Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Хохирогч С.О

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Н-д холбогдох эрүүгийн 1816002120112 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э овогт М-н Н.

Яллагдагч М.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн үед ОО-ОО улсын дугаартай shanshin маркын тээврийн хэрэгсэл жолоодон Алтайн Хүдэр уурхайгаас 100 дахь км замд явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах, 8.2 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Алтайн Хүдэр ХХК-иас хүдэр ачин явж байсан ОО-ОО улсын дугаартай ХОВО маркын автомашинтай мөргөлдөж жолооч С.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ОО-ОО улсын дугаартай ХОВО маркын тээврийн хэрэгсэлд 36.884.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн үед ОО-ОО улсын дугаартай shanshin маркын тээврийн хэрэгсэл жолоодон Алтайн Хүдэр уурхайгаас 100 дахь км замд явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах, 8.2 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Алтайн Хүдэр ХХК-иас хүдэр ачин явж байсан ОО-ОО улсын дугаартай ХОВО маркын автомашинтай мөргөлдөж жолооч С.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ОО-ОО улсын дугаартай ХОВО маркын тээврийн хэрэгсэлд 36.884.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.Н гэм буруутай болох нь:

Шүүгдэгч М.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд өгсөн “...Би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Бургастайн гааль дээр ачаагаа буулгачихаад наашаа хоосон буцаж явахдаа 100 дахь километр дээр миний урд нэг машин явж байсан. Өөдөөс 1 машин ирээд 2 машины тоосонд ороод үзэгдэх орчин хязгаарлагдмал болоод баримжаа алдаад урсгал сөрөөд орчихсон байна лээ. Урсгал сөрж ороод ОО-ОО дугаартай howo маркын машин өөдөөс гарч ирээд ямар ч зай гарахгүй. Өөдөөс ирээд мөргөлдсөн. Тухайн үед машин ирээд мөргөлдөхөд юу болж байгаа нь мэдэгдэхгүй дуу чимээ гарсан. Нэг сэрэхэд хөдөлж болохгүй хөл хугарсан байсан. Нөгөө ахыг байна уу? амьд уу? гэхэд байна замаа харж явахгүй яасан юм гэсэн. Ийм л зүйл болсон... Цаг агаар тогтуун байсан. Тоос нь агаарт тунасан байдалтай байсан”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч С.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 09 сарын 07-нд уурхайгаас хүдэр ачаад 82 тоннтой явж байсан. 92 дахь километр дээр урд талынхаа машины тоосонд орохгүй гээд явж байсан. Хажуу талаас нэг машин зөрсөн юм. Түүний тоос буугаагүй байхад нарны гэрлээр гялтганаж харагдаад машин орж байгаа юм байна гээд зүүн тийшээ дараад баруунаараа мөргөлдсөн. Энэ хүн их хурдтай байсан. Машин хойшоо метр гарантай шидэгдсэн. Ачаатай машин ингэж байхад 45 гэж хэлээд байгаа нь ямар учиртай юм. Тэр үедээ мөргөлдөөд ухаан самраад харахад урдаас утаа гараад машин шатах гэж байна гэж бодоод мөлхөх гэтэл хөл даагдахгүй хавирга өвдөөд мөлөхсөөр байгаад урд талын цонхоор гараад газар дээр хэвтэж байхад миний ах ирсэн. Тэгээд замаас намайг өргөж холдуулаад өвчин намдаах эм уугаад ахаараа энэ хүнд өгчих гэж өвчин намдаах эм өгөөд байж байтал манай хэдэн жолооч нар ирээд М.Н-г машинаас  нь буулгасан. Тэгээд ХАБ ирсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч  Ө.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад дуудлага ирээд уурхайгаас 96 км хоёр автомашин мөргөлдсөн байна гэхээр нь би уурхайн удирдлагад хэлээд дуудлагандаа явсан юм. 11 цаг 40 минутын орчимд ослын газарт ирэхэд гэмтсэн хоёр машинаас гаргаад газарт суулгачихсан байсан юм. Тэгээд би очоод үзэхэд хоёр жолоочийн биеийн байдал хүндэвтэр байхаар нь би нэг бүрчлэн үзлэг хийсэн. Жолооч Н 30 настай эрэгтэй баруун хөлний гуя орчим хавдсан эмзэглэлтэй, баруун хөлийн дунд чөмөг хугарсан, нүүр орчим бага зэрэг шалбарсан, өөр ил харагдах гэмтэл байхгүй, даралт 110, 70 өөрөө тайван байдалтай байсан юм. Жолооч О 50 настай эрэгтэй биеийн байдал дунд зэрэг баруун хөлийн өвдөгний үе орчим өвдөлттэй, хөлний шилбэ орчимд бага зэрэг зулгарсан хөлөө хөдөлгөхөд өвдөлттэй байхаар нь чиг тавъж боосон юм. Энэ хоёр жолоочид өвчин намдаах тариа, тайвшруулах эм өгч уурхайд хүргэж ирсэн юм...”гэсэн мэдүүлэг /ХХ31-32/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...би 100 гуанз дээр очоод дүү О-ыг хүлээхэд ирэхгүй болохоор нь би буцаад замын машинд дайгдаад ирэхэд дүү О машиныхаа хажууд буугаад хэвтчихсэн О-ын машины урдаас цэнхэр өнгийн SNANS маркын автомашин урдаас нь ирээд мөргөлдсөн байдалтай байсан юм. Тэгээд би О-ыг замын хажууд хэвтүүлээд цэнхэр өнгийн машины жолоочийг кабинаас нь буулгаад уурхай руу хэл хүргүүлээд осолд орсон жолооч нарт эм өгөөд хүлээсэн юм... Цэнхэр машин 00-00 улсын дугаартай автомашин урсгал сөрөөд ороод мөргөлдсөн байдалтай байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ33 /

Шинжээч цагдаагийн ахмад Л.Л-ийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “ ... Нэг: Замын хөдөлгөөнд оролцогч Мөнгөө овогтой Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зочдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хоёр: Замын хөдөлгөөнд оролцогч М.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас уг осол болсон байх үндэслэлтэй байна.

Гурав: Ослын материалаар өөр шинээр илэрсэн зүйл байхгүй болно...” гэсэн дүгнэлт /ХХ46/,

Шинжээч Б.Г-н 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “... С.О-н биед зүүн 2, 3, 4, 5, 6, 7-р хавирга, баруун өвдөгний шаант ясны далд хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ54/,

“Ашид билгүүн ХХК”-ний автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /ХХ61-62/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ6/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ09-15/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Н нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч М.Н-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч М.Н-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээрийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сар бүр 200.000 төгрөгөөр 3 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч М.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1  дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч М.Н-с 36.884.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.О-т олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт ирсэн шүүгдэгчийн цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт М-н Н-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 200.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Н-д танилцуулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-с хохиролд 36.884.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.О-т олгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч М.Н-д буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.САРАНТУЯА