Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816003100018 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт С-н Н.

Шүүгдэгч С.Н-н 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Тоёото Ланд Круйзер-100 маркын тээврийн хэрэгсэл жолоодон Улаанбаатар хотоос Цогт сумын чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байхдаа тус аймгийн Чандмань сумын нутаг Шалын хоолой гэх газарт Замын хөдөлгөөний дүрмийн 3.Жолоочийн үүрэг 3.4.б/ хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.Тээврийн хэрэгслийн хурд. 12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Т.Т-н амь нас хохирч, Тоёото Ланд Круйзер-100 маркын тээврийн хэрэгсэлд 15.155.000 төгрөгийн  хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”  гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч С.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 12 сарын 19-нд талийгаачийн ээж  Н надруу яриад  миний хүүг аваад яв гэж гуйсан юм.  Тэгээд 2018 оны 12 сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт явж байтал  гэнэт машин руль дарж булаагаад унасан. Машин унаад хүүхэд ухаангүй байхаар нь сүлжээ, хайгаад явсан. Удалгүй сүлжээнд гарч эмнэлэг дуудаад Чандмань сумын  эмнэлэг ирээд тусламж авч чадаагүй нас барсан ... Гэм буруугаа ойлгож байна. Өөрийн хайхрамжгүй байдлаас болж гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Аав ээж нараас нь уучлалт гуйсан. Цаашдаа ар гэрт нь тусалж талийгаачид буян хийж байх болно. Нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэж өгнө үү ...” гэсэн мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Н-н өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө Т.Т 88888888 гэсэн дугаараас миний гар утас руу залгаад Баянхонгор аймаг дээр ирж байна гэж ярьсан юм. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд Т.Т над руу яриад одоо гарч байна. Баянхонгор аймгийн төвөөс гараад явж байна сүлжээ тасрах гэж байна гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн орчимд С.Н-н эхнэр Ч над руу залгаад нөгөө хэд “шалын хоолой” гэх газарт машинтайгаа унасан байна гэхээр нь хүмүүс нь гайгүй юу гэхэд хоёр хүн их гэмтсэн байна хоёр нь гайгүй гэнэ гээд утсаа салгахаар нь би Цогт сум руу Б руу ярьсан чинь за би учрыг нь олно гээд утсаа салгасан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ23-24 /,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Д-н өгсөн “... Шалын хоолой гэх газарт явж байтал гэнэт “пин” гэх дуу чимээ гараад машин өнхөрөөд унасан юм. Тэгээд би сэрээд ирэхэд машины баруун талд хэвтчихсэн Н, Б хоёр намайг сэрээж байсан юм. Тэгээд би хэвтэж байгаад босоод ирэх үед  Н чи энэ хүүхдийг харж бай би машин олоод ирнэ гээд явсан би Т-ийн толгойг түшээд үлдсэн юм. Тэгээд тэр хоёрыг явсаны дараа Т-д хиймэл амьсгаа хийхэд огт амьсгал орохгүй байхаар нь би гүрээний нь судсыг бариад үзтэл судас нь цохихгүй байхаар нь толгой дээр нь юм тавьсан юм ... 70 орчим км цагийн хурдтай явж байсан юм... Н барьж явсан юм. Миний ард Б хажууд нь Т сууж явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ33/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Б-н өгсөн “... Гэнэт машин унах шиг болоод би сэрээд ирэхэд Н машиныхаа руль дээр сууж байхаар нь би ахаа юу болсон бэ гэхэд Н уначихлаа гэхээр нь би машины хаалга онгойлгох гэсэн чинь онгойхгүй болохоор нь машины буруу талын урд цонхоор эхлээд Н дараа нь би гарсан. Д машины буруу талд хэвтэж байсан. Н хүүе гайгүй юу гээд очоод сэгсрэхэд ёо ёо гээд босож ирээд суусан. Н нөгөө хүүхэд хаана байна гэхээр нь би машины зөв талд гараад харахад хамар амнаас нь цус гарчихсан хэвтэж байхаар нь очоод хөөе ахын дүү гээд татсан чинь ямар ч хөдөлгөөн байхгүй байхаар нь хоёр суганаас нь өргөөд машины буруу талд гаргаад Н хиймэл амьсгал хийгээд байж байтал Д хөөе Н-аа юу болсон бэ? гээд хүрээд ирсэн. Н машин унасан одоо яах вэ? Энэ хүүхэд амьсгал байхгүй боллоо гээд гар утасны сүлжээ олмоор байна гээд Н бид хоёр сүлжээ хайгаад явсан. Доороос нэг машины гэрэл гарахаар нь бид хоёр гэрэл амдаж очиход нэг жижиг машинтай хүмүүстэй тааралдаад үнэн учраа хэлээд сүлжээ олж өгөөч манай нэг хүн их муу байна гэж хэлсэн. Машинаа хайгаад олохгүй явж байгаад нэг овоон дээр манай сумын Ба-тай тааралдаад түүний машинд суугаад машинаа хайж олоод ирэхэд Д энэ Т нэмэргүй болсон байна гэхээр нь очоод үзэхэд нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ34-35/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 03 дугаартай “... 1. Талийгаачийн биед баруун чамархайд цөмөрсөн хугарал, уг хугарлаас баруун зулайн дунд хэсгээр дээшээ явсан хугарал, баруун чамархайн чөмөрсөн хугарлаас доош чулуулаг ясны ардуур явсан хугарал, зүүн чулуулаг ясны урд хэсгээрээ хөндлөн хугарсан хугарал, баруун 3, 4-р хувирганы хугарал, дух баруун шанаа, зүүн шанаа, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 4. Талийгаач нь  гавал тархины битүү гэмтлийн улмаас болж нас барсан байна.

5. 6. Талийгаачийн биеэс авсан цусанд архи согтууруулах ундааны зүйл илрээгүй.

7. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт /ХХ40-43/,

Шинжээч цагдаагийн ахмад Л.Лхагвадоржийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “... Нэг: Тоёота Ланд Круйзер-100 маркын 30-86 УБС улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон С овогтой Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.Жолоочийн үүрэг 3.4 б/ Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.Тээврийн хэрэгслийн хурд: 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хоёр: Замын хөдөлгөөнд оролцогч С.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг осол болсон байх үндэслэлтэй байна.

Гурав: Ослын материалаар өөр шинээр илэрсэн зүйл байхгүй болно...” гэсэн дүгнэлт /ХХ78/,

“Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1491 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /ХХ85/,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ3-4/, гэрэл зургийн үзүүлэлт/ХХ5-12/, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ13/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Шүүгдэгч С.Н 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Тоёото Ланд Круйзер-100 маркын тээврийн хэрэгсэл жолоодон Улаанбаатар хотоос Цогт сумын чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байхдаа тус аймгийн Чандмань сумын нутаг Шалын хоолой гэх газарт Замын хөдөлгөөний дүрмийн 3. Жолоочийн үүрэг 3.4.б/ хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12. Тээврийн хэрэгслийн хурд. 12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Т.Т-н амь нас хохирч, Тоёото Ланд Круйзер-100 маркын тээврийн хэрэгсэлд 15.155.000 төгрөгийн эвдрэл, гэмтэл учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах болон өмгөөлөх талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, хор уршгийг арилгасан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авахдаа харгалзаж үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг шүүгдэгч С.Н-т оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Н-т Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

10.000.000 /арван сая/ төгрөг хохиролд төлсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хохирогч Г.Н-н хүсэлт /ХХ-125/, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн иргэний нэхэмжлэгч Х.Ч-ийн мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч С.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 00-00 УБС улсын дугаартай Ланд-100 маркын автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, цахим үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шүүгдэгч С.Н-т буцаан олгож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.  Шүүгдэгч Б овогт С-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг шүүгдэгч С.Н-т оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хассугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч С.Н-т авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Н-т сануулсугай. 

5. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 00-00 УБС улсын дугаартай Ланд-100 маркын автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, 000000 регистрийн дугаартай цахим үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шүүгдэгч С.Н-т буцаан олгож,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА