Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 311

 

2016 оны 05 сарын 23 өдөр     Дугаар 156/ШШ2016/00311

    Хэнтий аймаг

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00286/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн "Б" танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар: 
Сүхбаатар аймгийн Мөнххаан сум 4 дүгээр баг Баясгалант Хонхорын 7-5 тоотод оршин суух, иргэн  Ходог овогт Тогоогийн Нармандахын нэхэмжлэлтэй, 
"хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болор-Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Т.Нармандах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Д.Удвалцэцэг нь 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 7х8 метр дүнзэн байшин барьж өгөх гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байшинг барьж дуусгавар болгох нөхцөлтэй гэрээ байгуулсан. Иргэн Д.Удвалцэцэг нь гэрээ байгуулах үедээ Хэнтий аймгийн Батширээт сум Норовлин баг, нисэхийн 4 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хаягтай байсан ба урьдчилгаа 5 800 000 /таван сая найман зуун мянган/ төгрөгийг аваад жилийн дараа барилгын ажлаа гүйцэтгээгүй 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг өгөөд үлдэгдэл нөхөн төлбөр болон алдангийг өгөлгүй сураггүй алга болсон. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв. /хх-ийн 1-2х/
       
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Нармандах нь Хэнтий аймгийн Батширээт сумын иргэн Д.Удвалцэцэг гэгчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.

Д.Удвалцэцэг гэгч нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн иргэн Т.Нармандахын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын засаг даргын тамгын газарт 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хэлцэл байгуулах тухай /хх-ийн 6х/, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Дүнзэн байшин барих гэрээ,  Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар аймгийн Прокурорын газар Прокурорын тогтоол /хх-ийн 9х/, 2015 оны 02 дугаар сарын 13 өдрийн 5/252 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 10х/  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-ийн 14-15х/ зэргээр нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн иргэн Т.Нармандахын хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг, Норовлин нисэхийн 4 дүгээр гудамж 7 тоотод оршин суух бүртгэлтэй Шарайд овогт Доржсүрэнгийн Удвалцэцэгийг /РД:СБ83012700/ эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар  иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Удвалцэцэгийг эрэн сурвалжилж, түүний оршин суух газрыг олж тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газар болон 1 дүгээр тойргийн Тахарын албаны харъяа Хэнтий аймаг дахь Тахарын хэсэгт тус тус даалгасугай.

3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Удвалцэцэгийн талаарх хавтаст хэрэгт авагдсан баримтын хуулбарыг, шийдвэрийн хамт дээрх газруудад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Жамъяндоржид үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Нармандахаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР