Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00063

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 03 210/МА2024/00063

 

 

 

Г ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/03339 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М ад холбогдох,

22,730,109 төгрөг гаргуулах тухай үндсэн,

14,383,933 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, О.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч Д.М нь 2021 оны 10 сарын 29-ний өдөр Г ХК-тай ЗГ2805125838 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 18,923,352 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Д.М нь ЗГ2805125838 тоот зээлийн гэрээний хавсралтын №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 298 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 09 сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 18,923,352 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,709,175.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 97,581.70 төгрөг, нийт 22,370,109.06 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-т заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр шаардаж байна. Иймд зээлдэгч Д.М аас зээлийн гэрээний үүрэгт нийт 22,730,109.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 04 сарын 19-ний өдөр Г ХК-тай ЗГ/КР/170417066 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 2,500,000 төгрөг зарцуулах эрхтэй зэс картыг 1 сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2018 оны 04 сард 8,000,000 төгрөг зарцуулах эрхтэй кредит картыг 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Ковид-19 цар тахлын халдвар тархаж, хязгаарлалт тогтоохоос өмнөх цаг хугацаанд тухайн зээлүүдийн эргэн төлөлтийг хэвийн төлж байсан. Монгол улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хорио цээрийн дэглэм тогтоосноос үүдэн зээлээ цаг хугацаанд нь эргэн төлж чадахгүйд хүрсэн бөгөөд гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдал учирсан гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед хэрхэх талаар тусгайлан тусгасан зүйл заалт огт байгаагүй. Банкны зээлийн эдийн засагчтай утсаар байнга холбогдож зээл эргэн төлөх орлогогүй болсон талаараа дуулгаж зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлийн хүүг зогсоолгох хүсэлтийг удаа дараа гаргасан. Банк хүсэлтийн хариуд захирлууд хуралдаж байгаа, шийдвэр тогтоол нь албажиж ирээгүй байна гэсэн тодорхой бус хариу өгдөг байсан. Талуудын хооронд 2021 оны 10 сарын 29-ний өдөр байгуулсан гэх ЗГ2805125838 тоот гэрээний тухайд банк энэхүү гэрээгээр зээлдэгчид туслах нэрийдлээр хүүгээс хүү бодож хохироосон. Үнэн мөн чанартаа банк зээлдэгчийн өмнөх зээлийн хуримтлагдсан хүүний төлбөрийг анх авсан үндсэн зээлийн төлбөр дээр нэмж нэгтгэн 18,923,352 төгрөгийн зээлийг өмнөх зээлийг өрийг дарахын тулд шинээр зээл авч хаасан мэтээр гэрээ байгуулж, өөр хэлцлийг халхавчилж байгаа нь хүчин төгөлдөр бус. Талуудын хооронд 2017 оны 04 сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ/КР/170417066 тоот гэрээ мөн 2018 оны 04 сард байгуулсан гэрээний дагуу төлбөрийг тооцоолон бодож өгнө үү. Зээлийн хүүний төлбөрийг Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоосон хугацаанд буюу 2020 оны 10 сараас 2022 оны 05 сар хүртэлх хугацааны зээлийн хүүг давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөх боломжгүй байсан гэж тооцон үзэж төлөх төлбөрөөс багасгаж өгнө үү гэжээ.

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. 2021 оны 10 сарын 29-ний өдрийн ЗГ2805125838 зээлийн гэрээнд зааснаар Д.М нь 462868******3752 тоот кредит картын өр төлбөрийг төлөх зорилгоор 18,923,352 төгрөг зээлсэн байдаг. Д.М нь Г ХК-тай 2017 оны 04 сарын 19-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийн зээлийн эрхтэй 462868******3752 тоот кредит карт авсан. Зээлийн төлбөр болох 4,539,417 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл нэхэмжлэгч 2021 оны 10 сарын 29-ний өдрийн ЗГ2805125838 дугаартай зээлийн гэрээний дагуу олгосон 18,923,352 төгрөгийн үлдэгдэл болох 14,383,933 төгрөгийг үндэслэлгүйгээр, хууль бусаар суутгаж авсан байна. Тиймээс Г ХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлдэгчийн хүсэлтийн дагуу гэрээ тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан бөгөөд хууран мэхлэх, хүч хэрэглэх болон нэг талын давуу эрхээр байгуулагдаагүй бөгөөд хариуцагч нь эрх зүйн бүрэн чадамжтай хүн байсан. Банк хүсэлтээр суутгаж авсан, хариуцагчийн тайлбарт дурдсан 8,000,000 төгрөгийн эрхтэй кредит картын төлбөрт суутгасан. Хариуцагчийн дансанд зээлэх хөрөнгө шилжиж орсноор тэрийгээ өөрөө захиран зарцуулах эрхтэй байдаг. Хариуцагч Д.М 2 кредит картынхаа төлбөрийг төлж барагдуулсан гэжээ.

 5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХК-ийн хариуцагч Д.М аас нийт 22,730,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч Д.М ын нэхэмжлэгч Г ХХК-аас нийт 14,383,933 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,601 төгрөгийг, хариуцагч Д.М ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  Шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрч төлж дуусгавар болгосон кредит картын гэрээний харилцааг хамааруулж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

6.2.  Хариуцагч нь Г ХК-аас 2 кредит карт авсан дээрээ огт маргаагүй бөгөөд маргаж буй ЗГ2805125838 тоот зээлийн гэрээний дагуу зээлийг анх олгох үед кредит картын өр төлбөрийг төлөх зориулалтаар авсан гэдгээ өөрөө бичгээр илэрхийлсэн. Ковид-19 цар тахлын улмаас хязгаарлалт тогтоохоос өмнөх цаг хугацаанд зээлүүдийн эргэн төлөлтийг хэвийн төлж байсныг шүүх харгалзан үзээгүй. Хариуцагч Д.М ЗГ2805125838 дугаар зээл авахдаа 2 кредит картын өр төлбөрийг төлөх зорилгоор банкинд хүсэлт гаргасны улмаас банк харилцагчийн санхүүгийн хүнд хэцүү байдлыг үндэслэж харилцагчдаа дахин нэг боломж олгох үүднээс 2021 оны 10 сарын 29-ний өдөр тухайн зээлийг олгон харилцагчийн 2209247959 тоот дансанд шилжүүлсэн нь харилцах дансны хуулгаар нотлогдож байна.

6.3.  Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2, 2.7, 2.8, 2.9, 3.1.1, 3.1.2, 3.1.4, 3.3.3-т зааснаар талууд тохиролцсоны үндсэн дээр тус гэрээ байгуулагдсан.

6.4.  Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, хэрэгжсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх харилцаа үүссэн гэдгийг няцаагаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч талын хүсэлтэд үндэслэн талууд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсан буюу уг зээлийн гэрээний харилцаа хэрэгжсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний харилцаа хэрэгжсэн буюу нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлж ашиглуулсан, хариуцагч уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүргээ биелүүлж байсан байдлыг огт харгалзаж үзээгүй. Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгчийн хүсэлтийн дагуу тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан, гэрээг хууран мэхлэх, хүч хэрэглэх болон өөр бусад аргаар нэг талын давуу эрхийн үндсэн дээр байгуулаагүй болно.

6.5.  Анхан шатны шүүх Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн үйл баримтад нийцэхгүй байна. Учир нь, 14,383,933 төгрөгийг шүүх хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас суутгасан гэж дүгнэхдээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан харилцагчийн зөвшөөрөл гэдгийг харгалзаж үзээгүй. Харилцагч ЗГ2805125838 зээлийн зориулалтаараа кредит картын гэрээний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, гэрээ байгуулагдсанаас хойш зээлээ зөвшөөрч төлж байсан үйл баримт байгаа гэдгийг шүүх үнэлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч Д.М аас 22,730,109 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

7.   Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

7.1.  Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2021 оны 10 сарын 29-ний өдрийн ЗГ2805125838 дугаартай зээлийн гэрээний 2.1.6 буюу зээлийн зориулалт гэсэн хэсэгт 462868******3752 тоот кредит картын төлбөрийг төлөх гэж бичигдсэн байдаг. Талууд 2017 оны 04 сарын 19-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах ЗГ/кр/170417066 тоот гэрээ байгуулж, Д.М нь 462868******3752 дугаартай, 2,500,000 төгрөгийн зээлийн эрхийн хэмжээтэй кредит карттай болсон. Гэтэл нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хариуцагч Д.М ын зөвшөөрөлгүйгээр түүний Г ны төгрөгийн 2209247959 тоот дансанд зээл олгов гэх агуулгаар орж ирсэн 18,923,352 төгрөгөөс 14,383,933 төгрөгийг суутгаж авсныг хууль бус гэж үзэж байна.

7.2.  Нэхэмжлэгч тал зөвхөн өөрийн эрх ашгаа бодож ямар ч аргаар хамаагүй илүү мөнгө олох зорилго агуулсан үйлдэл ажиглагддаг. 2,500,000 төгрөг зээлдүүлээд 4,539,417 төгрөг болгон буцаан авах, 8,000,000 төгрөг зээлдүүлээд 14,383,933 төгрөг болгон буцаан авах, 18,923,352 төгрөг зээлсэн болж харагдуулаад 22,730,109 төгрөг болгон буцаан авах шууд санаатай үйлдэл хийсэн. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

7.3.  Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал хариуцагч Д.М ын зөвшөөрлийг авалгүй 2 удаагийн үйлдлээр 4,539,417 төгрөг, 14,383,933 төгрөгийг тус тус данснаас нь шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрсөн. Д.М нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу 4,539,417 төгрөгийн зарлага буюу өмнө нь эзэмшиж байсан кредит картын төлбөрийг суутгаж авсныг хүлээн зөвшөөрнө, энэ талаар маргахгүй. Учир нь, 2021 оны 10 сарын 29-ний өдрийн ЗГ2805125838 тоот зээлийн гэрээг талууд 462868******3752 тоот кредит картын өр төлбөрийг төлөх зорилгоор харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Харин Г ХК буюу нэхэмжлэгч тал Д.М ын данснаас 2021 оны 10 сарын 29-ний өдөр 14,383,933 төгрөгийг суутгаж авахдаа 550160******7841 тоот кредит картын төлбөр гэж бичсэн, гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ЗГ2805125838 тоот зээлийн гэрээнд энэ талаар огт тусгагдаагүй, талууд харилцан тохиролцоогүй байсан. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Г ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,923,352 төгрөг, зээлийн хүү 3,709,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,582 төгрөг, нийт 22,730,109 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.М эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14,383,933 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-2, 15-16, 54, 75-78/

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлбэл, дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1.  Талууд 2021 оны 10 сарын 29-ний өдөр ЗГ2805125838 тоот Зээлийн гэрээ байгуулж, Г ХК нь 18,923,352 төгрөгийг жилийн 22,8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 462868******3752 тоот кредит картын өр төлбөрийг төлөх зориулалтаар зээлдүүлэх, Д.М нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүүний хамтаар буцаан төлөх нөхцөлийг тохиролцсон. /хх 4-6/

3.2.  Г ХК нь 2021 оны 10 сарын 29-ний өдөр 18,923,352 төгрөгийг Д.М ын эзэмшлийн 2209247959 тоот данс руу шилжүүлж, мөн өдөр 4,539,418 төгрөгийг 462868******3752:Март Дашзэгвэ к/төлөлт утгатайгаар, 14,383,934 төгрөгийг 550160******7841:Төлөлт утгатайгаар тус тус буцаан татсан. /хх 58/

4.   Талуудын маргаагүй дээрх үйл баримтыг дүгнэвэл, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 сарын 29-ний өдрийн ЗГ2805125838 тоот Зээлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна. Тодруулбал:

4.1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк ... нь мөнгөн хөрөнгийг ... тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүнийг хүүг буцаах төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг зөрчсөн байна.

4.2.  Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны 06 сарын 10-ны өдрийн А-155/134 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.4.14-т Банк нь төлбөр хариуцагч болон түүний холбогдох этгээдэд актив болон харгалзах хүүг нэмж актив олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно гэж журамласныг зөрчсөн байна.

5.   Магадлалын 4.1, 4.2-т заасныг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Г ХК нь 18,923,352 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан боловч уг зээлээр өмнөх 462868******3752 кредит карт болон 550160******7841 кредит картын зээлийн үүргийг гүйцэтгүүлсэн нь хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хүү тооцсон шинжтэй, хүүг нэмж актив олгосон шинжтэй болжээ.

6.   Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь эрх, үүрэг бий болгохгүй тул нэхэмжлэгч Г ХК нь 2021 оны 10 сарын 29-ний өдөр ЗГ2805125838 тоот Зээлийн гэрээ-г үндэслэн хариуцагч Д.М аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй. Улмаар, энэ талаарх нэхэмжлэгч Г ХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шийдвэрлэх учиртай боловч хэрэгт 550160******7841 кредит картын зээлийн гэрээ авагдаагүй, уг зээлийн гэрээгээр талуудын хүлээсэн эрх, үүрэг тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжгүйг тайлбарлах нь зүйтэй.

7.   Харин нэхэмжлэгч Г ХК нь өмнө байгуулагдсан гэх 462868******3752 кредит карт болон 550160******7841 кредит картын зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д.М аас шаардахад энэхүү магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

8.   Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

9.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/03339 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.1.1-т... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт... гэснийг ...492 дугаар зүйлийн 492.1.1-т... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 271,601 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР