Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1197

 

 Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03596 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХд холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч ХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,

Хариуцагч ХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХтэй 2012 онд танилцаад 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Ч.Балжинням төрсөн. 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүүхдээ төрүүлчихээд эмнэлгээс гарахад хадам ээж Гаваа болон ХХ нар ирсэн байсан. Тухайн үед хадам ээж Гаваа нь ханиадтай байсан. Эмнэлгээс гараад удаагүй байхад миний бие халуурч эмчид үзүүлэхэд ханиадны халдвар авсан гэсэн бөгөөд хүүхдээ тусгаарлахгүй бол хүүхдэд тус өвчин халдана гэсэн. Миний ээж С.Мөнгөнтуяа нь эмчийн хэлсэн тайлбарыг сонсоод сандрахдаа хадам ээж Гаваад "...ханиадаа эдгээж ирэхгүй яавдаа..." гэж хэлснээс шалтгаалан бидний дунд үл ойлголцох байдал бий болсон.

Түүнээс хойш манай эцэг эхийг болон намайг үзэн ядаж, байнга маргах болсон. Улмаар ХХ нь “миний ээжийг та нар ад үзлээ” гэж биднийг заналхийлэх болсон. ХХ нь чөлөөгөөр олгосон 7 хоногийн амралтыг дуусгалгүй 2 хоноод явсан. Надтай холбоо бариагүй. Түүнээс хойш 3 сарын дараа би ээжийн хамт хотод ирсэн. Тухайн үед намайг тосож аваагүй. Би өөрөө учирлан байж хариуцагчид төрсөн хүүг нь харуулж уулзуулсан. Автомашин авна гэсэн бөгөөд мөнгө дутсан, хүүгийн хадгаламжийн 1 100 000 төгрөгийг автомашины худалдан авахад хэрэглэнэ, түүнчлэн хүүхдийн мөнгө болох cap бүрийн 20 000 төгрөгийг 18 нас хүртэл нь зээлж болдог гэсэн авч өг гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс хойш хариуцагч нь байнга хэрүүл өдөх болсон.

ХХ бид ярилцаад "Хангай" хотхонд 1 өрөө байрыг 36 000 000 төгрөгөөр захиалсан бөгөөд одоо ашиглалтад ороогүй байгаа болно. Миний эцэг эхээс 11 200 000 төгрөгийг гүйцэтгэгч компанийн данс руу шилжүүлсэн. Энэ орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа боловч ХХ одоо байрандаа амьдарч байгаа. Бидний хөрөнгө оруулалтаар бий болсон дундын өмч юм. Би болон миний хүү гэр бүлийн аз жаргал гэдэг зүйлийг одоог хүртэл үзээгүй, хэцүү байна. Хариуцагч ХХ нь эцгийн үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулна, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, "Хангай" орон сууцны хотхоны 504 дүгээр байрны 118 тоот, 21.1 м.кв 1 өрөө орон сууцнаас өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Хтай 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Х утсаар удаа дараа ярьж манай ангийн хүүхэд улсын бүртгэгч хийдэг лавлагаа аваад явуулчих, эмнэлгийн шинжилгээг таньдаг эмчээсээ аваад бүртгүүлье гээд бүртгүүлснийг сүүлд намайг Сайхан суманд очиход дагуулж очин гарын үсэг зуруулж миний өмнөөс ааваараа өргөдөл бичүүлэн материал бүрдүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Ч.Балжинням төрсөн нь үнэн. Хүүтэй болсноо аав ээждээ хэлэхэд баярлан ээж Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумаас ирэхээр болсон. Ээж маань Өвөрхангай аймгийн Гучин-ус сумаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум хүртэл 900 гаран км хол зам туулан замын унаанд дайгдан ядарч, даарснаас болоод бага зэрэг ханиадтай ирсэн. Өглөө нь Ч.Балжинням, Х 2 эмнэлгээс гарсан. Тэгэхэд Хын ээж С.Мөнгөнтуяа манай ээжийг гай боллоо гэх зэргээр доромжлон аашилж надад ээжийгээ маргааш явуулаарай гэсэн. Ээж бид хоёрт ор засаж өгөөгүй тул бид хоёр суугаагаараа хоносон. Тэгээд өглөө нь ээжийг хот руу явуулсан, миний чөлөөний хугацаа дуусаад хотод ирэхэд ээж бие нь их муу, сэтгэл санааны хүнд дарамтанд орон эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн.

Х ээжтэйгээ нийлэн хүнийг маш ихээр доромжлон, заналхийлж, сэтгэл санааны хүнд байдалд оруулдаг. Ингээд байнгын хэрүүл маргаантай, намайг болон ар гэрийг маань харааж зүхэн, үзэн ядалт нь хүнд дарамтанд оруулж, ажлаа ч тайван хийх аргагүй байдалд хүргэсэн бөгөөд Хтай цаашид хамтран амьдрах ямарч боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ. Учир нь миний бие бараг хүүхэдтэйгээ уулзаж байгаагүй, хүүхдийн тэтгэлэг төлнө.

Харин эд хөрөнгийн хувьд би 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Бэрэн мортгейж групп” ХХК-тай захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын 5 тоот гэрээ байгуулсан. Уг орон сууц нь 21.1 м.кв 1 өрөө, нийт үнэ 36 000 000 төгрөг бөгөөд төлбөрийг 4 хуваан төлөх хуваарийг нөгөө талаас гаргаж өгсөн. Тус гэрээ байгуулагдаж байхад 2 талын аав, ээжүүд нийлж тэнцүү хуваан авч өгнө хэмээн тохиролцсон. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний аав н.Насантогтох тухайн үед би банкны картгүй явсан тул Хын ээж С.Мөнгөнтуяагийн данс руу 10 800 000 төгрөг шилжүүлснийг “Бэрэн мортгейж групп” ХХК-ийн 34120102520 тоот дансанд шилжүүлсэн. Дараагийн төлөлтийг Хын аав, ээж нь төлсөн нь үнэн. Дараагийн удаагийн төлөлтийг 2 талаасаа хуваан төлхөөр тохиолцсон байсан ч Хын ээж над руу утсаар ярин манайх үлдэгдэл мөнгийг төлж чадахгүй гэсэн. Ингээд дүү н.Алдармаагаас 5 600 000 төгрөг зээлж дараагийн төлбөрийг хийж өгсөн. Дээрх 21.1 м.кв 1 өрөө орон сууц нь бидний дундын өмч биш Иргэний хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу миний хуваарьт хөрөнгө юм. Байрны төлбөрийг манай аав ээж төлсөн нь миний ч мөнгө биш бөгөөд Хд ямарч хамааралгүй болно гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х, ХХ нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Ч.Балжиннямыг эх Хын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Ч.Балжиннямыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ХХгээр cap бүр тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504-118 тоот, 21.1 м.кв 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Хд үлдээж, нэхэмжлэгч Хаас 11 956 667 төгрөгийг гаргуулж, хариуцагч ХХд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч Х нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлдээ тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХгээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хд олгож, хүүхдийн тэтгэлэгийн жилд ногдох тэмдэгтийн хураамжид 31 247 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч ХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт тус тус заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн шйидвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтийг харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлж байгаа нь хууль бус байна.

Мөн анхан шатны шүүх гэрлэлт цуцлах хэргийг хянан хэлэлцэж байгаа атлаа Гэр бүлийнн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж дээрх дүгнэлтийг гарган хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй байна. Тухайлбал Гэр бүлийн тухай хуулийн 7, 8 дугаар зүйлүүдийг хэрэглээгүй хариуцагчийн зүгээс хүсэлт өгсөн боловч хангаагүй орхисон нь хуулийг буруу хэрэглэн хариуцагч миний эрхийг ноцтой зөрчиж байна.

Шүүхийн шйидвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.2-т зааснаар гэрлэснээс хойш Х, Н.Чимэдргэзэн нарын хоёр талаасаа хөрөнгө оруулж шинээр бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна гэж дүгнэсэн тул хариуцагчийн гаргасан хуваарьт хөрөнгө гэх тайлбар няцаагдав” гэсэн нь шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч миний xyyлиap опгогдсон өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг илт зөрчин, хууль бус хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.

Хтай гэр бүл болсныг хууль бусаар бүртгэсэн нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байхад шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан дундын хөрөнгө гэж хууль бус дүгнэжээ. Уг байрны мөнгө Х бид 2-ын хамтран амьдарсан хугацаанд болон хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө биш юм. Дээрх байрны мөнгийг манай аав, ээж 21 000 000 төгрөг бэлэглэлийн журмаар өгсөн нь дундын хөрөнгө биш, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т заасан хуваарьт хөрөнгө юм.

Шүүхийн шйидвэрийн үндэслэх хэсэгт “Үндэсний статистикийн хорооны
даргын 2015 оны 01 сарын 29-ний өдрийн А/9 тоот тушаалаар 2015 онд мөрдөх
Хүн амын амжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 185 400 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов” гэж дүгнэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг зөрчжээ.

Хүү Ч.Балжинням нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд оршин суудаг. Гэтэл анхан шатны шүүх Улаанбаатар хотын амжиргааны доод түвшингийн хувиар тооцохоор шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь амжиргааны доод түвшингийн хувиар тооцох ёстой. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй үндэслэлгүй шийдвэрлэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь хуулийн дагуу болж чадаагүй учраас тогтоох хэсэг нь тэр чигээрээ хууль бус болсон. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцнаас өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн, харин орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахгүй, өөрийн хуваарьт хөрөнгө гэж нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

            Х, ХХ нар нь 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2014 оны 01 дүгээр сарын 14-нд бүртгүүлсэн, хүү Ч.Балжинням 2014 оны 2 дугаар сарын 01-нд төрсөн, хүүхэд төрснөөс хойш эхийн асрамжид байгаа үйл баримт тогтоогдсон ба хариуцагч ХХ нь  гэрлэлт цуцлуулах, хүүхдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

            Хариуцагч дээрх байдлаар гэрлэлтээ бүртгүүлснийг үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн атлаа гэрлэлт хүчин төгөлдөр байгаа тул өөрийн хүсэл зоригийн дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй, гэрчийн этгээдгүйгээр бүртгэл хийлгэсэн гэх түүний зөрчилтэй тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд зохигчдыг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-3.1.4-т заасан гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх гэрлэгсэд гэж үзнэ.

Иймд шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбарт үндэслэн Х, ХХ нарын гэрлэлтийг цуцалж, хүү Л.Балжиннямыг эхийн асрамжид үлдээн,  эцэг ХХгээс  тэтгэлгийг  хуульд заасан хэмжээгээр гаргуулж, хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Хын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504-118 хаягт байрлах 21.1 м.кв, 1 өрөө орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр хариуцагч ХХгийн нэрээр захиалсан, уг орон сууц өнөөгийн байдлаар ажил гүйцэтгэгч “Бэрэн мортгейж групп” ХХК-ийн өмчлөх эрхэд бүртгэлтэй, хариуцагч ХХ уг байранд амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүрэгт нэхэмжлэгч Х болон түүний талаас 11 200 000 төгрөгийн, хариуцагч ХХгийн талаас 21 300 000 төгрөгийн хөрөнгө оруулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон ба  ийнхүү хөрөнгө оруулсан талаар маргахгүй байна.

Түүнчлэн Х, ХХ нар 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлд бүртгэжээ.

Хэргийн дээрх баримтуудыг харьцуулан үзвэл гэр бүл болсны дараа буюу 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш орон сууц захиалан гэрээ байгуулж, хөрөнгө оруулсан байх тул орон сууцыг гэр бүл болохоос өмнө дангаар  захиалан бариулсан тул гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө биш, хуваарьт хөрөнгө гэх  хариуцагч ХХгийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504-118 хаягт байрлах 21.1 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөх эрх нь ажил гүйцэтгэгч Бэрэн мортгейж групп” ХХК-ийн өмчлөх эрхэд бүртгэлтэй, захиалгын гэрээ нь ХХгийн нэр дээр хэдий ч гэр бүл болсноос хойш нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь орон сууцанд хөрөнгө оруулж,  гэрээний үүргийг хамтран гүйцэтгэсэн, хариуцагч нь уг байрыг хүлээн авч, эзэмшиж байх тул нэхэмжлэгчид гэрээний дагуу шаардах эрх Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар үүссэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн орон сууцнаас өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцны үнэлгээ 35 870 000 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд хуваан нэг гишүүнд ногдох хэмжээг 11 956 667 төгрөг гэж тооцвол, хариуцагч ХХгээс 23 913 334 /11956 667*2/ төгрөгийг гаргуулан,  нэхэмжлэгч Хд олгох үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Х нь орон сууцыг өмнөх эзэмшилдээ авахаар шаардаагүй, харин өөрт болон хүүхдэд ногдох хувийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байхад нэхэмжлэлээр шаардлагаас өөрөөр шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03596 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “нэхэмжлэгч Хд үлдээж, нэхэмжлэгч Хаас 11 956 667 төгрөгийг гаргуулж хариуцагч ХХд олгосугай”  гэснийг “хариуцагч ХХд үлдээж, хариуцагчаас 23 913 334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хд олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ