Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 323

 

 

 

2016 оны 05 сарын 23 өдөр     Дугаар 156/ШШ2016/00323
    Хэнтий аймаг


 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 
Хэргийн индекс: 156/2016/00382/И
 
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
 
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, 

    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суугч иргэн Тасрангийн Батболдыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн хошууч А.Отгонжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Долгормаа нар оролцов. 
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
     Нэхэмжлэгч  Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Эрхэлсэн тодорхой ажилгүй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн иргэн Т.Батболд нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү  гэжээ. /хх-ийн 1х/
 
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Т.Батболд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суудаг архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч Д.Балдангомбын тайлбарт 2014 онд 30 хоног баривчлагдаж байсан Архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг гэх тодорхойлолт, нийгмийн бодлогын түшмэл Т.Эрдэнзаяагийн: Т.Батболд нь 2011 онд архины хордлого тайлах эмчилгээнд хамруулсан боловч архины асуудлаа бүрэн шийдвэрлээгүй байнга архи ууж олон нийтийн газраар явдаг, албадан эмчилгээнд явуулмаар байна гэсэн тодорхойлолт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн засаг дарга засаг дарга Х.Мөнхбатын: Т.Батболд нь айлд мал хөлсөөр хардаг, суманд орж ирсэн байх үедээ хааяа согтууруулах ундаа хэрэглэдэг гэх тодорхойлолт, төрсөн дүү Т.Батбаярын манай ах Т.Батболд нь 1993 оноос архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн архи уухаараа байгаа газраа хэрүүл маргаан үүсгэж, үглээд байдаг. Архи уухаараа олон нийтийн газраар явж хүнтэй хэрэлддэг. Албадан эмчилгээнд явуулахад татгалзах зүйлгүй байна гэх тайлбар, Т.Батболдын ээж Тасрангийн: Батболд бол манай хамгийн том хүү байгаа.  Архи битгий уу гэж хэлээд нэмэр байхгүй уугаад байгаа, хэд хэд хэлээд нэмэргүй байна. Урьд нь эмчилгээнд хамрагдаж байгаагүй. Одоо эдгэрдэг бол эмчилгээнд явуулмаар байна гэх тайлбаруудаас үзэхэд энэ хүнийг архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай байгаа нь тодорхой байна. Түүний  архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гаргасан зөрчлийг авч үзвэл     1 удаа саатуулагдсан, 2 удаа торгуулийн арга хэмжээ авагдсан байна. 

Иймд Т.Батболдыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Батболд нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие архи уудаг нь үнэн. Хөдөө хэдэн сар байж байгаад суманд нэг ирдэг тэгээд найз нөхөдтэйгөө таараад ганц нэг юм уудаг. Одоо би хөдөө айлын мал маллаж байгаа. Манай ээж 60 гарсан тахир дутуу хүн байгаа. Албадан эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

             Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар нь Т.Батболдыг архины албадан эмчилгээнд хамруулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна. 

            Нэхэмжлэгч байгууллагын хүсэлтийг хангах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

Боржигин овогт Тасрангийн Батболд нь архинд донтох өвчний улмаас байнга архидан согтуурч, захиргааны арга хэмжээ авагдаж байсан болох нь түүний төрсөн дүү Т.Батбаярын Цагдаагийн газарт өгсөн тайлбар /хх-ийн 12-13х/, түүний ээж Лувсанцэдэнгийн Тасрангийн Цагдаагийн газарт өгсөн тайлбар /хх-ийн 14-х/, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нийгмийн бодлогын түшмэл Т.Эрдэнэтуяагийн цагдаагийн газарт өгсөн тайлбар /хх-ийн 15х/, Т.Батболдын архи согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ гаргасан зөрчлийн тодорхойлолт /хх-ийн 18х/  Т.Батболдын Цагдаагийн байгууллагад болон шүүхэд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Мөн тэрбээр архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь  Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлт, эмнэлгийн үзлэг, шинжилгээгээр тогтоогдож байна. 

    Иймд Т.Батболдод архины албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж шүүх үзлээ.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
                                      
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан Боржигин овогт Тасрангийн Батболд /РД: СР75011015/-д архины албадан эмчилгээ хийлгэсүгэй. 
 2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Т.Батболдыг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн  газарт даалгасугай. 
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 
4. Энэ шийдвэр нь танилцуулан сонгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар албадан эмчилгээнд хамрагдаж буй өвчтөн Т.Батболд, түүний хууль ёсны төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР