Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2016/00425/И |
Дугаар | 395 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00425/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанаар: Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын хүсэлттэй, иргэн А.Энхтуяаг “архины албадан эмчилгээнд явуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Алтансувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Эрхэлсэн тодорхой ажилгүй А.Энхтуяа нь согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, А.Отгонжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хавтаст хэргийн 4 дүгээр талд А.Энхтуяаг архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй гарсан гэсэн шинжээч эмчийн дүгнэлт байна. Энэ нь архинд донтох өвчний хүнд зэрэгт хамаардаг. А.Энхтуяагаар архины хамааралтай эсэхийг тогтоох тест бөглүүлэхэд 26 оноо буюу хамгийн өндөр оноог авсан. Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн засаг дарга Б.Болдын тодорхойлолт, Хэнтий аймгийн Батширээт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Мөнхдөлийн тодорхойлолт, А.Энхтуяагийн өөрийн тайлбар, хүү Т.Энхбаатарын тайлбар, гэрч Цэгмидийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар А.Энхтуяа нь архи, согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэг, архины хамааралтай гэдэг нь нотлогдож байна. Мөн А.Энхтуяа нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэг удаа захиргааны журмаар албадан саатуулагдаж байсан. Мөн А.Энхтуяаг нь шүүхэд материал очсон хойно Хэнтий аймгийн Батширээт суманд байхдаа над руу согтуу утсаар залгаж намайг доромжилсон гэв. (хх-ийн 17 тал)
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Энхтуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Энхтуяа би цагдаагийн газрын албадан архины эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би архины албадан эмчилгээнд явах хүсэлтэй байна.
Гэхдээ манай нөхөр хөлгүй, группэд байдаг юм. Надаас өөр харгалзах хүнгүй учраас албадан эмчилгээнд явах хугацааг хойшлуулж өгнө үү. Би архи уухаараа хүмүүст агсам
согтуу тавьдаггүй. Аль болох гэртээ байхыг хичээдэг. Би гэртээ архи уудаг. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 21 тал)
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн цагдаагийн газар нь иргэн А.Энхтуяаг архины албадан эмчилгээнд явуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн цагдаагийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэн Арилдын Энхтуяа нь байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж, захиргааны арга хэмжээ авагдаж нийгмийн хэв журмыг зөрчиж байсан, урьд нь эмчлүүлсний дараа согтууруулах ундаа дахин хэрэглэсэн болох нь А.Энхтуяагийн цагдаагийн байгууллагад болон шүүхэд өгсөн тайлбарт: ...сүүлийн хэдэн жил би архийг хэтрүүлэн ууж байгаа минь үнэн.... Архины албадан эмчилгээнд явах хүсэлтэй байна... гэхдээ нөхөр маань хөлгүй надаас өөр асран халамжилдаг хүнгүй байхгүй учраас архины эмчилгээнд дараа нь хамруулж өгнө үү гэжээ. (хх-ийн 12, 21 тал) Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн засаг дарга Б.Болдын 160 дугаартай тодорхойлолтод: ...тус багийн иргэн А.Энхтуяа нь ам бүл 6, эрхэлсэн тодорхой ажилгүй... 2005 оноос архи байнга хэтрүүлэн хэрэглэх болсон.....2015 онд “архигүй Хэнтийчүүд хөтөлбөрт хамрагдаж эмчилгээ хийлгэсэн боловч 2015 оны 11 сараас дахин архи хэрэглэсэн нь үнэн болно гэжээ. (хх-ийн 7 тал) иргэн Т.Энхбаатарын:...Манай ээж А.Энхтуяа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болоод 5-6 жил болж байна... 2014 онд манай ээж архинаас гаргах код эмчилгээнд явсан боловч нэмэр болоогүй гэсэн тайлбар, (хх-ийн 10 тал) иргэн Д.Цэгмидийн: А.Энхтуяа нь манай хөрш айлын хүн байгаа юм.... архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг... архи уусан үедээ их авиргүй...Энхтуяа нь их олон жил архи ууж байгаа.. гэрт нь архичид байнга цуглаж архи уудаг гэсэн тайлбар,(хх-ийн 11-12 тал) 2016 онд зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл, (хх-ийн 13 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гуравдагч этгээд А.Энхтуяа нь архинд донтох өвчтэй болох нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын дүгнэлт, эмчийн үзлэг, шинжилгээгээр тогтоогдож байна. (хх-ийн 4 тал)
Иймд А.Энхтуяаг архины албадан эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан А.Энхтуяаг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, иргэн А.Энхтуяагаас 70200 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан А.Энхтуяаг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар албадан эмчилгээнд хамрагдаж буй А.Энхтуяа, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ