Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 05

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.А-т, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Н-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1804002680169 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад           

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                          З.Ганцоож

Улсын яллагч                                                            Б.Буяндэлгэр

Шүүгдэгч                                                                Г.А-, П.Н-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                  Д.Ц нар оролцов.

           

Шүүгдэгч: М- улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл .., цахим үнэмлэхний хаяг: .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух хаягтай боловч одоо Багануур дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух Ц- овгийн Г-ын А-

            Шүүгдэгч: М- улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., ээжийн хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоот орон сууцанд оршин суух, урьд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан М- овгийн П-ийн Н-

Прокурорын яллах дүгнэлтэд:

            Яллагдагч Г.А- нь П.Н-той бүлэглэж 2018 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны гадна орших автомашины зогсоол дээр байрлуулсан байсан “Улаанбаатар цахилгаан түгээх станц” төрийн өмчит хувьцаат компанийн салбар болох “Налайх түгээх төв”-ийн өмчлөлийн 01-48 УБ улсын дугаартай “Даюун Ди Вай” маркийн хөх өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 302.425 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Мөн яллагдагч Г.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ганцаараа Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 4 тоот хашаанд оршин суух Н.Д-гийн жижиг гэрийн цоожийг эвдэж, хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч шүдлэн үхрийн хаа, гуяны мах хулгайлж 272.800 төгрөгийн нийт 575.225 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

             Яллагдагч П.Н- нь Г.А-тай бүлэглэж 2018 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны гадна орших автомашины зогсоол дээр байрлуулсан байсан “Улаанбаатар цахилгаан түгээх станц” төрийн өмчит хувьцаат компанийн салбар болох “Налайх түгээх төв”-ийн өмчлөлийн 01-48 УБ улсын дугаартай “......” маркийн хөх өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 302.425 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Г.А-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн үед гэрээсээ гараад Их гүний 1 дүгээр гудамжны 4 тоот хашаанд байх Д- ахтай уулзах гээд очиход гэрт нь хүн байхгүй байсан. Би урьд өдөр нь Д- ахынд очиж илүү гэрт нь мах зөөж оруулсан учраас илүү гэрт нь мах байсныг мэдэж байсан юм. Тэгээд амбаар руу нь орж лоом аваад илүү гэрийнх нь хаалгыг эвдэж ороод үхрийн бүтэн хаа, гуяны махыг хулгайлж авсан. Би Д- ахад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Мөн 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Багануур дүүргийн баяр наадам үзчихээд 22 цагийн үед гэр рүүгээ харих гээд явж байгаад Н- гэх зүс таних залуутай тааралдсан. Гэтэл Н- 5 дугаар байрны урд талын автомашины зогсоолд байрлуулсан байсан мотоциклийг хулгайлж авч яваад мөнгө болгоё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр мотоциклийг хамт түрж яваад Сургалтын задгайд байх Т- ахын хашаанд авчирсан…” гэсэн мэдүүлэг /хх-хуудас 91-93, 101-102 шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч П.Н-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би А-тай нийлж хүний мотоцикль хулгай хийсэн нь үнэн. Би хулгайн мотоцикль зарах гэж явж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 100-105 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Н.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цагийн үед Их гүний .. дүгээр гудамжны .. тоот хашаанд байх гэрээсээ гарч яваад өдрийн 14 цагийн үед гэртээ ирэхэд манай жижиг гэрийн хаалгыг эвдэж, хаалганых нь хажууд лоом түшүүлээд тавьчихсан байсан. Тэгээд жижиг гэртээ орж эд зүйлсээ шалгахад эр шүдлэн үхрийн хаа, гуяны мах алга болсон байсан. Би тэр даруйдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дүгээр хуудас/

Хохирогчийн төлөөлөгч Д.Наранцацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2018 оны 7 дугаар сард Төв аймгийн Баяндэлгэр сумын монтер ажилтай Г- нь Багануур дүүрэгт ажлаар явж байхдаа манай байгууллагын эзэмшлийн 01-48 УБ улсын дугаартай Даюун-150 маркийн мотоциклийг жолоодож яваад хулгайд алдсан байсан. Тэгээд тэр даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу тэр өдөрт нь цагдаагийн байгууллага хулгайд алдагдсан мотоциклийг олж өгсөн. Манай байгууллага мотоциклоо буцаагаад авсан учраас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Уранчимэгийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ахиц-1 цайны газарт байж байхад үдээс хойш нэг эрэгтэй хүн орж ирээд үхрийн хаа, гуяны мах зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь надад бэлнээр 30.000 төгрөг байна гэж хэлэхэд нөгөө хүн үлдэгдлийг нь орой авъя гэж хэлээд үхрийн хаа авчирч зарсан. Тэгээд жинлээд үзэхэд 21 килограмм 600 грамм болсон бөгөөд нийт 64800 төгрөг болсон юм. Гэтэл нөгөө хүн шууд 60.000 төгрөгөөр тооцож бодъё гэж хэлээд надад байсан 30.000 төгрөгийг аваад үлдэгдэл мөнгөө орой авъя гэж хэлээд явсан. Удалгүй цагдаа нар ирээд миний худалдаж авсан махыг хурааж авсан. Би тэр хүнээс 30.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-р хуудас/

Гэрч Д.Батцэцэгийн өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 52-02 БРА улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байхад 2018 оны 11 дүгээр сарын 25-ны 13 цагийн үед Ахиц-1 дэлгүүрийн урдаас цэнхэр цамцтай залуу суусан. Тэр залуу манай гэрээс мах аваад ирье гэж хэлсэн бөгөөд их гүний  1 дүгээр гудамжны 2 тоот хашаа руу ороод үхрийн хаа мах авч гарч ирээд буцаж Ахиц-1 дэлгүүрийн үүдэнд буусан. Тэгээд нөгөө залуу 30.000 төгрөг барьж гарч ирээд надтай тооцоо хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 58-р хуудас/

Гэрч Л.Ж-ы өгсөн: “...Төв аймгийн Баяндэлгэр суманд цахилгаанчин хийдэг дүү Г-ас 01-48 улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг нь хөдөө явах гээд гуйж авсан юм. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 11-ний орой хөдөөнөөс ирээд 5 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр мотоциклоо байрлуулсан. Гэтэл маргааш нь мотоцикль алга болсон байсан. Би тэр даруйдаа цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/

Гэрч Н.Л-ийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр нэг залуу ирээд мотоцикль зарна гэсэн юм. Би тэр залуугаас ямар мотоцикль юм бэ, бичиг баримттай юм уу гэж асуухад бичиг баримт нь байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь мотоциклоо аваад ир, үзэж харъя гэхэд түлхүүр нь байхгүй яаж авчрах вэ гээд байхаар нь юм хэлээгүй. Тэр залуугийн ярьсан нь сэжигтэй санагдаад байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/

Гэрч Д.Б-ын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 12-ны Н- гэх залуу намайг мотоцикль хамт түрээд өг гэж гуйгаад байхаар нь хамт явж цэнхэр өнгийн 01-48 УБ дугаартай мотоциклийг түрээд Нарийны 1 дүгээр гудамжны 1 тоот хашааны гадна авчирч мотоцикль зарах гэж байхад цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 55 хуудас/

Гэрч Т.Т-ийн өгсөн: “...Манай  хашаанд байх амбаарт хэн мотоцикль авчирч хийснийг мэдээгүй.  2018 оны 7 дугаар сарын 12-ны өглөө гэртээ байж байхад Н- гэх залуу нэг настай хүний хамт манай амбаараас цэнхэр өнгийн мотоцикль гаргаад хашаанаас түрээд гарсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 56-р хуудас/

Эд хөрөнгийн хохирлын: “...Шүдлэн эр үхрийн хаа 21.6 кг, 1 кг 5500 төгрөг, нийт 118.800 төгрөг, шүдлэн эр үхрийн гуя 28 кг, нэг кг 5500 төгрөг, нийт 154.000 төгрөг, нийлбэр дүн 272.800 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-н 63-р хуудас/

“Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд: 01-48 Уб дугаартай /DAYUN/ маркийн мотоциклийн үнийг  302.425 төгрөгөөр үнэлжээ /хх-н 66-р хуудас/

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн “...01-48 УБ улсын дугаартай цэнхэр өнгийн ард талын ачааны хэсэгт сур ороосон мотоциклийг П.Н-оос хураан авч хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-н 20-р хуудас/

Эд зүйл хураан авсан “...Багануур дүүргийн 5 дугаар хороо Их гүний 1 дүгээр гудамжны 4 тоотоос алдагдсан гэх үхрийн хаа махыг худалдаж авсан гэх Б.Уранчимэгээс уг махыг хураан авч жинлэж үзэхэд 21 кг 600 грамм болж байв. Эд зүйл хураан авах ажиллагааг 1 кадр зураг авч бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл /хх-н 23-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Хохирогч Н.Д-д түүний хулгайд алдсан гэх үхрийн хаа болох 21 кг 600 грамм махыг хүлээлгэж өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-н 25-р хуудас/

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаартай “Сэжигтний баривчлах тухай” Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-н 72-73-р хуудас/

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-н 76-77-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-н 30-р хуудас/

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн “...Эд мөрийн баримтаар хураан авсан лоомонд үзлэг хийхэд 150 см урттай, 9 сантиметр диаметртэй иштэй, 13х7 см хэмжээтэй хавтгай хошуутай хүрэн өнгийн төмөр лоом байв...” гэсэн тэмдэглэл /хх-н 29-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн “...хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 4 тоот хашаа байв. Хохирогч үзлэгийн явцад өгүүлэхдээ жижиг гэрт хулгай орж мах хулгайлсан бөгөөд тухайн чиглэлд үзлэгийг үргэлжлүүлэхэд жижиг гэрийн хаалганы зүүн талд 150 см урттай лоом байв. Жижиг гэрийн хаалгаар ороход гэрийн хоймор хэсэгт үхрийн махнуудыг давхарлан тавьсан байх бөгөөд эдгээр махнаас 1 хаа, 1 гуяны мах алдагдсан гэж хохирогч өгүүлж байв. Гэрээс өөр алдагдсан зүйлгүй гэв. Шинжээч хэргийн газрын үзлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч үзлэгийг дуусгав...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-15/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан “....П.Н- нь урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан...” гэсэн хуудас /хх-н 146-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан “...Г.А- нь урьд ял шийтгэлгүй...” гэсэн хуудас /хх-н 124-р хуудас/

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 120-122, 149-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагч дүгнэлтдээ: “…П.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулах саналтай…” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “…шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна. Шүүгдэгч нар нь хохирлоо бүрэн төлсөн. П.Н-ид ЭХ-ийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү.  Г.А- гэм буруугаа хүлээсэн тул Эх-ийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү…” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

              Хохирогчид болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч нар маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчдийн мэдүүлгүүд, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Шүүгдэгч Г.А-, П.Н- нар нь бүлэглэж 2018 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны гадна орших автомашины зогсоол дээр байрлуулсан байсан “Улаанбаатар цахилгаан түгээх станц” төрийн өмчит хувьцаат компанийн салбар болох “Налайх түгээх төв”-ийн өмчлөлийн 01-48 УБ улсын дугаартай “Даюун Ди Вай” маркийн хөх өнгийн мотоциклийг хулгайлж 302.425 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.А-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “…Н- бид хоёр мотоциклийг хамт түрж яваад Сургалтын задгайд байх Т- ахын хашаанд авчирсан…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч П.Н-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “…Би А-тай нийлж хүний мотоцикль хулгай хийсэн нь үнэн…” гэсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Мөн шүүгдэгч Г.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ганцаараа Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 4 тоот хашаанд оршин суух Н.Д-гийн жижиг гэрийн цоожийг лоом төмрөөр эвдэн орж шүдлэн үхрийн хаа, гуяны мах хулгайлж 272.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн ”… Би амбаар руу нь орж лоом аваад илүү гэрийнх нь хаалгыг эвдэж ороод үхрийн бүтэн хаа, гуяны махыг хулгайлж авсан…” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн “…жижиг гэрийн хаалгыг эвдэлчихсэн, хаалганых нь хажууд лоом түшүүлээд тавьчихсан, гэрээс эр шүдлэн үхрийн хаа, гуяны мах алга болсон байсан…” гэсэн мэдүүлэг зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А- нь айлаас мах хулгайлах үйлдэлдээ санаатай хандсан болох нь гэрийн хаалганы цоожийг лоомоор хөшиж эвдэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээр тогтоодож байна.

Шүүгдэгч Г.А-, П.Н- нар мотоцикль хулгайлах үйлдэлдээ санаатай хандсан болох нь бусдын эзэмшлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж авч явж борлуулахаар оролдсон үйлдлээр нь тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэжээ. Шүүгдэгч Г.А-, П.Н- нар нь мотоцикль хулгайлах үйлдэл хийхдээ санаатайгаар хамтран ярилцаж, хамт үйлдсэн байх тул энэ хэрэгт шүүгдэгч нарыг бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэхээр байна.

Г.А-, П.Н- нарын мотоцикль хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 302.425 төгрөг болох нь “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлээр /хх-н 66-р хуудас/ тогтоогдож байна.

Мөн Г.А-ын мах хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 272.800 төгрөг болох нь эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр /хх-н 63-р хуудас/ тогтоогдож байх ба шүүгдэгч Г.А-ыг хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн амьдардаг гэрийн цоожийг эвдэн орсон тул орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.

Шүүгдэгч нарын үйлдлүүд нь хохирогч нарын М- Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Иймд шүүгдэгч П.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нар нь мотоцикль хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 20-р хуудас/, хохирогчийн “…Манай байгууллага мотоциклоо буцаагаад авсан, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн мэдүүлэг /хх-н 38, 39-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул тэднийг хохирогчид хохирол төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Г.А- нь хохирогч Н.Д-д хохирол төлбөргүй болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 25-р хуудас/, хохирогчийн “…хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй…” гэсэн хүсэлт /хх-н 34-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул хохирол төлбөргүй гэж үзнэ.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Уранчимэг нь 30.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.А- нь “…иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлж барагдуулна…” гэж төлбөр төлөхөө илэрхийлсэн тул түүнээс 30.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Н- Г.А- нар нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа, хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “…учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол …ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар шүүгдэгч Г.А- нь гэм буруугаа хүлээж, хохирогчид учруулсан хохиролоо нөхөн төлж барагдуулсан тул тухайн зүйл хэсгийг ял оногдуулахдаа хэрэглэвэл зохино.

Иймд шүүгдэгч Г.А-т ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэнэ.

Шүүгдэгч П.Н-ид ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж ял шийтгэл оногдуулна.

Шүүгдэгч П.Н- нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар П.Н-ид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй

 Мөн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.А- энэ хэрэгтээ 44 хоног цагдан хоригдсон нь хэрэгт авагдсан захирамжуудаар тогтоогдож байх тул цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцно.

Шүүгдэгч П.Н- нийт 150 хоног цагдан хоригдсон болох нь хэрэгт авагдсан 134 дугаартай шийтгэх тогтоол болон шүүгчийн захирамжуудаас харагдаж байх тул цагдан хоригдсон 150 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцвол зохилтой.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хүрэн өнгийн лоом төмрийг Г.А- нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

            Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц- овгийн Г-ын А-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М- овгийн П-ийн Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц- овгийн Г-ын А-ыг нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М- овгийн П-ийн Н-ийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар П.Н-ид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг /720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 3 сарын хорих ял/ нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг нэг /1/ жил гурван /3/ сарын хорих ялаар тогтоосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А- П.Н- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.А-ын цагдан хоригдсон 44 хоногийг, П.Н-ийн цагдан хоригдсон 150 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгчид шүүгдэгч Г.А-аас 30.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Уранчимэгт олгосугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 150 см урттай 9 см диаметртэй иштэй, 13х7 см хэмжээтэй хавтгай хошуутай хүрэн өнгийн лоом төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.А-, П.Н- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  11. Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  13. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            А.БЯМБАЖАВ