Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шинжээч Д.Даваахүү

Хохирогч Г.Б

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-т холбогдох 1916000340025 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л овогт Б-н Б.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт хохирогч Ба-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт хохирогч Г.Ба-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 31-ний орой 21 цагийн үед Ба гэдэг айлд очсон. Гэр нь цоожтой хүүхэд нь аав байхгүй Б-х руу явсан гэсэн. Чимээгүй яваад Б-д очиход Э, Ба, Б гурав 2,5 литрийн Нийслэл пиво уугаад сууж байсан. Тэндээс надад жижиг стаканаар нэг хийж өгсөн. Тэрийг уусан. Ба-г гараад уулзъя танайд очъё гээд дагуулаад гарсан. Тухайн үед би морьтой Ба машинтайгаа Энхбаатар гэдэг айлаас гараад явсан. Ба-нд очоод надад 0,75 литрийн Соёрхол нэртэй архины талыг хийж өгсөн. Тэрийг хамт ууж дуусгаад бид нар Тулга ахынх руу явлаа айл дуудаад байна гээд бүгд гараад явсан. Хашааны урд нь бие засаад зогсож байхад Ба машинаа асаачихсан хөдлөхгүй зогсоод байсан. Гэтэл Л чи наанаа шээлээ хол очиж шээ гэсэн. Тэгэхээр нь би энд шээж болохгүй юм уу? гээд машин дээр нь очтол  Ба чи намайг доромжлоод байна уу? гээд машиныхаа түлхүүрээр зүүн хөмсөгний дээд талд цохисон. Тухайн үед шалбарсан байдалтай байсан. Би гарыг нь мушгиж түлхүүрийг нь аваад харилцан зодолдож тухайн үед гарт байсан түлхүүрээр оногдоод толгойн тус газар 3 цохигдсон байсан. Ба-г манайд оръё гээд дагуулж ороод Ба-н цусыг угаасан... Гэм буруу байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Г.Ба-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би Э-нд хоол идээд сууж байтал энэ хүн орж ирсэн. Тэгээд орж ирчихээд танайд очъё гээд дахин дахин хэлж уулзах шаардлага байна гэхээр нь манайд очсон. Гэрт ороод ундаа ус асгаж тамхи татаад хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь явлаа гэхэд архи аваад ир архи ууя эсхүл би чамд архи авч өгнө гэхээр нь манай хөлдөөгчинд 3 рүнк архи байхаар нь гаргаж өгсөн. Тэрнээс надад нэг рүнкийг уухгүй бол чамайг ална гэж хэлсэн. Бусдыг нь өөрөө уучихаад явсан. Тэгээд гартал энэ хүн манай амбаар руу шээсэн. Манай эхнэр яаж байгаа юм гэхэд доромжилж байна. Доромжилсон хүнийг яадаг юм гэсэн. Тэгэхээр нь бид нар согтуу хүнтэй муудалцаад яахав гээд машиндаа суутал энэ хүн өөрөө гарч ирж хашааны хаалга мөргөсөн. Их согтуу хөл нь дайваад байсан. Машиндаа сууж байтал гэнэт ирж машин унтрааж түлхүүрийг сугалж аваад миний баруун шанаан дээр цохиод буулгаж ирээд толгой руу 4-5 газар цохисон. Намайг гэр рүүгээ чирж авч ороод шкафа онгойлгож хутга авах гээд ширээн дээр байсан бүх зүйлийг тараагаад гэртээ агсам тавьж байтал хүр дүү болон эхнэр нь орж ирсэн. Манай эхнэр лүү ч гэсэн ална гэж дайраад хүр дүү сумын цагдаа М ах 2 энэ хүнийг авч явсан. Би эмнэлэг дээр очиж боолтоо хийлгээд гэртээ очсон. Энэ хүн гэртээ үлдсэн ... Надад 1.000.000 төгрөгийн хохирол байгаа. Хувцас зулгааж урсан, эмнэлгээр явсан, хөдөө мал дээр хүн байлгасан гээд хохирлууд байна ... Хот явж эмчлүүлнэ. Баруун нүдний доод яс 2 салсан цууралттай эмчлүүл гэсэн мал харах хүнгүй учраас өдийг хүртэл явж байна ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Шинжээч Д.Даваахүүгийн шүүхийн хэлэлцүүлгэт өгсөн “...Ба-н биед үүссэн хамрын ясны цөмөрсөн хугарал, тасвалчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, толгойн оройд шарх, баруун шанааны зулгаралт гэмтлүүдээс хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, толгойн оройд шарх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Хохирогч Ба-г өөрөө үзсэн. Эмнэлгийн бичиг баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан. Эмнэлгийн бичиг баримтад 01 дүгээр сарын 08-ны өдрийн гэмтлийн эмчийн үзлэгт толгой зөөлөн эдийн няцрал гэсэн байгаа нь шархыг хэлж байгаа юм. 01 сарын 10-ны өдрийн эрүү нүүрний эмчийн үзлэгт нүүр, хамар, толгой руу чинэрч өвдөнө хэсэг газрын үзлэгийг хэлье зүүн нүдний ухархайн доод хэсэгт эмзэглэл ихтэй. Хугарлын зөрүү тэмтрэгдэнэ. Нүдний хөдөлгөөн чөлөөтэй, чих хамар хоолойн эмчийн үзлэгт таславч баруун тийш бага зэрэг мурийсан, хамрын яс баруун тал цөмөрсөн ясны ирмэг тэмтрэгдэнэ. Өөрийн үзлэгээр тухайн үед толгойд байсан шархнуудыг үзэж дүгнэлт гаргасан. Энэ тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд ... Энэ хүн 01 дүгээр сарын 21-ний өдөр үзүүлсэн байна. Тэгэхээр энэ дүгнэлтэд ороогүй. Нүдний ухархайн хананы доод хугарал гэдэг нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаардаг ... Цууралт гэхээр өөр. Хугарал гэхээр өөр. Хохирогчийн яриад байгаа нь хугарал байна. Нүдний ухархайн доод хананы хугарал 2.4.1-т зааснаар хацар яс руу ороогүй бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж байгаа. Гэмтлийн зэрэг бол өөрчлөгдөхгүй ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Гэрч Л.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ба, Б хоёр ар араасаа ирсэн тэгээд орж ирээд хэл амаар доромжлоод, татаж байсан тамхиа ийш тийш нь хаяад ундаагаа асгаад байхаар нь би Ба-г явъя гээд гартал Б гэрийн хаалганы хажууд шээсэн. Тухайн үед Ба бид нар машинд суугаад хөдлөх гэж байтал Б түлхүүрийг нь булааж аваад Ба-г чирч буулгаад зодож цохиод байсан. Намайг буугаад болиоч гээд орилоход бичлэгээ хий хоёуланг чинь ална би шийдсэн байна. Түлхүүр орж байна уу? Амтагдаж байна уу? гээд Баийг ална гээд гэр рүүгээ чирээд явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ4/,

Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Л над руу залгаад Ба, Б хоёр хоорондоо зодолдоод байна гэж яръсан тэгээд би өөрийн байшингийн зүүн талд гартал Ба, Б хоёр зууралдаад ирсэн ... Тэгээд Л яваад олон нийтийн цагдаа М-г дуудаад гэр лүү ортол Ба цусаа угаагаад Б газар хэвтэж байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ5/,

Гэрч А.Бүжинлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчимд хүнд зодууллаа гээд сум дундын эмнэлэгт Ба ирсэн. Тэгээд үзлэг хийхэд толгойн тус газраа 3 зүсэгдсэн шархтай нүүрний баруун талын шанаан тус газраа бага зэрэг шалбарсан байсан. Мөн толгойн орой хэсэгт байсан 2 шархнаас бага зэрэг цус шүүрч гарч байсан, бусад амин үзүүлэлтүүд нь хэвийн байдалтай байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ17/,

Гэрч Б.Оюунтүлхүүрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Төмөрөө шил юм байна уу гэсэн аав жоохон архи гаргаж өгсөн. Тэрийг Төмөрөө уусан тэгээд тамхи хаяад аавд архи шахаад байсан. Бас Баандайгаа дууд би ганцаараа байсан ч дийлнэ гээд байсан. Тэгээд явах гээд гарсан чинь гадаа үүдний амбаар хийх гэж байсан мод руу Төмөрөө шээсэн. Тэгээд ээж Ломнонсүрэн явъя гэхэд аав машиндаа суусан. Тэгээд хөдлөх гэтэл Цоож байж бай гээд Б түлхүүрийг нь булааж аваад гарыг ньь барьж байгаад нүүр лүү нь цохиод дараа нь толгой руу нь цохисон. Тэгээд бид хэд яваад өгсөн ... Толгой руу нь 6 цохисон ...” гэсэн мэдүүлэг /ХХ20/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой манай аав Ба Б ахынх руу  явсан байсан. Б ирээд хаалга тогшоод хулдаасаа зүсч авъя, хаалгаа зүсч авъя гээд байсан тэгээд аав байхгүй гэсэн чинь Т яваад манай аавтай цуг гэрт орж ирээд тамхиныхаа үнсийг хаяад асаасан шүдэнзээ гэрт хаяад үүдний амбаар хийх гэж байсан юман дээр шээгээд аав машиндаа суугаад найз нь маргааш уулзъя гэсэн чинь Т манай аавыг чи хэзээ миний найз болсон юм бэ гэж хэлээд аавыг дарж байгаад түлхүүрийг нь булааж аваад нүүр лүү нь цохиод дараа нь толгой руу нь цохиод тэгээд унагааж байгаад чирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ21/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаартай “...1. Иргэн Ба-н биед хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, толгойн оройд шарх, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг үд хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ23-24/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүгдэгч Б.Б нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1  дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Г.Ба нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохиролтой холбоотой нотлох баримтуудаас “МТ Сонгинохайрхан” ХХК-ний 2 ширхэг баримт, Ариунтун эмийн сангийн 1 ширхэг баримт, “НИК”  ХХК-ний 2 ширхэг баримт, Эмийн жор 1 ширхэг зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд нотлох баримтаар нотлогдож байгаа  КТГ-ын зураг авахуулсны хохирол 70.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж хохирогч Г.Ба-д олгож, хохирогч нь өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,  шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 300.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бт танилцуулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с хохиролд 70.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ба-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,  хохирогч Г.Ба хохирлоо болон хойшид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.САРАНТУЯА