Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00348/И |
Дугаар | 386 |
Огноо | 2016-05-25 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 386
2016 оны 05 сарын 25 өдөр Дугаар 156/ШЗ2016/01159
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00348/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 04-05 тоотод оршин суух Сэргээгийн Лхагвасүрэнг архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Отгонжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Долгормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд өгсөн хүсэлтдээ: Эрхэлсэн тодорхой ажилгүй Хэрлэн сумын 1 дүгээр багт оршин суух Сэргээгийн Лхагвасүрэн нь согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Отгонжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: С.Лхагвасүрэн нь Хэнтий аймгийн 1 дүгээр багт оршин суух Сэргээгийн Лхагвасүрэн нь согтуурах мансуурах, архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн шүүхэд өгсөн тайлбар, охин Л.Мөнхөөгийн тайлбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн засаг дарга Ц.Цэрэндуламын тодорхойлолт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цагдаагийн газрын хэсгийн байцаагч дэслэгч Б.Батбаатарын тодорхойлолт зэргээс архинаас хамааралтай болох нь харагдаж байна. С.Лхагвасүрэн нь нийт 6 удаа согтуугаар саатуулагдаж 4 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 04 сарын 18-ны өдөр согтуугаар саатуулагдсан зөрчил гаргасан.
Иймд С.Лхагвасүрэнг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Лхагвасүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би хааяа архи уудаг нь үнэн. Одоо архи уухгүй. Би Хурх зах дээр 20 гаруй жил ажиллаж байна. Байнга ачигч хийдэг.
Надад өөр ажил олдохгүй байгаа. Ачигч хийж амьдралаа залгуулдаг. 5 сард барилгын ажилд хүн нэмж авна гэсэн боловч аваагүй. Хүн нэмж авбал би барилгын ажил хийх гэж байгаа болохоор би архины албадан эмчилгээнд явмааргүй байна гэв.
Шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь Сэргээгийн Лхагвасүрэнд архины албадан эмчилгээ хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэдийгээр С.Лхагвасүрэн нь архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч тэрбээр засралын байдалтай байгаа, Хэрлэн сумын Хурх зах дээр ачигч, грушикийн ажил эрхэлж, охиноо тэжээн амьдарч байгаа байдлыг нь харгалзан үзэж энэ удаад түүнийг албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Сэргээгийн Лхагвасүрэнг архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР