Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2023/00033

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 387 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******т холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай

 Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох:

Миний бие нь 2018 онд *******тай танилцан улмаар 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтийн ******* тоот баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүү ******* төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү маань эх *******ын асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж хүү *******ийг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

 *******, ******* нар нь 2020 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Цаашид хамт амьдрах боломжгүй. Тэдний дунд хүүхдийн тэтгэлгийн болон дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийг эх *******ын асрамжид үлдээхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 387 дугаартай шийдвэрээр:  

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заасныг баримтлан Боржигон овогт ******* *******, Сонгоол овогт Түмэнжаргалын Мөнгөнсувд нарын гэрлэлтийг цуцалж,

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү *******ыг эх *******ын асрамжид үлдээж,

 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү *******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг *******аар тэжээн тэтгүүлж,

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдан,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37.913 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Миний хүү ******* ******* нь 2023.01.22-ны өдөр авто осолд орж тархины гэмтэл авч 70%-ийн хөдөлмөрийн чадвараа алдсан. Байнгын асаргаанд байдаг, өөрийгөө удирдах, сэтгэн бодох чадваргүй, байнгийн эмчилгээтэй. Дух, тархины яс гэмтсэн. Сар бүр 200,000-400,000 төгрөгийн эм ууж, тариа хийлгэж эмчлүүлдэг. Цаашид дух, тархины яс нөхүүлэх, төмөр суулгах хоёр удаагийн хагалгаанд орох учир санхүүгийн боломжгүй учир шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн дагуу хүүхдээ тэтгэх үүргийн хүрээнд *******аас тусдаа амьдарснаас хойш осолд орсон үеийн хоорондох 2 жилийн хугацаан дах хүүхдийн мөнгийг чадах ядахаараа төлж барагдуулна. Иймд 2023.06.21-ний өдрийн 387 тоот шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоосонг цуцлуулах хүсэлтэй байгаа учирхүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 3. Хэргийг судлан үзвэл Гэрлэгчид болох *******, ******* нар нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж иргэний гэрлэсний бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн албан ёсны гэр бүл бөгөөд тэдний дундаас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүү *******ыг төрүүлжээ. Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2021 оноос хойш тусдаа амьдрах болсон байна.

Гэр бүлийн маргаанаас үүдэн 2023 онд гэрлэгчид шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсгээр үйлчлүүлж, байсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ. Одоогоор нэхэмжлэгч ******* нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэд төрүүлсэн, гэрлэгчид эвлэрэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс гэрлэгчдийг хамтран амьдрах боломжгүй, амьдралын бодит нөхцөл байдал үүссэн гэсэн үндэслэлээр тэдгээрийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг төлөх талаар маргаагүй тул шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү *******ыг эх *******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг *******аар хүүхдийн 18 нас хүртэл сар бүр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүүхдийн тэтгэлэг төлөх эсэх талаар талууд маргаагүй ба шүүхээс хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөөс хамгаалах үүднээс Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар хүүхдийг эцгээр *******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Монгол улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхэд тэжээн тэтгүүлэх эрхийг эдлэх, эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан ба эцэг, эх үр хүүхдээ тэжээн тэтгэхээс чөлөөлөгдөхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ ...хариуцагч ******* нь ослын улмаас хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан байнгын асаргаанд байдаг гэсэн үндэслэлээр түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах... гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүхээр хэргийн хянан шийдвэрлэх явцад *******ийн биеийн эрүүл мэндийн талаар огт дурьдаагүй байх ба давж заалдах шатны шүүхэд гомдолтой холбоотой баримтуудыг ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т ... давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг заах эрхгүй... гэж заасан тул гомдлын хамт ирүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүх хэлэлцэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлээгүй бөгөөд давж заалдах шатны шүүх энэхүү гомдлыг хэлэлцэх боломжгүй.

Монгол улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхэд тэжээн тэтгүүлэх эрхийг эдлэх, эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан ба эцэг, эх үр хүүхдээ тэжээн тэтгэхээс чөлөөлөгдөхгүй.

Харин Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 42 дугаар зүйлд зааснаар тэтгэлэгч төлөгчийн хувийн байдлыг харгалзан түүний хүсэлтийг харгалзан тэтгэлгийн хэмжээг багасгах, өөрчлөх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхээр заасан бөгөөд тэтгэлэг төлөгчийг дээрхи үндэслэлээр чөлөөлөх зохицуулалтгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Тэтгэвэр төлөгч нь хувийн байдалтай холбоотой баримтаа бүрдүүлэн тэтгэлэг төлөх хэмжээг багасгах талаар анхан шатны шүүхэд жич хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой.

 Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 387 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН