Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 328

 

2016 оны 05 сарын 26 өдөр     Дугаар 156/ШШ2016/00328

    Хэнтий аймаг


 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Хэргийн индекс:156/2016/00383/И
 
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
 
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 8-4 тоотод оршин суух, иргэн Их мэргэд овогт Балгансүрэнгийн Янжинлхам (РД:СТ66051006)-ын нэхэмжлэлтэй
 
            “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Янжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. Энхзул нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
     Нэхэмжлэгч  Б.Янжинлхам  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Б.Янжинлхам би Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1983 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 70 тоот тушаалаар мөн өдрөөс шинэ контор, клубын үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Ингээд Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1984 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 27 тоот тушаалаар төл бойжуулах ажилд дайчлагдан төлчнөөр түр томилогдон ажиллаж байгаад даргын 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 95 тоот тушаалаар 6 дугаар сарын 10-ны өдрөөс сүүний тасагт саальчнаар түр томилогдон ажилласан ба даргын 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 100 тоот тушаалаар тугалчнаар түр томилогдон ажилласан. Тэгж байгаад даргын 1986 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 78 тоот тушаалаар төлчнөөр түр томилогдон ажилласан. Ингээд даргын 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үтрэмийн ажилчнаар ажиллаж байгаад даргын 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103 тоот тушаалаар дэгдээхий бойжуулагчаар түр ажиллаж байсан. Ингээд би Өндөрхааны Сангийн аж ахуйд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан. 
Дээрх хугацаанд ажиллаж байхдаа би 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү Соронзонбаатарыг, 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү Соронзонбаярыг тус тус төрүүлж байсан болно.
Миний хөдөлмөрийн дэвтэр болон зарим холбогдох бичиг баримтууд маань устаад алга болсон ба одоо өндөр насны тэтгэвэрт гарахаар баримтуудаа бүрдүүлтэл Хэнтий аймгийн архиваас миний ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолт, ажлаас чөлөөлөгдсөн болон бусад тушаалууд маань бүрэн гарахгүй байна.
Иймд намайг 1983 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Өндөрхааны Сангийн аж ахуйд ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 
Нэхэмжлэгч Б.Янжинлхам нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Янжинлхам нь 1983 оноос 1989 он дуустал ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй 1983 оноос Сангийн аж ахуйн намын хорооны конторын үйлчлэгч соёлын төвийн үйлчлэгч хийж байсан 1987 оноос үтрэм ногоо бригадаар ажиллаж байсан. Энэ хооронд ажиллаж байсан цалингийн цэс архив бичиг гүйцэд гараагүй хаврын сард цалингийн 80 хувь аваад төлчнөөр байнга явдаг байсан, зуны 6 сараа сааль сүү бэлтгэх цөцгий масло бэлтгэж саалийн ферм дээр гарч ажиллаж байсан. Энэ ажиллаж байсан хугацааг минь тэтгэвэр орох гэж байгаа учир тогтоож өгнө үү гэв.
 
   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч  Их мэргэд овогт Балгансүрэнгийн Янжинлхам нь 1983 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхааны Сангийн аж ахуйд цэвэрлэгч /шинэ контор, клубын/, төлчин /тугалчин/, саальчин, дэгдээхий бойжуулагч, үтрэмийн ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
 
Нэхэмжлэгч Их Мэргэд овогт Балгансүрэнгийн Янжинлхам нь 1983 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхааны Сангийн аж ахуйд цэвэрлэгч /шинэ контор, клубын/, төлчин /тугалчин/, саальчин, дэгдээхий бойжуулагч, үтрэмийн ажилчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1983 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 70 дугаартай ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 3х/, Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1984 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай төлчдөд 80 хувийн цалин олгох тухай тушаал /хх-ийн 4-5х/, Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 95 дугаартай ажлаас чөлөөлөх ажилд түр томилох тухай тушаал /хх-ийн 6х/,  Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101 дугаартай нэмэгдэл цалин олгох тухай тушаал /хх-ийн 8-9х/, Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1985 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3 дугаартай төмс хүнсний ногооны ургацын төлөвлөгөө биелүүлэх арга хэмжээний тухай тушаал /хх-ийн 10-12х/, Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1986 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 78 дугаартай төлчдэд цалингийн 80 хувь олгох тухай тушаал /хх-ийн 13-14х/, Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 239 дугаартай нярай хүүхэдтэй эхэд тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал /хх-ийн 15х/ Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаартай ажилд шилжүүлэн томилох тухай тушаал /хх-ийн 16х/, Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаартай нярай хүүхэдтэй эхчүүдэд тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал /хх-ийн 17-18х/, 1986 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Соронзонбаатарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 19-20х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 26х/, гэрч Б.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 31х/, гэрч Т.Уранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 33х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
                                      
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Их мэргэд овогт Балгансүрэнгийн Янжинлхамыг 1983 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхааны Сангийн аж ахуйд цэвэрлэгч /шинэ контор, клубын/, төлчин /тугалчин/, саальчин, дэгдээхий бойжуулагч, үтрэмийн ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Янжинлхамаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР