Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2019/0424

 

“С Э С” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч Үнэлгээний хорооны өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор “С Э С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг дарга, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газрын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.2.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1.1, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С Э С” ХХК-ийн “Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Засаг даргын “Х” ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БУ-35/2018 дугаартай гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Тендерийн материалд дахин үнэлгээ хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. ...Тендерт оролцогч хамгийн бага үнийн санал ирүүлсэн бол хамгийн сайн санал гэж үзэхээр хуульчилсныг зөрчсөн байхад үнийн саналаа бууруулахыг албан ёсоор хүсэж байгаад үнийн саналыг Харгантаас авдагийг найр тавьж байна гэж үзэх үү, ашиг сонирхол нэгдсэнийх гэж үзэх үү. Үүнд хүртэл шүүх дүгнэлт өгч чадсангүй. “С Э С” ХХК 2018 оны 11 сарын 30-нд хамтарч ажиллах хүсэлт явуулсан боловч аймгийн засаг дарга тендер шалгаруулах тухай хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа хийгээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тэгш оролцох боломжоор хангаагүй нь ашиг сонирхолын зөрчил гэж үзнэ. Сангийн яамны 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 6-1/7070 дугаартай албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3.1-д заасны дагуу тендерээ хүчингүй болгож, мөн хуулийн 30.4.3-д заасны дагуу зохион байгуулж хуульд нийцсэн шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдье, үнэлгээний хорооны дүгнэлт хуульд нийцсэнийг зохих хяналт тавьж ... зөрчлийг арилгуулахад анхаарах гэжээ. Шүүх 4 дүгээр дүгнэлтийг хууль зөрчсөн байна гэж дүгнээд нэхэмжлэлдээ хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байгаа нь нэхэмжлэлийг хангах боломжгүй гэжээ. Гэтэл 2019 оны 01 сарын 24 өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж нэмэгдүүлэхдээ 4 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгож дээрхи үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлага гаргасан байдаг. Гэтэл хүчингүй болгох шаардлага байгаагүй гэж дүгнэснийг шүүх хууль зөрчсөн аливаа үйлдэл үйл ажиллагааг хөхүүлэн дэмжсэн үйлдэл гэж үзнэ. Шүүх бусдын зөрчигдсөн эрхийг сэргээхгүй хууль зөрчсөн этгээдийг дэмжжээ. Эдгээрт анхаарлаа хандуулан шудрага шийдвэр гаргана гэдэгт итгэн давж заалдах гомдол гаргав” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.           

Нэхэмжлэгч “С Э С” ХХК нь Завхан аймгийн Засаг дарга болон Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/238 дугаар захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Засаг дарга, “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БУ-35/2018 дугаартай гэрээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Маргаан бүхий Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр “Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын конторын барилга угсралт”-ын ажлын хоёр дахь удаагийн тендер шалгаруулалтад “Харгант” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч тендерт оролцогч “С Э С” ХХК гомдол гаргаснаар Сангийн Яамны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/7070 дугаар албан бичгээр уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.3-т заасны дагуу зохион байгуулж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг даалгасан байх ба үүний дагуу  Үнэлгээний хороо 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж 04 дүгээр дүгнэлтээр шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгосноор тухайн өдрийн хуралдаанаас гарсан 03 дугаар дүгнэлт эрх зүйн үйлчлэлгүй болох ба шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хүчингүй болгосон захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасантай нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн, Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т зааснаар шууд гэрээ байгуулах эрхийг захиалагчид олгохоор шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд хоёр удаагийн тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзсан үндэслэл бүрдсэн, тендерт оролцогчдын аль нэгийг шалгаруулсан шийдвэр биш тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Ийнхүү шууд гэрээ байгуулах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/195 дугаар албан бичгээр Завхан аймгийн Засаг даргад гэрээ байгуулах хүсэлт хүргүүлсэн нь хэрэгт авагдсан байна.

Харин шүүх “хуулийн 30.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг яявуулаагүй хууль зөрчсөн байгаа ч шаардлагаа хүчингүй болгуулах биш, илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан тул хангаагүй” гэх агуулгаар хийсэн дүгнэлт хуульд нийцээгүй, 4 дүгээр дүгнэлт нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй тул хүчингүй болгох ч боломжгүй болно.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзнэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж зааснаар захиалагч нь гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэхдээ хуульд заасан шаардлагыг хангасан буюу техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй.

 Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6/1361 дүгээр албан бичгээр “Х” ХХК, “Б” ХХК, “Э С Б” ХХК-д үнийн саналаа ирүүлэхийг хүссэн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдан “Б” ХХК, “Э С Б” ХХК үнийн санал өгөөгүй гэх үндэслэлээр “Х” ХХК-тай гэрээ байгуулсаныг дээрх хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “С Э С” ХХК-иас  аймгийн Засаг даргад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/195 дугаар албан бичгээр гэрээ байгуулах хүсэлт гаргасан атал хариу өгөлгүй дээрх 3 компанид үнийн санал авахаар хандсан нь сонгон шалгаруулалтад оролцсон нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх ба зүй нь “Х” ХХК болон “С Э С” ХХК аль аль нь шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хэлэлцээ хийх ажиллагаанд аль алиныг нь оролцуулж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй захиалагч гэрээ байгуулах байжээ.

Дээрх зөрчил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” гэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд хамаарч байх тул Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас “Х” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан БУ-35/2018 дугаар гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс гаргасан “2018 оны 11 дүгээр сарын 30-нд хамтарч ажиллах хүсэлт явуулсан боловч аймгийн Засаг дарга тендер шалгаруулах тухай хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй, хуульд заасан тэгш оролцох боломжоор хангаагүй” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.      

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.2, 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын “Х” ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БУ-35/2018 дугаартай гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэгч “С Э С” ХХК-ийн “Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН  

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН