Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00105

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 08 210/МА2024/00105

 

 

Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 00 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/03274 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ББСБ ХХК

Хариуцагч: Т.Э,

Хариуцагч: Ж.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 69,353,131 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагч Т.Эийн өмгөөлөгч С.Үлэмж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Т.Э нь Б ББСБ ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 17219 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн.

1.1.1 Б ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 58,296,920 төгрөгийг хариуцагч Т.Эээс гаргуулахаар 2020 оны 00 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/08974 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хүсэлт гаргасан боловч уригдсан тал болох Т.Э, түүний өмгөөлөгч нар товлосон уулзалтуудад ирээгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон.

1.1.2 Зээлдэгч Т.Э нь зээлийн үндсэн төлбөр 35,954,550 төгрөг, үндсэн хүү 24,164,726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,233,855 төгрөг, нийт 69,353,131 төгрөг төлөөгүй. Иймд Т.Эээс зээлийн гэрээний үүрэгт 69,353,131 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2 Т.Э нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Ж.Гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол /0000/, 000 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай 44,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

1.2.1 Зээлдэгч Т.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй байх тул дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Т.Эийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Зээлийн хүүгийн тооцоолол нь Иргэний хууль болон Монголбанкны зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг зөрчсөн. Зээлийн үлдэгдэл 45,850,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг төлсөн. 16,000,000 орчим төгрөг нь хүүгийн үлдэгдэл гэж бодож байна. Нэхэмжлэгч талтай 25,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэхээр ярилцсан боловч шийдэлд хүрээгүй гэжээ.

3. Хариуцагч Ж.Гийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Т.Э нь 2017 онд миний төрсөн ах болох Ж.Саас Дархан-Уул аймагт байрлах хаусыг худалдаж авахаар тохиролцон, урьдчилгаа төлбөрийг Ж.Ст шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа Т.Э нь үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх боломжгүй болсон тул ...хаусыг худалдаж авахаа болилоо, урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж авъя гэсэн. Энэ үед Ж.С нь урьдчилгаанд авсан мөнгийг захиран зарцуулсан байсан тул мөнгийг буцааж өгөх хүртэл хугацаанд миний нэр дээрх орон сууцыг барьцаалсан.

3.2 2018 оны 01 дүгээр сард Т.Э нь ...Ах чинь надад өгөх ёстой мөнгөө төлөхгүй байгаа учир байрнаас чинь хөөж гаргана. Байрыг чинь хураана гэж утсаар байнга дарамтлах болсон. Тухайн үед би Солонгос Улс руу удаан хугацаагаар явах ажилтай байсан тул байхгүй хооронд байраа алдчих байх гэж айгаад гарын үсэг зур гэсэн баримт дээр нь гарын үсгээ зураад өгсөн.

3.3 Ж.С нь Т.Эт өгөх мөнгөө бүрэн төлж барагдуулсан бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т зааснаар Т.Э бид хоёрын хооронд үүссэн барьцаагаар хангагдах эрх дуусгавар болох ёстой.

Гэтэл Т.Э нь миний өмчлөлийн орон сууцыг ББСБ-ын барьцаанд тавьсан байсан бөгөөд миний гарын үсэг зурсан баримт нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 186 дугаар итгэмжлэл байсныг сүүлд мэдсэн.

3.4 Б ББСБ ХХК болон Т.Э нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 17219 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээг байгуулахдаа Т.Эт олгосон гэх итгэмжлэлийг үндэслэсэн байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд намайг төлөөлөн Т.Э гарын үсэг зурахдаа миний хүсэл зоригийг илэрхийлж, надаас олгосон бүрэн эрхийн хүрээнд, миний нэрийн өмнөөс гэрээ байгуулах ёстой. Би Т.Эт тухайлан Б ББСБ ХХК-аас зээл авахдаа миний өмчлөлийн байрыг барьцаанд тавих бүрэн эрхийг олгоогүй. Банк бус санхүүгийн байгууллага нь барьцааны гэрээ байгуулахдаа надаас өөрийн өмчлөлийн орон сууцаа зээлийн барьцаанд тавих хүсэл зоригийн илэрхийлэл байгаа эсэхийг тодруулж асуугаагүй.

3.5 Т.Эт олгосон гэх итгэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 6 сарын хугацаатай олгосон байна. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д зааснаар бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан тохиолдолд төлөөлөл дуусгавар болно. Эндээс харахад итгэмжлэлийн хугацаа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дууссан байна.

3.6 Т.Э нь миний өмчлөлийн байрыг ББСБ-аас зээл авахдаа барьцаанд тавьсантай холбоотой өмчлөх эрхийн маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэгэнт шийдвэрлэсэн. Уг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б ББСБ ХХК нь бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдээр оролцож байсан. Б ББСБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцохоо больсон атлаа бидний эрх ашгийг хөндөж тухайн маргааныг шийдвэрлэсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаанд Б ББСБ ХХК нь хүсэлт гарган бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох боломж нь нээлттэй байсан. Гэтэл Б ББСБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гараагүй.

3.7 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00100 дугаар захирамжаар Т.Э нь Ж.Гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, Тарвилан хотхон, 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 44,1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б ББСБ ХХК-ийн барьцаанаас чөлөөлөх, Б ББСБ ХХК-ийн үлдэгдэл зээлийн барьцаанд Т.Э өөрийн барьцаа хөрөнгийг тавьж зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, миний өмчлөлийн дээрх орон сууцыг Б ББСБ ХХК-ийн барьцаанаас чөлөөлөх шийдвэр нэгэнт гарсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.

Иймд дээрх үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Эээс 69,353,131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ж.Гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол /0000/, 000 байр, 00 тоот хаягт байршилтай 44,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 645,116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,200 төгрөгийг, хариуцагч Т.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 504,716 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан бөгөөд Ж.Гийг төлөөлж Т.Э гарын үсэг зурсан.

5.2 Ж.Г нь Т.Эт барьцаалах эрхийг итгэмжлэлээр олгосон. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Т.Эийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

6.1 Гомдолд хэлэх тайлбаргүй гэжээ.

7. Хариуцагч Т.Эийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Барьцааны гэрээтэй холбоотой маргааныг өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Уг хугацаагаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ зогсох учиртай. Өөрөөр хэлбэл, тухайн үед зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх бөгөөд үүнээс хойш хугацааны төлбөрийг шаардах эрхгүй. Бодит тооцооллоор хариуцагч нь 29,353,131 төгрөгийг төлөх тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

8.1 Б ББСБ ХХК нь зохих журмын дагуу арга хэмжээ авсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасанчлан зээл төлж дуусах хүртэлх хугацааны буюу нэхэмжлэх өдөр хүртэлх хугацааны зээлийн гэрээгээр хүлээсэн хүү болон үндсэн төлбөрөө хуулийн дагуу нэхэмжилсэн. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ж.Гийн хариу тайлбарын агуулга:

9.1 Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 62.3 дахь хэсэгт тус тус зааснаар Т.Э нь хариуцагч Ж.Гийн хүсэл зоригийг илэрхийлж, надаас олгосон бүрэн эрхийн хүрээнд, миний өмнөөс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурахаар байна. Гэтэл Б ББСБ ХХК-ийн барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах хүсэл зориг байгаагүй. Би Т.Эт Б ББСБ ХХК-аас зээл авахдаа миний өмчлөлийн байрыг барьцаанд тавих бүрэн эрхийг олгоогүй. Б ББСБ ХХК барьцааны гэрээ байгуулахдаа миний хүсэл зоригийг тодруулж асуух ёстой байсан.

9.2 Мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд хариуцагч Т.Э нь өөрийн гарын үсгийг зурсан. Гэрээний оршил хэсэгт Т.Э өөрийн нэрийг бичиж, өөрийн оршин суугаа хаягийг бичсэн байгаагаас харахад уг гэрээнд Ж.Гийг төлөөлж оролцоогүй, харин барьцаалуулагчийн хувиар өөрийгөө төлөөлөн оролцсон байна. Гэрээнд Ж.Г нь барьцаалуулагчаар, харин Т.Э нь барьцаалуулагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчөөр гарын үсэг зурах ёстой байсан. Гэтэл Ж.Гийг тухайн гэрээнд барьцаалуулагчаар оролцуулаагүй байна.

9.3 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 00 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авах ёстой байсан. Би Б.Этай 2012 онд гэрлэлтээ батлуулж, хоёр хүүхэдтэй болж 2014 онд уг байрыг худалдаж авсан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар уг орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Гэтэл Б ББСБ ХХК, Т.Э нар нь өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг аваагүй.

9.4 2019 онд Б.Э надад болон Т.Эт холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг тус тус хүчингүй болгуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгийн өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг маргаанд Б ББСБ ХХК гуравдагч этгээдээр оролцож байсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2020/00110 захирамжаар Т.Э нь Ж.Гийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн. Б ББСБ ХХК уг захирамж болон барьцааны гэрээний 2.5-д заасны дагуу барьцааны зүйлийг өөрчилж болохоор байсан.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Т.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 35,954,550 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн хүүгийн төлбөрт 24,164,726 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,233,855 төгрөг, нийт 69,353,131 төгрөг гаргуулах, хариуцагч Т.Э болон хариуцагч Ж.Г нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч Т.Э нь зээлийн гэрээний үүрэгт 69,353,131 төгрөг гаргуулах шаардлагын 25,000,000 төгрөг гаргуулах хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

2.2 Хариуцагч Ж.Г нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг ...итгэмжлэлийг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах гэрээг байгуулах зорилгоор олгоогүй гэх агуулгаар үгүйсгэн маргасан.

3. Нэхэмжлэгч Б ББСБ ХХК болон хариуцагч Т.Э нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 17219 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр хариуцагч Т.Э нь нэхэмжлэгчээс 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэй зээлэх, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүрийн 11-ний өдөр буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 8-10/ Гэрээний дагуу нэхэмжлэгч Б ББСБ ХХК-аас хариуцагч Т.Эт зээлийн мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.

4. Анхан шатны шүүх дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б ББСБ ХХК болон хариуцагч Т.Э нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

4.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон. Дуусгавар болсноос хойш хариуцагч Т.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд нийт 38,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн үйл баримт тогтоогдсон.

4.2 Анхан шатны шүүх нэхэмжилсэн зээл, хүүний тооцоолол-д үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 35,954,550 төгрөг, хүүгийн төлбөрт 24,164,726 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,233,855 төгрөг, нийт 69,353,131 төгрөгийг хариуцагч Т.Эээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ ...тооцооллын хувьд зөрүүгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг хэрэглээгүй нь буруу болжээ.

5. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг хэрэглэн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

5.1 Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нь хүүгийн төлбөрт нийт 9,000,000 төгрөг төлөх үүрэгтэй. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хариуцагч нь хүүгийн төлбөрт нийт 6,000,000 төгрөг төлөхөөс 5,950,000 төгрөг төлж, 50,000 төгрөгийн хүүгийн болон үндсэн зээл 50,000,000 төгрөгийн өр тус тус үүсгэсэн байна.

5.2 Мөн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хүүгийн төлбөрт нийт 3,000,000 төгрөг төлөөгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэрээний хугацаанд төлөөгүй хүүгийн хуримтлагдсан өр нийт 3,050,000 төгрөг, үндсэн зээлийн өр 50,000,000 төгрөг байна.

6. Зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу тооцно.

6.1 Хариуцагчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөгийг үндсэн зээл 50,000,000 төгрөгөөс хасаж, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн хүүг 11,500,000 төгрөг, хуримтлагдсан хүүг 3,050,000 төгрөг буюу нийт 14,550,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх үндсэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 14,550,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

6.2 Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 00 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй байх бөгөөд 2020 оны 00 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг төлсөн байна. Уг хугацааны хүүгийн хэмжээг үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөгөөс гэрээнд заасан хувь, хэмжээгээр тооцно. Өөрөөр хэлбэл, дээрх хугацааны хүүгийн хэмжээ 6,030,000 төгрөг болсон байна. Харин үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг 30,000,000 төгрөгөөс 2020 оны 00 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 8,000,000 төгрөгийг хасаж, 22,000,000 төгрөг гэж үзнэ.

6.3 Улмаар хариуцагч нь 2020 оны 00 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй байх бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг төлсөн байна. Уг хугацааны хүүгийн хэмжээг үндсэн зээл 22,000,000 төгрөгөөс гэрээнд заасан хувь, хэмжээгээр тооцно. Өөрөөр хэлбэл, дээрх хугацааны хүүгийн хэмжээ 286,000 төгрөг болсон байна. Харин үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг 22,000,000 төгрөгөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж, 12,000,000 төгрөг гэж үзнэ.

6.4 Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй байна. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 7,740,000 төгрөг төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөг, гэрээний хугацаа дахь хүүгийн төлбөрт 3,050,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрт 25,556,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

7. Талууд гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,721,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагч Т.Эийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагч Т.Эээс зээлийн гэрээний үүрэгт нийт 46,327,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

9. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос ...29,353,131 төгрөг болгон шийдвэрлэж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь, өмнө нь шүүхэд барьцааны гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж шийдвэрлэгдсэн, уг ажиллагаанд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээр оролцсон, мөн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байсан, эвлэрүүлэн зуучлагчид хандсан зэрэг нь хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр болон үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

9.1 Түүнчлэн, шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/08974 дугаар захирамжаар хариуцагч Т.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 58,296,920 төгрөг гаргуулах тухай Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан маргааныг шийдвэрлүүлэхээр тохиролцсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 11-14/ Энэхүү захирамж нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон байх тул түүнээс хойш гарсан шүүгчийн захирамжийг үндэслэн хугацаа нь дуусгавар болсон гэрээг хугацаанаас өмнө цуцлах боломжгүй юм. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...гэрээг цуцлах тухай саналыг хүргүүлж байна гэж ойлгосон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

10. Анхан шатны шүүх ...барьцааны гэрээ нэхэмжлэгч болон Ж.Г нарын хооронд байгуулагдсан гэж үзэхгүй гэж дүгнэснийг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

10.1 Хариуцагч Ж.Г нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол /0000/ 000 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 44.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг үйлдэл хийх эрхийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэлээр 6 сарын хугацаатай хариуцагч Т.Эт олгосон байна. /хх 94/

10.2 Улмаар, дээрх итгэмжлэлийг үндэслэн хариуцагч Т.Э нь нэхэмжлэгчтэй 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 17219 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, /хх 45-46/ 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17219 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Ж.Гийн өмчлөлийн дээрх орон сууцыг барьцаалсан байна. /хх 90-93/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

10.3 Тодруулбал, хариуцагч Ж.Г нь орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалах эрхийг хариуцагч Т.Эт итгэмжлэлээр олгосон тул уг итгэмжлэлийг үндэслэн хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Тухайн гэрээнд барьцаалагчаар Ж.Г оролцоогүй буюу гарын үсэг зураагүй нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Т.Эийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 00 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/03274 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Эээс 46,327,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,026,131 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Э шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ж.Гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол /0000/ 000 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 44.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 645,116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 459,785 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б ББСБ ХХК-аас төлсөн 504,715 төгрөгийг, хариуцагч талаас төлсөн 357,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН