Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | О.Зандраа |
Хэргийн индекс | 128/2015/0410/з |
Дугаар | 001/ХТ2016/0069 |
Огноо | 2016-03-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2016/0069
Д.Ц-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Ц-гийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 596 дугаар захирамжаар Засаг даргын орлогчийн, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар захирамжаар Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор томилогдон ажиллаж байв. Өнгөрсөн хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн бөгөөд 2013 оны ажлын үр дүнг үнэлж “Засаг даргын баярын бичиг” болон нэг сарын үндсэн цалингаар шагнуулж, улмаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Засаг даргын орлогчийн үндсэн цалингийн хамгийн өндөр шатлалаар цалинжих болсон.
2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан дээр Налайх дүүргийн Засаг дарга Х.Б-ыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр “Огцруулах нь зүйтэй гэсэн” санал хураалт явуулахад дэмжиж саналаа өргөсөн билээ. Гэтэл Налайх дүүргийн Засаг дарга Х.Б нь дээрх үйлдэлд илтэд дургүйцэж, өс хонзон авах зорилгоор мөн өдрийн Б/25 тоот захирамжаараа намайг Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн ажил, албан тушаалаас “2014 оны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлгүй шалтгаанаар ажил, албан тушаалаас чөлөөлсөн.
Миний бие дээрх захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь,
1. 2014 оны үр дүнгийн гэрээг дүгнэх хугацаа болоогүй байсан ба үр дүнгийн гэрээг дүгнэсэн ямар нэг эрх зүйн бичиг баримт гараагүй байсан.
2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ...” гэж заасны дагуу Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах боломжийг олгоогүй.
3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна” гэж заасныг зөрчин өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн, өшөө хонзонгийн сэдэлтэйгээр дур мэдэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.
... Иймд Налайх дүүргийн Засаг дарга Х.Б-ын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, мөн энэ хугацаан дахь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Д.Ц нь 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор томилогдон ажиллаж байсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн.
1. Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх асуудал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “... сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.2 дахь хэсэгт “сум, дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэсэн заалтаар зохицуулагддаг.
Д.Ц-г Засаг даргын орлогчийн ажил үүргийг хангалтгүй гүйцэтгэж байгаа тул ажиллуулахаас татгалзах талаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн санал солилцон Хурлын Тэргүүлэгчдийн олонх нь дэмжсэн бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан “... тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх...” журмыг баримтлан “дүүргийн Засаг даргын орлогч”-ийг дээрх хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд ажлаас нь чөлөөлсөн.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Төрийн албыг дор дурдсанаар ангилна”, 3.3.1-д “төрийн улс төрийн алба”, 6 дугаар зүйлийн 6.1-д “... Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тоггоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... орон тооны дараах албан тушаал хамаарна”, 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтад Засаг даргын орлогчийг чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан заасан учир улс төрийн албан тушаалтны чөлөөлөгдөх харилцаанд хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль тогтоомжид нийцэж байгаа болно.
2. Д.Ц-той 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Дүүргийн Засаг дарга Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчтой байгуулах удирдлагын үр дүнгийн гэрээ”-г байгуулж ажилласан. Тус гэрээний 1.4 дэх хэсэгт “... Үйл ажиллагааны төлөвлөгөө нь гэрээний хамт хүчин төгөлдөр мөрдөгдөх ба төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг ханган ажиллаж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр тайлагнана”, 3.1-д “... Засаг даргын орлогчоос энэ гэрээг хүлээсэн үүргээ үр бүтээлтэй бүрэн биелүүлэхийг шаардах”, 3.2-т “Энэ гэрээг хагас бүтэн жилээр дүгнэх ...” гэж тус тус заасан байдаг.
Гэвч Д.Ц нь 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жилээр огт гаргаж тайлагнаагүй, бүтэн жилээр тухайн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж тайлагнах үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буюу үр дүнгийн гэрээний биелэлтийг гэрээнд заагдсан хугацаанд тайлагнаж дүгнүүлээгүй, үр дүнгийн гэрээний “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан арга хэмжээг ханган ажилласан эсэхийг Засаг дарга дүгнэх нөхцөлийг хангахгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн үйлдэл болох ба түүнийг ажил үүргээ хэрхэн хангалтгүй гүйцэтгэж байсныг нотолж байгаа юм.
Иймд Д.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Засаг дарга Х.Б-ын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Ц-г түүний урьд эрхэлж байсан Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц-гийн хууль бусаар ажилгүй байсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгасан байна.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга Х.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатанд дараах гомдлыг гаргаж байна.
... Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх асуудал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “... сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.2 дахь хэсэгт “сум, дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэсэн заалтаар зохицуулагддаг.
Д.Ц-г Засаг даргын орлогчийн ажил үүргийг хангалтгүй гүйцэтгэж байгаа тул ажиллуулахаас татгалзах талаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн санал солилцон Хурлын Тэргүүлэгчийн олонх нь дэмжсэн бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан “...тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх ...” журмыг баримтлан “дүүргийн Засаг даргын орлогч”-ийг дээрх хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд ажпаас нь чөлөөлсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Төрийн албыг дор дурдсанаар ангилна”, 3.3.1-д “төрийн улс төрийн алба”, 6 дугаар зүйлийн 6.1-д “... Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... орон тооны дараах албан тушаал хамаарна”, 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгзрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтад Засаг даргын орлогчийг чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан заасан учир улс төрийн албан тушаалтны чөлеөлөгдөх харилцаанд хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль тогтоомжид нийцэж байгаа.
Д.Ц-той байгуулсан “Дүүргийн Засаг дарга Засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчтой байгуулах удирдлагын үр дүнгийн гэрээ”-ний 1.4-т “... Үйл ажиллагааны төлөвлөгөө нь гэрээний хамт хүчин төгөлдөр мөрдөгдөх ба төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг ханган ажиллаж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр тайлагнана”, 3.1-д “... Засаг даргын орлогчоос энэ гэрээг хүлээсэн үүргээ үр бүтээлтэй бүрэн биелүүлэхийг шаардах”, 3.2-т “Энэ гэрээг хагас бүтэн жилээр дүгнэх ...” гэж тус тус заасан байдаг.
Д.Ц нь 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жилээр огт гаргаж тайлагнаагүй, бүтэн жилээр тухайн оны 12 дугаар сарын 15-ны едрийн дотор гаргаж тайлагнах үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буюу үр дүнгийн гэрээний биелэлтийг гэрээнд заагдсан хугацаанд тайлагнаж дүгнүүлээгүй, үр дүнгийн гэрээний “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан арга хэмжээг ханган ажилласан эсэхийг Засаг дарга дүгнэх нөхцлийг бүрдүүлээгүйн зэрэгцээ энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй байна.
Д.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн болон ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан нь нотлогдсоор байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэр, магадлал гаргаж, хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Түүнчлэн, Д.Ц нь Налайх дүүргийн Засаг даргын Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах өргөдлийг Нийслэлийн Засаг даргад гаргасныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дзвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дуүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн заалтын дагуу Б/25 дугаар захирамжийг өөрчлөх болон хүчингүй болгох ёстой байтал үүнийгээ хэрэгжүүлээгүй учир Д.Ц-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хамтран хариуцагчаар оролцуулах хууль зүйн үндэслэлтэй юм. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татаж, шүүх хуралдаанд оролцуулагүй явдал нь хзргийг тал бүрээс нь, бодитой үнэлж дүгнэн хянан шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 641 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 19 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Налайх дүүргийн Засаг дарга нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Ц-г 2014 оны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр ажил, албан тушаалаас чөлөөлөхдөө Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “... дүүргийн Засаг дарга ... орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн ... чөлөөлөх;”, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3-т “бүх шатны Засаг даргын орлогч ... зэрэг орон тоог цөөлөх, цомхтгох;” гэж тус тус заасныг үндэслэжээ.
Дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасан “зөвшилцөх” гэдэгт дүүргийн Засаг дарга нь өөрийн орлогчийг томилох, чөлөөлөхийн өмнө тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй санал солилцсон байхыг ойлгохоор байна.
Гэтэл Налайх дүүргийн Засаг дарга нь орлогч Д.Ц-г ажил, албан тушаалаас нь чөлөөлөхдөө тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй, түүнийг ажлаас нь чөлөөлөх тухай саналаа Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлээгүй, Хурлын Тэргүүлэгчид нь Засаг даргын орлогч Д.Ц-г ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар хуралдаж, албан ёсны шийдвэр гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж зааснаар Налайх дүүргийн Засаг дарга өөрийн гаргасан хууль бус захирамжаа өөрчилж, хүчингүй болгоогүй учир нэхэмжлэгч Д.Ц 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаснаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.О-ээс “... Д.Ц-г тус дүүргийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөлгүй чөлөөлсөн нь Хурлын даргын 2015 оны 1/08 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Иймд 2014 оны Б/25 дугаар захирамжийг хуульд нийцүүлэн эргэж мэдэгдэнэ үү” гэсэн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 04/1087 дугаар албан бичгийг Налайх дүүргийн Засаг дарга Х.Б-т хүргүүлсэн байна.
Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргаагүй учир түүнийг Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны Б/25 дугаар захирамжийг өөрчилж, эсхүл хүчингүй болгоогүй гэж буруутган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах хуулийн үндэслэл байхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар захиргааны хэргийг нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д “маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж заасантай нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүх захиргааны хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй талаар тодорхой дүгнэлт хийж, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг хэвээр үлдээнэ” гэж заасны дагуу магадлал гаргажээ.
Шүүхүүд хэрэглэвэл зохих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;”, 172.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон давж заалдах шатны шүүхээр хянагдсан давж заалдах гомдлыг хуулбарлаж гаргасан хариуцагчийн хяналтын гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ О.ЗАНДРАА