| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 157/2021/00127/И |
| Дугаар | 226/МА2023/00002 |
| Огноо | 2023-02-07 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 226/МА2023/00002
Я.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Нэхэмжлэгч Я.Г-,
Гуравдагч этгээд Д.Э-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 156/ШШ2023/00634 дугаар шийдвэртэй Я.Г-ын нэхэмжлэлтэй “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч Я.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Я.Г- миний бие 1973 онд төрсөн 50 настай. 1990-ээд оноос эхлэн нутгийн залуу н Д.Э-той үерхэж байгаад 1992 оны 01 дүгээр сарын 28-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын 2-р багийн “Ө” гэдэг газар гэр бүл болон өрх тусгаарлаж мал маллан хамт амьдарч ирсэн.
1993 онд анхны хүүхдээ төрүүлсэн боловч эндсэн ба эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд төрүүлэх боломжгүй эмчлүүлж байгаад дараах хүү Э.Д-ийг 1996 оны 01 дүгээр сарын 29-нд төрүүлсэн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч байсан ба хүүдээ төрсний гэрчилгээ авах үед буюу 1996 оны 03 дугаар сарын 12-нд нөхөр Д.Э-той гэрлэлтээ батлуулсан.
Одоо би малчнаар өндөр насны тэтгэвэрт орох нас хүрсэн, 1992 оноос эхлэн манай гэр бүлийн мал нөхөр Д.Э-ын нэр дээр тоологдсон. Иймээс 1992 оны 01 дүгээр сарын 28-ы өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Д.Э-той хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Дахт овогт Д.Э, Я.Г нарыг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Я.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие өөрийн нөхөр Д.Э-той 1992.01.28- 1996.03.12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан 1991-1992 оны хүн ам, малчин өрхийн тооллогын бүртгэлийн баримтыг шийдвэрийн үндэслэх хэсэгт “1992 оны тооллогод ам бүл-2, үүнээс 16-аас дээш насны малчин-1, тэтгэврийн-1 гэж бүртгэсэн байх тул 1993 оны 01 дүгээр сараас өмнө хамтын амьдралтай байсан гэж үзэх боломжгүй байна” гэж дурдан буруу үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 1992.01.28-1993.01.01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /тогтоох хэсгийн 1 дэх заалт, мөн үндэслэх хэсэг/.
Түүнчлэн зөвхөн хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн цаг хугацаагаар тооцсон гэж дүгнээд 1993.01.01-ний өдрөөс эхлэн хамтын амьдралтай байсан гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн.
Гэтэл хэрэгт авагдсан аймгийн архивын лавлагаа буюу 1991-1992 оны малчин өрхийн тооллогын бүртгэл /хх-н 15/-ийн 9-т "Д.Э-, аминдаа малтай, өрхийн тоо-1, түүний ам бүлийн тоо-3, 16-аас дээш насны нийт малчдын тоо-2, 16-35 хүртэлх насны-2, 36-аас дээш тэтгэвэрт хүртэлх насны-1" гэж бичигдсэн.
Үүнээс гадна би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1992.01.28-ны өдрөөс эхлэн Д.Э-той хамтран амьдарсан гэж санаж байгаа зүйлээ үнэн зөвөөр бичсэн, шүүх хуралдаанд мөн тайлбарласан, гэрч Ц.Н мэдүүлэгтээ "...1990 онд танилцсан, 1992 оны 10 дугаар сараас нэг гэрт орсон, 1992 онд “Ө” гэх газар гэр барьж тусдаа гарч байсан..." гэж мэдүүлсэн /гэхдээ 1992 оны 10 дугаар сар гэж багцаалдаж мэдүүлсэн нь олон жилийн өмнөх үйл явдал учраас сарыг нь буруу хэлсэн байсан/, гэрч Н.Э мэдүүлэгтээ"... Я.Г- Д.Э- нар 1992 онд гэр бүлж хамт амьдарсан..." гэж мэдүүлсэн байхад эдгээр гэрчийн мэдүүлэг, миний өгсөн тайлбар, гуравдагч этгээд Д.Э-ын 1990 онд танилцаж, 1992 онд нэг гэр бүл болгож хамт амьдарсан талаарх тайлбар зэргийг бодитой харьцуулж үнэлээгүй гэж үзэж байна.
Би нөхөр Д.Э-той 1990 онд танилцаж, 1991 оны 10 дугаар сард хадам аав Л.Д нь Мөрөн сумын 2 дугаар бригадын малчин, аав Д, ээж Я нарын гэрт ирж бурханд нь 1 хадаг, 1 дугуй булантай цай, улаан өнгийн аравтын дэвсгэрт тавьж намайг бэр болгохоор гуйж ёслол хийсэн. Тэр өдөртөө би хадам аав Д, нөхөр Д.Э- нартай хамт 2 дугаар бригадын нутаг “Д” гэх газарт хадам аавын гэрт очсон юм.
Ингээд би 1992.01.28-ны өдөр “Д” гэх газарт өрх гэрээ барьж нөхөр Д.Э-ын хамт тусдаа айл болж амьдарсан. Үүнээс хойш одоог хүртэл тус багт мал маллан амьдарч байгаа юм.
Энэ үйл явдлыг нөхөр, бид хоёрын мартах учиргүй дурсгалт мөч учраас сайн мэдэж нэхэмжлэлдээ 1992.01.28-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч эхэлсэн гэдгээ бичсэн байхад шүүх зөвхөн хүн ам, малчин өрхийн тооллогын ганц бүртгэлийг буруу ташаа үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Шүүхийн энэ шийдвэрээс шалтгаалж миний бие малчин эмэгтэй гэсэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд малчнаар ажилласан хугацаа дутаж, хохирох гэж байна.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Б.Д.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Бид хоёр 1990 онд танилцаад 1991 онд бэр гуйгаад, 1992 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Г-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.
2. Нэхэмжлэгч Я.Г- нь гуравдагч этгээд Д.Э-той хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ц.Н, Н.Э нарын мэдүүлгүүд, хамт авхуулсан фото зураг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ч.Я.Г- нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд гуравдагч этгээд Д.Э-той хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан 1992 оны мал тооллын бүртгэлд “...Д.Э- ам бүл-3, үүнээс 16-35 хүртэл насны-2, тэтгэврийн насны-1...” гэж бүртгэгдсэн, мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, гэрч Ц.Н, Н.Э нарын мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Мөрөн сумын Ө багийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 169 дугаар тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Э.Д-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, фото зураг, 1991-1996 онуудын малын тоо бүртгэлүүд зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ч.Я.Г- нь 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг өдрийг хүртэл хугацаанд гуравдагч этгээд Б.Д.Э-той хамт амьдарч байсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч Ч.Я.Г-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 156/ШШ2023/00634 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Д.Э, Я.Г нарыг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.“ гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Д.Э, Я.Г- нарыг 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Г-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Б.ДЭНСМАА