Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 329

 

2016 оны 05 сарын 26 өдөр     Дугаар 156/ШШ2016/00329

    Хэнтий аймаг

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 


Хэргийн индекс:156/2016/00241/И


Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 7-б-ын 04 тоотод оршин суух, иргэн Даваа овогт Донойн Байгальмаа/РД: ЛИ75062561/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хэрлэн Л-17 дугаар байрны 03 тоотод оршин суух, иргэн Баатад овогт Тэнцоогийн .Мөнхжаргал / РД: ЧЖ71072113/-д холбогдох 

Эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Долгормаа нар оролцов. 

Хариуцагч Т.Мөнхжаргал нь шүүх хуралд оролцох боломжгүй тул шүүх хурлыг надгүйгээр явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Байгальмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
Миний бие Мөнхжаргалтай 2014 онд танилцан улмаар 2015 оны 04 дүгээр сард бид хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхэд төрүүлэхээр болж жирэмсэлсэн.      2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр охин Содбилэг төрсөн. Тухайн үед Мөнхжаргал нь гэр бүлээсээ салсан гээд эхнэрээсээ тусдаа амьдарч байсан үе. 
Мөнхжаргал нь одоо болохоор охиноо үгүйсгээд байгаа учир эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 1х/
 
 Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
 
 Бид 2014 оноос эхэлж танилцаад улмаар эр эмийн харьцаатай болсон. Мөнхжаргалын эхнэр нь хүүхэд гаргадаггүй гэсэн учир бид хоорондоо тохиролцоод 2015 оны 4 дүгээр сард би жирэмсэлж хүүхэдтэй болохоор болсон. Яг үнэндээ бол хүүхэд гаргаад хоёр гэр бүлдээ мэдэгдэхгүйгээр өсгөчихье гэсэн бодолтой байсан. Тэгээд охин маань 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. Охиноо төрсөн цагаас хойш Мөнхжаргал ерөөсөө холбогдоогүй. Мөнхжаргалд өөрт нь охиноо миний хүүхэд биш байх гэсэн эргэлзээ төрсөн юм билээ. Гэр бүл болон аав ээж нь угаас энэ хүн үр хүүхэдгүй учир шинжилгээ хийлгэх нь зөв гэсэн шаардлага тавиад байна гэж Мөнхжаргал нь өөрөө надад хэлж байсан. Цаг хугацаа харуулна биз дээ юуг нь шинжилгээ хийлгэхэв гэхэд бид хоёр өндөр настай улсууд та нарын хүүхдийг өсөж том болохыг хүлээх ч үү үгүй ч үү шинжилгээ хийлгэчихвэл дээр байна гэж Мөнхжаргалын ээж нь хэлсэн гэсэн. Тэгээд би эцэг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргаж өгнө үү гэж шүүхэд хандсан юм гэв.

Хариуцагч Т. Мөнхжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д. Байгальмаа бид хоёр 2015 онд хоёр талын гэр бүл, ар гэртээ асуудал үүсгэхгүйгээр хүүхэдтэй болох талаар харилцан тохиролцсон. Д. Байгальмаа нь хүүхэд олох үедээ нөхрөөсөө салаагүй байсан ба дөнгөж сая 2016 оны өмнөхөн гэр бүлээ цуцлуулсан...Иймд Т. Мөнхжаргал миний бие эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхийг хүсч байна гэв /хх-ийн 13х/

ҮНДЭСЛЭХ НЬ:

  Зохигчид болох Д.Байгальмаа, Т.Мөнхжаргал нар нь 2014 онд танилцаж улмаар эр эмийн харьцаатай болж тэдний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр охин Содбилэг төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, охин Содбилэгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6х/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №3247 дугаартай ДНХ-ийн шинжилгээ хийсэн дүгнэлтэд:.... Т.Мөнхжаргал нь Б.Содбилэгийн биологийн эцэг байх боломжтой байна. Т.Мөнхжаргал нь Б.Содбилэгийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,9%-ийн магадлалтай байна гэх дүгнэлт /хх-ийн 22-23х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

        Иймд хариуцагч Т.Мөнхжаргал нь нэхэмжлэгч Д. Байгальмаагийн 2016.01.06-ны өдөр төрүүлсэн охин Б.Содбилэгийн эцэг мөн болохыг тогтоож, Б. Содбилэг охиныг эхийнх нь асрамжинд үлдээж, хариуцагч Т. Мөнхжаргалаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар нэхэмжлэгч Даваа овогт Донойн Байгальмаагийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрүүлсэн охин Содбилэг /РД:СЮ16210605/-ийн эцэг нь хариуцагч Баатад овогт Тэнцоогийн Мөнхжаргал /РД: ЧЖ71072113/ мөн болохыг тогтоосугай.  
    2. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Содбилэгийг эх Д.Байгальмаагийн асрамжинд үлдээсүгэй.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.8, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Содбилэг охиныг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож, хүүхдийн тэтгэлгийг хариуцагч Т.Мөнхжаргалын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос сар бүр мөнгөн хэлбэрээр гаргуулж охин Б.Содбилэгийг тэжээн тэтгүүлсүгэй. 

 
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Байгальмаад үүрэг болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Байгальмаагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т. Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                Ж.БОЛДБААТАР