Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00402/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "А" танхимд  хийсэн  хуралдаанаар: Хэнтий аймаг дахь “ХААН” банкны нэхэмжлэлтэй, "иргэн  А.Хурцбилэгийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь “ХААН” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болор-Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь “ХААН” банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр багийн иргэн Хонги овогт Аюурзанын Хурцбилэг нь (РД:СФ-64102315) 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “ХААН” банкны Батширээт сумын тооцооны төвөөс 10 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээг зөрчин, улмаар тухайн хаягтаа оршин суухгүй, утсаар холбоо барих боломжгүй байна.
А.Хурцбилэг нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл  4 841 015 төгрөг, зээлийн хүү 1 109 959 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106 041 төгрөг, нийт 6 057 015 төгрөгийн өртэй байна.
Иймд зээлдэгч А.Хурцбилэгийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь “ХААН” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюун-Эрдэнэ нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч А.Хурцбилэг нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “ХААН” банкны Батширээт сумын тооцооны төвөөс 10 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн төлбөрөө төлөхгүй зээлийн гэрээгээ зөрчиж байна. 
Сүүлийн 1 жилийн хугацаанд А.Хурцбилэг нь сар бүрийн төлөлтийг хэтрүүлдэг байсан. А.Хурцбилэг нь 2015 оны 07 дугаар сараас хойш сураггүй болчихоод байгаа юм. Батширээт сумын захиргаанаас А.Хурцбилэгийн талаар тодруулахад Баян-Адрага руу шилжсэн гэсэн бичиг байсан. Тэгээд Баян-Адарга сумын удирдлагаас тодруулахад тус 
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\Эрэн сурвалжлах\392-Ш-И ХААН банк.docx
суманд А.Хурцбилэг гэдэг хүн шилжиж ирээгүй гэсэн хариуг өгсөн учраас А.Хурцбилэгийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэв. 
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 20 тал)

Шүүх хуралдаанд  хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь “ХААН” банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, (хх-ийн 1 тал) итгэмжлэл, (хх-ийн 12 тал) улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, (хх-ийн 7 тал) барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, (хх-ийн 2-4 тал) барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, (хх-ийн 5-6 тал) хариуцагчаар оролцвол зохих А.Хурцбилэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 8 тал) Хэнтий аймгийн Батширээт сумын улсын бүртгэгчийн тодорхойлолт, (хх-ийн 9 тал) нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, (хх-ийн 20 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь “ХААН” банк нь хариуцагчаар оролцвол зохих иргэн А.Хурцбилэгийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
А.Хурцбилэг нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, (хх-ийн 2-4 тал) барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, (хх-ийн 5-6 тал) нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, (хх-ийн 1 тал) нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюун-Эрдэнийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, (хх-ийн 20 тал) мөн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих А.Хурцбилэг нь Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр багт  оршин суудаггүй болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Хэнтий аймаг дахь “ХААН” банкны хүсэлт үндэслэлтэй байна. 
Иймд А.Хурцбилэгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар 1 дүгээр тойргийн тахарын албаны Хэнтий аймаг дахь тахарын хэсэгт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Батширээт сумын “Онон” багт оршин суух бүртгэлтэй, СФ-64102315 регистрийн дугаартай Хонги овогт Аюурзанын Хурцбилэгийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож шүүхэд ирүүлэхийг 1 дүгээр тойргийн тахарын албаны Хэнтий аймаг дахь тахарын хэсэгт даалгасугай.

3. Иргэн А.Хурцбилэгийн иргэний үнэмлэхийн хуулбарыг 1 дүгээр тойргийн тахарын албаны Хэнтий аймаг дахь тахарын хэсэгт явуулахыг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ