Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00345/И |
Дугаар | 388 |
Огноо | 2016-05-24 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 388
2016 оны 05 сарын 25 өдөр Дугаар 156/ШЗ2016/01163
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00345/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн Биндэр суманд оршин суух Доржийн Жаргалсайханд архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Отгонжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Долгормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд өгсөн хүсэлтдээ: Эрхэлсэн тодорхой ажилгүй Хэнтий аймаг, Биндэр суманд оршин суух Доржийн Жаргалсайхан согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Отгонжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багт оршин суух Д.Жаргалсайхан нь Хэнтий аймгийн Биндэр сумын харъяат согтуурах мансуурах, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй хүнд хэлбэртэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн шүүхэд өгсөн тайлбар, Д.Жаргалсайханы хөрш Д.Ганзоригийн тайлбар, Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн засаг дарга С.Золзаяагийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Биндэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Х.Мөнхдөлийн тодорхойлолт зэргээс архинаас хамааралтай болох нь харагдаж байна. Д.Жаргалсайхан нь нийт 2 удаа захиргааны арга хэмжээ авагдаж байсан. 2013 оны 05 сарын 20-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулж байсан. Хөдөө орон нутагт байдаг учир байнга албадан саатуулагдаж байгаагүй.
Иймд Д.Жаргалсайханыг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д. Жаргалсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 80 нас гарсан ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Манай ээж хавар Улаанбаатар хот руу эмчилгээнд хавдараа авахуулах гэж явсан юм.
Тэр хооронд нь би өвөл хөлөө хугалсан байсан учир гэртээ байсан. Тэгээд ээжийг маань байхгүй хооронд найзууд намайг эргэж ирж байна гээд найзууд архи уудаг. Тэгээд архиддаг байсан.. Одоо ээж ирсэн байгаа учраас манай гэрт найзууд маань ирэхгүй байгаа. Би архи уухгүй байгаа.
Би хөлөө 2 удаа хугалсан. Эхнэрээсээ салсан. Нэг охинтой гэв.
Шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь Доржийн Жаргалсайханд архины албадан эмчилгээ хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэдийгээр Д. Жаргалсайхан нь архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч тэрбээр 2016 он гарснаас хойш архи уухгүй засралын байдалтай байгаа, өндөр настай ээж, охины хамт амьдардаг байдлыг нь харгалзан үзэж энэ удаад түүнийг албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Биндэр сумын иргэн Доржийн Жаргалсайханыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР