Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 17

 

 

С.Ц, Ц.Т нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор Д.Д,

            Шүүгдэгч С.Ц, Ц.Т,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Ц, Ц.Т нарт холбогдох, эрүүгийн 201610000030 дугаартай, 2 хавтас, 376 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Ц, Ц.Т нарын давж заалдсан гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Ц /,

Шүүгдэгч: Т нарт холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч С.Ц, Ц.Т нар нь ялтай байдал дуусаагүй байхдаа давтан үйлдлээр, бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, *** тоотод оршин суух, иргэн У.Эы гэрт буюу орон байранд нэвтэрч эд зүйлс хулгайлан авсан түүнд 300000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Ц нь давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, *** тоотод оршин суух, иргэн Ж.Бын амбаараас буюу агуулах саванд нэвтэрч эд зүйлс хулгайлан авч түүнд 400000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Ц нь давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, *** тоотод оршин суух, иргэн О.Еийн гэрт буюу орон байранд нэвтэрч эд зүйлс хулгайлан авч түүнд 830000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Ц нь давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг *** тоотод оршин суух, Б.Бгийн гэрт буюу орон байранд нэвтэрч эд зүйлс хулгайлан авч түүнд 1115000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Ц, Ц.Т нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 3 сар хорих ял, Ц.Тт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч Ц.Тт оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих  ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цын цагдан хоригдсон 84 хоног, шүүгдэгч Ц.Тын цагдан хоригдсон 50 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор,

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц, Ц.Т нарт  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Ц давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь  2015 оны 1 сард  хорих ангид ял эдэлж байгаад ялтантай муудалцаад толгойгоо яз цохиулаад хүндэвтэр гэмтэл авсан. Үүнээс болж татаж унадаг болсон, толгойны хүчтэй эм уудаг. Мөн элэгний хатууралтай. Иймд миний биеийн байдлыг харгалзан үзэж ялыг өөрчижл, 3 сарын ялыг ч болов хасч өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Т давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би ээж, ахын хамт амьдардаг. Ах БатБ нь элэгний хатууралтай, уушигны өвчтэй. Миний ээж 80 гарч яваа хэвтрийн хүн байдаг, байнга хүнээр өргүүлж бие засдаг, миний дүү Бынд амьдарч байгаа. Дүү Б нь гараа тайруулсан учир группт байдаг. Би ээжийгээ асарч халамжилмаар байна. Миний ар гэрийн байдлыг болон хохирогч гомдол санал, хохиролгүйг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жил 10 хоногийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Тын хувьд ялыг хөнгөрүүлэх боломжтой. Хохирлын хэмжээ, өөрийнх нь хийсэн үйлдэл, ар гэрийн байдлыг харгалзан уг хорих ялыг өөрчилж баривчлах ял оногдуулах боломжтой. С.Цын хувьд мөн адил уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, ар гэрийн байдал, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэх боломжтой. Хоёулаа ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн боловч ялтай хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн бол заавал хорих ял оногдуулна гэсэн зүйл байдаггүй учраас ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна гэв.

Прокурор Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын хувьд ялтай хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Иймээс шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс тэдний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүгдэгч С.Ц, Ц.Т нар нь бүлэглэж хохирогч У.Эы гэрээс,  шүүгдэгч С.Ц нь дангаараа хохирогч Ж.Б, О.Еэ, Б.Б нарын гэр, орон байранд тус тус нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд зэргээр тус тус тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарыг гэм буруутайг нотолсон эдгээр нотлох баримтууд нь гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан баримтууд байна.

            Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Цт эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 3 сарын,  шүүгдэгч Ц.Тт эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хорих ялуудыг тус тус оногдуулж, уг ялуудыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь оногдуулсан ял гэмт хэргийн хэр хэмжээнд нь тохирсон байна.

Иймд Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тоот шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Харин анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтээр зүйлчилж ирүүлээгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 гэсэн заалтуудыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулсан нь ойлгомжгүй болсон байна. Учир нь шүүх ямар үндэслэлээр эдгээр ерөнхий ангийн заалтуудыг  журамлаж байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолдоо огт тусгаагүй байна. Гэвч энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд эсрэгээр нөлөөлөхөөргүй байх тул энэ алдааг шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзсэнгүй.

            Шүүгдэгч С.Ц урьд нь 6 удаа,  шүүгдэгч Ц.Т урьд нь 3 удаа шүүхээр ял шийтгүүлсэн ба тус тус хорих ял эдэлж  байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн ялуудыг нь өршөөн хэлтрүүлсэн үед буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дахин давтан гэмт хэргүүдийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан “ хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх“ заалтуудыг шүүгдэгч нар зөрчсөн болох нь шийтгэх тогтоолын хуулбарууд, хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн тухай шүүгчийн захирамжууд, урьд ялтай эсэхийг шалгах хуудас зэргээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар урьд нь хорих ял эдэлж байсан этгээдийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан боловч анхан шатны шүүх шүүгдэгч нарын ял эдлэх дэглэмийг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-г баримтлан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

                 Иймд эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч нарын ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ц, Ц.Т нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                    О.ОДНЯМАА

                                                                                                     А.САЙНТӨГС