Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 208/Ма2024/00001

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00167 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , *******, /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч /цахим/, /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.******* овогтой Ганцэцэг миний бие Социологич, Нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2022 оны 04 дүгээр сарын 13-аас эхлэн ******* Шохой ТӨХК-ийн Хүний нөөцийн хэлтэст Хүний нөөцийн мэргэжилтнээр сонгон шалгаруулалтад орж ажилд орсон.

2022 оны 08-р сарын 05-нд гүйцэтгэх захирлын тушаалаар компанийн нийт ажлын байруудын ажлын байрны тодорхойлолтыг баталсан байдаг. Тухайн үед Хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод миний мэргэжил болох социологич гэсэн мэргэжлийн тавигдах шаардлагад тусгасан байсан. 2022 оны 12-р сард Хүний нөөцийн хэлтсийн дарга ******* өрөөндөө дуудан ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт орж дахин батлагдсан. Чиний мэргэжил тохирохгүй учраас ажлаас чөлөөлнө эсвэл тохирох ажлын байранд томилно хэмээн хэлсэн. Тухайн үед шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтын тухай надад амаар хэлсэн ба танилцуулж хувийг өгөөгүй. ...Гэтэл 2023 оны 02-р сарын 03-нд ******* дарга өрөөндөө дуудаж Гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Чамайг *******ийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар томиллоо хэмээн тушаал танилцуулсан. Би ийм хүсэлт өгөөгүй ээ, ажилтантай тохиролцоогүй байж хөдөлмөрийн тухай хууль тохиролцсон, зөвшилцсөн мэт зүйл заалт барьж тушаал гаргадаг нь яаж байгаа юм бэ гэхэд гүйцэтгэх захирал ******* тушаалаа гаргасан байна, бид нар тушаалыг хэрэгжүүлэх ёстой хэмээн шахсаар ажлыг минь хүлээлцүүлсэн ба би *******ийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар одоог хүртэл ажиллаж байна.

...******* ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг 2023 оны 06 сарын 05-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч, ...Сайхан сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан.

Сайхан сумын Засаг даргын тамгын газраас 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 01/74 дугаар албан бичгээр Сэлэнгэ аймгийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо байгуулагдаагүй тул сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах боломжгүй болно гэсэн...

Нэхэмжлэлийн шаардлага бол урьд эрхэлж байсан хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажил албан тушаал бууруулан ажилласан цалин хөлсний зөрүү 2,236,000 төгрөг гаргуулна. Хавтаст хэрэгтэй танилцахад хүний нөөцийн мэргэжилтний цалин 4 сараас хойш нэмэгдсэн байсан. Миний ажиллаж байсан үеэс 200,000 төгрөгөөр нэмэгдсэн байна лээ. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зөрүү нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1....Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ТӨХК-н Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот тушаалаар Хүний нөөцийн хэлтэст хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд ажлын байрны сонгон шалгаруулалтад оролгүйгээр томилогдон ажилласан. ******* нэхэмжлэлийн шаардлагад сонгон шалгаруулалтаар хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд орсон гэх боловч сонгон шалгаруулалтад оролцсон нотлох баримт байхгүй болно.

Хувийн өмчөөс Төрийн өмчит хувьцаат компанид шилжсэнтэй холбогдуулан компанийн хэмжээнд нийт ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан. ...Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/258 дугаартай тушаалаар нийт ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод ажил үүрэгтэй нь уялдуулан өөрчлөлт оруулж баталсан. ******* нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Гүйцэтгэх захирлын А/163 дугаартай тушаалаар батлагдсан Хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй байсан.

...Ажлын байрны тавигдах шаардлагад нийцэхгүй байсан учраас ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр ******* ******* ТӨХК-ийн хүний нөөцийн хэлтэст ...миний мэргэжил тохирох мөн цалин хөлс буурахгүй байх ажлын байранд шилжүүлж өгнө үү гэсэн өргөдлийг өгсөн. Уг өргөдлийг үндэслэн ажилтантай тохиролцсоны дагуу Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/104 тоот тушаалаар Хүний нөөцийн мэргэжилтэн *******ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс *******ийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар томилон ажиллуулсан. Дээрх тушаалтай холбогдуулан ******* нь ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал *******т 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажил албан тушаал буурсан ч цалин хөлс бууруулахгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан ба компанийн зүгээс *******тэй үндсэн цалинг 2,073,120 төгрөгөөр тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ******* ******* ТӨХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.3-д Ажил олгогчийн санаачилга болон ажилтны хүсэлтээр ажилтны ажлын байрыг өөрчилж ...болно гэсэн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэсэн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэсэн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах гэсэн заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч *******тэй тохиролцож, өөрийнх нь хүсэлтээр бичиг хэргийн ажилтнаар томилсон билээ.

Бичиг хэргийн ажилтнаар томилогдсон даруйд ажил олгогч болон ажилтан ******* нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах" гэсэн заалтын хүрээнд ******* нь сайн дурын үндсэн дээр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэлд дурдснаар аливаа дарамт шахалт үзүүлээгүй ба Хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй нөхцөлд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх эрх нь нэхэмжлэгч *******т байсан. Иймд Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/104 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал үндэслэл бүхий байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00167 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч *******ийг ******* Шохой ТӨХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* Шохой ТӨХК-иас цалин хөлсний зөрүү 526,797 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,709,563 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* Шохой ТӨХК-иас эд хөрөнгийн бус нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, цалингийн зөрүү 526,797 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,454 төгрөг, нийт 86,654 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын иргэн *******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ТӨХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00167 дугаартай шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй тухайд:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож. албан тушаал бууруулан ажиллуулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, ажил албан тушаал бууруулан ажилласан хугацааны цалингийн зөрүүнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх гэж тодорхойлсон билээ.

Хариуцагчийн хувьд дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар татгалзлаа илэрхийлсэн. Үүнд:

******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар /Хавтаст хэргийн 7-9-р тал/ *******ийг компанийн Хүний нөөцийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулж байсан.

Улмаар ******* ******* компани хувийн өмчөөс төрийн өмчид шилжсэнтэй холбоотойгоор хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд компанийн хэмжээнд хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ буюу ажлын байрны тодорхойлолтуудыг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 11 дүгээр 08-ны өдрүүдэд ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэн баталж, ажилтнуудад танилцуулан, гарын үсгээр баталгаажуулсан байдаг.

*******ийн хувьд дээр дурдсан Хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтуудад заасан хүний нөөцийн мэргэжилтнээр хоёроос багагүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүйгээс гадна /ХХ-ийн 46-49-р тал/ хүний нөөцийн менежментийн мэргэшилтэй байх, түүнчлэн эрх зүйч, бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежментийн мэргэжилтэй байх шаардлагуудыг хангаагүй.

Иймээс ******* ******* ТӨХК-ийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 28, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд иргэн *******т сонсох ажиллагаа хийж, ажлын байрны тодорхойлолтоор тавигдаж буй тусгай шаардлагыг хангахгүй байгаа тухай мэдэгдэж, өөрийнх нь санал, тайлбарыг авахад нийгмийн ухааны багш, социологич мэргэжилтэй тул хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллахад мэргэжлийн хувьд тохирохгүй талаараа хэлж, бодож, судалж үзье гээд тодорхой хугацаа олгож өгөхийг ажил олгогчоос хүссэн байдаг /ХХ-ийн 52, 53-р тал/.

Үүнээс хойш ажилтан ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажил олгогчид хандаж, өөрийн гараар хүний нөөцийн мэргэжилтний ажлын байранд мэргэжлийн хувьд тохирохгүй байгаа тул цалин хөлсийг бууруулалгүй өөр албан тушаалд томилуулах /ХХ-ийн 55-р тал/, геологи уул уурхайн хэлтсийн бичиг хэргийн ажилтны ажлын байранд шилжүүлж өгөхийг хүссэн агуулга бүхий /ХХ-ийн 56-р тал/ хүсэлтүүдийг тус тус гаргасан байдаг.

Хариуцагчийн зүгээс *******ийн дээрх хүсэлтийн дагуу компанийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/104 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар /ХХ-ийн......-р тал/ *******ийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар томилж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр уг ажлын байран дээр Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл уг албан тушаалаа эрхэлж байгаа болно.

Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр иргэн *******ийн эрх ашгийг аливаа байдлаар зөрчиж, хохироосон зүйл огтоос байхгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно. гэж зааснаар томилж, Гүйцэтгэх захиралтай байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ээр цалин хөлсийг нь ч дордуулаагүй юм.

Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна., компанийн дүрмийн 8.9.8-д Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй

-хөдөлмөрийн гэрээ байгуулах, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх, гэж заасан эрхийнхээ хүрээнд талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс *******ийн Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлийн аль үндэслэлийг барьж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ аль нэг талын санаачилгаар цуцалсан үйл баримт огтоос байхгүй, харин талууд харилцан тохиролцсоноор Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар нэхэмжлэгчийг өөр ажилд томилсон болохыг дурдах нь зүйтэй бөгөөд ажил олгогчийн зүгээс *******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдаж, дуусгавар болоогүй, өнөөдөр үргэлжлээд явж байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ: Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч эсхүл ажилтны санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд ажил олгогч үндэслэл, шалтгаанаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78. 79, 80 дугаар зүйлд заасан аль 1 нөхцөлд хамааруулан тушаал шийдвэртээ тусгасан байх үүрэгтэй бөгөөд ажлаас чөлөөлөх болсон шалтгаан болон хууль зүйн үндэслэл огт заагаагүй нөхцөлд тухайн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй болно

Ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлийг заагаагүйгээс гадна уг тушаалд талууд харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар, ******* нь ямар зөрчил гаргасныг, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажилтны санаачилгаар цуцлагдаж байгаа аль нь болохыг тодорхойлоогүй байх тул тушаалыг хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж үзэхгүй... Өөрөөр хэлбэл хариуцагчийн хожим гаргасан тайлбар үндэслэлээр ажил олгогчийн тушаалын үндэслэлийг тайлбарлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцэхгүй болно. Иймд ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/104 дугаар тушаалыг хүчингүй болгосон гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

2.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40,2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчиж хариуцагчийн татгалзалтай холбоотой шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг огт үнэлээгүйд гомдолтой байна.

Хариуцагч талаас өөрийн татгалзалтай холбоотой буюу нэхэмжлэгчийн өөрийн гараар бичсэн хүсэлтүүд, Гүйцэтгэх захиралтай харилцан тохиролцсоноор цалин хөлсийг дордуулаагүйгээр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ******* ******* ТӨХК-ийн Цалин хөлсний журам, нэхэмжлэгчийн сар бүрийн цалингийн товчоо зэргийг гаргаж өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан баримт бичгийг ойлгоно гэж хуульчилсан баримтуудыг шүүхээс үнэн зөвөөр огт үнэлээгүй байна.

Тодруулбал хэрэгт авагдсан баримтуудаар иргэн ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ******* ******* ТӨХК-ийн Хүний нөөцийн хэлтэст Хүний нөөцийн мэргэжилтнээр, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ******* ******* ТӨХК-ийн *******ийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаа нөхцөл байдал тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоогүй гэдэг нь тодорхой харагдана.

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2,-т Ажил олгогч нь Ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах эрхтэй гэж, 103 дугаар зүйлийн 103.3.2-т зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн ажлын байрны тодорхойлолт буюу хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээ өөрөө баталж, ажилтнаас биелүүлэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад тухайн нэхэмжлэгчийн мэргэжил тохирохгүй байсан тул түүнтэй харилцан тохиролцсоноор ажлын байрыг өөрчилсөн үйл баримт нь дээрх нотлох баримтуудаар нотлогдоно.

Түүнчлэн нэхэмжлэгч *******ийн хувьд хариуцагч компанийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/104 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг эс зөвшөөрч, миний ажпын байрыг бууруулсан гэх үндэслэлээр маргасан байдаг.

Шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийг талуудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, талуудын гаргасан тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд талуудын, диспозитив зарчимд нийцүүлэн маргаан бүхий тушаалаар үнэхээр үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн ажлын байрыг бууруулсан эсэх, эсхүл талууд харилцан тохиролцоод нэхэмжлэгчийг өөр ажилд томилсон эсэх үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөх ёстой байсан атал нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй буюу тушаалыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны аль үндэслэлээр дуусгавар болгосон эсэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь учир дутагдалтай байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00167 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор ******* ******* үйлдвэр нь хувийн хэвшлээс төрийн өмчид бүрэн шилжсэн. Шинээр төрийн өмчит хувьцаат компани өөрийн бүтэц, орон тоо, ажлын байрны тодорхойлолт гэх мэт хөдөлмөрийн харилцааг зохицуулсан баримт бичгийг шинэчлэн батлах шаардлага үүссэн.

...Манайд 4 үйлдвэр байдаг. 4 үйлдвэрт дөрвөн бичиг хэргийн ажилтан байдаг. Эдгээр бичиг хэргийн ажилтан ижил чиг үүргийн ажил эрхэлдэг. Ажлын байр нь 1 хашаанд байдаг. Ижил албан тушаал юм. Ажлын байрны тодорхойлолтод тухай хүний ажилласан жил зөрүүтэй байгаа учраас ажил мэргэжилд нь тохирох албан тушаалыг ажил олгогчийн санаачилгаар санал болгоод, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад Хөдөлмөрийн маргаан таслах комиссд гомдол гаргасан байсан. Энэхүү гомдолд ажлын байрны тодорхойлолтыг өөрчлүүлэх талаар гомдол гаргаснаас биш, ажилдаа эгүүлэн томилуулах талаар нэг ч гомдол гаргаагүй. Үүнтэй зэрэгцээд гүйцэтгэх захиралд өргөдөл гаргасан. Өргөдлийн агуулга нь ...цалин хөлсийг нэмэгдүүлж өгнө үү... гэсэн өргөдөл гаргасны дагуу гүйцэтгэх захирал хүлээн аваад 300.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн цалингаар олгоод явж байна. Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоогүй, албан тушаал бууруулаагүй, бичиг хэргийн ажилтнаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрчилсөн. Холбогдох хуулийн дагуу хийгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр манай Төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж, Ажлын байрны тодорхойлолтыг шинэчилсэн. Шинэчлэхдээ мэргэжлийн чиг хандлага руу нь буюу ажлын байрны тодорхойлолтод заасан мэдлэг ур чадвар, мэргэжил, туршлага зэргийг Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамнаас баталсан дүрэм журмын хүрээнд, мөн Төрийн өмчит компаниуд дээр жишиг болохуйц хэрэгжээд явж байгаа дүрэм журмын хүрээнд зайлшгүй шинэчлэх шаардлага байсны үндсэн дээр ажлын байрны тодорхойлолтыг 2022 оны 11 дүгээр сард шинэчилж баталсан.

Нийгмийн ухааны багш, социологич мэргэжилтэй хүн хүний нөөцийн мэргэжилтэн хийгээд явах боломжгүй. Аль ч компанийн хэлбэрийг үл харгалзан мэргэжлийн бус хүн ажиллах ямар ч боломж байхгүй. Ажлын байрны тодорхойлолтод хүний нөөцийн мэргэжилтэн, хүний нөөцийн ажилтан ийм ийм чиглэлээр ажиллана гэж тодорхой зааж өгсөн. Зөв ажлын байрны тодорхойлолтууд шинэчлэгдэж гарч ирсэн. Үүний дагуу компани буюу ажил олгогчид ажилтнуудынхаа мэргэжил нь таарч байна уу, үгүй юу. Мэргэжлийн бус хүмүүсийг таарч тохирох албан тушаал дээр нь ажиллуулах талаас *******т *******ийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтны байр сул байсан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоогүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд өөрчлөлт орсон. Гүйцэтгэх захирлын зүгээс өөрийнх нь хүсэлтийг хүлээн аваад цалин хөлсийг нь нэмээд явсан. Нэхэмжлэгч *******тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд өөрчлөлт оруулаад өнөөдрийг хүртэл явж байгаа Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг зүйл дээр эргэлзэж байна. Хэрэв шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч *******ийг хүний нөөцийн мэргэжилтнээр эгүүлэн томиллоо гэж үзэхэд манай Төлөөлөн удирдах зөвлөлөөс ажлын байрны тодорхойлолтыг шууд зөрчих нөхцөл байдал үүсэх гээд байна. Ажлын байрны тодорхойлолт хэн нэгэн хүнд зориулагдаж гардаггүй. Ажил албан тушаалтны өөрийнх мэргэжил, албан тушаалын онцлогтой нь холбоотой гардаг тул зөрчигдөх байдал гарч болзошгүй. Дахин маргааны эх үүсвэрийг тавиад байгаа юм болов уу гэж үзэж байна. Нэхэмжлэгч *******ийн хувьд эрх зүйн байдал дордоогүй, аль тохирох ажлын байраар хангаж, хүсэлтийг нь харгалзан үзэж асуудлыг нь шийдвэрлээд явсан. Эрх зүйн орчинг дээрдүүлсэн гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан гомдол дээр үндэслээд хууль зүйн үндэслэлийг тайлбарлая. Энэ тушаал нь үндэслэлтэй гарсан уу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Шийдвэрээ гаргахдаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй. Ажилтан, ажил олгогч харилцан тохиролцох буюу ажилтны санаачилга уу, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаар тушаалд заагаагүй байна гэдэг.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78-80 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон зүйл байхгүй, ...гэрээнд өөрчлөлт оруулаад, бичиг хэргийн ажилтнаар томилсон. Ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаж чадаагүй. Ажлын байрны тодорхойлолтод эрх зүйч, бизнесийн удирдлага, хүний нөөцөөр мэргэшсэн байх ёстой энэ мэргэжлээрээ ажилласан жил байхгүй. ...Хүний нөөц гэдэг нь хүний нөөцийн бүрдүүлэлт тулгуурлаж ажиллах гол албан тушаалуудын нэг байдаг тул Төрийн өмчийн бодлого зхоицуулалтын газраас баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу таны мэргэжил, мэргэшил тохирохгүй байна гэж хэлдэг. Сахилгын шийтгэл 2 удаа авагдсан. Хөдөлмөрийн дотоод журам нь 2 удаа сахилгын зөрчил гаргасан бол сахилгын ноцтой зөрчилд тооцно гэсэн үндэслэл болно гэж заасан. Харин өөрийнх нь мэргэжилд тохирох ажлыг санал болгохоор сонсох ажиллагаа хийсэн. Тэмдэглэд тусгагдсан. ...Өөрийн санаачлагаар хүний нөөцийнхөө ажлыг хүлээлгэж өгсөн. *******ийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтанг хийж байна. Засгийн газраас Авлигатай тэмцэх жил болгоод шүүр ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм. Албан тушаалын тусгай шаардлагад тохироогүй ажилд томилсон бол тогтоол хэрэгжиж байна. Энэ үндэслэлээр чөлөөлөгдөх үндэслэл болно. Одоо ажиллаж байгаа ажил нь тохирч байна. Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаын үндсэн дээр миний зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулсан, ажлын байрны дарамтад оруулж, хөдөлмөрлөх эрхээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Сонгон шалгаруулалтад орсон зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.2 .ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах; гэж заасан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаар хамтын гэрээ хамтын хэлэлцээрт нийцүүлэн заасан байгаа. ...Компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор тодорхойлолтод өөрчлөлтүүдийг оруулсан байдаг. Эрх зүйч хүний нөөцийн сургалтад шаардлага хамрагдсан хүн ажиллах ёстой. 2022.12.28, 2023.01.18-ны өдрүүдэд сонсох ажиллагаа явуулсан. 2023.01.30-ны өдөр боловсрол мэргэжилд тохирсон ажилд томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан ба өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Харилцан тохиролцсон. Энэ гэрээгээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ямар нэгэн байдлаар зөрчсөн зүйл байхгүй. Дарамт шахалт үзүүлсэн гэж ярьдаг бөгөөд ажлын байрны дарамт үзүүлсэн гэдэг нь ямар ч нотлох баримтаар нотлогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч нар давж заалдах гомдолдоо хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн харилцааг 52 дугаар зүйлийн 52.1-т зааснаар нэхэмжлэгчийг өөр ажилд томилсон гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1-т зааснаар талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно гэсэн заалт бий. Гэхдээ энэ заалт бол гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтныг ажлаас чөлөөлөөд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиолдолд хэрэглэгдэхгүй. Ганцэцэг нь хүний нөөцийн газарт мэргэжилтнээр ажилладаг. Энэ мэргэжилтнээ ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах л асуудал болохоос биш. Өмнөх гэрээг дуусгавар болгоод дараагийн гэрээг байгуулчихаад түүнийгээ өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна. Гүйцэтгэх захирлын тушаалын агуулгаас үзэхэд эхлээд чөлөөлөөд, дараа нь өөр ажилд томилсон. Тэгэхээр хүний нөөцөөр ажиллах хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа юм.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар ажлаас чөлөөлөх урьдчилан сонсох ажиллагаа явагдаад байна. Хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй, дээд боловсролгүй гэх шалтгаанаар ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж заасан. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод эрх зүйн боловсролгүй учраас та тэнцэхгүй байна гэдэг. ...Хариуцагчийн бичгээр өгсөн тайлбарт хүний нөөцийн мэргэжлээр сурсан сертификат байх ёстой гэдэг. Энэ нь байхгүй бол боломжуудыг хангах үүрэгтэй. Энэ үүргээр хангаагүй байж албан тушаалыг бууруулсан. Бууруулаагүй адил албан тушаал дээр тавьсан гэж яриад байгаа боловч цалин хөлсний хэмжээ нь 300.000 төгрөгөөр багассан. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон асуудалд маргаан бүхий гүйцэтгэх захирлын тушаалаар тогтоогдоогүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлийн аль нэг нь хамааран заах ёстой байсан. Гэтэл энэ заалтууд байхгүй тушаал үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

...Хариуцагч нараас янз бүрийн тайлбарыг хэлж байна. Гэхдээ хавтаст хэрэгт тайлбарлаад байгаа баримтууд нь байхгүй. *******ийг анх ажилд авахад ажлын байрны шаардлагад нийцэж байсан. Хэрэв явцын дунд өөрчлөгдөх бол комиссын дүгнэлт гарсан байх ёстой. Иймд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ...2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тушаал гараад би ажилд орсон. ...Тушаал гарсны дараа хүний нөөцийн хэлтэст ороод, сонгон шалгаруулалтад тэнцээд ажилд орсон тул тушаал гарсан гэж үзэж байгаа. Ажилтныг хохироогоогүй гэж тайлбарладаг. ******* ******* ХК-ийн цалин хөлсний журам гэж байдаг. Энэхүү журамд инженер техникийн ажилчид буюу ИТА гэсэн ангилал байдаг. Туслах ажилтан, мэргэжилтэн ажилтнууд гээд тус тусдаа ангилагдсан байдаг. Хүний нөөцийн мэргэжилтэн бол инженер техникийн ажилчдад багтдаг. Цалингийн зэрэглэл өндөр гэсэн үг. Миний одоо ажиллаж байгаа бичиг хэргийн ажилтан нь туслах ажилтны ангилалд багтаж байгаа. 1.727.000 төгрөгийн цалинтай. Миний ангилал зэрэглэл өөрчлөгдсөн. Би хохирсон, цалингийн зөрүү 600.000 төгрөг болсон. Би гүйцэтгэх захиралд харилцан тохиролцоогүй байж ийм шийдвэр гаргалаа, цалин хөлсийг буурууллаа гэж уулзахад цалин хөлсийг бууруулахгүйгээр гэрээ байгуулж өгнө гэж хэлсэн. Гэрээ байгуулагдахад 2.073.000 төгрөгөөр байгуулсан. Хүний нөөцийн цалин бол 2.392.600 төгрөг байсан. Ингээд 300.000 төгрөгийн зөрүүтэйгээр одоо хүртэл цалинжиж байна.

... Хамгийн гол нь намайг энэ ажлын байрнаас чөлөөлснийхөө дараа миний оронд эрх зүйн мэргэжилгүй өөр хүнийг томилсон. Энэ зөрчилдөхгүй байгаа гэсэн зүйл мөн үү.

...Ажлын байрны тодорхойлолтыг засаж сайжруулахаар ТУЗ-аас чиглэл ирсэн гэдэг. Би хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байхад ямар чиглэл ирсэн бэ гэхээр хэлтсийн дарга, үйлдвэрийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтыг өөрчил гэсэн чиглэл ирсэн. Нэг ч мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг өөрчил гэсэн чиглэл ирээгүй. Ажлаа хүлээлцэхгүй 2 хоносон. дагуулж орж ирээд ажлаа хүлээлгэж өг дараагийн арга хэмжээг авна гэж хэлсэн. Өгөхгүй гээд суугаад байсан ажлаа өгсөн. Хөдөлмөрийн гэрээг сайн дураараа байгуулсан гэж хэлсэн. Би Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо өгсөн. Гүйцэтгэх захирал дээр очиход шийднэ гэж хэлээд цалин бууруулахгүй гэж хэлсэн. Цалин бодогдоод ирэхэд буурсан байсан тул би гомдлоо буцааж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч үйл баримтыг дутуу тогтоож, эрх зүйн зарим дүгнэлтийг орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс үйл баримтыг бүрэн тогтоож холбогдох эрх зүйн дүгнэлтүүдийг хийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 26 дугаар байр 06 тоотод оршин суух Монгол овогт *******ийн Ганцэцэг нь Мөн суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ТӨХК-д холбогдуулан Хүний нөөцийн мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү 2.236.000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүү 526.797 төгрөг гаргуулан олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагч компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын ...Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр шийдвэрлэсэн тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00167 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 5.Үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот тушаал түүний 02 тоот хавсралтаар хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тус компанийн захирлын А/259 тоот тушаалын хавсралтаар хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөн уг ажлын байранд эрх зүйч, бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежмент гэх мэргэжилтэй байх, хүний нөөцийн мэргэжилтнээр 2-оос доошгүй жил ажилласан байх гэх зэрэг шаардлагуудыг баталж нэхэмжлэгч *******ийг үндсэн мэргэжил буюу социологич мэргэжилтэй, хүний нөөцийн мэргэжилтнээр ажилласан ажлын туршлагагүй тул хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллах боломжгүй болсон талаар компанийн удирдах албан тушаалтнуудын зүгээс *******т мэдэгдсэн,

Нэхэмжлэгч ******* уг мэдэгдлийг хүлээн аваад өөрийн цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд шилжүүлэн өгөхийг хүссэн хүсэлтээ бичиж компанийн удирдлагуудад хүргүүлснээр *******ийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтан албан тушаалд 2.073.120 төгрөгийн цалинтай буюу хүний нөөцийн мэргэжилтний цалингаас 300.000 төгрөгөөр доогуур цалинтай ажилд томилогдсон буюу хөдөлмөрийн нөхцөл үндэслэлгүйгээр дордсон гэх үндэслэлээр тус компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж, улмаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд хандсан үйл баримт тус тус тогтоогджээ.

6. Дээрх үйл баримтуудад эрх зүйн дүгнэлт хийвэл: Тус компанийн нэхэмжлэгч *******ийн ажлын байрны цалин хөлсийг бууруулж өөрчлөх болсон шалтгаан буюу ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөх зайлшгүй хэрэгцээ шаардлага юу байсан бэ? гэх асуулт урган гарч ирснээр Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дурьдсанчлан ...компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг чиглэл, ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өгсөн үүрэг даалгавар-ын дагуу ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн гэх боловч компанийн 700 гаруй ажлын байрны хэдэн ажлын байрны тодорхойлолт хэрхэн өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж,

80.1.2-д ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч ******* нь анх ажилд томилогдох үед ажлын байрны тодорхойлолт нийцсэн мэргэжилтэй байсан ба уг ажил үүргийг гүйцэтгэх явцад түүний ажлын байранд тавигдах шаардлага буюу түүний сурч төгссөн мэргэжил хасагдсанаар түүнд шинэ ажлын байрны тодорхойлолтод нийцэх, ажлын ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацааг ажил олгогч олгоогүй байна.

Түүнчлэн ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөнөөр тухайн ажилтан тухайн ажлын байранд тэнцэхгүй болсон нь хэрхэн яаж тогтоогдсон нь тодорхойгүй, түүний мэргэшил ур чадварыг ямар нэгэн комисс, эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон дүгнэлт баримтыг хавтаст хэрэгт нотлох баримт болгон зохигчдын зүгээс ирүүлээгүй.

Хариуцагч нарын зүгээс ...нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байгаа өөр ажилд шилжүүлсэн.. гэж тайлбар өгч байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд Өөр ажилд түр шилжүүлэх 59 дүгээр зүйлд Сэлгэн ажиллуулах гэдэг ойлголтууд нь нэхэмжлэгчийн өөр ажилд шилжүүлснээс огт өөр эрх зүйн ойлголтууд болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Ажил олгогч дараах үндэслэл, хугацаагаар ажилтныг өөр ажилд түр шилжүүлэн ажиллуулж болно гэж,

58.1.6-д ажилтантай өөртэй нь тохиролцон адил чанарын өөр ажилд гэж тус тус заасан ба энэ зүйлийн утга агуулга нь дээрх ажилд тодорхой хугацаагаар буюу түр хугацаагаар шилжүүлээд буцаан үндсэн ажил үүрэгт ажиллуулах тухай ойлголт болно.

Харин мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж,

59.1.1-д ажлын ачааллыг тэнцүүлэх

59.1.2-д тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх

59.1.3-д хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх

59.1.4-д нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх гэж,

59.3-д Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно гэж,

59.4-д Сэлгэн ажиллах хугацаа дууссан, эсхүл сэлгэн ажиллаж байгаа ажилтны хувьд энэ хуулийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан нөхцөл бий болсон тохиолдолд урьд ажиллаж байсан ажлын байранд нь эгүүлэн авна гэж,

59.5-д Урьд ажиллаж байсан ажлын байранд авах боломжгүй бол адил чанарын өөр ажлын байранд авч ажиллуулна гэж,

59.6-д Ажилтанд сэлгэн ажиллахаас татгалзсан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно гэж тус тус заасан.

Сэлгэн ажиллуулах тухай ойлголт нь мөн 3 жилийн хугацаатай байх ба сэлгэн ажиллуулж байгаа үндэслэл журам нь тодорхой, зорилго бүхий байдаг.

Иймд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, давж заалдах гомдлын үндэслэл няцаагдаж, нэхэмжлэгч *******ийн хөдөлмөрлөх эрхийн харилцаа дуусгавар болоогүй, өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан гэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж, хариуцагч байгууллагын хариу тайлбар болон талуудаас гаргаж ирүүлсэн нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүхээс үйл баримтыг тогтоож зохих эрх зүйн дүгнэлтүүдийг хийснээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хууль зөрчөөгүй байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00167 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00167 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.660 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ