Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 04682

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04682

Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 7-р хороолол, 32б байрны 65 тоотод оршин суух, “Петровис” ХХК-д программист ажилтай, регистр УХ88081537,   Залуу тайж овогт Отгонбилэгийн Даваадоржийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 7а байрны 11 тоотод оршин суух, “МОНОТТ” ХХК-д ахлах программист ажилтай, регистр УЭ93071421, Боржигон овогт Эрдэмгэрэлийн Энхдарьд холбогдох хүүхдийг асрамжиндаа авахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв. 

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Даваадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагч Э.Энхдарь, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цацрал, Б.Баатарсайхан, шинжээч С.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.                                                                                          

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Даваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Энхдарьтай 2008 онд танилцаж, 2011-2012 онд Энэтхэг улсад хамт сурч, амьдарсан. Бид Монголд  ирээд  2013 оны 12-р сараас тусдаа гарч амьдарч байгаад 2014 оны 6-р сарын 29-нд охин Д.Маргад төрсөн. Охин маань дутуу төрсөн учир 3 хоног инкубаторт байсан. Бид нар эхэндээ сайхан амьдарч байсан. Энхдарь нь  ээж Эрдэмгэрэлтэй таарамж муутай байдаг, бидний амьдралд байнга оролцдог, Энхдарь нь шар өвчин тусч эмнэлэгт хэвтэхэд охин маань хөхөөрөө хооллох боломжгүй болсон тул 2014 оны 10-р сараас 4 сартай байхаас нь манай эцэг Отгонбилэг харсан. Э.Энхдарь нь “hi fi” рекорд ХХК-нд  ажилд орсон. Гэтэл Э.Энхдарь нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй болсон гэдгийг би мэдээд салсан. Энхдарь нь 2015 оны 8-р сарын 21-ний өдрийн Батсүх шүүгчийн захирамжаар  охин Д.Маргадыг надаас авсан, энэ хугацаанд нэг ч удаа залгаагүй, хүүхдийг надтай уулзуулаагүй. Түүнийг

ажлаа хийж байх хугацаанд манай охиныг ээж Эрдэмгэрэл нь харсан. Гэтэл ээж нь саяхан нярайлсан, нялх хүүхэдтэй болсон, түүний нөхөр нь н.Болдбаатар нь группт байдаг. Э.Энхдарь ганцаараа ажил хийдэг тул санхүүгийн хувьд боломжгүй. Иймд охиныг маань миний асрамжинд үлдээж өгнө үү. Мөн Энхдарь нь   ээжтэйгээ таарамж муутай, байнга хэрэлддэг, гэрээсээ 2 удаа явж байсан. Хүүхэддээ анхаарал халамж муу тавьдаг, охин бөөр нь өрөвссөн, эмнэлэгт хэвтүүлнэ гэсэн чинь өөрөө эмчилнэ гээд эмнэлэгт хэвтүүлээгүй, хохирч байна. Тийм болохоор хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч: Би өнгөрсөн жилийн 5 сард охиноо өөр дээрээ аваад өсгөж байна. Миний охин дүүдээ хайртай. Би өөрөө ажлаа хийж байгаа учраас одоогоор ээж маань охинтой хамт байдаг. Даваадоржийн хувьд эмэгтэй хүнийг ойлгодоггүй, дээрэлхүү харьцдаг, миний ээжийг элдвээр хэлдэг, халамж анхаарал тавьдаггүй, хэл амаар доромжилж, намайг зодож байсан. Эмэгтэй хүнийг зөвхөн эмэгтэй хүн ойлгодог болохоор би охиноо өөрийн асрамжинд байлгана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Даваадорж нь Э.Энхдарьд холбогдох хүүхдээ асрамжиндаа авахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

О.Даваадорж, Э.Энхдарь нар нь 2008 онд танилцаж, 2011 оноос хамтран амьдарч, 2014 оны 06-р сарын 29-ний өдөр охин Д.Маргадыг төрүүлж өсгөжээ.

 

Талууд гэр бүл болох зорилгоор хамтран амьдарсан боловч бие биеэ халамжлах, хүндэтгэх, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ биелүүлээгүйгээс хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар хүүхдүүдийнхээ амьдралд эцэг эх нь оролцдог байдлуудаас талуудын хооронд маргаан гарах, үл ойлголцох байдал бий болсон нь тогтоогдсон, энэ нь 2015 оноос тусдаа амьдрахад хүргэсэн байна.

 

Талууд тусдаа амьдрах хугацааанд охин Д.Маргад эхийн асрамжинд амьдарч байгаа бөгөөд эх Э.Энхдарь нь хүүхдийнхээ эрх ашгийг хохироосон, цаашид хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэж чадахгүй гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Нөгөө талаас, О.Даваадорж, Э.Энхдарь нар нь тусдаа амьдарч байгаа ч хүүхдээ хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүргийг хүлээхээс гадна өвөө, эмээ нь ач, зээгээ өсгөн хүмүүжүүлэхэд нь туслах, тэжээн тэтгэх нь Монгол улсын Үндсэн хуулийн 17-р зүйлд заасан иргэний журамт үүрэг байна. 

    

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 7-р хороолол, 32б байрны 65 тоотод эцэг эхийн хамт, хариуцагч Э.Энхдарь нь Баянгол дүүргийн 4-р хороо, 7а байрны 11 тоот сууцны хамтран өмчлөгч, эх болон хойд эцгийн хамт амьдардаг, хойд эцэгтэйгээ 12 настайгаасаа хамт амьдарсан нь хүүхдийн асрамжинд сөргөөр нөлөөлөөгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар ажил хөдөлмөр эрхэлдэг, хүүхдээ  тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэх боломжтой байна.

 

Түүнчлэн талуудыг гэр бүл болж хамт амьдрах зорилгоор Баянгол дүүргийн 8-р хороо, 3-р хорооллын 45б байрны 231 тоот 1 өрөө сууцыг худалдан авсан, өмчлөгчөөр Э.Энхдарь болон түүний хадам эх нар бүртгэгдсэн, одоогоор сууцандаа амьдрах боломжгүй байгаа нь нэхэмжлэгчийн талтай холбоотой зэргээс дүгнэвэл тэдний хооронд эцэг, эхээс хамаарах үл ойлголцох байдлууд бий болдог гэж үзэхээр байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн хүсэлтээр Э.Энхдарийг сэтгэцийн өвчтэй эсэхийг тогтоолгохоор Сэтгэцийн эрүүл мэндийн төвийг шижээчээр томилсон байх ба 2016 оны 02-р сарын 29-ний өдрийн 203 тоот дүгнэлт, шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч С.Байгалмаагийн дүгнэлтээр  ээр “Э.Энхдарь нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй” нь /хх 49-50/ тогтоогджээ.

 

Баянгол дүүргийн Хүүхэд, хөгжлийн төвийн Д.Маргадыг эцэг О.Даваадоржийн асрамжинд үлдээх нь зүйтэй” гэсэн дүгнэлт /хх 63-72/ нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талуудын хүсэлтээр шүүх шинжээчээр томилж шинжээч дүгнэлтээ гаргасан гэх үндэслэлгүй. Дүгнэлтийг  хэзээ гаргасан нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Харин Хан-Уул дүүргийн Хүүхэд, хөгжлийн төвийн 2016 оны 05-р сарын 17-ны өдрийн дүгнэлтээр /хх 114-140/ нэхэмжлэгч, хариуцагч нарын аль аль нь хүүхдээ өсгөж чадах боломжтой талаар дүгнэсэн боловч гагцхүү хүүхэд бага насны, эмэгтэй хүүхдэд шаардагдах халамж, анхаарал, Э.Энхдарийн ёс зүй, хувийн байдлыг зэргийг үндэслэн хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээснээр эцгийг нь хүүхэдтэй уулзуулахгүй байх, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг Э.Энхдарьд даалгах нь зүйтэй.

 

Хэргийн 84-85 талд авагдсан зураг нотлох баримтын шаардлага хангаагүй, СD бичлэг нь нотлох баримт цуглуулах хуульд заасан журмаар хангагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 6-р сарын 29-ний өдөр төрсөн охин Даваадоржийн Маргадыг асрамжиндаа авахыг хүссэн О.Даваадоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.   

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА