Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00100

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 08 210/МА2024/00100

 

 

Д. ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/04630 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.

Хариуцагч: О. ,

Хариуцагч: Ш ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,721,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О /цахимаар/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Д. нь О. гийн хүсэлтийн дагуу түүнд болон Ш ХХК-д нийт 15,200,000 төгрөгийг 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр О. гийн Хаан банкны дугаар дансруу би өөрийн найз Б.Бийн Хаан банкны 00000 дугаар данснаас 2,000,000 төгрөгийг 88098532 гэсэн гүйлгээний утгаар, 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн найз Б.Бээс /түүний эхнэрийн данснаас/ 5,000,000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр О. гийн Хаан банкны дугаар дансруу Б.Агийн данснаас 1,000,000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр О. гийн Хаан банкны дугаар дансруу Э.Шинэнэмэхийн данснаас 200,000 төгрөгийг, О. д 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр О. гийн хүсэлтийн дагуу н.Өлзийбаатар гэх хүний Хаан банкны 5585380679 дугаар дансруу 1,000,000 төгрөгийг О. гийн өмнөөс тээврийн хөлс 2019 оных гэсэн утгатайгаар, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Ганхөлөг гэх хүний Хаан банк дахь 0000000001 дугаар дансруу О. гийн нэг хүний өмчлөлийн Ш ХХК-ийн өмнөөс 2,000,000 төгрөгийг Тээвэрлэлийн хөлс, Ш гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн.

1.2 О. нь надаас мөнгө хүүтэй зээлье гээд өөрөө хэдэн төгрөгийн хүү бодохоо хэлдэг байсан. О. д нийт 15,200,000 төгрөгийг би өөрийн найзаасаа зээлж өгсөн. Зээлсэн мөнгөний хүүний төлбөрт баримттайгаар нийт 3,521,000 төгрөгийг би төлсөн. Ш ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд зээл 15,200,000 төгрөг, хүүний төлбөрт төлсөн 3,521,000 төгрөг, нийт 18,721,000 төгрөгийг хариуцагч О. гаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 О. нь Д. тай танилцаж, цаашид хамтран ажиллах хүсэлт тавьсан. Би Э ХХК-ийн эрчим хүчний угаасан нүүрсийг орон нутгийн үйлдвэрт зөөх тээвэрлэх ажлыг эхлүүлэх журмаар явсан. Энэ үед Д. т итгэл найдвар тавьж, 1,000,000 төгрөгийн цалин бодьё, цаашид энэ ажлыг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ярилцаж явсан. Улаанбаатар луу ажил хөөцөлдөх шугамаар явсан. Тухайн үед Д. аас хүүтэй мөнгө зээлдэг хүн байна уу гэхэд хүнээс сураглаж өгье гэсэн.

2.2 Улмаар 2018 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрийн үед 5,000,000 төгрөг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би 4,000,000 төгрөг, чи 1,000,000 төгрөгийг нь ав гэж Д. т хэлсэн. Тухайн үед Д. нь манай эгч миний компанийн ажлыг хийдэг, нүүрс тээвэр, машинтай гэх мэтчилэн ярьж өөрийн ажилтан н.Бэ гэдэг хүнээр дамжуулан надад 30 хувийн хүүтэй өгч байсныг 3 сарын дараа буюу 2018 оны 09 дүгээр сард мэдсэн. н.Бэ нь Эрдэнэт хотын залуу, мөн н.Нарангэрэл гэгч эмэгтэйгээс 10 хувийн хүүтэй зээлж өгч байсныг мэдсэн. Тухайн үед зээлж байсан мөнгөө хүүтэй нь төлж барагдуулсан. Дахин н.Бэ, н.Нарангэрэл нараас 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг зээлээгүй.

2.3 Д. нь өөрөөсөө хүү төлөөд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. н.Бэ, н.Нарангэрэл нарт нийт 8,000,000 төгрөг Д. 2022 оны 11 дүгээр сард төлсөн. Д. т тухайн 2 иргэнд төлсөн 8,000,000 төгрөг, өөрөөс нь тээврийн хөлс өгөх гэж мөнгө дутахаар 4,000,000 төгрөг зээлж өгсөн. Дансаар авсан мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Д. т нийт 12,000,000 төгрөг төлнө. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч О. гаас зээлийн төлбөрт 12,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д. т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 6,721,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д. ын хариуцагч Ш ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О. гаас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д. т олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг хэт үнэлсэн, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг бүрэн бодитой үнэлээгүй, гэрчийн мэдүүлгийн зарим хэсгийг хэсэгчлэн авч дүгнэхдээ бусад хэсгийг үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн.

4.2 Нэхэмжлэгч нь О. д мөнгө зээлүүлэхдээ өөрийнхөө биш бусдын данснаас хариуцагчийн болон түүний хэлснээр өөр бусад иргэдийн данс руу мөнгө шилжүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон. Гэтэл шүүх дүгнэлтдээ Зохигчдын хооронд 2022.12.29-ний өдөр чаталсан чатын агуулгаар 4,000,000 төгрөгийг зээлүүлсэн болох нь тогтоогдоно гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлгүй. Чатны агуулга дээр бэлнээр гэдэг үг бичигдсэн байхад үгүйсгэсэн үндэслэлээ заахгүйгээр үндэслэлгүй гэж бичсэн нь өөрөө үндэслэлгүй дүгнэлт.

4.3 Гэрч Б.Бэ нь ...Д. танд 8,000,000 төгрөгийн хүүний төлбөрт хэдэн төгрөг өгсөн бэ гэх асуултад 1-2 сарын хүүний мөнгө 1,600,000 төгрөгийг өгсөн гэж мэдүүлсэн байхад шүүх дүгнэлтдээ 8,000,000 төгрөгийн хүүний мөнгийг эхний 2 сарын мөнгийг өгсөн, тэрнээс хойш мөнгө өгөөгүй гэж мэдүүлсэн гэж бичиж 1,600,000 төгрөг гэж тодорхой хэлсэн үнийн дүнг бичээгүй нь хариуцагчийг дэмжсэн нэхэмжлэгчийн бүрдүүлсэн баримтыг дутуу үнэлсэн, үнэлээгүй шалтгаанаа тайлбарлаагүй үндэслэлгүй шийдвэр болсон.

4.4 Гэрч Б.А ...1,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй өгсөн 2 билүү 3 сарын хүү авсан. 1,000,000 төгрөгөө аас өөрөөс нь дансаар шилжүүлж авсан гэж мэдүүлсэн байхад шүүх үнэлээгүй. Б.Ад мөнгө шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан.

4.5 О. нь ...Д. аас хүүтэй мөнгө зээлж буцааж өгч байсан гэж бичгээр тайлбар өгсөн байхад ...Д. нь хүүтэй мөнгө зээлсэн болохоо хариуцагчид мэдэгдээгүй атлаа түүний өмнөөс хүү төлж хохирсон гэж үзэж буй нь үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн бүх гаргаж өгсөн баримт, хэргийн бодит байдлыг үндэслэлгүй гэж үгүйсгэсэн. Д. нь О. гийн өмнөөс түүний авч хэрэглэсэн мөнгөний хүүнд тооцож Б.Бэ, Б.А нарт өгсөн мөнгө бол Д. т учирсан бодит хохирол. Нэхэмжлэгч нь уг хохирлыг О. гаас шаардах эрхтэй.

Иймд шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. О. д 11,200,000 төгрөг дансаар орж ирсэн боловч 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч гаргаж өгье гэж хэлсэн.

5.2 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй. Д. нь О. д анх хүүтэй мөнгө бусдаас зээлсэн талаар мэдэгдээгүй. Тухайн 12,000,000 төгрөгийг өгсөн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн нь баримтаар тогтоогдоогүй. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргахаас 7 хоногийн өмнө тодорхойгүй чат бичсэн. Тухайн мессенжер чатыг үндэслэж, 4,000,000 төгрөгийг гаргуулах зорилготой байсан гэж үзэж байна.

5.3 Гэрч нар нь Д. тай зээлийн харилцаатай байсан гэж тайлбарладаг. Д. тай н.Бэ нь 8,000,000 төгрөгөөс гадна өөр зээлийн харилцаатай байсан. Тухайн зээлийг хэзээ, юунд, хэрхэн хүү төлж байсан талаар тодорхой санахгүй байна гэх мэдүүлгийг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д. нь хариуцагч О. , Ш ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 15,200,000 төгрөг, бусдад төлсөн хүүгийн төлбөр буюу хохирол 3,521,000 төгрөг, нийт 18,721,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ш ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд нийт 11,200,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчид 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн эсэх, хариуцагч зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид 3,521,000 төгрөгийн хохирол учирсан эсэх, уг хохирлыг хариуцагч арилгах үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Нэхэмжлэгчээс хариуцагчид 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 11,200,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зээл 11,200,000 төгрөг төлөхийг ...12,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэх агуулгаар зөвшөөрсөн. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 11,200,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

6. Нэхэмжлэлийн шаардлагаас зээл 4,000,000 төгрөг гаргуулах хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй тул талуудын хооронд 4,000,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон талуудын хооронд харилцсан цахим зурваст хийсэн үзлэгээр илэрсэн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

6.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид буюу хариуцагчид шилжүүлснээ баримтаар нотлох үүрэгтэй.

6.3. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ...өөрөөс нь тээврийн хөлс өгөх гэж мөнгө дутахаар 4,000,000 төгрөг зээлж өгсөн гэсэн байхаас гадна мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд харилцсан цахим зурваст хийсэн үзлэгээр 4,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн талаарх нөхцөл байдал илэрсэн байна. /хх 36, 131/ Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар хэргийн нотолгооны хэрэгсэл болох тул хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх тайлбарыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлнэ. Иймд дээрх үзлэгийн тэмдэглэл болон хариуцагчийн тайлбарыг үндэслэн зээл 4,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээ нэхэмжлэгч нотолсон гэж үзэх бөгөөд хариуцагч уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар үгүйсгэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 4,000,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч 4,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.4. Хариуцагч нь зээл 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлснөө баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгч нь тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...4,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй. Иймд шийдвэрт хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

7. Нэхэмжлэгч 3,521,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ хариуцагчид зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийн хүүгийн төлбөрийг бусдад төлсөн хэмжээгээр хохирол учирсан агуулгаар шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хариуцагчид хүү төлөх үүрэг үүсээгүй буюу хүүгийн талаар бичгээр тохиролцоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, дээрх шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлогдоно. Мөн зүйлд зааснаар хохирол шаардахын тулд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.

7.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг бусдаас зээлж, хариуцагчид шилжүүлэхдээ хүүгийн төлбөрийг хариуцагчийн өмнөөс бусдад төлөхөөр тохиролцсон, мөн нэхэмжлэгчийн бусдад төлсөн хүүгийн төлбөрийг талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийг хариуцагч зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэл буюу шалтгаант холбоо нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

7.2. Гэрч Б.Бэ, Б.А нар нь зээлийн төлбөрт Д. аас хүү авсан талаар мэдүүлдэг боловч уг мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна. /хх 96-99, 102-104/

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 15,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 3,521,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/04630 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О. гаас 15,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д. т олгож, үлдэх 3,521,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 206,950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ гэснийг 233,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 122,486 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН