Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/23

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Сүхбатад холбогдох эрүүгийн 1904000220012 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                              Б.Буяндэлгэр

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгч                                                 Э.Сүхбат нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 22 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эгч Хонгорзул, дүү нарын хамт /цахим үнэмлэхний хаягаар: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 2 тоот/ одоо Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 13 дугаар гудамжны 8 тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овгийн Энхтуяагийн Сүхбат /РД:УК97071590/

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Э.Сүхбат нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны шөнө 2 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 23 дугаар гудамжид Ш.Амаржаргалтай “Н.Мөнхзулыг хоргоолоо” гэж таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар түүний хэвлийн доод хэсэгт хутгаар 2 удаа хатгаж, 1.5х0.2 см 2х0.2 см хэмжээтэй, зүүн гуяны өмнөд дунд хэсэгт хутгаар хатгаж 3х0.2 см хэмжээтэй мэс заслын оёдол бүхий шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Сүхбатын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2019 оны 1 дүгээр сарын 18-ны шөнө 2 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 23 дугаар гудамжид танил эмэгтэй болох Мөнхзулыг гэрт нь хүргэж өгөхөөр явж байсан. Бид хоёрыг явж байхад хохирогч Амаржаргал араас ирээд куртикээ тайлаад “хоёулаа зодолдъё” гэсэн би “зодолдохгүй” гээд цаашаа явсан. Тэгтэл Амаржаргал миний араас найзуудтайгаа хамт ирээд намайг тэврэхээр нь би жийж унагаад цаашаа явсан. Амаржаргал араас ирээд толгой руу гараараа харин найз нь цээж рүү цохьсон. Би биеэ хамгаалж айж сандрахдаа энгэрийн дотор халаасанд байсан 2 хутганыхаа нэгийг гаргаж ирээд Амаржаргалын гуя болон гэдсэнд нэг удаа хатгасан. Өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Амаржаргалын мэдүүлсэн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 1 цагийн үед найз Даваахатан, Мандахбаяр, Пүрэв-Очир нарын хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Киссо” бааранд орсон. Тэгээд хүн тус бүр 2 шил пиво уусан. Шөнө 2 цагийн үед би баарнаас гараад тамхи татах гээд гарахад миний урдаас зүс мэдэх жижиг биетэй эрэгтэй зөрж өнгөрөөд баар луу орсон. Би баарны хашаанаас гараад хашааны үүдэнд зогсоод тамхиа асаах үед надтай баарны үүдэнд зөрж өнгөрсөн эрэгтэй миний араас ирээд намайг хөлөөрөө хавсарч газар унагасан. Би босч ирээд яагаад унагаж байгаа талаар асуухад нөгөө эрэгтэй гартаа хутга барьсан байсан. Залуу үгийн зөрүүгүй хутгаараа миний нүүрийг зүсэх гэж дайрсан. Тэгэхээр нь хойшоо зайлахад барьсан хутга нь миний эрүүг зүссэн. Улмаар тэр эрэгтэй хутгаараа миний хэвлий рүү 2 удаа дүрчихээд 5 дугаар хороо, Залуус хэсгийн гэрэлгүй харанхуй руу гүйсэн. Би тухайн үед хэвлий рүүгээ хутгалуулснаа мэдээгүй. Би түүний араас хөөж очоод араас нь бариад автал нөгөө эрэгтэй эргэж хараад миний зүүн талын гуя руу хутгалчихаад дахиад цаашаагаа гүйсэн. Би гуя руугаа хутгалуулчихаад газар хэвтээд өгсөн. Миний араас найз Даваахатан ирэхээр нь “би хутгалуулчихлаа такси дууд” гэсэн. Тухайн үед намайг хутгалсан эрэгтэйтэй хамт явж байсан эмэгтэй манай найзтай хамт явж байсан бөгөөд “би найздаа наад эмэгтэйгээ битгий явуулаарай” гэж хэлсэн. Ингээд би эмнэлэг орж хөлөндөө оёдол тавиулсан. Би тухайн үед бага зэрэг халамцуу байсан, согтсон зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Даваахатаны мэдүүлсэн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 18-ны шөнө 1 цагийн үед Ш.Амаржаргалын хамт “Киссо” баарны гадаа зогсож байхад Амаржаргал гэнэт гүйгээд төв замын тийшээ явчихсан. Тэгээд харж байтал нэг залуугийн хажууд зогсож байгаад гэнэт газар унасан. Манай найзыг тэр залуу гэнэт жийгээд газарт унагаачихсан. Би хараад наанаас нь гүйгээд очиход тэр залуу зам хөндлөн гараад залуусын гудамжаар гүйгээд явчихсан. Намайг Амаржаргал дээр очиход “энэ залуу найзыг нь жийгээд унагаачихлаа” гэж хэлээд  надад гадуур хувцасаа тайлж өгөөд зугтаагаад явсан танихгүй залуугийн араас явсан. Би араас нь алхаад тэр харанхуй гудамж руу ороход манай найз хутгалуулчихлаа гээд миний урдаас гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхзулын мэдүүлсэн: “...2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбат манай буузны цехэд ажилд орсон. Тэр өдөр цех дотор мах шулах ажил хийж байсан. Орой 22 цагийн үед манай ажил тарсан бөгөөд би цэвэрлэгээгээ хийчихээд ажлаас гарч гэрлүүгээ алхсан. Сүхбат замын эсрэг талд миний урдхан алхаж явсан. Намайг Киссо баарны харалдаа зам дээр алхаж байх үед баарны үүднээс хохирогч эрэгтэй гүйж ирснээ “намайг сайн уу, юу байна” гэж яриа өдсөн. Тэгтэл Сүхбат хараад алхаад ирсэн тэгээд наад эмэгтэйгээ явуулчихаач гэж хэлсэн. Тэгтэл хохирогч Сүхбат руу хандаж “сайн уу, би чамайг танина, дараа таарах байлгүй дээ” гэж хэлээд маргалдсан. Би хохирогчид чи согтуу, харин наадах чинь хутгатай явж байгаа ш дээ” гэж хэлсэн. Би хохирогч эрэгтэйг Сүхбаттай зодолдож магадгүй гэж бодоод хохирогчийг аваад Киссо баар луу оруулж өгөөд гэрлүүгээ харьсан. Намайг гэр лүүгээ орох үед Сүхбат манай гэрийг өнгөрөөд алхаж явсан. Намайг хашаа руугаа орох үед Сүхбат эргээд Ганга дэлгүүрийн зүг алхсан. Тэгэхээр нь би гайхаад Сүхбатын араас дагаж явахад Сүхбат гар утсаараа яриад Киссо баарны зүг алхсан. Сүхбат гар утсаараа “одоо зодоон болно, чи хүрээд ир” гээд дуудаад байсан. Би Сүхбатын араас алхаад Киссо баар луу орох үед Сүхбат хохирогч залуутай маргалдаад баарнаас гараад ирж байсан. Тэгээд хохирогч эрэгтэй куртикээ тайлаад Сүхбаттай үзье гэж байсан. Тэр үед Сүхбат засмал замын зүгт зугтаасан. Түүний араас хохирогч эрэгтэй гүйж очоод замын хажууханд бариад авсан. Тэр үед Сүхбат хохирогчийг хөлөөрөө жийж унагаад залуус хэсгийн зүгт зугтаасан. Хохирогч босч ирээд дахиад хөөсөн. Сүхбат зугтаад Ганга дэлгүүрийн гудмаар орсон бөгөөд хохирогч тэр гудамжинд Сүхбатыг гүйцэж барьж авсан. Баарнаас гарах үед хохирогчийн найз гэх улаан куртик өмссөн эрэгтэй найзыгаа дагаад явж байсан. Намайг хохирогчийн найзын хамтаар Сүхбат болон хохирогч дээр очиход хохирогч эрэгтэйн эрүү нь зүсэгдсэн байдалтай байсан. Хохирогч найзыгаа харангуутаа “найзыг нь хутгалчихлаа ш дээ” гэж хэлсэн. Тэр үед Сүхбат 2 гартаа хутга барьчихсан зогсож байсан. Ингээд хохирогч эрэгтэй Сүхбат хоёр ноцолдсон. Би хохирогчийн найзад “чи наад хоёроо салгаач дээ” гэхэд найз нь намайг хориод ойртуулахгүй байсан. Тэгтэл Сүхбат хаашаа ч юм зугтаад алга болчихсон. Харин хохирогч эрэгтэй газар явган суучихсан “найз нь үхлээ ш дээ” гэж хэлж байсан.  Тэр үед хохирогчийн зүүн хөлний гуянаас цус гарч байсан. Миний ойлгосноор Сүхбат хохирогчтой маргаан үүсгэх гэж баар луу орсон. Түүнээс биш Сүхбат Киссо баар луу явах ямар ч шаардлага байхгүй. Сүхбат тэр өдөр ажилд ирэхдээ өөрөө хутга авч ирсэн, хутгаараа мах шулсан. Сүхбат хоёр ширхэг хутга биедээ авч явсан. Би ажлаас гарах үед нь Сүхбатыг хутгаар яах гээд байгаа юм бэ, хутгаа орхи гэж хэлэхэд миний үгэнд оролгүй хутгаа аваад гарсан. Тухайн үед Сүхбат эрүүл байсан, хохирогч нилээн халамцуу сэтгэл нь хөөрсөн байсан. Хохирогч Амаржаргал Сүхбатыг зодож цохьсон зүйл байхгүй, тэр Сүхбаттай зодолдох гээд хөөцөлдөөд байсан. Харин Сүхбат хутга гаргаж ирээд түүнийг хутгалсан. Би Сүхбатыг хохирогчийн хэвлий рүү хутгалсныг мэдээгүй, миний харснаар хохирогчийн эрүү, зүүн хөлийн гуянаас цус гарч байсан. Сүхбатын биедээ авч явсан хутга нь нэг шар өнгийн бариултай, нөгөөх нь хар өнгийн бариултай хутга байсан. Хоёр хутганы бариулыг хөх өнгийн цахилгааны туузаар ороосон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №09шэ/036 дугаартай дүгнэлтэд: “Ш.Амаржаргалын биед зүүн гуяны өмнөд хэсэг, хэвлийн доод хэсэгт гүн зүсэгдсэн мэс заслын оёдолтой шарх, хүзүү, хэвлийн өмнөд хэсэгт өнгөц зүсэгдсэн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 36/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Миний бие гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Ш.Амаржаргалын биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд түүний хүзүүний өмнөд дунд хэсэгт ташуу чиглэлтэй 1,2х0,2 см, хэвлийн өмнөд хэсэгт ташуу чиглэлтэй 8х0,2 см өнгөц зүсэгдсэн зулгаралт, хэвлийн доод хэсэгт 1.5х0.2 см, 2х0.2 см болон зүүн гуяны өмнөд дунд хэсэгт 3х0.2 см мэс заслын 2 ширхэг оёдолтой хатгагдаж зүсэгдсэн гэмтлүүд тогтоогдсон. Үзүүлэгчийн зүүн гуяны өмнөд хэсэг, хэвлийн доод хэсэгт гүн зүсэгдсэн оёдолтой шархнууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад хүзүү, хэвлийн өмнөд хэсэгт өнгөц зүсэгдсэн шархнууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 49/,

Хохирогч Ш.Амаржаргалын биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5/

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан “1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасагт хутгалуулсан хүн ирлээ” гэх тэмдэглэл /хх-ийн 3/

Эд мөрийн баримтаар хураан авсан тухай “нийт 26 см урттай, ажлын хэсэг 14 см урт, хутганы бариул 12 см урт, ажлын хэсэг дээр “Хортиця” гэсэн бичиглэлтэй, ажлын хэсэг нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан, бариул хэсгийг хөх өнгийн лентээр ороосон хутга 1 ширхэг, мөн ажлын хэсгийн урт 13 см, бариул хэсгийн урт 12 см, нийт 25 см урттай хутга 1 ширхэг, нийт 2 ширхэг хутгыг тус тус хураан авав” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/

Шүүгдэгч Э.Сүхбат нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 65/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 62/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 Шүүгдэгч Э.Сүхбат нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны шөнө 2 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 23 дугаар гудамжид Ш.Амаржаргалтай “Н.Мөнхзулыг хоргоолоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний хэвлийн доод хэсэгт хутгаар 2 удаа хатгаж, 1.5х0.2 см, 2х0.2 см хэмжээтэй, зүүн гуяны өмнөд дунд хэсэгт хутгаар хатгаж 3х0.2 см хэмжээтэй мэс заслын оёдол бүхий шарх үүсгэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Залуусын 23 дугаар гудамжид Амаржаргалын гуя болон хэвлийн тус газарт хутгалсан нь үнэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ш.Амаржаргалын “тэр залуу үгийн зөрүүгүй хутгаараа миний эрүүг зүссэн. Улмаар тэр эрэгтэй хутгаараа миний хэвлий рүү 2 удаа мөн зүүн талын гуя руу дүрсэн” талаарх мэдүүлэг /хх-н 24-27/, гэрч Б.Даваахатаны “Намайг харж байхад тэр залуу гэнэт манай найзыг жийгээд газарт унагаасан. Би хараад гүйгээд очтол зам хөндлөн гараад залуусын гудамж руу зугтаасан. Би тэр хоёрын араас алхаад харанхуй гудамж руу ороход манай найз хутгалуулчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 31/, гэрч Н.Мөнхзулын “Сүхбат хохирогчийг хөлөөрөө жийж унагаад залуус хэсгийн зүгт зугтаасан. Би улаан куртиктэй хохирогчийн найзын хамтаар араас нь очиход хохирогч эрэгтэйн эрүү зүсэгдсэн байсан. Хохирогч хутгалуулчихлаа ш дээ гэж хэлж байсан. Тэр үед Сүхбат гартаа хутга барьчихсан зогсож байсан. Миний харснаар хохирогчийн эрүү болон зүүн хөлийн гуянаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-н 32-33/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №09шэ/036 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/, уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмчийн мэдүүлэг /хх-н 49/, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5/, эд мөрийн баримт болон эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Харин шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Сүхбатын “хохирогч Амаржаргалын найз нь миний цээж рүү цохьсон” гэж мэдүүлсэн нь хохирогч Амаржаргалын “би хутгалуулчихаад газар хэвтэж байхад миний араас найз Даваахатан ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Даваахатаны “би Амаржаргал, Сүхбат хоёрын араас харанхуй гудамж руу ороход Амаржаргал хутгалуулчихлаа гээд миний урдаас гарч ирсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Мөнхзулын “би хохирогчийн найз болох улаан куртиктэй залуугийн хамт Амаржаргал, Сүхбат хоёрын араас очсон” гэсэн мэдүүлгүүдээр тус тус няцаагдаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Сүхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Ш.Амаржаргал, гэрч Д.Даваахатан, Н.Мөнхзул нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Э.Сүхбат нь хохирогч Ш.Амаржаргалыг “хамт ажилладаг Мөнхзулыг өдөж хоргоолоо, эмэгтэй хүнийг зүгээр явуул” гэсэн шалтгааны улмаас хэрүүл маргаан үүссэн байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр харин хохирогчийг хэд хэдэн удаа хутгалсан үйлдэлдээ шууд санаатай ханджээ. Уг гэмт хэрэг гарахад “хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг өдөөн хоргоож, хэрүүл маргаан эхлүүлсэн” үйлдэл нөлөөлсөн байна.

Иймд Э.Сүхбатын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед зүүн гуяны өмнөд хэсэг, хэвлийн доод хэсэгт гүн зүсэгдсэн оёдолтой шарх бүхий хөнгөн хохирол учирчээ. Хохирогчоос мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу явсан унааны шатахууны зардал 110.000 төгрөг, мөн өдрөө “Мөнгөн гүүр” эмнэлэгт судасны эхо оношилгоо хийлгүүлсэн 50.000 төгрөг, “Мөнхийн Тун Мед”, “Ухаа булаг”, “Монос” эмийн сангуудаас эм тариа бусад зардал нийлээд 71.400 төгрөг нийт 231.400 төгрөгийн зардлын баримтуудыг хэрэгт ирүүлснийг төлж барагдуулаагүй болох нь хавтас хэргийн 26 дугаар талд авагдсан хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Сүхбатаас 231.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Амаржаргалд олгож шийдвэрлэв.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Улсын яллагчаас Э.Сүхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Э.Сүхбатын өмгөөлөгчөөс ялын төрөлтэй маргаагүй ба “Сүхбат нь эрхэлсэн ажилгүй тул торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй тул 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах” гэсэн санал гаргав.

 

Шүүх шүүгдэгч Э.Сүхбатад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Э.Сүхбат нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба дээрх хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болжээ. Үүнээс гадна Э.Сүхбатад “эрхэлсэн тодорхой ажилгүй, эгч, дүү нарын хамт амьдардаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

 

Иймд шүүхээс Э.Сүхбатын хувийн байдлыг харгалзан хуульд заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулахдаа шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг хутгыг устгахаар шийдвэрлэлээ.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Энхтуяагийн Сүхбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Энхтуяагийн Сүхбатыг 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Сүхбатад мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Сүхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Сүхбатаас хохирогчийн эмчилгээний зардалд 231.400 /хоёр зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж,  хохирогч Ш.Амаржаргалд олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримаар хураан ирүүлсэн нийт 26 см урттай, ажлын хэсэг 14 см урт, хутганы бариул 12 см урт, бариул хэсгийг хөх өнгийн лентээр ороосон хутга болон ажлын хэсгийн урт 13 см, бариул хэсгийн урт 12 см, урттай хутга 1 ширхэг, нийт 2 ширхэг хутгыг тус тус устгасугай.
  7. Э.Сүхбатад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА