Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 208/МА2023/00052

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 148/ШШ2023/00552 дугаартай шийдвэр

Нэхэмжлэгч Ч.*******,

Хариуцагч З.*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин хариуцагч З.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... Миний бие Ч.******* нь З.*******тай 2010 онд танилцаад 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулж амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 12 сарын 26-нд охин ******* төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдраад 2 жил хүртэлхи хугацаа болж байна. Одоо миний бие нь охин *******тэйгээ цуг амьдарч байгаа ба охин маань Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 4-р сургуульд 5 в ангид суралцдаг. Өмнө нь З.******* нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан ба 2022 оны 04 сарын 27-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Би охиноосоо хол байж чадахгүй манай эхнэр бол хүүхэд асран хамгаалах тал дээр дутмаг. Охинтойгоо уулзах боломж байгаа ч уулздаггүй. Өнөөдөр ч хүүхэдтэй холбоотой асуудал хэлэлцэх гэж байхад үл тоож байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж охин *******г миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

1. ...Миний бие Загдраднаа овогтой ******* нь иргэн Ч.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэлд дурдсанаар Ч.*******ийн охиноо өөрийн асрамжид авна мөн 2 жилийн хугацаанд Б.******* охинтойгоо цуг амьдарч байсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2 тусдаа амьдарч байх хугацаанд бидний охин болох Б.******* нь миний ээж болох Г.*******тай хамт амьдарч байсан. Сүүлийн 5 сарын хугацаанд Ч.******* өөр дээрээ авсан. З.******* би Улаанбаатар хотод төрийн байгууллагад ажил хөдөлмөр хийдэг амралтын зарим өдөр томилолт ажлаар хөдөө орон нутаг руу явчихдаг. Охинтойгоо уулзах хамт байх боломжтой хугацаанд нь охинтой минь удаа дараа уулзуулахгүй санаатай болон санамсаргүй байдлаар Дархан, Эрдэнэт, Түшиг сум руу аваад явчихдаг. Бидний тусдаа амьдрах хугацаанд Ч.******* нь өөр эмэгтэйтэй амьдралаа шинээр эхлүүлсэн тул бидний гэрлэлтийг цуцалж, охиноо өөрийн асрамжид авч амьдралаа эхлүүлсэн хугацаанаас өдийг хүртэл бий болсон дундын маргаантай эд хөрөнгөөс охин бид хоёрт оногдох эд хөрөнгийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 148/ШШ2023/00575 дугаартай шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан Боржигон овогт Чинзоригийн *******, Боржигон овогт Загдраднаагийн ******* нарын 0164904 дугаартай гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 12 сарын 26-ны өдөр төрсөн охин Б.*******г эцэг Ч.*******ийн асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар Б.*******г 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Д.*******ар тэжээн тэтгүүлж,

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдан,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Д.*******ас 37.915 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Болорчимэгт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/00552 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

1.Шүүх хурлыг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр товлосон бөгөөд миний бие 3.******* нь хөдөө томилолтоор явж байсан бөгөөд энэ тухайгаа шүүхэд биечлэн оролцох хүсэлтийг томилолтын удирдамжийн хамт явуулсан атал шүүх хуралдааныг намайг болон өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр явуулсанд гомдолтой байна.

2.Тус шүүх хуралдааныг хариуцагч намайг болон өмгөөлөгчийг маань оролцуулалгүй явуулсан нь ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлзэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.,6.4-д заасан Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх.бичгээр тайлбар өгөх.нотлох баримт гаргах.түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно. гэсэн зарчмыг хэрэгжүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч миний Шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсанд гомдолтой байна.

3.Түрүүчийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ч.*******ийн хөрөнгө орлоготой холбоотой нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг хангалгүй шүүх шийдвэрээ гаргасан нь ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага.хувь хүний нууцтай холбоотой... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэдэг хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

4.Шүүх нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ зөвхөн Ч.*******ийн би охиноосоо хол байж чадахгүй: манай эхнэр бол хүүхэд асран хамгаалах тал дээр дутмаг магадпалтай. өнөөдөр ч хүүхэдтэй холбоотой асуудал хэлэлцэх гэж байхад үл тоож байна. Охинтойгоо уулзах боломж байгаа ч уулздаггүй. гэх худал мэдүүлэг.гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шийнжээчийн дүгнэлтээр төрсөн эх З.******* нь 2021 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь нотлогдож байна. гэж дүгнээд шийдвэрээ гаргасан нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

5.Миний бие Ч.*******тэй 2010 онд гэр бүлээ батлуулж амьдарсанаас хойш бий болсон эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон ... хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна. гэж заасны дагуу оногдох хэсгийг шүүх шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна.

Одоогийн байдлаар Ч.******* нь эхнэр авч.хүүхэдтэй болсон.миний бие өөрийн төрсөн охин Б.*******г өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байгааг минь харгалзан үзэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023 00552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрийг 5 үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргасан. Нэг дэх үндэслэл нь анхан шатны хуралд биднийг оролцуулаагүй шүүх хуралдааныг явуулсан. Бид үүнд гомдолтой байгаа. Процесын хуулийг зөрчиж байгаа нэг үйлдэл гэж үзэж байна. Хоёр дахь үндэслэл нь биднийг хуралдаанд оролцуулахгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн зарчмыг зөрчсөн. Мөн хуулийн 6.4-т заасан зохигчид шүүх хуралдаанд үг хэлж, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлах ажиллагаанд тэгш эрхтэй оролцоно гэсэн зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажииллагаанд биднийг шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсанд гомдолтой байна. Гурав дахь үндэслэл нь бид 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн өмнө болсон шүүх хуралд Э.*******, Ч.******* нарын хамт амьдрах хугацаанд ямар хөрөнгө орлоготой байсан бэ, дундын хөрөнгө юу байсан бэ, хадгаламжинд хэдэн төгрөгтэй вэ, машин, зэргийг нотлох баримтаар гаргаж өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Монгол улсын шүүх ихэнх тохиолдолд насанд хүрээгүй хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулдаг шүүхийн шийдвэр олонх нь байдаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн шүүх нь Ч.*******ийн мэдүүлснээр эцэгт нь хүүхдийг үлдээж, эхээс нь тэтгэлэг гаргуулж шийдвэрлэснэд гомдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааы явцад ямар нэгэн нотлох баримт гаргадаггүй, хүүхдээ авъя гэсэн талаар оролдлого хийж байгаагүй нь харагддаг. Энэ 2-ын дунд үүссэн ямар нэгэн хөрөнгө байхгүй. Ямар нэгэн бадлаар шалтаглан цаг хожсон. Энэ хугацаанд цалингийн зээлийг нь авхуулж мөнгийг нь авна. Мөн хүүхдийн мөнгийг нь өгөхгүй хэрэлдэнэ. Эсвэл 20.000.000 төгрөг нэхнэ. Хүүхдийг мөнгөн хэлбэрт оруулж ашиглах зорилготой байгаа нь харагддаг. Шүүхээс гэр бүлийн холбоотой маргаан тул талуудыг байцуулж шийдвэрлэнэ гэж олон удаа шүүх хуралдааныг хойшлуулсан. Эд хөрөнгөтэй холбоотой маргааны асуудлыг харьяалалын дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүх рүү шилжүүлээд, харьяалал дээр манайх гомдол гаргаж, 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр Сэлэнгэ аймгийн шүүх шийдвэрлэнэ гэдэг утгаар хүчингүй болгосон. Тэр хуралдаан болсон цагаас хойш эд хөрөнгөтэй холбоотой материал гаргаж өгөөгүй. Ингээд өнөөдөр шүүх эрхийг нь хангаж өгөөгүй гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрсдөө эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэлтэй оролцож байж шүүхийг буруутгах юм уу ажлыг хийх нь зүйтэй байх. Нотлох баримт гаргаж өгөөгүй байж шүүх эрхийг нь хангасангүй гэж яриад байгаа нь зохимжгүй. Ч.******* байнга ирж байсан. Хариуцагч дандаа тийм ч ажилтай явж байна гэж ярьдаг. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн байх гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна үзлээ.

2. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа хүүхдийн асрамж болон гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийн талаар маргаанаа шийдвэрлүүлнэ гэжээ.

Шүүх гэрлэгчидийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч шүүх хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргасан байна.

3. Хэргийг судлан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг тус тус зөрчжээ.

Гэр бүлийн холбогдолтой маргаан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл бөгөөд гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн харилцаа, хүүхэд асран хамгаалах зэрэг маргаантай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ тайлбарлаж буй үндсэн зарчмаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар бүлэгт зохицуулсан журмыг баримтална.

Хэрэгт авагдсан баримтаар маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хуралдааны товыг 2021 оны 09 сарын 08-ны өдрийн шүүгчийн 01941 дугаартай захирамжаар 2023 оны 09 сарын 14-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр тогтоосон байх ба тус өдрийн хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Цолмон нь өвчний учир эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа гэсэн үндэслэлээр шүүх хуралдааны хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагт хийхээр товложээ.

Хариуцагч З.******* нь 2023 оны 09 сарын 21-ны өдөр албан томилолтоор хөдөө орон нутагт ажиллаж байгаа гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг томилолтын хуудасны хамт шүүхэд хүргүүлсэн байна.

Гэтэл шүүх хариуцагчийн өмгөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдаан 2 удаа хойшилсон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т гэрлэгчдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болно гэж заасан бөгөөд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй талаараа хүсэлт гаргасаар байхад хүсэлтийг нь шийдвэрлэхгүйгээр түүний өмгөөлөгч ирээгүй гэсэн өөр үндэслэлээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зохигчийн хуулиар олгосон шүүх хуралд оролцох эрхийг зөрчсөн гэж үзнэ.

4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрх ноцтой зөрчигдсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажииллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон шийдвэрлэлтэд дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 148/ШШ2023/00552 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ч.*******ийн нэхэмжлэлтэй З.*******д холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН