н-д сануулсугай.
5. Шүүгдэгч П.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА