Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00995

 

У.Н ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00595 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1117 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч У.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т Б” ХХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Галбадарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.Н, түүний өмгөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Т Б”ны гүйцэтгэх захирлын тушаалаар тус банкны байгууллагын зээлийн хэлтсийн зээл хариуцсан харилцааны менежерээр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1426 тоот тушаалаар “Т Б”ны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, нууцын зааврын 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.2, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалд тусгагдсан зөрчил гэх үйлдэл нь төрийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах гэж байсантай холбогдуулж бүх газар, хэлтсийн ажилтнууд асуулга, сорилгын шалгалтанд бэлдэж байсан юм. Миний хувьд газар, хэлтсийн ажилтнуудын бэлдэж байсан Арилжааны банкны үйл ажиллагаанд холбогдох асуулт, хариулт /”Т Б”ны нууц гэж үзсэн ямар нэгэн мэдээлэл багтаагүй бөгөөд Банкны тухай хууль тогтоомжид заасан нийтээр дагах хэм хэмжээг агуулсан материал байсан болно/-ыг бусад эх сурвалжийн адил уншиж танилцаж, шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн. Гэвч шалгалтын дараа намайг болон Б.Ганболд, Б.Оюунболд, Э.Ганпүрэв, Ц.Цэрэнбаатар нарын 5 ажилтанг Тэргүүн орлогч Б.Ганбаатар, Эрсдэл хариуцсан захирал Б.Дэлгэрбаяр нар дуудаж уулзан, та нарын цахим шууданд хадгалагдсан сорилгын материал шалгалтанд ирсэн гээд дүнг хүчингүйд тооцуулах тухай тайлбар гаргуулж авсан. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргаж, ажил хүлээлцэх комисс ажлыг хүлээн авсан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Т Б”ны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журамд ямар нэгэн байдлаар ажилтны эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж өгөөгүй байхад холбогдох удирдлагууд дуудаж уулзан шалгалтын дүнг хүчингүй болгох тухай тайлбарыг гаргуулж авсан нь ажил олгогчийн зүгээс дарамталсан гэж үзэх хангалттай үндэслэл. Түүнчлэн дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.2.3 “Шинжээчдийн баг нь комиссоос чиглэлийн дагуу сорилгын асуултууд, гүйцэтгэх даалгаврын өгөгдлийг үзүүлэлтийн хамт боловсруулан битүүмжилсэн байдлаар комисст хүлээлгэн өгнө” 3.2.4 “Энэхүү журмын 3.2.3 дахь заалтын дагуу шинжээчдийн ирүүлсэн материалтай комисс танилцаж шаардлагатай өөрчлөлтийн чиглэлийг шинжээчдийн багт өгч болох бөгөөд комисс нь сорилгын асуултууд, гүйцэтгэх даалгаврын өгөгдлийг дүгнэх үзүүлэлтийн хамт эцэслэнэ” 3.2.5 “Энэхүү журмын 3.2.3., 3.2.4-т заасан материал болон сорилгын агуулга, гүйцэтгэх даалгаврын хариултыг нууцлах бөгөөд хариултыг битүүмжилсэн байдлаар Комиссын дарга хадгална” гэж зааснаас үзвэл захирлын тушаалаар үүрэг ногдуулсан субъект нь Комиссын дарга буюу орлогч захирал байна. Мөн уг сорилгын асуулт, хариултыг боловсруулсан шинжээчдийн багтай байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээгээр холбогдох нууцлалыг хадгалах үүргийг харилцан хүлээсэн байхад Комиссын дарга шинжээчдийн багт ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэн зүйлгүй болно.

Ажлаас чөлөөлсөн тушаалыг үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэж заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн байдаг. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 тоот тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж заасан. Үүнээс үзвэл миний хувьд ажил олгогчид эдийн болон эдийн бус хохирол учруулсан зүйлгүй, хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад илт хууль бус шийдвэр гарган чөлөөлсөн гэх хангалттай үндэслэлтэй. Ажлаас чөлөөлсөн тушаал илт хууль бус, эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т Б” нь бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, боловсон хүчнийг чадавхижуулах, ажилтны цалингийн сүлжээг зөв, оновчтой тогтоох, тэдний ажлын бүтээмж, мэдлэг ур чадварт тохирсон ажлын байр, цалин урамшууллыг бий болгох, сургах, дадлагажуулах зорилгоор ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай биелүүлэх мэргэжил, ур чадвартай байгаа эсэхэд түвшин тогтоох ажлыг зохион байгуулсан нь ажилтны орон тоо цөөрүүлэх, хасахтай ямар нэг холбоогүйгээр явуулсан. “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар “Т Б”ны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар шийдвэрлэж, 1 дүгээр хавсралтаар ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” болон 2 дугаар хавсралтаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг, 3 дугаар хавсралтаар Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг баталсан. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэрээр ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг”, ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам”-ыг хавсралтаар баталсан. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Т Б”ны гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийг хавсралтаар баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалтад У.Н багтсан. Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийг гүйцэтгэх захирал баталж хавсралтаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамаарагдах газар хэлтэс, арга хэмжээг явуулах цаг хугацаа, байр хуваарийг баталсан. Уг арга хэмжээнд хамаарагдах ажилтнуудад урьдчилан мэдэгдэж, харъяалах газар хэлтсийн захирлаар дамжуулан гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгч У.Нт энэ байдлаар мэдэгдэж, тухайн ажиллагааны нэг хэлбэр болох мэдлэг, ур чадварын арга хэмжээг сорилгын хэлбэрээр 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр явагдсан.

Гэтэл мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явагдсаны дараа нэр бүхий 5 хүн сорилгын асуулга, гүйцэтгэх даалгаврыг түвшин тогтоох арга хэмжээнд орохоос өмнө хууль бусаар олж авч ашигласан нь тогтоогдсон. У.Н нь хамт ажилладаг 4 хүний хамт сорилгын 4 хувилбарыг шоглоомын хамт Б доктороос олж авч ашигласан. Энэ тухай түвшин тогтоох комиссын даргад тус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичгээр гаргасан нь ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам”-ын 8.2, ““Т Б”ны ёс зүйн дүрэм”-ийн 2.1.1-д заасныг зөрчсөн тул 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн комиссын №6 дугаар шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Т Б”ны хууль, эрх зүйн газрын дүгнэлт гарсан. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний нөөцийн хорооны №73/01 дүгээр шийдвэрээр шударга бусаар шалгаруулалтад оролцсон нь тогтоогдсон нэр бүхий 5 хүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай шийдвэр гарсан. Нэхэмжлэгч У.Н хууль бусаар сорилгын асуулга, түүний хариултыг олж авч ашигласанаа өөрийн гаргасан тайлбар болон бусад ажилтнуудын тайлбар мэдээлэл, МАБА-ын хяналт шалгалт, дотоод хяналтаар нотлогдсон. У.Н түүнтэй адил үйлдэл гаргасан бусад ажилтан “Т Б”ны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.26-д "Банкны нууцлалын зэрэглэлтэй материалыг алдаж үрэгдүүлсэн, нууцлалыг задруулсан" бол хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тодорхойлсон, “Т Б”ны Ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх хэсэгт "Ажилтан нь МУ-ын хууль тогтоомж, Монгол банкнаас гаргасан журам, “Т Б”ны дүрэм, “Хөдөлмөрийн дотоод журам”, бусад заавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, өөрийн ур чадвараа дайчлан ажиллана." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. У.Нын гаргасан дээрх сахилгын зөрчил түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох нь тухайн гэрээний 7.4.2-д "Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон" бол ноцтой зөрчилд тооцох тухай заалтад хамаарах юм.

Уг заалт нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцох нэг үндэслэл байх бөгөөд УДШ-ийн зөвлөмж /2012 он/ 2.4-д "Ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим журмыг ажилтан ноцтой зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзнэ" гэсэн байна. Шалгалтын комиссын шийдвэрийн дагуу “Т Б”ны Байгууллагын зээлийн хэлтсийн зээл хариуцсан менежерийн ажлын байранд ажиллаж байсан У.Нт шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулж гардуулсан. Банк мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, хэрэгжүүлж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00595 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч У.Ныг ““Т Б”” ХХК-ийн Байгууллагын зээлийн хэлтсийн, байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 327 728 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч У.Нт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч У.Нын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч ““Т Б”” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ““Т Б”” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 116 193 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1117 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Т Б” ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч У.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 193 шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Галбадар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч У.Ныг “Т Б”ны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1426 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., “Т Б”ны дүрмийн 9-р зүйлийн 9.2.13., 9.2.20 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 5-р зүйлийн 5.16.2., 5.26., 5.28.2., дахь заалтууд, “Т Б”ны ёс зүйн дүрмийн 6-р зүйл, 2-р зүйлийн 2.1.1., Хөдөлмөрийн гэрээний 7-р зүйлийн 7.4.2., “Т Б”ны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016.11.16-ны өдрийн 73 тоот хурлын шийдвэр, Нууцын зааврын 5-р зүйлийн 5.4-г тус тус үндэслэжээ. У.Нын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халсан гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016.11.16-ны өдрийн Б/1426 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйл тэр дундаа 40.1.4-т заасныг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан бөгөөд энэхүү зохицуулалтыг тушаалын хууль зүйн үндэс болгосон. Ингэхдээ “Т Б”ны дотоодод дагаж мөрдөх байгууллагын үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаа болоод бусад харилцаатай холбоотой хэд хэдэн хэм хэмжээ тогтоосон баримт бичгийг ишлэн авч хэрэглэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажилтныг ажлаас халах зохицуулалтыг тусгаж өгсөн. Монгол Улсын Дээд шүүхийн 2016.07.03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 тоот тогтоолын тайлбарт Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40-р зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. 15.1. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан, шийдвэр гаргана. 15.4.2. Хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл /эс үйлдэл/ байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. Мөн 2012.6.15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид ...ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохоилдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана. Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажпын байрны тогтоосон горим журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм гэсэн байна. Нэхэмжлэгч У.Ныг ...түвшин тогтоох ажиллагааны явцад мэдлэг, ур чадварын үнэлгээг тогтоох асуулга сорилын материалын нууцлалыг задруулж, уг материалыг шалгалтад ашигласан шударга бус, ёс зүйгүй, банкны дүрэм журмыг зөрчсөн үйлдэл гаргасан... гэдэг үндэслэлээр ажлаас халсан байна. Шалгалтын зорилго нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох гэж “Т Б”ны гүйцэтгэх захирлын 2016.11.03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журамд заасан байна. Энэхүү түвшин тогтоох ажиллагаа нь цалингийн зэрэглэл тогтоох хүрээнд хязгаарлагдахаас биш ажилтныг ажлаас халах шууд үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгчид буюу шалгуулагч ажилтан, албан хаагчид шалгалтын материалын нууцлалыг задруулахгүй байх үүрэг хүлээлгэсэн, ийм байдлаар үүрэгжүүлсэн ажил олгогчийн шийдвэр байхгүй. “Т Б” ХХК-ийн захирлын 2016.11.03-ны өдрийн А/352 тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2.1., 2.4. дэх заалтууд нь комисст шалгалтанд хамрагдагсдад хамаарах буюу тодорхой бүлэг хүмүүс нийтээр дагаж мөрдөх шинжтэй хэм хэмжээ тогтоосон журам, заавар батлан гаргах эрхийг олгоогүй байх бөгөөд харин “Т Б” ХХК-ийн дүрмээр энэхүү эрх нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд байгаа юм. Иймээс дээрх арга хэмжээнд мөрдөх журам нь эрх хэмжээгүй этгээдээс батлан гаргасан илт хууль бус журам болж байна. Мөн энэхүү журмыг ажилтныг ажлаас халах тушаалд дурьдаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх өөрийн магадлалдаа “Хариуцагч “Т Б” нь аижлтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулж, 2016.11.04-ны өдрийн дугаар 1 шийдвэрийн 2-р хавсралтаар “Т Б”ны ажилтны мэргэжил,чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журам баталжээ. Уг журмын 4.2-т сорилгын хувилбар бүр нь байгууллагын нууцад хамаарна, 8.1-д мэдлэг ур чадварын арга хэмжээний сорилго, оролцоо чанарын даалгаварын сэдэв, үзүүлэх сургуулийн хүрээ зэрэг нь байгууллагын нууцад хамаарна, 8.2-т энэхүү журмын 4.2. 7.1. 8.1-д заасан нууцад хамаарах материалыг задруулах, дамжуулах, хууль бусаар олж авах, түүнийг олшруулах, бусдад дамжуулах, хуулах, ашиглаж үнэлгээ авахыг хориглоно, 8.3-т энэхүү журмын 8.2-т заасныг зөрчсөн комиссын гишүүд болон мэдлэг ур чадварын оролцоо чанарын арга хэмжээнд хамрагдаж үнэлгээ авсан ажилтанд “Т Б”ны хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд заасан, харин шинжээчдийн багийн гишүүдэд хөлсөөр ажиллах гэрээнд заасан хариуцлагыг тус тус хүлээлгэн гэж зохицуулсан байна. Үүнээс үзвэл байгууллагын дотоод үйл ажиллагааны журмаар зөвхөн зээл, түүнтэй холбогдох үйл ажиллагааг зохицуулах бус, харин тухайн байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд батлан гаргаж буй дүрэм журам хамаарна. ...Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турхай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлвэл нэхэмжпэгч У.Ныг шалгалтын сорилгын даалгавар, түүний хариултыг олж авах ажиллагаанд оролцсон гэж үзэх бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэх сахилгын ноцтой зөрчилд тооцогдох үндэслэлтэй байна” гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхээс өөрийн магадлалын үндэслэл болгосон 2016.11.04-ний өдрийн дугаар 1 шийдвэрийн 2-р хавсралтаар “Т Б”ны ажилтны мэргэжил чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журам нь У.Нын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажпаас халсан “Т Б” ХХК-ийн захирал Б.Цэндсүрэнгийн 2016.11.16-ны өдрийн Б/1426 тоот тушаалын үндэслэл болоогүй бөгөөд энэхүү журмыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаалагүй. /”Т Б” ХХК- ийн захирал Б.Цэндсүрэнгийн 2016.11.16-ны өдрийн Б/1426 тоот тушаал х.х. 4/ Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү журмыг үнэлэн У.Ныг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн ньхууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2016.07.03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 тоот тогтоолын тайлбарт: 15. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40-р зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. 15.1. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан, шийдвэр гаргана. 15.4.2. Хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл /эс үйлдэл/ байна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг нэг мөр зөв ойлгож хэрэглэх талаар тайлбарласан. У.Нын шалгалтын материалыг хууль бусаар олж авсан гэх үйлдэл нь ажил олгогчийн эд хөрөнгөд хохирол учруулсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан зэргээр ажил олгогчийн эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар буй болгосон ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш зөрчил гэж үзэх боломжгүй байна. 2012.6.15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид: ...ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохоилдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана. Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажпын байрны тогтоосон горим журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм гэжээ. Нэхэмжлэгч У.Нын хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон тушаалд дурьдсан эх сурвалжуудын хүрээнд ямар журмын аль заалтыг зөрчсөн үйлдэл /эс үйлдэхүй/ нь ноцтой зөрчил болох талаар хөдөлмөрийн гэрээнд нэг бүрчлэн тодорхой заагаагүй. Мөн ажлаас халах тушаалд дурьдаагүй 2016.11.04-ны өдрийн дугаар 1 шийдвэрийн 2-р хавсралтаар “Т Б”ны ажилтны мэргэжил.чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журмын холбогдох заалт нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох тухай мөн хөдөлмөрийн гэрээнд холбогдох заалт байхгүй байна. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс үүнийг үл анхаарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч У.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.10-ны өдрийн Дугаар 1117 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Т Б”инд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэгч У.Нын нэхэмжлэлийг шүүх хянан  шийдвэрлэхдээ ажилтан зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн бөгөөд анхан шатны шүүх уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй учраас гэрээг цуцлах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж дүгнэхдээ ямар баримтыг үндэслэсэн талаар шийдвэрт заагаагүй, харин давж заалдах шатны шүүх тухайн банкны зээлийн хэлтсийн ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06 тоот шийдвэр, санал хүргүүлэх тухай комиссын хуралдааны тэмдэглэл, “Т Б”ны ажилтны мэргэжил, чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журам, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудыг үндэслэжээ.

У.Ныг ажлаас халсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1426 тоот тушаалын үндэслэлийн талаарх хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцээгүй тул зөвтгөх боломжтой ба давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл У.Ныг хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг ажил олгогч нотлоогүй байна.

 Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтныг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол түүнийг ийнхүү зөрчил гаргасан, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагдсан болохыг тус тус нотлох үүрэгтэй .

Ажилтан зөрчил гаргасан талаар зөрчлийг илрүүлсэн, зөрчлийг нотолсон баримтуудыг хариуцагчийн зүгээс гаргаж өгөөгүй байна. Банкны  мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр, комиссын хуралдааны тэмдэглэлээс үзэхэд ажил олгогчийн зөрчлийн талаар хэлэлцэж байсан байдал тогтоогдсоноос сорилгын асуулга, хариултыг ажилтан хэрхэн олж авсан, уг зөрчлийг тогтоосон баримт байхгүй байхад зөрчил гаргасан гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч У.Ныг ““Т Б”” ХХК-ийн байгууллагын зээлийн хэлтсийн, байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 327 728 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1117 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00595 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА